Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2026/0226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Ц.Аийн нэхэмжлэлтэй, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүннү пилла хотхон 1405 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, Бүргэд ургийн овогтой Ц А, /*******/,

Хариуцагч: Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Ц.А******* сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, гэрч Ө.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Тамгын газрын дүрмийн 2.2 дахь заалтыг тусгасан үндэслэлгүй байна. Миний хувьд Төрийн албаны тухай хууль болон Тамгын газрын дүрмийн дээрх заалтыг зөрчөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж, Тамгын газрын ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэн ажлынхаа үр дүнг Комиссын даргын өмнө бүрэн хариуцаж ирсэн.

1.2.Тушаалын үндэслэх хэсэгт заасан Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.3, 12.1.1, 12.1.2 дахь заалтыг дурдсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.3 дахь заалт нь төрийн албан хаагчийн хүлээх үүрэг, 12.1 дэх хэсэгт төрийн албын хаагчийн гаргасан ямар зөрчилд, сахилгын шийтгэл оногдуулахыг зохицуулсан байна.

1.3.Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1 дэх заалтыг хэлбэр төдий дурджээ.

1.4.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ... сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж тус тус заажээ.

1.5.Гэтэл Комиссын дарга нь тушаалдаа намайг сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн гэж үзсэн, зөрчлийн шинж нь төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн, уг зөрчилд төрийн албанаас халах сахилгын шийтгэл тохирно гэж үзсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй, үүнтэй холбоотой нөхцөл байдлыг тогтоогоогүй.

1.6.Нөхцөл байдлыг бодитойгоор тогтоогоогүй атлаа тушаалын үндэслэх хэсэгт Шилэн дансны тухай хуулийн 7.1.1, 7.1.3 дахь заалтыг тусгасан. Хууль болон Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам /цаашид журам гэх/-ын зохицуулалтаас үзэхэд шилэн дансны мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагаанд байгууллагын админ хэрэглэгч буюу ерөнхий нягтлан бодогч, дотоод аудитор, бусад хэрэглэгч, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан албан хаагч албан тушаалынхаа чиг үүргийн дагуу тодорхой үүрэг хүлээн оролцдог.

1.7.Төсвийн шууд захирагчийн хувьд миний бие Шилэн дансны хуулийн 5 дугаар зүйлд заасан шилэн дансны мэдээллийг хүргэх шаардлагын дагуу шилэн дансны бие даасан цэстэй, мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой, тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан, мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивд хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой байх бүх нөхцөлийг бүрдүүлэх удирдлага зохион байгуулалтын үүргээ хэрэгжүүлж ажилласан.

1.8.Журмын 7.3-т заасан Байгууллагын админ хэрэглэгч болон төсвийн ерөнхийлөн захирагчийн админ (байгууллагын админ) хэрэглэгч нь ерөнхий нягтлан бодогч бөгөөд мэдээлэл оруулах хэрэглэгчийн эрхийг аль нэг албан хаагчид олгоогүй, зөвхөн өөрөө хэрэгжүүлдэг. Тэрээр мэдээлэл оруулах хэрэглэгчийнхээ хувьд холбогдох мэдээллийг хугацаанд оруулж баталгаажуулах, бусад төсөв, санхүүгийн системээс татсан мэдээллийг үнэн зөв эсэхийг нягтлах, мэдээлэл шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд үнэн зөв тавигдсан эсэхийг шалгадаг.

1.9.Журам-ын наймд заасны дагуу байгууллагын админ хэрэглэгч байршуулсан мэдээллээ улирал бүр төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албанд дараа сарын 15-ны дотор тайлагнах, төсвийн ерөнхийлөн захирагч (дотоод аудитын алба) нь Шилэн дансны тухай хуулийн 8.2-т заасны дагуу шилэн дансны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээдэг.

1.10.Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам-ын дагуу хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан албан хаагч байгууллагын үйл ажиллагааг хагас жил тутам, үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд шилэн дансны мэдээллийг хянаж, төсвийн шууд захирагчид танилцуулах үүрэгтэй.

1.11.Гэвч шилэн дансны мэдээллийг оруулах үүргийг ямар албан тушаалтан биелүүлээгүй, ямар албан тушаалтан зохион байгуулаагүй, ямар ямар албан тушаалтан ямар хугацаанд хяналт тавих хэрэгжүүлээгүй, ямар албан тушаалтын буруутай үйл ажиллагаанаас мэдээллийг хугацаанд нь оруулаагүй болох, уг мэдээлэл нь төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагчийн алинд хамааралтай мэдээлэл болох нь тодорхойгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр зөвхөн төсвийн шууд захирагчийг хяналт тавиагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна гэжээ.

Хоёр.Хариуцагч Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга;

2.1.Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/38 дугаар тушаалаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам, бүртгэл, тайлан болон бусад холбогдох баримт бичгийг хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажилласан.

2.2.Тус ажлын хэсгийн хяналт шинжилгээ, үнэлгээгээр Хүний эрхийн Үндэсний Комисс нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндсэн бодлого, эрх зүйн зохицуулалт байхгүй, мэдээллийн хөрөнгийн бүртгэл, ангилал хийх зохицуулалт байхгүй, албаны нууц мэдээллийн жагсаалт, нууцтай танилцах эрх бүхий албан хаагчийн жагсаалт болон нууцын дүрэм, журам батлан гаргаагүй ажиллаж байсан зэрэг зөрчлийг илрүүлсэн.

2.3.Энэ нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11.1-д Байгууллага, албан тушаалтан төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1.эрхэлсэн салбар, харьяа байгууллагын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах; 11.1.2.эрхэлсэн салбар, харьяа байгууллагын хэмжээнд байгаа төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт тавих, гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй үйлдэл юм.

2.4.Энэхүү хуулиар хүлээсэн үүрэг нь Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 1-р зорилтын 1-д Комисс хуулиар хүлээсэн чиг Үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тамгын газрын удирдан зохион байгуулах, 4-р зорилтын 8 дахь гүйцэтгэх чиг үүрэгт Комиссын дүрэм, журмуудыг мөрдүүлэх ажлыг Удирдан зохион байгуулах хүрээнд заагдсан үндсэн чиг үүрэгт хамаарна.

2.5.Энэ талаар өмнө нь Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/21 дүгээр тушаалаар өгсөн үүрэг даалгавар бөгөөд тус тушаалын 5 дахь заалтаар тус арга хэмжээг авч 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр багтаан танилцуулахыг даалгасан боловч эдгээрийг огт хэрэгжүүлээгүй болохыг тогтоосон.

2.6.Захиргаа, удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Комиссын даргын болон Тамгын газрын даргын батлан гаргасан тушаалын эрх зүйн үндэслэл болон тушаалын хэрэгжилтэд дотоод хяналт шалгалтыг хийж 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр танилцуулсан.

2.7.Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 29.1 дэх хэсэгт Комисс Тамгын газартай байх бөгөөд Тамгын газар нь Комиссын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэж заасан.

2.8.Монгол Улсын Сангийн сайдаас 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 01/10084 дугаар албан бичгээр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд цахим хуудсанд байршуулж ажиллаагүй албан тушаалтанд хариуцлага тооцох арга хэмжээ авч, тайлагнах-ыг даалгасан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Ц.А******* Хүний эрхийн Үндэсний Комиссын /цаашид Комиссын гэх/ даргад холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Ц.А******* сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Нэхэмжлэгчээс Албан тушаалын тодорхойлолтын ямар зорилго, зорилт, чиг үүргээ хангаагүй гэдэг нь тодорхойгүй, боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага ур чадварын түвшнийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргуулаагүй, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Авлигын эсрэг хуулийн ямар заалт, Хөдөлмөрийн дотоод журмын хориглосон зохицуулалтын алиныг зөрчсөн гэж үзсэн, түүнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, яагаад зөрчлийн шинж нь төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн, үүнтэй холбоотой нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, шилэн дансны мэдээллийг оруулах үүргийг ямар албан тушаалтан хариуцан гүйцэтгэн зохион байгуулах, энэ чиг үүргийг хэн хэрэгжүүлээгүйг нэг бүрчлэн тогтоогоогүй гэж, хариуцагчаас Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндсэн бодлого, эрх зүйн зохицуулалт байхгүй, мэдээллийн хөрөнгийн бүртгэл, ангилал хийх зохицуулалт байхгүй, албаны нууц мэдээллийн жагсаалт, нууцтай танилцах эрх бүхий албан хаагчийн жагсаалт болон нууцын дүрэм, журам батлан гаргаагүй, Комиссын даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг огт хэрэгжүүлээгүй, Хүчингүй болсон хуулийг үндэслэл болгон тушаал гаргасан, Үндэсний аудитын газраас аудитын дүгнэлтээр шилэн дансны мэдээллийн цахим хуудсанд гүйлгээг тухай бүр мэдээлээгүй, хугацаа хоцроож мэдээлсэн гэж нийцлийн аудитын зөвлөмж гарсан, албан тушаалын сул орон тооны мэдээллийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлээгүй гэж тайлбарлан маргасан.

