| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03177/И |
| Дугаар | 192/ШШ2025/05582 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/05582
2025 06 30 192/ШШ2025/05582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б
Хариуцагч: С
Орон сууц худалдан авахаар шилжүүлсэн 45 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч А.
хариуцагч Г.С
хариуцагчийн өмгөөлөгч Б.М
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр 04-ний өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********** хариуцагч **********т холбогдуулан Орон сууц худалдан авахаар шилжүүлсэн 45 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **********ын эхнэр Ц.**********ын дүүгийн нөхөр Б.********** нь 2022 онд үнэ хямд боломжийн байр байгаа талаар хэлж, өөрийн танил болох ********** гэх хүнтэй танилцуулсан. Ингээд ********** нь Хан-Уул дүүргийн яармагт байрлах Буянт Ухаа хороолод хямд үнэтэй 2 өрөө байр удахгүй сул гарах гэж байгаа талаар надад хэлсэн. Тэгээд ********** нь эхлээд байрны урьдчилгаа мөнгөө шилжүүлээд үлдэгдэлээ байрандаа орохдоо төлөөд гэрчилгээгээ авах боломжтой гэхээр нь 2022.07.01-ний өдөр **********ийн хаан банкны ********** тоот дансанд 20 000 000 төгрөг, мөн тус өдрөө 25 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. Үүнээс хойш удаа дараа байрандаа орох талаар хэлсэн боловч худалдах боломжгүй болсон учраас мөнгийг тань эргүүлж өгнө гээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймд хариуцагчаас байр худалдан авахаар шилжүүлсэн 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******* гэдэг хүн энэ асуудлуудаас гадна өөр олон байрны мөнгө авсан асуудлаар цагдаад шалгагдаж байгаад амиа хорлосон юм билээ гэв.
2. Хариуцагч ********** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 2022 оны 6 сарын сүүлээр ******* гэдэг эмэгтэй над руу холбогдоод Буянт-Ухаа 2 хороололд зорилтот бүлгийнхэнд зориулсан квотын байр байнаа. Зорилтот бүлгийн хүнд санал болгож өгөөч гэж зөвлөсний дагуу би хамт ажилладаг, эртний танил ********** гэж залууд энэ саналыг тавьсан. ********** нь өөрийн орон сууцгүй залуу гэр бүл байсан. Ажилтай ойрхон бас хямд үнээр олдож байгаа боломж тул түүнийг өөрийн гэсэн орон сууцтай болоосой гэж хүсч санал болгосон. Ингээд ********** квотын байрыг авая гэж шийдвэр гаргаж, 2022 оны 7 сарын 1-нд мөнгөө шилжүүлэхээр болсон. ******* чи өөрийн дансаараа аваад над руу шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Би *******д итгээд зөвшөөрч өөрийн хааны ************ тоот дансаар тухайн байрны мөнгийг шилжүүлэн авч *******ын өөрийн хаан банкны ************ болон *******ын шилжүүл гэсэн ************ гэсэн дансууд руу нийт 52.800.0000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний 45,000,000 төгрөг нь **********ийх болно. *******ын ажил удааширч байна гэх болсон ба **********ийн эхнэр холбогдож байрандаа орж амьдармаар байна гэсэн. ******* Буянт-Ухаа 2 хорооллын **** р байранд 2 өрөө байрны түлхүүр өгч **********ийнхийг амьдруулсан.