| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03047/И |
| Дугаар | 192/ШШ2025/05403 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05403
| 2025 06 23 | 192/ШШ2025/05403 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Э
Хариуцагч:А
Дутуу олгосон цалин болон амралтын мөнгө гаргуулж, ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргууж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч М.Э
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н
хариуцагчийн төлөөлөгч Б.З
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***** хариуцагч *****************ХХК-д холбогдуулан 2024 оны 9 сар, 10 сар, 11 сарын 15-ныг хүртэлх цалинд 6 250 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3 012 910 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6 034 780 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг даалгахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ***** нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс сараас *****************ХХК-д Мэс заслын тасгийн эрхлэгч, ерөнхий мэс заслын эмч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан 2024.10.16-ны өдөр хүртэл 1 жил 9 сар ажилласан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний дагуу 2 500 000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд тус гэрээнд зааснаар гүйцэтгэсэн мэс засал бүрээс тодорхой хувийг гүйцэтгэлийн үнэлгээ болгон нэмж авдаг байсан болно. Нэхэмжлэгч миний бие тус компанид ажиллахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг даалгавраа мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хор хохирол учруулсан эсвэл сахилгын шийтгэл хүлээсэн зэрэг алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Миний бие хувийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн. Гэвч миний бичгээр гаргасан хөдөлмөрийн харилцаа цуцлах өргөдөл авснаас хойш, манай компанийн удирдлагын зүгээс компанид ажиллуулахгүй хэмээн ажил олгогчийн зүгээс ажлын байрнаас явахыг шаардсан бөгөөд миний бие хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалаа авч, хуулийн дагуу ажил хүлээлцэх хугацаа хүртэл ажиллах хүсэлтэй байсан боловч компанийн зүгээс тушаал гаргаж өгөхгүй байсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.3-р заалтад Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана. хэмээн үүрэг болгосон билээ. Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 83.5-д зааснаар Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно. гэж заасны дагуу хөдөлмөрийн харилцаа цуцлагдах тушаал гардуулах хүртэлх цалин хөлсийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч ***** миний бие тушаалаа авах гэж удаа дараа ажлын байрандаа очиж биеэр болон мэссэж илгээх зэргээр тушаалаа авах гэж оролдсон боловч хамгийн сүүлд чиний тушаал гараагүй байна гэдэг үгийг хэлж өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн харилцаа цуцалсан тушаалыг маань эх хувиар нь гардуулаагүйн улмаас нэхэмжлэл 2024 оны 10-р сарын 20-ны өдөр тус эмнэлгийн менежертээ хандахад тушаал чинь гараагүй байна гэсэн хариу илгээснээс хойш одоог хүртэл надад тушаалыг маань гаргаагүй, гардуулаагүй. Нийгмийн даатгалын шимтгэл байгууллагаас төлөөгүй, мөн надад хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалыг гардуулж өгөөгүйн улмаас Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн хугацаанд багтаж ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болж хохирсон билээ. Миний хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэсэн заалтын дагуу Нийгмийн даатгалаа тасралтгүй 24 сараас дээш төлсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авах хууль зүйн үндэслэлтэй, эрхтэй байсан. Мөн Хариуцагч компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд заасан баталгаат цалин хөлс, ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын цалинг олгоогүйгээс гадна, өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаал гаргаж өгөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмжээр хохирч байгаа тул буруутай этгээд болох компаниас уг тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн миний биед 2024 оны ээлжийн амралтын мөнгийг олгоогүй тул энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 2024 оны ээлжийн амралтын хоног 20 байсан бөгөөд 7 болон 8 сард хувааж амарсан боловч ээлжийн амралтын мөнгийг олгоогүй. Иймд 2024 оны 9, 10, 11 сарын 15-ны өдрийг хүртэлх олгогдоогүй цалинд 6 250 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3 012 910 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 6 034 780 төгрөг, нийт 15 297 690 төгрөгийг хариуцагч *****************ХХК-иас гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахад 2024 оны 3 сараас хойших хугацааны нийгмийн даатгалыг төлөөгүй байсан тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг даалгасан нэхэмжлэл гаргасан. Харин сая лавлагаагаар 2024 оны 10 сарыг төлөөгүй байгаа тул энэ хэсгийг төлүүлнэ гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***** нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс *****************ХХК-д Мэс заслын тасгийн эрхлэгч, ерөнхий мэс заслын эмч албан тушаалд ажиллаж эхэлсэн. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас гарах өргөдлөө өгсөн байдаг. Гэвч ажлын байранд ирж ажлаа хүлээлгэж өгөөгүй, тооцоогоо хийгээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаалаа аваагүй. Ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарсан гэж компанийн удирдлагууд тайлбарлаж байгаа боловч одоогоор баримтуудыг гаргаж өгөх боломжгүй, эдгээр хүмүүс нь гадаадад байгаа. Мөн нягтлан ажлаа орхиод явсан тул шүүхээс шаардсан баримтуудыг гаргаж өгөх боломжгүй болоод байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025.01.14-ний өдрийн**** дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025.01.03-ны өдөр гаргасан гомдол, мессеж чатны зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тооцоо гаргасан баримт, ************ХХК-ийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.01.30-ны өдрийн ****** дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025.03.28-ны өдрийн ***** дугаар тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргийн ирүүлсэн. /хх-ийн 6-21, 41-44, /
4. Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөгүйгээс хохирсон тул ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд зааснаар буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн амралтын мөнгө болон олгогдоогүй цалинг гаргуулна. гэж тайлбарласан.