4.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:, 48.1.4-д төрийн албанаас халах; гэж тус тус заасан.

5.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нь хуульд заасан үндсэн үүрэг бөгөөд үүнийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх учиртай.

6.Тодруулбал, зөрчлийн шинж чанар, давтамжийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулна. Энэ нь хууль зүйн үндэслэлтэйгээр шаталсан арга хэмжээ авах боломжийг олгодог бөгөөд төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлэх хууль ёсны үүрэгтэй гэдгийг баталгаажуулж, хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол сахилгын шийтгэл, хамгийн хүнд тохиолдолд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах эрх зүйн үндэслэлийг тогтоож өгсөн.

7.Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 142 дугаар тогтоолоор баталсан Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилго-ыг Комиссын дарга, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Тамгын газрыг удирдаж, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, төсвийн болон санхүүжилтийн удирдлагыг хэрэгжүүлж, үр дүнг Комиссын даргын өмнө хариуцна гэж тодорхойлжээ.

8.Үүнээс гадна Комиссын Тамгын газрын дарга нь дээрх тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1-д Комисс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Тамгын газрыг удирдан зохион байгуулах, 2 дугаар зорилтын 3-д Албан тушаалын тодорхойлолт, Комиссын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь нэгжийн дарга, ажилтнуудыг чиглүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, 4 дүгээр зорилтын 1-д Тамгын газрын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтын уялдааг хангах, 3-д Нэгжийн дарга нарын боловсруулсан баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг хянаж, батлах, байгууллагын удирдлагад танилцуулах, 5-д Удирдлагын шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, тайлан мэдээг гаргах ажилд хяналт тавих, 8-д Комиссын дүрэм, журмуудыг мөрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр байна.

9.Түүнчлэн, Комиссын даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар баталсан Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын дүрэм-ийн 2.2-т Тамгын газрын ерөнхий удирдлагыг Тамгын газрын дарга, өдөр тутмын шуурхай удирдлагыг нэгжийн дарга нар хэрэгжүүлнэ. Тамгын газар зохион байгуулсан ажлынхаа үр дүнгээр Комиссын даргын өмнө хариуцлага хүлээнэ гэж заасан байна.

10.Мөн Комиссын даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар баталсан Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам-ын 5.4-д Албан хаагч дараах Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2 дахь хэсэгт зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ, 5.4.3-д Албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биечлэн хариуцах, хэрэгжилтийг тогтоосон цаг хугацаанд нь эргэж тайлагнах-аар, 12.1-д Төрийн албан хаагчийн гаргасан дараах зөрчил нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно, 12.1.1-д Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, 12.1.2-т Албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан албан хаагчийн хүлээх үүргээ биелүүлээгүй, хориглох заалтыг зөрчсөн гэж зохицуулжээ.

11.Комиссын дарга 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар тус комиссын төрийн болон албаны нууц хамгаалах журмын төсөл, төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт, албаны нууцын жагсаалт, онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн болон албаны нууцыг хамгаалах төлөвлөгөөний талаар санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Тамгын газрын дарга Ц.А******* томилж, санал боловсруулах ажлыг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөрт багтаан гүйцэтгэж танилцуулахыг үүрэг болгожээ.

