Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт П.Н-д холбогдох эрүүгийн 1820000910053 дугаартай  хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой,  сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр дүүгийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ бичиг хэргийн дэлгүүр ажиллуулдаг байсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Т овогт П.Н,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч П.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үүрэн телефоны үйлчилгээний Мобиком корпорацийн 9911 дугаарлалтаар эхэлсэн 3 дугаарыг П.Д, Т.Т нарт хямд олж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилан 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т овогт П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хоёр хүнээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгөний шаардлага гарсан юм. Манай оюутан хоёр дүүгийн төлбөр нэхэгдээд мөнгөний хэрэгцээ байсан. Тухайн үед би бизнесийн зээл хөөцөлдөж байсан. Тэгээд зээл гарвал өгье гэж бодож байсан юм. Ингээд зээл гарсны дараа хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би тэр үед Мобикомд ажилладаггүй байсан гэв.

Хохирогч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 сарын 30-нд Замын-Үүд сум  Эрээн хот хоёрын хооронд явдаг 1 эмэгтэйтэй танилцсан ба тэр өөрийн тухайн үед би мобиком ХХК-д ажилладаг гэж хэлж байсан. Би 2018 оны 01 сарын 27-нд Замын-Үүд суманд байхдаа найз Т-н хамт машины очёрт өөрийн машинаа шахаж тавьж байх хоорондоо найздаа хандаж Мобикомд ажилладаг нэг эмэгтэй байгаа, Эрээн Замын-Үүд хоёрын хооронд явж байгаа гэхэд манай найз чи тэгээд мобикомын гайгүй дугаар асууж үзсэн юм уу гэхэд үгүй ш дээ гэж хариулахад чи дугаар асуухгүй яасан юм гэхэд нь тэгвэл тэр эмэгтэй арай хот руу яваагүй байгаа байх юу ч гэсэн залгаад үзье гээд залгахад утсаа авснаа хот руу арай яваагүй байна, Замын-Үүдийн вокзал дээр байна хүрээд ир гэхээр нь найзтайгаа хамт явж очоод Замын-Үүд буудлын ард машин дотор уулзаж Мобикомын дугаар сонирхож 9911 дугаар танайхаас ямар үнэтэй зарагдах бэ? гэхэд манай байгууллагаас үндсэн үнэ 1 сая төгрөгөөр зарагддаг гэсэн ба сар болгоны 13-нд 9911-тэй дугаар унах магадлалтай, зарим сард унахгүй, зарим сард олноороо унадаг гэж хэлж байсан ба тэгэхээр нь 13-нд дугаар унадаг бол 9911-тэй дугаар 1 сая төгрөгөөр авья, дугаар унах л юм бол хэдэн ч дугаар аваад өгч чадна гэж байсан. Тэгээд дугаар унах юм бол бид 2 дугаарын мөнгийг тэр дор нь шилжүүлээд авья гэхэд за гарвал ярья гээд тохиролцоод салсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 01 сарын 29-нд өөрөө дугаараасаа залгаад хөөе баахан хураагдсан дугаар гараад ирлээ, та 2 дугаар авах юм уу гэж асуухад нь авна авна, авья гэхэд нөгөө найзаасаа асуугаад хэдэн дугаар авахаа хэлчих гэхээр нь манай найз авна би өөртөө, бас эхнэртэй дугаар авмаар байна 3 дугаар авч болох уу? гэхэд болноо болно би чам руу эргээд залгая гээд маргааш өглөө нь залгаад өнөөдөр 3 дугаарын мөнгөө Х банкны данс руу хийчих гэсэн ба 1 азын АД-тэй дугаар 1.200.000 төгрөг гэхээр нь тухайн үед эхнэр лүүгээ яриад 3.600.000 төгрөг Х банкны данс руу хийчих гэж хэлээд эхнэрээрээ шилжүүлсэн. Тухайн үед Н гэх эмэгтэй гүйлгээний утгаа “бичиг хэргийн үнэ” гэж хийгээрэй гэж хэлж байсан, яагаад гэхээр би дотоод ажилтан болохоор данс руугаа их хэмжээний мөнгө оруулж болдоггүй гэж хэлж байсан. Тухайн үед ярихдаа одоо гарч байгаа дугаарууд шүүхээр хураагдаж байгаа дугаарууд гэсэн ба шүүхээр энэ дугааруудын асуудал цаад талын хугацаа  02 сарын 20 гэхэд шийдэгдэж худалдаанд гарна гэсэн. Чи одоо мөнгөө хийсэн учраас чиний дугаарууд захиалганд орчихсон гэж хэлсэн. Тэгээд би Н-с шүүхээр хураагдаж байгаа дугааруудыг чинь эзэд нь буцаагаад шүүхдээд авчих юм биш биз дээ гэхэд манайхаас нэгэнт шүүхээр хураагдсан дугаарууд хуучин эзэддээ хэзээч буцаагддаггүй, санаа зовох зүйл байхгүй, худалдаанд бүгд гарна чиний 3 дугаар захиалганд орно гэж хэлсэн. 02 сарын 03-нд над руу өглөө залгаад 1 дугаарын 250.000 төгрөг тушаах шаардлагатай байна гэхээр нь энэ юун мөнгө бэ? гэхэд барьцаа багц хоёрыг зэрэг идэвхижүүлж байж дугаар чинь баталгаажна, сүүлийн 4 оронг мэдэж болно гэхээр нь барьцааны 200.000, багцын 49.900 гэхээр нь 50.000 төгрөгөөр тооцоод 1 дугаарын 250.000 гээд 3 дугаарын 750.000 төгрөгийг өөрийнх нь өгсөн Т банкны данс руу нь мөн адил “бичиг хэргийн үнэ” гээд тушаасан. Тэр өдрөөс хойш дугаар хураагддаг хугацаа болох 02 сарын 20 хүртэл хүлээсэн. Тэр хугацаанд дугаарынхаа сүүлийн оронг мэдье, юу болж байна аа гээд удаа дараа залгахад надад тодорхой хариулт өгөөгүй, тухайн үед аргацаалаад л өнгөрсөн. 02 сарын 20-ноос хойш 03 сарын дунд хүртэл удаа дараа залгаж хэсэг дугаарын талаар ярьж байсан. Ярихдаа шүүхээс тодорхой шийд гараагүй байна гэсэн тайлбар хэлдэг байсан. 03 сарын 10-н орчимд шүүх хурал болсон удахгүй дугаарууд чинь гарна гэж манай найзад хэлсэн байсан. ... би өөртөө авах, эхнэр, найздаа авах дугаарын мөнгийг өөрөөсөө гаргасан байсан. Манай найз надад өөрийнхөө 1 дугаарын мөнгө болох 1.450.000 төгрөгийг сүүлд өгсөн…” гэжээ. /хх-ийн 15-16 хуудас/

