Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.О-т холбогдох эрүүгийн 1820000950051 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, Б овогт Ж.О,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт иргэн Ж.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хутгаар нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б овогт Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04  дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд Г ах, М, Б нар согтуу байцгааж байсан ба хоорондоо хөзөр тоглоод сууж байсан. Б хэсэг хугацааны дараа гарч яваад 0,75 граммын Ерөөл нэртэй архитай орж ирсэн. Ингээд Б-н авчирсан архийг хувааж уусны дараа би гаднаас улаан бөглөөт архи авсан ба түүнийгээ хувааж ууж байсан чинь Г ах ямар их архи уудаг юм гэж загнахаар нь би урдаас нь хэрэлдээд гал тогооны өрөөнөөс гурилын мод хутга аваад хажууд нь очсон. Энэ үед М гурилын элдүүрнээс бариад зууралдаж байх явцад би М-н ар нуруунд нь хутгаараа хатгачихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 17 цаг өнгөрч байхад би Г ахын гэрт очсон. Г ах гэртээ ганцаараа байсан. Би буцаж гараад 0.5 граммын Ерөөл архи авчирсан ба Г ах бид 2 хувааж уусан. Тэгээд Г ах бид 2 шатар, хөзөр тоглосон, тэгж байхад Б гаднаас орж ирсэн. Өөр архи дарс уугаагүй, удаагүй Г ах бид 2 унтсан. Би орой болсон болохоор тэндээ хонохоор шийдэж унтсан юм. Унтахын өмнөхөн О орж ирж байгаа бололтой дуу нь гарч байсан. Унтсаны дараа тэр гэрт юу болсныг мэдэхгүй. Унтахаас өмнө тэнд хэрүүл маргаан, зодоон нүдээн болоогүй. Нэг сэрсэн чинь Г ах О-тай хэрэлдэж байсан, юуны талаар хэрэлдснийг нь мэдээгүй, чанга чанга яриад Г ах О-г загнаад байх шиг байсан, би шуугианд нь сэрчихсэн. Босоод харсан чинь О гурилын элдүүр зүүн гартаа барьчихсан /далайгаагүй/ зогсож байсан, нөгөө гарыг нь анзаараагүй, согтуудаа ахыгаа цохичихож магадгүй гэж бодоод би гараас нь гурилын модыг сугалж аваад эргэсэн. Гурилын мод аваад эргэх үед О нөгөө гараараа миний араас барих гэж байгаа юм шиг сарвалзсан нь миний нүдний буланд харагдсан. Унтаж байсан газраа эргэж ирээд суутал нурууны зүүн хэсэгт хорсох шиг болохоор нь гараараа дараад үзтэл цус гарсан байсан. Тэгтэл О гэрээс гараад явчихсан байсан. Ингээд Г ах эмнэлэг, цагдаад мэдэгдсэн юм шиг байна лээ, би бол гомдол гаргаж мэдэгдээгүй. Угаасаа О-г санаатай намайг хутгалсан гэж бодохгүй байна, бид ийм зүйл хийхээр харьцаатай хүмүүс биш, хуурай ах дүү шиг л байдаг. ...Шарх дороо л эдгэчихсэн. Би ажлаа хийж байгаа, ямар ч зовиур өвчин байхгүй.... Би О-т гомдоогүй, түүнд гаргах гомдол санал байхгүй. О-с нэхэмжлэх зүйл байхгүй. О хийсэн зүйлээ ухаарч ухамсарласан, ахиж тийм зүйл хийхгүй гэдэгт нь итгэлтэй байгаа, надаас уучлалт гуйсан. Би ч уучилсан гэдгээ хэлсэн. Тийм болохоор надад ямар ч гомдол санал хүсэлт алга, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 7-8/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр М гэх миний танил дүү манай гэрт үдээс хойш 17 цагийн орчим манайд ирсэн юм. Тэгээд М дэлгүүр ороод 0.5 литрийн Ерөөл гэх нэртэй архи авч орж ирээд бид хоёр тэрнээс уунгаа шатар тоглосон юм. Тэгээд бид хоёр нэг өрөөндөө ороод унтаж амарсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 05 цагийн орчим хүн амьтан дуугараад байхаар нь би босоод айл амьтан унтуул гээд О-г чи наад архиа боль гэж хэлсэн. Тэгээд би өрөөнд нь оруулаад орон дээр нь түлхсэн чинь би чамайг ална гээд гал тогоо ороод зүүн гартаа гурилын илдүүр баруун гартаа хутга аваад ороод ирсэн Тэгэхээр нь би М-аа бос гэсэн чинь М босож ирээд зүүн гараас нь гурилын илдүүрийг нь авсан тэгсэн О баруун гарт байсан хутгаараа М-н нуруу руу нь чичих шиг болсон тэгээд гэрээс гараад гүйгээд  явчихсан ийм л зүйл болсон. Тэгээд би цагдаа дээр очиж өөрийн биеэр дуудлага өгсөн” гэжээ. /хх-ийн 16-17/

Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0155 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2018 оны 04 сарын 17-ны яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Ж.М-н биед цээжний зүүн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба өөрийн биеэр үзээгүй тул шинэ хуучин болохыг тогтоох боломжгүй.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 22/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32/

Шүүгдэгч Ж.О-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б овогт Ж.О нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт хохирогч Ж.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хутгаар нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Босоод харсан чинь О гурилын элдүүр зүүн гартаа барьчихсан /далайгаагүй/ зогсож байсан, нөгөө гарыг нь анзаараагүй, согтуудаа ахыгаа цохичихож магадгүй гэж бодоод би гараас нь гурилын модыг сугалж аваад эргэсэн. Гурилын мод аваад эргэх үед О нөгөө гараараа миний араас барих гэж байгаа юм шиг сарвалзсан нь миний нүдний буланд харагдсан. Унтаж байсан газраа эргэж ирээд суутал нурууны зүүн хэсэгт хорсох шиг болохоор нь гараараа дараад үзтэл цус гарсан байсан. Тэгтэл О гэрээс гараад явчихсан байсан. Ингээд Г ах эмнэлэг, цагдаад мэдэгдсэн юм шиг байна лээ,...” гэх мэдүүлэг, гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “тэгээд би өрөөнд нь оруулаад орон дээр нь түлхсэн чинь би чамайг ална гээд гал тогоо ороод зүүн гартаа гурилын илдүүр баруун гартаа хутга аваад ороод ирсэн Тэгэхээр нь би М-аа бос гэсэн чинь М босож ирээд зүүн гараас нь гурилын илдүүрийг нь авсан тэгсэн О баруун гарт байсан хутгаараа М-н нуруу руу нь чичих шиг болсон тэгээд гэрээс гараад гүйгээд  явчихсан ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0155 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.  

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ж.О нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Ж.М нь шүүгдэгч Ж.О-с нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн ба шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ишгүй 14 см урттай цэцгэн хээтэй бүхий цагаан өнгийн хутга 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч Ж.О-т 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгосон ба шүүгдэгч Ж.О нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Ж.Ог 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.О нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишгүй 14 см урттай цэцгэн хээтэй бүхий цагаан өнгийн хутга 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлсүгэй.

6.Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Д.Ц