3. Хариуцагч тал ... ажлын байранд ирж ажлаа хүлээлгэж өгөөгүй, тооцоогоо хийгээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаалаа аваагүй. ...нэхэмжлэл үндэслэлгүй. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч ***** нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *****************ХХК-д Мэс заслын тасгийн эрхлэгч, ерөнхий мэс заслын эмч албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, 2023.01.20-ны өдөр *****, *****************ХХК нарын хооронд байгуулагдсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргээр тогтоогдож байна.
4.2 Харин ***** нь тус компанид 2024 оны 10 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж, улмаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй өнөөдрийг хүрснээс хохирч байгаа талаар тайлбар гаргасныг, хариуцагчийн төлөөлөгч ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж тайлбарласан ба шүүх уг тушаал болон холбогдох баримтуудыг гаргуулахаар захирамж гаргасан боловч ирүүлээгүй байна.
4.3 Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ***** нь дээрх маргаан бүхий байдлыг шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, улмаар 2025.03.28-ны өдрийн ***** дугаар хурлын тэмдэглэл гарсан байх ба уг хуралдаанд хариуцагч *****************ХХК-иас оролцоогүй байна. /хх-ийн 19-21/
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй., 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно. гэж зааснаар нэхэмжлэгч *****тэй байгуулсан хөдөлмөрийн харилцаа 2024 оны 11 сарын 16-ны өдрөөр дуусгавар болохоор байна.
5.1 Гэвч ажил олгогч *****************ХХК нь нэхэмжлэгч *****ийг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс хойш ажлын байранд ажиллуулаагүй талаар нэхэмжлэгч тайлбарласан байх ба нэхэмжлэгчийг тус компанинд 2024 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан гэж үзэхээр байна.
6. 2024 оны 9 сар, 10 сар, 11 сарын 15-ны өдрийг хүртэлх цалинд 6 250 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч *****ийн гаргаж ирүүлсэн 2024 оны 06 сарын 02-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 10 сараас 2025 оны 4 сарын тодорхойлолт, лавлагаанд 2024 оны 9 сар, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч *****************ХХК-аас тайлагнаж, 9 сарын төлөлтийг хийж, 10 сарын төлөлтийг төлөөгүй гэсэн төлөвтэй байна./хх-ийн 44/
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө. гэж заажээ.
Дээрхээс үзэхэд ажил олгогч *****************ХХК нь хуульд зааснаар нэхэмжлэгч *****д 2024 оны 9 сар, 10 сарын цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон, суутгасан болох нь тогтоогдож байх тул дээрх цалинг олгосон гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч *****ийн ажилласан хугацааны цалинг тооцож олгосон гэж үзэж, дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
7. 2024 оны ээлжийн амралтын мөнгө 3 012 910 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно. гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны ээлжийн амралтын хоног 20 байсан бөгөөд 7 болон 8 сард хувааж амарсан гэж тайлбар гаргасан хэдий хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн *****ийн цалингийн тооцоо болон 2024 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэргээс 2024 оны ээлжийн амралтын мөнгө 3 012 910 төгрөгийг 2024 оны 6 сард авсан гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч *****ийн ээлжийн амралтын тооцоог *****************ХХК-ийн нягтлан бодогч З.******р гаргаж, санхүүгийн тэмдэг дарсан баримт хэрэгт авагдсан байх ба уг баримтад амралтын олговор олгосон нь: амралтын хоног 20, амралтын олговор 3,012,910 гэж, 2024 оны 06 сарын даатгуулагчийн цалин хэсэгт 5 512 910 гэсэн нь 2024 оны цалингийн тооцоо хүснэгтийн jun-24 гэсэн хэсгийн олговол зохих цалин хэсгийн 5 512 910 /үндсэн цалин 2 500 000+амралт 3 012 910/ гэсэнтэй тохирч байна./хх-ийн 13 болон ар, 44/
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь хариуцагч компани нь цалин болон амралтын мөнгийг олгосон гэдгээ нотлоогүй гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгч ***** нь уг цалин болон амралтын мөнгийг аваагүй гэдгээ баримтаар нотлоогүйн дээр үнэн зөв тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
8. Ажилгүйдлийн тэтгэмж 6 034 780 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. гэж заасан.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ***** нь хуульд заасан шаардлагыг хангасан, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн байх боловч ажил олгогч *****************ХХК нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгөөгүйгээс, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хуульд заасан хугацаандаа төлөөгүйгээс дээрх ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй болох нь тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлнэ. гэж зааснаар дээрх тэтгэмжийг буруутай этгээд болох хариуцагч *****************ХХК-аас шаардах эрхтэй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцож олгоно. гэж, 10.2-т Энэ хуулийн 9.3-т заасан даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлж ажилласан сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас энэ хуулийн 10.1-д заасан хувь хэмжээгээр тооцно. гэж, 11.1-т Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр тооцож олгоно. гэж заажээ.
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч *****ийн 1 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээ 3 060 725 төгрөг /нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанаас/ ба нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 109 сар буюу 9 жил 1 сар төлсөн ба ноогдох хэмжээг 55 хувиар тооцоход нэг сард ноогдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ 1 683 398 төгрөг болж байх бөгөөд ажлын 1 өдөрт ноогдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ 79 405 төгрөг болсон ба үүнийг 76 өдрөөр тооцоход, нэхэмжлэгч *****ийн ажилгүйдлийн тэтгэмжид 6 034 780 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
9. Нэхэмжлэгч ***** нь маргаан бүхий гомдлоо 154.2.2-т заасан хугацааны дотор, 158.1.1-т заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****************ХХК-аас ажилгүйдлийн тэтгэмжийн 6 034 780 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *****д олгож, цалинд 6 250 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3 012 910 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан *****ийн 2024 оны 10 сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг *****************ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *****************ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 111 506 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