Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2026/0084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа, нэхэмжлэгч Н.А*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахимаар/, хариуцагч Баянгол дүүгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т******* нарыг оролцуулан Н.А*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Н.А*******.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Баянгол дүүргийн Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 10 сая төгрөгийг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн ард байрлалтай гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар заажээ.

1.2.Улмаар захирамжийн дагуу гараашийг миний гараашийг буулгасан байна. Харин уг захирамжид дурдагдсан барилга байгууламж /гарааш/-ийг дур мэдэн хууль зөрчиж барьж ашиглаагүй гэдгийг шүүх урьд тогтоосон.

1.3.Тодруулбал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрээр дараах асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүнд:

1.4.Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан гарааш /барилга байгууламж/-ыг Н.А******* нь эзэмшиж байгаа гэдгийг тогтоож, хүлээн зөвшөөрсөн.

1.5.Мөн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн.

1.6.Харин захиргааны байгууллагаас гараашийг буулгахаар дахин захиргааны акт гаргахдаа урьд гарсан шүүхээр тогтоогдсон үйл баримтыг үл тоомсорлон байна. Тодруулбал урьд гаргасан захиргааны актад дурдагдсан үндэслэлээр дахин захиргааны акт гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр баригдсан барилга байгууламжийг мөн л намайг дураараа барилга байгууламж барьсан гэдэг үндэслэлээр буруутгаж дахин гаргасан захиргааны акт гаргасан нь хууль, зарчим, шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна.

1.7.Энэхүү хууль бус захирамжийн улмаас миний бие өөрийн эзэмшиж байсан барилга байгууламж /гарааш/-ийн нөхөн олговор шаардах авах, шаардах боломжийг нэгэнт үгүй хийсжээ. Уг захирамжийн дагуу гараашийг ор мөргүй буулгаж тохижилт хийгджээ.

1.8.Урьд уг асуудлыг шүүх тодорхой шийдвэрлэн нэгэнт тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосонд туйлын гомдолтой байна.

1.9.Миний бие Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 захирамжид холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгаа билээ. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэл гаргах үндэслэл буюу миний эзэмшлийн гараашийг хууль бусаар буулгасан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасныг олж мэдлээ.

1.10.Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамж гаргаж миний эзэмшлийн барилга байгууламж /гарааш/-ийг зөвшөөрөлгүй барьсан үндэслэлээр буулгах шийдвэр гаргажээ. Харин миний бие дур мэдэн, зөвшөөрөлгүйгээр гараашаа бариагүй гэдгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 шийдвэрээр нэгэнт тогтоосон билээ.

1.11.Мөн дурдсан үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг дарга нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 захирамжийг гаргасан байна.

1.12.Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн шүүхэд гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын дээд шатын Засаг дарга байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авч шалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хоёр.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

2.1.Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн A/227 дугаар захирамж гарсан. Дээрх захирамжийг газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалтад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4 дэх хэсэгт Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан болно.

2.2.Нэхэмжлэгчийн гарааш нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан байх тул хууль ёсны дагуу эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Гурав.Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

3.1.Нэхэмжлэгч Н.А******* нь 2022 онд маргаан бүхий гараашийг чөлөөлөх асуудлаар Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны А/60 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0435 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нэхэмжлэгчээс захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч тус гомдлоосоо татгалзаж, дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг.

3.2.Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Н.А*******оос Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, тус захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 10 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227, Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлсэн.

3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 10 сая төгрөг гаргуулах-аар тодруулсан.

4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гараашийг дур мэдэн хууль зөрчиж барьж ашиглаагүй, хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгийг шүүх урьд тогтоож, хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн байтал дураараа барилга байгууламж барьсан гэх үндэслэлээр дахин захиргааны акт гаргасан нь шударга ёсонд үл нийцсэн, шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосонд гомдолтой байна гэж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны А/60 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 435 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр болсон гэж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гарааш нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байх тул хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

5.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

5.1.Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар Дүүргийн нутаг дэвсгэрт Улс нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохижилтын ажлын эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор хороодын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 5 багц ажлын 704 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөлсний дотор нэхэмжлэгч Н.А*******ын эзэмшлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн ард байрлах 4 тоот гарааш багтсан.

5.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.А*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн ард байрлах Н.А*******ын эзэмшлийн 4 тоот гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн дагуу баригдсан болохыг тогтоон, хүлээн зөвшөөрч, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.А******* холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 749 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.А******* холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.А*******оос Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр болон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.А*******ын эзэмшлийн гараашинд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.4.Нийслэлийн Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсны дотор нэхэмжлэгч Н.А*******ын эзэмшлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн ард байрлах 4 тоот гарааш мөн багтсан байна.

5.5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 541 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч ... Т.З*******, Н.А******* нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

5.6.Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжаар дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хажууд байрлалтай, 110 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрын зөрчлийг арилган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан.

5.7.Улмаар Баянгол дүүргийн Засаг дарга 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжаар хороодын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 748 ширхэг тоосгон гараашийг албан буулгаж, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталжээ.

5.8.Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2023, 2024 оны А/446, А/173 дугаар захирамжуудын хавсралтаар баталсан жагсаалтад нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх гарааш багтсан.