Хохирогч Т.Т мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз Д Мобиком ХХК-д ажилладаг гэсэн 1 эмэгтэйг мэднэ гэж надад хэлж байсан. Тэгээд би тэр эмэгтэйтэй нь 2018 оны 01 сарын 20-ны орчимд найзынхаа хамт Замын-Үүд суманд танилцсан. Танилцахад тэр эмэгтэй өөрийгөө би Мобиком ХХК-д ажилладаг ажилтан, нэрээ Н гэж хэлсэн. Тэгээд бид 3 сууж байгаад би 9911-тэй дугаар байдаг юм уу гэхэд сар болгоны 20-23-ны өдрүүдэд унах магадлалтай. Тэр үед нь 1 дугаарыг 1 сая төгрөгөөр авдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь за тийм бол дугаар унах үед нь яриарай гээд уулзаад холбоо барих дугаарыг нь аваад салсан. 7 хоногийн дараа манай найз руу залгаад дугаар авах боломжтой боллоо та нар хэдэн дугаар авах юм бэ? гээд дугаар авах бол мөнгөө шилжүүл гэж ярьсан байсан. Тэр өдөр 01 сарын 30-ны өдөр байсан ба тухайн үед би өөрийн дугаар авах 1.450.000 төгрөгийг найздаа бэлнээр өгсөн. Манай найз тэр Н гэх эмэгтэйтэй холбоотой байсан. Манай найз тэр эмэгтэй рүү мөнгө шилжүүлсэн гээд мөнгөний баримт үзүүлж байсан. Тэгээд дугаар ирэхгүй 2 сар гаран болж байхаар нь залгаад дугаараа шаарддаг болсон ба сүүлдээ утсаа авахаа больсон. ... би найздаа өөрийнхөө мөнгийг өгч манай найз бөөнд нь тэр эмэгтэй рүү шилжүүлсэн байсан...” гэжээ. /хх-ийн 18-19 хуудас/

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр П.Н-н хохирол төлбөр барагдуулах тухай баталгаа /хх-ийн 24 хуудас/

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хх-ийн 25  хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26, 27 хуудас/

Шүүгдэгч П.Н-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37, 38 хуудас/

Х банкны дансны хуулга /хх-ийн 41-43 хуудас/

Шүүгдэгч П.Н-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т овогт П.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үүрэн телефоны үйлчилгээний Мобиком корпорацийн 9911 дугаарлалтаар эхэлсэн 3 дугаарыг тус бүрийг 1.200.000 төгрөгөөр, барьцааны нэг дугаарыг 250.000 төгрөгөөр тус тус хохирогч П.Д, Т.Т нарт хямд олж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилан авч хохирогч П.Д-д 2.900.000 төгрөгний, хохирогч Т.Т-д 1.450.000 төгрөгний нийт 4.350.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Н-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллаганд болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Д, Т.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, болон  2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр П.Н-н хохирол төлбөр барагдуулах тухай баталгаа /хх-ийн 24 хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хх-ийн 25  хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26, 27 хуудас/, Х банкны дансны хуулга /хх-ийн 41-43 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч П.Н нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад нийт 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Н нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүхээс шүүгдэгчийг залилах гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, хохирол төлбөрөө сайн дураараа төлж барагдуулсан тул Замын-Үүд дэх сум дундын  прокурорын газраас  санал болгосон 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Н-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч П.Н нь 460.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч П.Н нь хохирогч нарт хохирлоо бүрэн төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Д.Ц