| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2021/00394/и |
| Дугаар | 224/МА2022/00001 |
| Огноо | 2022-01-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 224/МА2022/00001
Х Б ХХК-ийннэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Н.Туяа, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэртэй,
Х Б ХХК-ийннэхэмжлэлтэй, хариуцагч С.П-т холбогдох, маргаан бүхий хөрөнгө буюу Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттулгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х Б ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т /цахимаар/, Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х Б ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-Э анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Х.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаар шийдвэрээр Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Ө.Бадрахын хороолол, 22 дугаар байр, 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө /цаашид “Маргаан бүхий хөрөнгө” гэх/-ийн өмчлөгчөөр Д.Г, Т.Д нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг хаах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн.
1. Х Б ХХК маргаан бүхий хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй тухай Д.Г, Т.Д нар нь маргаан бүхий хөрөнгийг худалдан авах зориулалтаар зээл авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Х Б ХХК-ийнУвс салбар хүлээн авч зохих журмын дагуу судалж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 36,225,000 төгрөгийн зээлийг Д.Г, Т.Д нарт маргаан бүхий хөрөнгийг худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар олгохоор РА31/030 дугаартай зээл олгох шийдвэрийг гаргасан. Уг зээл олгох шийдвэрийг гаргах үед Хадбаатарын Нямсамбуу нь маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х.Нямсамбуу, Д.Г нар нь 1957 дугаартай Орон сууц худапдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Г, Т.Д нарыг Маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэж, 000543674 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байдаг.
Нэхэмжлэгч Х Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.Г, Т.Д нартай 1250026983 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Увс аймгийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 85-223 дугаартай лавлагаагаар маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр Д.Г, Т.Д нар бүртгэлтэй байгаа, үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр анх Х.Нямсамбуугаас шилжүүлэн авсныг Д.Гд тус тус мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1250026983-01 дугаартай Барьцааны гэрээ /цаашид “Барьцааны гэрээ” гэх/-г барьцаалуулагч Д.Гтай байгуулж маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Барьцааны гэрээ болон 85/260 дугаартай Барьцаалбарыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.
Мөн өдөр нэхэмжлэгч нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 1250026983 дугаартай Зээл олголтын зөвшөөрлийн дагуу зээлдэгч Д.Г-гийн Х Б ХХК дахь 1250026983 дугаартай зээлийн дансаар дамжуулан 36,225,000 төгрөгийн зээлийг 5002239850 дугаартай эскроу дансанд олгож зээлдэгчийн байршуулсан урьдчилгаа төлбөрийн хамт маргаан бүхий хөрөнгийн үнэ 51.750000 төгрөгийг төлбөр хүлээн авагч Х.Нямсамбууд шилжүүлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.Г, хамтран үүрэг гуйцэтгэгч Т.Д нарын үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 34,006,643.35 төгрөг байгаа болно. Өөрөөр хэлбэл, барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй байгаа юм.
Нэхэмжлэгч нь барьцаалуулагч Д.Г-тай барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулахдаа Маргаан бүхий хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагааг үндэслэсэн бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсч хүчин төгөлдөр болсон болно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан ба Барьцааны гэрээг байгуулах өдрийн байдлаар маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Г, Т.Д нар бүртгэлтэй байсан бөгөөд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж аливаа этгээд шаардлага гаргаагүй, маргаагүй байсан тул нэхэмжлэгч нь улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж Барьцааны гэрээг байгуулж 85/260 дугаартай Барьцаалбарын хамт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Нэхэмжлэгчийн барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн нь нэхэмжлэлд хавсаргасан Увс аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 85-4628 дугаартай лавлагаагаар мөн нотлогддог бөгөөд Маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээний дагуу Х.Нямсамбуугаас Д.Г, Т.Д нарт шилжсэн, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй байгаа талаар мэдэгдсэн байдгийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Маргаан бүхий хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаасан нь нэхэмжлэгчийн барьцааны эрхийг хөндөхгүй тухай
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тухайлан заасан байдаг. Маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр Д.Г, Т.Д нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосноор Д.Г, Т.Д нар Маргааны бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй болсон хууль зүйн үр дагавар үүсээд байна.
Нэхэмжлэгч нь Барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаартай бүртгэлийг барьцаалаагүй, харин маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан. Ипотек нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагаар хангагдах үүргийн хамт өмчлөгчид шилждэг. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөд ногдуулсан барьцаагаар хангагдах үүрэг хэвээр байх юм. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Х Б ХХК-ийг маргаан бүхий хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.П анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний өмчлөлийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 дугаар байрны 1 давхрын 2 тоот байрны өмчлөгч болохыг тогтоолгохоор Х Б нэхэмжлэл гаргасан байна. Х Б нь миний хөрөнгийг өөр хүн барьцаалж мөнгө зээлдэж байгааг мэдсээр байж мөнгө зээлдчихээд ийм хууль бус нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Уг байр 2016 оны 6 дугаар сараас хойш маргаантай байгааг Х Б болон Гэрэлмаа нар мэдэж байсан. Би өөрөө Х Б-ны захиралд өөрийн биеэр хэлж байсан. Би Гэрэлмаа багштай хамт ажилладаг байсан учраас наад байр чинь маргаантай байгаа гэдгийг мөн хэлж байсан. Энхцэцэг багшаар дамжуулж хүртэл хэлж байсан. Гэрэлмаа, Дамдинсүрэн нарт байр шилжүүлсэн Баясгалан гэгч Х Бинд их хэмжээний хугацаа хэтэрсэн өртэй байсан. Тэр өрийг барагдуулахын тулд танай банк эдгээр хүмүүстэй хуйвалдаж залилан хийж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж, мөн 18 дугаар зүйлийн 18.1-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж заасны дагуу олгогдсон гэрчилгээтэй байр юм.
Тус байрны гэрчилгээг хүчингүй болгуулах гэж 3 шатны шүүхээр явсан боловч тэд миний гэрчилгээг хүчингүй болгож чадаагүй. Харин өөрсдийнх нь гэрчилгээ хүчингүй болсон нь шүүхийн шийдвэрүүдээс харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Х Б нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлтэй. Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагч С.П-т холбогдох маргаан бүхий хөрөнгө буюу Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоолгох тухай Х Б ХХК-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х Б ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х Б ХХК дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй, өөр хуулийг хэрэглэсэн учир шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмнө нь өмчлөгч байсан Д.Г, Т.Д нар барьцааны гэрээг байгуулсан боловч гэрээний зүйл болох Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд давхардуулан бүртгэсэн гэх үндэслэлээр Д.Г, Т.Д нарын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байх тул Х Б ХХК-ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоох үндэслэлгүй ..." гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шийдвэрийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд мөнхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж Улсын бүртгэлийн байгууллагын хийсэн бүртгэл хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийсэн бөгөөд өмчлөлийн маргаан хянан шийдвэрлээгүй ...” гэж тухайлан дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Г. Т.Д нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосныг үндэслэн нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хэргийн үйл баримтыг тодруулбал, нэхэмжлэгч нь барьцаалуулагч Д.Г-тай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1250026983-01 дугаартай Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулахдаа эрх бүхий байгууллага Д.Г, Т.Д нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэж, түүний үндсэн дээр олгосон 000543674 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Увс аймгийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 85-223 дугаартай лавлагааг үндэслэсэн бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 дугаар 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 312 дугаар тогтоол гаргасан.
Уг тогтоолын хянавал хэсэгт “... Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримтуудаас үзвэл Х Б нь иргэн Д.Г, Т.Д нартай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 36,225,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд зээлдэгч нар нь уг зээлийн барьцаанд Улаангом сумын 3 дугаар баг Бадрахын 22 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцыг бариулсан, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 85/260 дугаартай барьцаалбарыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт баримт тодорхойлогдож байна” гэж дүгнэсэн байдаг. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1250026983-01 дугаартай Барьцааны гэрээ, 85/260 дугаартай барьцаалбарыг хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр нэхэмжлэгчийн барьцааны эрх үүсч хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1250026983-01 дугаартай Барьцааны гэрээ, 85/260 дугаартай барьцаалбарыг хуульд заасны дагуу бүртгүүлж ипотек үүссэн нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх барьцаалуулагчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-160.1.6 дэх хэсэгт барьцааны эрх дуусгавар болох тохиолдлуудыг хуульчлан заасан байх бөгөөд барьцаалуулагчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, өөрөөр хэлбэл захиргааны актыг хүчингүй болгох нь барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болгох тохиолдол хуульд заасан үндэслэл биш юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй эсэх шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт буюу эрх зүйн харилцаа, цугларсан баримтуудад тулгуурлан материаллаг эрх зүйн дүгнэлтийг хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, барьцаалагч Х Б ХХК-ийнэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүх өөр хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэг нь шаардлага, ипотек хууль буюу хэлцлийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжихдээ үндэслэлгүйгээр нэмэгдэх эсхүл буурахыг хязгаарлаж барьцаалуулагчийн, шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэдэг зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3-т заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т тайлбарлана” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Х Б” ХХК-ийн зүгээс хуульд заасны дагуу барьцаалуулагчтай зээлийн гэрээ байгуулсан ба энэ талаар шат шатны шүүх тогтоосон. Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхээс маргаан бүхий байрны улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүхийн зүгээс барьцааны эрх үүссэн байдалд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.
Барьцааны эрхийн асуудлаас болж одоогоор маргаан бүхий хөрөнгийн барьцааны зээл төлөгдөхгүй байгаа. Барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг хуульд заасан байдаг. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан барьцааны эрх дуусгавар болохтой холбоотой зохицуулалтуудыг хэрэглэхгүйгээр, энэ асуудалд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зүгээс маргаан бүхий байрыг барьцаалагдсан байгааг дүгнэсэн.
Тухайн барьцааны эрх ямар хууль зүйн үндэслэлээр дуусгавар болсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай байна. “Х Б” ХХК барьцааны эрхгүй гэсэн дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Маргаан бүхий хөрөнгийн барьцааны эрхийг ямар хуулийн зүйл, заалтыг баримтлан хүчингүй болгож байгаа талаараа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлаж өгөөгүйд гомдолтой байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэртэй, хариуцагч С.П-т холбогдох, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоолгох тухай Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттулгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүх хариуцагч С.П-т холбогдох, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м2 талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоолгох тухай “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч Х Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.Г, Т.Д нартай 1250026983 дугаартай зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр зээлдэгч Д.Г-тай 1250026983-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м2 талбай бүхий, Ү-1520004722 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, Барьцааны гэрээ болон 85/260 дугаартай Барьцаалбарыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Гэвч дээрх банкны зээлийн гэрээний барьцаа болох үл хөдлөх хөрөнгө нь эрхийн зөрчилтэй хөрөнгө байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.
Х Б ХХК, зээлдэгч Д.Г нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний зүйл болох Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м2 талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Д.Г, Т.Д нарыг улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулахаар С.П захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч С.Пын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрших 45 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон гуравдагч этгээд Д.Г нарын давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
С.Пын нэхэмжлэлээр бүртгэлийг хүчингүйд тооцсон Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138 магадлал тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба С.Пын өргөдлийн дагуу дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаар тушаалаар иргэн Д.Г, Т.Д нарын өмчлөлийн, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байршилтай, 45м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн Ү-1520004722 дугаар эрхийн улсын бүртгэлийг хаасан үйл баримт хэрэгт тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд: “ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1250026983-01 дугаартай Барьцааны гэрээ, 85/260 дугаартай барьцаалбарыг хуульд заасны дагуу бүртгүүлж ипотек үүссэн нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх барьцаалуулагчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-160.1.6 дэх хэсэгт барьцааны эрх дуусгавар болох тохиолдлуудыг хуульчлан заасан байх бөгөөд барьцаалуулагчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, өөрөөр хэлбэл захиргааны актыг хүчингүй болгох нь барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болгох тохиолдол хуульд заасан үндэслэл биш “ гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-1.5 дахь хэсэгт барьцааны эрх дуусгавар болох үндэслэлүүдийг тодорхой нэрлэн зааж, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт : хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болохоор тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч Х Б ХХК болон зээлдэгч Д.Г нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-1.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр дуусгавар болоогүй байх боловч уг барьцааны гэрээ дуусгавар болох хуульд заасан бусад үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Г, Т.Д нарыг Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байршилтай, 45м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэж, 000543674 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй, уг хөрөнгийн өмчлөх эрхийг урьд бүртгэсэн эрхийн бүртгэл хүчинтэй байхад давхардуулан бүртгэсэн гэх үндэслэлүүдээр бүртгэлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т : Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно, мөн зүйлийн 21.2-т :Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болно” гэж тус тус заажээ.
Х Б ХХК болон зээлдэгч Д.Г нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг үндэслэн маргаан бүхий хөрөнгийг улсын бүртгэлд 2017 оны 11 дүгээр 27-ны өдөр барьцаалбараар бүртгэсэн байх бөгөөд зээлдэгч Д.Г, Т.Д нарын уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул дээрх хуулийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан эрх дуусгавар болох үндэслэлтэй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х Б ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттулгын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Х Б ХХК-ийндавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х Б ХХК-ийндавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Л.АЛТАН