6.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

6.1.Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 10 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

6.1.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр 1994 онд батлагдсан Газрын тухай хуулиас өмнө Газрын эрх зүйн харилцааг зохицуулж байсан 1971 оны БНМАУ-ын Газар эдэлбэрийн тухай хуульд ... зааснаас үзэхэд маргаан бүхий гараашны газар нь зохих байгууллагын зөвшөөрлөөр олгогдож, уг газар дээрх гараашны доорх газрыг ашиглах эрх О.Ч******* шилжсэн, О.Ч******* Н.А******* 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авсан гэж дүгнэж, Баянгол дүүргийн, 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн ард байрлах Н.А*******ын эзэмшлийн 4 тоот 18 м.кв гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн дагуу баригдсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

6.1.2.Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 541 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч иргэд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч зохих зөвшөөрөлгүйгээр гараашийг эзэмшээгүй, дээр дурдсанаар Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу зөвшөөрөлтэй баригдсан гараашийг худалдан авч, газрын төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн байх тул ... зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, дур мэдэн эзэмшсэн гэж буруутгах үндэслэлгүй, ... нэхэмжлэгч нарыг гарааш худалдан авахыг зөвшөөрч, бичиг баримтыг нь хүлээн авч, гараашны доорх газрыг ашигласны төлбөрт газрын төлбөр төлүүлэхээр акт тогтоох зэргээр гарааш эзэмших-ийг зөвшөөрсөн үйлдлийг хийсээр ирсэн байх тул захиргааны тус үйлдэлд итгэж, гараашийг худалдан авч, эзэмшсэн эдгээр иргэдийн итгэлийг хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэдгээрийг зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан үндэслэлээр гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй талаар дүгнэжээ.

6.1.3.Мөн дээрх шүүхийн шийдвэрт Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан гэж нэхэмжлэгч Н.А******* нарын гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... хэрэв хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нийтийн эзэмшлийн зам талбайн хэлбэрээр газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн бол тухай газар дээр зохих зөвшөөрлийн дагуу баригдсан гарааш эзэмшиж байсан иргэдийн гараашийг эзэмших эрх хамгаалагдсан энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасны дагуу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг нь нөхөн төлөх байдлаар шийдвэр гаргах ёстой байхад зохих зөвшөөрөлгүйгээр газрыг дур мэдэн эзэмшсэн, газар дээр барилга байгууламж барьсан үндэслэлээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул цаашид маргаан бүхий гараашнууд байрлаж газрыг нийтийн эзэмшлийн зам талбайн хэлбэрээр нийтээр ашиглахаар төлөвлөсөн бол нөхөн төлбөр өгөх байдлаар, маргаан бүхий актыг гаргах бодит нөхцөл байдалд нийцүүлэх шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч уг асуудлыг судалсны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй талаар тодорхой дүгнэсэн байна.

6.1.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан.

6.1.5.Хуулийн дээрх зохицуулалтаас харвал хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч, эрх залгамжлагч нь нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааг өөрөөр тайлбарлаж, маргах боломжгүй.

6.1.6.Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийн биелүүлж, маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан боловч гарааш эзэмшиж байсан иргэдийн гараашийг эзэмших эрх хамгаалагдсантай холбогдуулж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг нь нөхөн төлөх байдлаар шийдвэр гаргах ёстой байтал эдгээр нөхцөл байдлыг анхааралгүй нэхэмжлэгчийн гараашийг буулгасан нь шүүхийн шийдвэрийн эрх зүйн хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулах зорилгод нийцэхгүй байна.

6.1.7.Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ гарааш эзэмшиж байсан иргэдийн эзэмших эрхийг хамгаалах нөхцөлийг хангах ёстой байсан. Энэ нь зөвхөн гараашийг буулгах биш, харин мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нөхөн төлбөрийн шийдвэр гаргах шаардлагатай байсан.

6.1.8.Гэтэл хариуцагч албан тушаалтан гараашийг шууд албадан буулгах шийдвэр гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн эзэмших эрхийн эдийн засгийн үр дагавар буюу нөхөн төлбөрийн асуудал үл хэрэгжсэн нь эрх зүйн тогтвортой байдал, шүүхийн шийдвэрийн эцсийн байдалд харшилсан гэж үзнэ.

6.1.9.Тодруулбал, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах шаардлагыг зөрчсөн үйлдэлд тооцогдоно.

6.1.10.Эдгээрээс дүгнэвэл хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудын холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан зарчмуудыг зөрчсөн, хууль бус шийдвэр байна.

6.1.11.Өөрөөр хэлбэл, эдгээр захирамж нь зорилгодоо нийцээгүй, иргэдийн оролцоог хангаагүй, хууль ёсны итгэлийг хамгаалаагүй тул захиргааны шийдвэрийн хууль ёсны шинж чанарыг алдагдуулсан гэж үзнэ.

6.1.12.Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

6.2.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан тухайд;

6.2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.

6.2.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсан тул нэхэмжлэгч Н.А******* нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.А*******ын Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн улмаас учирсан хохирол 10 сая төгрөгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Н.А******* олгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А******* Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР