Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Хохирогч А.М

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Манхан сумын харъяат, эрэгтэй,  яс үндэс захчин, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Сүлд багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Б.О-д холбогдох эрүүгийн 1820001130062 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах өөрийн гэртээ эхнэр А.М-тай маргалдаж , түүний хөл рүү өшиглөж , хогийн шүүрээр  бөгсөн тус газар нь  цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2018 оны 05 сарын 07-ны өдөр 19 цагийн үед байхаа гэрээсээ “Т” буудал  руу тамхи авах гэж яваад үл таних залуутай таарч танилцаад хонох  газаргүй  гэхээр нь  гэртээ дагуулж  ирээд  0.5 граммын Ерөөл архи  1 ширхэгийг хувааж уусан. Архийг  үл таних тэр залуу яваад аваад ирсэн. Би тэр залуугийн нэрийг мартчихаж . Тэр өдөртөө үл таних залууг гэртээ хонуулсан ба өглөө явсан. Тэгээд тэр өдөр нь буюу 2018 оны 05 сарын 08-ны  өдөр нь 2 хүүхдээ хичээлд нь явуулаад  гэрийнхээ гадна хог цэвэрлэж байтал зүс таних буурал толгойтой ах, эмэгтэй, эрэгтэй 2 хүнтэй цуг явж байгаад надтай гэрийн  гадна жаахан  юм ярьж суусан. Тэд ногоон шилтэй 1 шил архитай явж байсан байсан ба манай гэрт орж бид нар хувааж ууж эхэлсэн. Ингээд 18 цаг өнгөрөөгөөд нөгөө хүмүүстэй гэртээ байж байтал гаднаас эхнэр М бага охин М-г дагуулаад  ирсэн ба бид нарыг  архи уулаа гэж загнаад эхэлсэн.  Архи булааж авах гэхээр нь хүний авчирсан архийг  авах гэлээ гээд эхнэрийн хажуугаар  архиа аваад гэрээс гараад зугтсан. Би гадуур жаахан явж байгаад орой 20-21 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгтэл эхнэр гэрт оруулахгүй загнаад байхаар нь гэрээс зугтаж гараад гадаа байх Истарикс машинд орж унтсан. Шөнө хэд болж байсныг  мэдэхгүй гэртээ  орох гээд хаалгаа нүдэхэд эхнэр хаалга тайлаад  надруу уурлаж давшлахдаа довжоон дээр хөл алдаад унасан, тэгээд шалны мод бариад намайг цохих гээд байсан ба босох үед нь би довжоо шүүрддэг хогийн шүүрийг аваад ишээр нь зүүн гуяанд нь 2 удаа, өгзөгөнд нь 1 удаа цохисон. Гэрт оруулахгүй болохоор нь уурласандаа тэгсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.

Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  2018 оны 05  сарын 08-ны  өдрийн орой 18:40 цагийн үед ажил, сургууль гэж яваад  гэртээ иртэл манай нөхөр О гэрт сааданд архи уудаг хүмүсийг авчирчихсан архи ууж байсан, тэгээд  би тэр байдлыг хараад их бухимдсан, хүмүүсийг нь хөөж гаргасан. О ч архи аваад зугтаад гарсан бөгөөд гарахдаа намайг түлхэж баннтай усанд унагаасан.  Тэгээд орой 23 цагийн үед байх гэрийн хаалга тогшоод байхаар нь маргааш нь ажилтай байсан болохоор хаалгаа нээж өгөөгүй. Тэгтэл шөнө 03 цагийн үед дахиад хаалга тогтшоод байхаар нь  хаалгаа нээгээд оруулахгүй гэж 2-уулаа зууралдсан, би довжоон дээр өгзөгөөрөө  унасан. Босох гээд тонгойх  үед О миний зүүн ташаа руу 2 удаа, зүүн өгзөг рүү 1 удаа  хогийн шүүрний  ишээр цохисон. Тэр үед охин гарч ирсэн ба  бид 2-ийг салгах гэж оролдох үед  нь хаалгаа цоожилж гэртээ орсон. Тэгээд маргааш нь ажил дээр байж байтал охин утсаар яриад аав нэг танихгүй хүнтэй ирээд цүнхтэй хувцас гээд хайгаад байна гэхээр нь би ер нь танихгүй хүн хартай архи ууж байгаад хүүхдэд муу юм болох ч юм билүү гэж бодоод цагдаад мэдэгдэж, цагдаа дагуулж гэртээ очсон. Миний цагдаад хандах болсон шалтгаан гэвэл нөхрөө архинаас холдуулах гэсэн санаа байсан, амьхандаа цагдаагийн байгууллага туслах болов уу гэж бодсон. Тэгээд намайг цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэсэн, би болсон үйл явдлыг бүгдийг ярьсан.  Тухайн үед миний хөл, гуя их талбай томтой хөхөрсөн байсан учраас намайг эмнэлэгт үзүүл гэсэн, эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн  зэргийн гэмтэл учирсан байна гэж хэлсэн. Нөхөр маань надаас уучлалт гуйж, өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Одоогийн хууль гомдлоо буцааж авсанаар хэрэг хаагдахгүй юм билээ. Нөхөртөө гомдол санал байхгүй. Архинаас хол байж, амьдралаа бодоосой гэж хэлмээр байна. Нөхөр маань архи уухгүй бол бид хэнээс ч дутахгүй сайхан амьдрах боломжтой, шүүхээс энэ бүгдээ ойлгоосой гэж хүсэж байна. Тэр өдөр үнэхээр гомдсон, сааданд архи уудаг хүмүүсийг гэртээ авчираад уух, надад гар хүрэх хэмжээнд хүрсэн байгаад их бухимдсан” гэсэн мэдүүлэг

