Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Н.А

Улсын яллагч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1820000420029 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, улс хооронд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл О овогт Д.Б,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод М.З-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О овогт Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 24-ний 14 цагийн орчим би БНХАУ-ын Эрээн хотын Э-н буудлын гадаа З-тэй маргалдаж зодолдсон нь үнэн. З-н халааснаас 1 юань цухуйгаад унах гэж байхаар нь би мөнгө чинь уналаа гэж хэлсэн чинь З надад чи авбал ав, угаасаа чи 1 юаны төлөө явдаг биз дээ гэж хэлснээс болж маргалдаж зодолдсон. Би З-н нүүрэнд гараараа цохиж гэмтээсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч М.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 07 цагийн орчим би өөрийн эзэмшлийн улсын дугаартай УАЗ-469 маркийн шар өнгийн машинтайгаа Эрээн хот руу хувийн ажлаар гараад 10 цагийн үед Эрээн хотод очсон. Би тухайн үед “Х” буудлын гадаа машинтайгаа зогсож байхдаа ачаа болон хүн авч явах санаатай хайсан боловч ачаа болон хүн олдоогүй. Үдээс хойш 14 цагийн үед “Х” буудлын гадаа зогсож байхад Д.Б надад хэлэхдээ “чиний халааснаас 1 юань уналаа гэж хэлээр нь би зүгээрээ гэсэн чинь чи ямар онгироо юм бэ? гэж хэлэхээр нь би өөдөөс нь чамд ямар хамаатай юм бэ? гэхэд Б намайг заамдаж авахаар нь би олон нийтийн газар муухай шүү дээ гэхэд намайг мангасдаж түлхсэн. Би Б-д хүмүүсийн хажууд муухай шүү дээ хоёулаа хүнгүй газар очиж учраа олъё гээд буудлын ард гарахад намайг заамдаад авахаар би зөрүүлээд Б-г заамдаж авсан чинь мөнгөн гинж нь тасарчихлаа болъё гэхээр нь би гараа тавьсан чинь Б миний хамар руу 2 удаа гараараа цохиход миний хамарнаас цус гарч би доошоо тонгойтол миний толгой руу гараараа 2-3 цохьсон. Тэгээд бид салсан. Ийм л асуудал болсон...Би Д.Б-с хохирлын 1.050.000 төгрөгийг бэлнээр авсан учир одоо миний хувьд гомдол санал байхгүй,  нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 7-13 хуудас/

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 04/035 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. М.З-н биед хамар ясны хугарал, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн тал зулгаралт, баруун нүдний дотор буланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал нь дан дангаараа “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн талд зулгаралт, баруун нүдний дотор буланд зулгаралт гэмтлүүд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27 хуудас/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 хуудас/

Шүүгдэгч Д.Б-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

Хохирогч М.З-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 47 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О овогт Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод хохирогч М.Зтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт удаа, дараа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн тал зулгаралт, баруун нүдний дотор буланд зулгаралт   хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б намайг заамдаж авахаар нь би олон нийтийн газар муухай шүү дээ гэхэд намайг мангасдаж түлхсэн. Би Б-д хүмүүсийн хажууд муухай шүү дээ хоёулуу хүнгүй газар очиж учраа олъё гээд буудлын ард гарахад намайг заамдаад авахаар би зөрүүлээд Б-г заамдаж авсан чинь мөнгөн гинж нь тасарчихлаа болъё гэхээр нь би гараа тавьсан чинь Б миний хамар руу 2 удаа гараараа цохиход миний хамарнаас цус гарч би доошоо тонгойтол миний толгой руу гараараа 2-3 цохьсон” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 04/035 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч М.З нь шүүгдэгч Д.Б-с эмчилгээний зардалд 1050000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч Д.Б-д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч Д.Б нь уг торгуулийн ялыг төлөх санхүүгийн боломжтой гэж шүүх үзлээ

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Б нь 460.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.Ц