12.Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам нь эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг бөгөөд бүх байгууллага, албан тушаалтанд заавал биелүүлэх учиртай.

13.Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ын 2.4.1-д баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, зөв бичих дүрэм, стандартад заасан шаардлагын дагуу зохион бүрдүүлж, түүний үнэн зөв, албан ёсны хүчинтэй байдлыг ханган боловсруулж, хянуулан баримтжуулах, 4.14.2-т албан бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр нь явуулсан баримт бичгийн бүртгэл (11 дүгээр хавсралт)-д бүртгэнэ. Баримт бичгийн агуулга, хэл найруулга, баримт бичгийн стандартын бүрдлийг боловсруулсан болон хянасан ажилтан хариуцна; гэж заасан.

14.Комиссын даргаас өгсөн үүргийн дагуу Комиссын дарга болон Тамгын газрын даргын баталсан тушаалын Эрх зүйн үндэслэл болон албан хэрэг хөтлөлтийн стандарт-д болон Хүний нөөцийн томилгоо-нд хийсэн хяналт шалгалтаар Тамгын газрын даргын тушаалуудаас хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэл болгосон 4, албан хаагчийн албан тушаалын нэр буруу бичсэн 6, зөв бичих дүрмийн алдаатай 19, албан хэрэг хөтлөлтийн стандартын алдаатай 1, нийт 30 тушаалд зөрчил илэрсэн, Комиссын даргын 2024 оны А/21 дүгээр тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга, Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга нарын албан тушаалын мэдээллийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх хугацааг 224 хоног хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Тушаалын боловсруулалт, хэрэгжилт хянасан тухай, Хүний нөөцийн томилгоог хянасан тухай илтгэх хуудсаар тогтоогдож байх бөгөөд энэ нь хууль тогтоомжийн зөрчил гэж тооцогдоно.

15.Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын даргын тушаалд хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэл болгосон нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх бөгөөд албан тушаалын нэрийг буруу бичсэн, зөв бичих дүрмийн болон стандартын алдаа гаргасан нь албан хэрэг хөтлөлтийн журам, стандартын шаардлагыг зөрчсөн үйлдэл болно.

16.Нөгөөтээгүүр, Комиссын даргын 2024 оны А/21 дүгээр тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй нь даргын хууль ёсны шийдвэрийг биелүүлээгүй, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй эрх зүйн зөрчил бөгөөд энэ нь Тамгын газрын даргад хариуцлага тооцох үндэслэл болно.

17.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэж заасан.

18.Нэхэмжлэгч Ц.А Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газарт Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Орон нутаг хариуцсан хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоо гарсан боловч хуульд заасан хугацаанд олон нийтэд мэдээлээгүй, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлээгүй нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27.2-т заасан зохицуулалтыг шууд зөрчсөн үйлдэл болно.

19.Комиссын даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан Комиссын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдалд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамж-ийн дагуу хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Комиссын мэдээллийн аюулгүй байдалд Хяналт шинжилгээ, үнэлгээгээр Тамгын газар нь байгууллагын нууцын талаар хууль, журамд заасан холбогдох арга хэмжээг авч ажиллагаагүй, мэдээллийн технологийн аюулгүй байдлын хяналт хангалтгүй, эрсдэлтэй түвшинд байгаа нь тогтоогджээ.

20.Тухайлбал, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдалд шууд аюул учруулж, болзошгүй, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны үндсэн шаардлагын 79 хувь нь тодорхой бодлого, журам, хяналтгүй, стандартын хавсралтад заасан 93 хяналтаас 12 хувь нь огт баримт бичиг үүсгэж байгаагүй, 45 хувь нь ямар нэгэн бодлого, журам, зохицуулалт байхгүй, нууц мэдээлэлтэй танилцах албан хаагчийн нууцын баталгааны журамгүй, байгууллагын дотоод болон гэрээт, түр ажилтнуудтай нууц задруулахгүй байх гэрээ байгуулаагүй зэрэг зөрчлүүд тогтоогджээ.

21.Комиссын Тамгын газрын дарга нь Комиссын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой Тамгын газрыг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй.