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “О нь бага насандаа  Манхан сумандаа хөдөө аав ээжийн гар дээр өссөн. Манхан сумын  10 жилийн сургуулийн 8-р ангийг төгссөн. Тэгээд  эхнэр М-тай  танилцаад  хот руу  орсон. Тэрнээс хойш энэ эхнэртэйгээ амьдарч байгаа. О цэргийн алба хаагаагүй. О гэр бүлтэйгээ  Сэлэнгэ аймагт  хэдэн жил болсон. 2004 онд Замын-Үүдэд шилжиж ирээд суурьшсан. Тэрнээс хойш О жижиг машинтай Эрээн  явж байгаад  дараа нь том машинтай хойшоо урагшаа явдаг байсан. О гэр бүлдээ их халамжтай байсан, сүүлийн 3-4 жил эхнэртэйгээ  таарамж муутай болсон. Хэн хэнийгээ хардаж  сэрддэг юм шиг байна лээ. О одоо 4 хүүхэдтэй, том нь хотод  байдаг, дараагийнх нь Эрээнд сурдаг, 2 бага нь гэртээ байдаг. О тамхи татдаг, архи уудаг. Сүүлийн жилүүдэд  бүр их уудаг болсон. Мөнгө л байвал  архи аваад уучихдаг болсон. Архи уухаараа  унтаж өгөхгүй нэг юмаа олон дахин яриад хажууд байгаа хүмүүсээ залхаачихдаг. Загнахаар гараад  явчихдаг. Эрүүл үедээ  юм дуугарахгүй төлөв томоотой болчихдог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

Насанд хүрээгүй гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 05 сарын 08-ны орой 18 цаг өнгөрөөгөөд хичээлээ тараад ээж, дүүгийн хамт гэртээ очсон. Гэртээ ирэхэд аав гадны 3 хүнтэй 1 эрэгтэй, 2 эмэгтэй  хүн гэрт архи ууж байсан. Ээж уурлаад  загнахад аав ээжийн  зүүн хөлийн өвдөгний дотор талд өшиглөчихөөд  гэрээс хөл нүцгэн зугтаад гарсан...аав ээжийг өшиглөчихөөд гарахдаа ээжийг түлхээд коридорт  байсан ваннтай усанд  унагаачихсан. Тэгээд  аав 23 цагийн үед гэрт ирээд хаалга нүдэхэд  ээж хаалга нээж өгөөгүй. Дараа нь  шөнө 03 цагийн үед байхаа аав ирээд хаалга нүдсэн ба ээж хаалга нээгээд эвгүй гишгээд довжоон дээр өгзөгөөрөө  унасан. Би гэрийнхээ үүдэнд  гутлаа өмсөж байхдаа харсан. Манай дүү М тэр үед  унтаж байсан. Тэгээд аав ээж  2 довжооноос  буугаад байшингийн хажууд маргалдаад байсан ба би гараад харахад аав ээжийн зүүн гуяанд  хогийн шүүрний шүүрддэг хэсгээс бариад  ишээр нь 1 удаа  хүчтэй  цохисон. Би орилоод аавын гарнаас  бариад  авсан ба аав эргээд  зугтахад ээж аавын  хойноос шалны мод  шидсэн. Ээж бид 2 гэртээ ороод унтсан. Өглөө 08 цагийн үед байх аав гэрт ирээд надаас цонхоор тавчикаа аваад  ус авч уучихаад  явсан. Ээж гаднаас цоожилчихсон байсан болохоор  цонхоор  өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл /хх-ийн 2/

Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 8/

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн “ 1. А.М-н биед зүүн өгзөгний доод тал, зүүн шилбэний дотор дээд талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд  нь нэг цаг хугацаанд үүссэн байна.

4. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа  “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д  зааснаар гэмтлийн  зэрэгт хамаарахгүй ба нийлээд  “Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/063 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 19/

Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “А.М-н зүүн өгзөгний  доод тал, шилбэний  дотор дээд талд цус хуралт гэсэн 2 гэмтэл нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.  Зүүн өгзөгний  гэмтэл бол  довжоон  дээр унахад үүссэн байх боломжтой. Зүүн өгзөгний доод талд учирсан  гэмтэл нь хогийн шүүрний  ишээр цохиулахад үүссэн шинж тэмдэгтэй  гөвдрүү үүссэн байсан. Энэ нь гадны нарийн хатуу биетээр цохиулахад үүснэ. Зүүн шилбэний  дотор дээд  талд цус хуралт  нь  гадны хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр  цохиулахад үүснэ.  Гэмтлүүд нь дангаараа  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д  зааснаар биеийн  гадаргуугийн 1 хувиас бага зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүссэн тохиолдолд  гэмтлийн зэрэгт хамаардаггүй. А.Мөнхтуяагийн зүүн өгзөгний доод талд  шилбэний дотор  дээд талд  цус хуралт гэмтлүүд нь  нийлээд  биеийн гадаргуугийн 1 хувиас зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүссэн байсан тул “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт  хамааруулж дүгнэлтээ гаргасан болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 30/

Шүүгдэгч Б.О нь урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/

Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин өндөр гэсэн эрсдлийн үнэлгээ /хх-ийн 37-

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 08-ны шөнийн 03 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах өөрийн гэртээ  эхнэр А.М-тай маргалдаж , түүний хөл рүү өшиглөж , хогийн шүүрээр  бөгсөн тус газар нь  цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч А.Мөнхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 04/063 тоот дүгнэлт, шинжээч эмч П.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд  тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч А.М нь одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо цагдаагийн байгууллагад болон шүүхэд илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хугарсан шалны мод 1, шар өнгийн иштэй шүүр 1 ширхэгийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О-г  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хугарсан шалны мод 1, шар өнгийн иштэй шүүр 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ            А.Ц