**********ийн хадам эгч ********** гэдэг эмэгтэй над руу холбогдож **********ийн өгсөн мөнгө миний мөнгө байгаа юмаа байрны гэрчилгээ яагаад гарахгүй байна вэ гэж холбогдсон. Тэгээд би *******ын дугаарыг **********д өгсөн. Байрны гэрчилгээ удахгүй гарна **********ийнхийг байранд нь амьдруулж байгаа биз дээ хүлээж байгаад байраа авах хэрэгтэй байна гээд ******* хугацаа товлон амлалт өгдөг байв. **********ийн хадам эгч ********** байр гаргаж өгөхгүй байгаа ******* бас ********* гэгчтэй уулзахаар боллоо гэж 2023 оны 12 сарын эхээр утсаар ярьсан. *******тай 2023 оны 12 сарын 4нд хууль зүйн яаман дээр уулзахаар боллоо энэ асуудал гаргаж эхлүүлсэн ********** та хоёр бас очиж уулзаж мөнгө салгаж өг гэсэн. Ингээд өглөө хууль зүйн яамны гадаа 8 цагт уулзахаар болсон. ********** Зүүн хараагаас вагоноор ирж байгаа гэсэн. ******* за **********ыг чи аваад Хууль зүйн яамны зүүн хойно байрлах cafe benne-н vip өрөөнд ороод сууж бай гэсэн. Анх удаа би энэ өдөр ********** гэдэг хүнтэй уулзсан. ******* орж ирсэн ********** тогоон чинээ гэдэстэй их бухимдалтай за чи мөнгө өгөө чи надаас 38,000,000 сая ******гаар дамжуулж 45,000,000 сая авсан чинь үнэн үү гэж асуусан ******* тийм ээ би авсан гэсэн. Энэ үед би 45 саяас гадна дахиад 38 сая төгрөгийг ******* **********аас авсан байсныг мэдсэн. Яриа удааширч энэ тусгай өрөө захиалгатай байна гэхээр нь том заал руу нь бүгд гарсан. ******* би мөнгийг чинь өгнөө гээд эцэст нь уулзалт дууссан. Маргааш нь ********** утсаар ярихдаа би оруулсан 38,000,000 авлаа 45,000,000 үлдээлээ угаасаа зөндөө хүмүүс хүлээж байгаа юм чинь, хүлээж байгаад байраа авчихмаар байна гэсэн. Би **********ыг бүх мөнгөө авах юм байна гэж уулзалтын үеэр ойлгосон байсан ч ******* бодлоо өөрчилж 45 саяын байраа хүлээж байгаад авахаар шийдсэн байсан. Үүнээс хойш ******* хааяа 1 холбогддог болсон. Тэр үед нь ******* руу залгахад *******ын дүү нар байранд амьдарч байгаа, байраа авна гэсэн, энэ асуудал чамд ямар ч хамаагүй, бид хоорондоо тохиролцсон бүтсэн гэж хэлдэг байв. **********ийнх 2025 оны 1 cap хүртэл 1017-р байрны 2 өрөө байранд амьдарч байсан. Би *******д итгэж хүлээсээр л байсан. Миний хувьд ********** гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй танихгүй болно. **********ын нэхэмжлэл дээр дурдагдсанчлан Би **********од өөрийн байрыг худалдана гэж хэлээгүй ба нэмж мөнгө авна гэж хэлсэн удаа байхгүй болно. Энэ харилцаатай холбоотой бид хоёрын дунд хийсэн гэрээ хэлцэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ********** нь **********аас шилжүүлсэн мөнгийг *******д шилжүүлэн өгсөн, мөн ******* намайг залилсан Эрүүгийн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Хан уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл өгсөн бөгөөд энэ талаар хэрэг бүртгэлтийн *********** дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа, энэ талаарх баримт хэрэгт байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг гаргаж байна. Мөн хэргийн баримтаар ********** нь 45 000 000 төгрөгийг *******д шилжүүлсэн байдаг бөгөөд нэгч төгрөгийг өөртөө ашиглаагүй. Мөн ******* нь **********ээс **********ын дансыг аваад 2 удаагийн гүйлгээгээр 38 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл энэ хүмүүс мөнгөө авсан хэрнээ аваагүй мэтээр дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс хэрэгт итгэмжлэл, **********ын Төрийн банкны дансны хуулга, Ц.**********ын Хаан банкны ********** тоот дансны хуулга зэргийг ирүүлсэн.
5. Хариуцагчаас **********ийн Хаан банкны ********** тоот дансны хуулгийг ирүүлсэн.
6. Хариуцагчийн хүсэлтээр Ш.*******ын Хаан банкны ************ тоот дансны хуулгыг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2025.05.12-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2025.04.24-ний өдрийн **********ийг хохирогчоор тогтоох тухай тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, гэрч Ц.**********гийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.
7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх гэрч Б.**********ийг асууж, хариуцагчийн хүсэлтээр шүүх Ш.*******ын *******дугаарын утаснаас хариуцагч **********ийн дугаарт 2024.01.14-ний өдрийн 16 цаг 44 минутад бичсэн чатад, хариуцагчийн *********** фэйсбүүк хаягнаас Ц.**********тай 2024.01.14-ний өдөр бичсэн чатад үзлэг хийж, тэмдэглэлийг хавсаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Орон сууц худалдаж авах зорилгоор **********ийн дансанд 45 000 000 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл байраа аваагүй тул уг мөнгийг буцаан гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... **********оос шилжиж орж ирсэн мөнгийг хувьдаа ашиглаагүй, ******* гэх хүнд шилжүүлж өгсөн бөгөөд бидний хооронд ямар нэг гэрээний харилцаа үүрэг үүсээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Мөн Ш.*******аас 38 000 000 төгрөгийг авсан байдаг. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, мессэж болон мессэнжер чатад хийсэн үзлэг, гэрч Б.**********ийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч ********** нь 2022.07.01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр хариуцагч **********ийн Хаан банкны ********** тоот дансанд 45 000 000 төгрөгийг ********** байр авах гэсэн утгаар шилжүүлж өгсөн нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4/
5. Гэрч Б.********** мэдүүлэхдээ ... ********** нь миний удирдах ажилтан бөгөөд 2 өрөө хямдхан байр байгаа талаар санал хэлж, улмаар энэ талаар эхнэрийн ах, эгчид хэлээд 45 000 000 төгрөгийг **********ийн дансруу шилжүүлсэн боловч байраа авч чадаагүй. ... ******* гэдэг хүнийг танихгүй, нэг удаа уулзаж байсан. гэж, хариуцагч ********** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ... 2022 оны 6 сарын сүүлээр ******* гэдэг эмэгтэй над руу холбогдоод Буянт-Ухаа 2 хороололд зорилтот бүлгийнхэнд зориулсан квотын байр байнаа. Зорилтот бүлгийн хүнд санал болгож өгөөч гэж зөвлөсний дагуу би хамт ажилладаг, эртний танил ********** гэж залууд энэ саналыг тавьсан. ********** нь өөрийн орон сууцгүй залуу гэр бүл байсан. Ажилтай ойрхон бас хямд үнээр олдож байгаа боломж тул түүнийг өөрийн гэсэн орон сууцтай болоосой гэж хүсч санал болгосон. Ингээд ********** квотын байрыг авая гэж шийдвэр гаргаж, 2022 оны 7 сарын 1-нд мөнгөө шилжүүлэхээр болсон. ******* чи өөрийн дансаараа аваад над руу шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Би *******д итгээд зөвшөөрч өөрийн хааны ************ тоот дансаар тухайн байрны мөнгийг шилжүүлэн авч *******ын өөрийн хаан банкны ************ болон **********лын шилжүүл гэсэн ************ гэсэн дансууд руу нийт 52.800.0000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний 45,000,000 төгрөг нь **********ийнх болно. гэсэн байна.
5.1 Эдгээрээс дүгнэхэд ********** нь орон сууц худалдан авах зорилгоор **********т 45 000 000 төгрөгийг шилжүүлж, улмаар ********** нь уг мөнгийг Ш.******* гэх хүний дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудыг энэ асуудлаар маргаангүй гэж үзэхээр байна.
6. Харин дээрх байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүйн дээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан Зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй.
Тодруулбал, Ш.*******ын санал тавьсны дагуу ********** нь Б.**********өд орон сууц худалдан авахыг санал болгож, улмаар эдгээр хүмүүсийн хооронд маргаан бүхий харилцаа үүсэхэд оролцсон болох нь, түүнчлэн байрны төлбөрийг өөрийн дансанд авсан болох нь тогтоогдож байна.
6.2 Хэдийгээр хариуцагч нь уг 45 000 000 төгрөгийг өөрөө авч ашиглаагүй гэж тайлбарлаж байх хэдий ч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон зааснаар нэхэмжлэгч ********** нь 45 000 000 төгрөгийг хариуцагч **********ээс буцаан шаардах эрхтэй байна.
7. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь ... Ш.******* нь уг 45 000 000 төгрөгнөөс 38 000 000 төгрөгийг 2024 оны 01 сарын 14-ний өдөр Ц.**********ын Хаан банкны дансыг надаас авч, шилжүүлсэн байхад дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. гэж татгалзсан, тайлбар гаргасан нь дараах үндэслэлгүй байна.
7.1 Хэрэгт Ц.**********ын дансны хуулга авагдсан байх ба уг баримтаас үзэхэд Ц.********** /нэхэмжлэгч **********ын эхнэр/ нь 2023.01.18-ны өдөр 5001311228 тоот Хаан банкны данснаасаа Ш.*******ын Хаан банкны ************ тоот дансанд 38 000 000 төгрөгийг зээлэв ****-11 тоот байр гэсэн утгаар шилжүүлж, 2024.01.14-ний өдөр ******** тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 38 000 000 төгрөгийг байрны мөнгө буцаав гэсэн утгаар шилжүүлсэн байна.
7.2 Дээрхээс дүгнэхэд 38 000 000 төгрөгийн асуудал нь Ц.********** болон Ш.******* нарын хооронд үүссэн тусдаа асуудал байх ба энэ нь маргаан бүхий 45 000 000 төгрөгийн асуудалд хамаарахгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
8. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь цагдаагийн байгууллагад энэ асуудлаар гомдол гаргаж шалгуулж байгаа талаар тайлбар гаргасан нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж шүүх үзэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********ээс 45 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********ээс улсын тэмдэгтийн хураамжинд 382 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