22.Энэ хүрээнд тэрээр байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдалд нэгжийн дарга, ажилтнуудыг чиглүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, дотоод зохион байгуулалтын уялдаа холбоог хангах үүргийг Комиссын удирдлагын өмнө хүлээдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь хуульд заасан байгууллагын дотоод удирдлагын хариуцлага, чиг үүргийн биелэлтийг хангах эрх зүйн үүрэг юм.

23.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус зааснаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахын өмнө тухайн шийдвэрээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд өөрийн байр суурь, тайлбар, санал гаргах боломжийг олгох үүрэгтэй.

24.Хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө нэхэмжлэгчид 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сонсон ажиллагааг явуулж, бичгээр танилцуулснаар нэхэмжлэгч хариу тайлбараа 2025 оны 11 дүгээр сарын 14, Шилэн дансны зөрчлийн талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлж, тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан байна.

25.Үүнээс үзвэл хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчид хуулиар олгогдсон сонсох эрх-ийг хангаж, эрх ашигт нөлөөлж болзошгүй шийдвэрийн талаар урьдчилан мэдэгдэж, байр сууриа илэрхийлэх боломж олгосон бөгөөд энэ нь дээрх хуулийн заалтуудад нийцжээ.

26.Тодруулбал, Нэхэмжлэгчид эрх ашигт нь нөлөөлж болзошгүй шийдвэрийн талаар урьдчилан мэдэгдэх, байр сууриа илэрхийлэх боломж олгосон нь сахилгын шийтгэл ногдуулах үйл явцад зайлшгүй хангах ёстой процессын баталгаа юм. Энэ нь хуулийн дагуу нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах үндсэн зарчимд нийцэж байна.

27.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан албан хаагчийн үүрэг, 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах нөхцөлтэй уялдуулан үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүйгээс гадна хуульд нийцүүлэн сонсох эрхийг хангаж, хууль ёсны ажиллагаа явуулсан байна.

28.Нэхэмжлэгч Тамгын газрын дарга дээр дурдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй.

29.Тодруулбал, Комиссын Тамгын газрын даргын эдгээр үйл ажиллагааны алдаа нь захиргааны актын хууль ёсны байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

30.Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараах мэдээллийг тогтмол мэдээлнэ:, 6.1.5-д төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор;, 6.4-д Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ:, 6.4.5-д цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр; гэж заасан.

31.Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас харвал Шилэн дансны тухай хуулиар байгууллагын мэдээллийг байршуулах үүргийг тухайн байгууллагын удирдлага буюу эрх бүхий албан тушаалтан хүлээдэг. Энэ нь төсвийн болон төрийн өмчийн хөрөнгийн зарцуулалт, худалдан авалт, гэрээний мэдээллийг олон нийтэд ил тод болгох хуулийн шаардлага болно.

32.Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 4.1.38-д зааснаар төсвийн шууд захирагч буюу Комиссын Тамгын газрын дарга холбогдох мэдээллийг шилэн дансны системд байршуулах хуулийн үүрэгтэй.

33.Байгууллагын удирдлага байгууллагын төсвийн орлого, зарлага, гэрээний мэдээлэл, хөрөнгө оруулалт, санхүүжилт, тайлангийн мэдээллийг байршуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль зүйн хариуцлага (санхүүгийн хяналт шалгалт, сахилгын шийтгэл, зарим тохиолдолд захиргааны хариуцлага) хүлээх учиртай.

34.Үндэсний аудитын газар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан-д Комисс нь өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, шилэн дансны мэдээллийн цахим хуудсанд тайлант оны төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг мэдээлээгүй, 95 гүйлгээг хоцроож мэдээлсэн зөрчлийг тогтоосон, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1020/АО111241 СНАГ-2025/031-НА-СТА-ТЕЗ дугаар Зөрчил арилгах тухай албан шаардлагыг Комисст хүргүүлсэн байна.

35.Комиссын Тамгын газрын дарга Ц.А хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй.

36.Өөрөөр хэлбэл, хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь сахилгын хариуцлага ногдуулах хууль ёсны үндэслэл болж байгаа тул нэхэмжлэгч Ц.А******* сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

37.Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Аийн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад холбогдуулан гаргасан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Ц.А******* сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР