Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 224/МА2022/00003

 

Б.Б-А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, Ерөнхий шүүгч, Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 502 дугаар шийдвэртэй,

Б.Б-А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн “Ц Т С” ХХК-д холбогдох, тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Увс аймгийн “Ц Т С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ундрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б-А-ийн нэхэмжлэлийн шаардлага:

Увс аймгийн Ц т с ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: “Миний бие цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй. Би анх Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д цахилгаанчнаар ажилд орсон ба 2020 оны 1 дүгээр сард 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерээр томилогдсон. Би ажиллах хугацаандаа мэргэжлийн түвшинд ажил үүргээ сайн гүйцэтгэж ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй ба 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн албан тушаал нь ээлжээр ажилладаг ажлын байр юм. Өөрөөр хэлбэл, 24 цаг ажил үүрэг гүйцэтгээд 72 цаг амардаг. Би 2021 оны 5 дугаар сард гүйцэтгэх захирал Ц.Э-тай уулзаад Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт цахилгааны гэрээт инженерээр ажиллах боломж байгаа талаар хэлэхэд байгууллагын хүний нөөцийн ажилтантай уулзаад боломжтой бол ажиллахыг зөвлөсөн. Тэгээд би хүний нөөцийн ажилтан М.Ундралтай уулзаж, энэ тухай хэлэхэд одоо хашиж байгаа албан тушаалтай харшлах зүйл байхгүй, өөрийн үндсэн ажлаа алдагдуулахгүйгээр ажиллахыг зөвлөсний үндсэн дээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гэрээт инженерээр 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон.

Тэрнээс хойш би аль аль ажлаа цалгардуулахгүйгээр ажиллаж ирсэн. Гэтэл гүйцэтгэх захирал Ц.Э намайг дуудаж захирлын зөвлөлийн хуралд оролцуулаад давхар ажил хийж байгаа учраас ажлаас хална гэж загнаж байснаа тайлбар сонсохгүйгээр гар гээд гаргасан. Тэр өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би коронавируст халдвар авч гэрийн тусгаарлалтад орсны дараа 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр утсаар ярьж албан тушаал бууруулсан тушаал гарсан тухай мэдэгдсэн. Уг тушаал гарч намайг инженерийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаал биш юм. Тийм учраас намайг давхар ажил эрхэлсэн гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулж, миний эрх ашгийг хохироосонд гомдолтой байна. Мөн тушаал гаргахдаа ямар үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй байна ” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал : Б.Б-А-ийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ундрал анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б-А анх 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдөр манай компанид ажилд ороод ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдож 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаас гарсан байдаг. Дахин 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д монтёроор ажилд орсон. Би 2016 оны 11 дүгээр сард Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа Улаангомын хуваарилах байгууламжийн жижүүрийн бүтцэд өөрчлөлт оруулж, ээлжийн инженер, цахилгаанчин гэсэн орон тоог шинээр бий болгосон. 

Дээрх бүтцийн өөрчлөлтийг цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэмд 1000В-аас дээш цахилгаан байгууламжид 2-оос дээш ажилтан ажиллуулах ёстой гэсэн заалтыг үндэслэн хийсэн болно. Энэ үеэр монтёр Б.Б-А-ийн зүгээс ээлжийн инженер орон тоон дээр ажилламаар байна гэсэн хүсэлтийг янз бүрийн хүнээр дамжуулан тавьж байсан. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн инженерээр томилж байсан. Хуваарилах байгууламжийн ээлжийн инженерийн ажил бол маш хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшин шаардсан ажил юм.

Б.Б-А нь тухайн ажилд томилогдсоны дараа ажил хийдүүлдэг, дөнгөж ээлж өнгөрөөх төдий амиа аргацаасан байдалтай байгааг удаа дараа анхааруулж, залуу хүн дутагдлаа ойлгох биз хэмээн бодож байсан. Гэтэл Б.Б-А дээрх ажлын хажуугаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт давхар ажил хашиж байсныг тухайн газрын ажилтнуудаас мэдсэн. Б.Б-А нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт цахилгаан хангамжийн инженерээр давхар ажиллаж байсан. Энэ ажил нь манай байгууллагын инженерүүд ямар нэгэн объект хүлээн авахад комиссын гишүүнээр оролцдог ажил юм.  

Манай эрчим хүчний салбарын хувьд хариуцлагатай ийм албан тушаал өөр ажилтай зэрэг хийж явах боломжгүй гэж заасан байдаг. Мөн өөр ажил хийх болсон тухай гүйцэтгэх захирал болон надад хандаж танилцуулж байсан талаар нэхэмжлэлд худлаа бичсэн байна. Өөр нэг ноцтой зүйл гэвэл урьд нь бид мэддэггүй байсан. Б.Б-А заримдаа унадаг өвчтэй ба ажил дээрээ хэд хэдэн удаа муудаж унаж нүүр амаа гэмтээж байсан. Ялангуяа ийм өвчтэй хүн гэнэт муудаад хүчдэлтэй цахилгаан тоноглолд өртвөл амь насанд онц ноцтой явдал болно гэдгийг мэдэж маш их болгоомжтой хандаж байсан. Үүнээс гадна өөрийн ээлждээ шинэ залуу туршлагагүй хүмүүсийг гаргачхаад өөрөө худал ярьж явдаг, ажил хийдүүлдэг хүн юм. 2021оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн ээлжид өөр хүн дуудаж гаргаад өөрөө явсан байсан.

Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэмд удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлын байраа орхиж явахыг хатуу хориглосон байдаг. Дээрх үйл явдал нь энэ заалтыг ноцтой зөрчсөн явдал юм. Дээрх байдлаас дүгнээд үзэхэд эрхэлсэн ажилдаа эзний сэтгэлээр ханддаггүй, цаг нөхцөөх байдлаар ажилладаг, хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэдгээ ойлгодоггүй, хэнэггүй, биеийн эрүүл мэндийн хувьд хүчдэлтэй тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах боломжгүй, муудаж унадаг зэрэг шалтгаануудын улмаас хуучин ажиллаж байсан монтёрын ажилд нь эгүүлэн томилсон юм. Цаашид монтёрын ажил үүрэг гүйцэтгэхэд ч эрүүл мэндийн хувьд эргэлзээтэй хүн юм. Дээрх байдлуудыг үндэслэн үзэж Б.Б-А-ийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү”  гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 502 дугаар шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тугчин овогт Бямбадоржийн Бат-Амгаланг Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Б-А улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга :

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан холбогдох заалтыг баримталж ажилтныг ажлаас нь чөлөөлөх ёстой" гэжээ. Гэтэл бодит байдал дээр Бямбадорж овогтой Бат-Амгаланг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажлаас халаагүй бөгөөд харин 2021 оны 09 сарын 14-ны өдрийн Увс аймаг Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний захирлын Б/56 дугаар захирлын тушаалд  Б.Б-Аг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай гэж заасан .

Тиймээс шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан шиг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуулийн заалтыг баримтлах ёсгүй гэж үзэж байна.

5.2. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 4-т : “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн байна.

Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хэрхэн, яаж үнэлсэн талаар огт дүгнэлт хийлгүй,  Хөдөлмөрийн тухай хуулийн ажлаас халах болон хөдөлмөрийн гэрээ байгуулах хуулийн заалтуудыг тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ гэсэн нь учир дутагдалтай болжээ.

5.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхдээ  ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавих шаардлагыг  хангасан байх гээд ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.

5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-т “... Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Б.Б-А нэхэмжлэлдээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гэрээт инженерээр 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон. Тэрнээс хойш би аль аль ажлаа цалгардуулахгүйгээр ажиллаж ирсэн гэсэн байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 502 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ундрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь тусгай чиг үүрэгтэй байгууллага учир байнгын 24 цагийн шуурхай үйл ажиллагаа явуулдаг.

Б.Б-А нь “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 6 кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажил эрхэлдэг учир багаа ахалж ажилладаг ба цахилгаанчин нь туслах үүрэг гүйцэтгэж ажилладаг. Манайх жил бүр ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамруулдаг ба Б.Б-А нь зүрхний хэм алдагдалтай, өөрчлөлтэй гэсэн оноштой гардаг. Мөн Б.Б-А нь ажиллаж байх явцдаа татаж унасан асуудал гарсан учир тухайн өдрийн ээлжийн ажилчид Б.Б-Ад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, эмч дуудан үзүүлсэн байсан. Тиймээс Б.Б-Аг хуваарилах хаалттай байгууламжид ажил хийхэд тэнцэхгүй гэж үзэж хуваарилах байгууламжаас гаргаж,  монтёрийн ажилд томилсон. Монтёрын ажил нь ерөнхий инженер, ашиглалтын инженер, ашиглалтын мастер зэрэг олон хүний хараа хяналт удирдлага дор ажилладаг учир Б.Б-А-ийн биеийн эрүүл мэндийн байдал муудсан тохиолдолд эрт олж илрүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор өөр ажил, албан тушаалд томилсон.

Б.Б-А нь Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ажиллахдаа манай байгууллагад мэдэгдээгүй. Манай байгууллагын хувьд ажилтан, албан хаагч нь өөр байгууллагад давхар ажиллах боломжгүй гэж үзэж Б.Б-Аг захирлын зөвлөлийн хурлаар оруулж инженерийн ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У-ын давж заалдах журмаар  гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны  өдрийн 502 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б-А Увс аймгийн “Ц Т С” ХХК-ийн 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажлаас чөлөөлж, монтёрын ажилд томилсон нь үндэслэлгүй гэж үзэж, инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б-Аг Увс аймгийн “Ц Т С” ХХК-ийн 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.  

Увс аймгийн “Ц Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан Б.Б-Аг  тус компанийн 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажлаас чөлөөлж, монтёрын ажилд томилжээ.

Нэхэмжлэгч Б.Б-А-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол бөгөөд иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

Нэхэмжлэгч Б.Б-А инженерийн ажлаас чөлөөлж, монтёрын ажилд томилсон “ Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг эс зөвшөөрч, тушаалыг хүчингүй болгуулж, инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо иргэний хэргийн шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т  заасан “ ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх зохицуулалтад нийцсэн буюу хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо  гаргасан гэж үзнэ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг инженерийн ажлаас чөлөөлж, монтёрын ажилд томилсон тушаалдаа түүнийг ийнхүү өөр ажилд  шилжүүлэн томилох болсон хууль зүйн үндэслэлээ  заагаагүй нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтад нийцээгүй байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “ Б.Б-А нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт давхар ажил хашиж байсан байна. Мөн эрхэлсэн ажилдаа эзний сэтгэлээр ханддаггүй, цаг нөхцөөх байдлаар ажилладаг, хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэдгээ ойлгодоггүй, өөрийн ээлждээ өөр ажилтныг дур мэдэн гаргаж, ажлын байраа орхиж явсан байсан,  биеийн эрүүл мэндийн хувьд хүчдэлтэй тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах боломжгүй, муудаж унадаг зэрэг шалтгаануудын улмаас хуучин ажиллаж байсан монтёрын ажилд нь эгүүлэн томилсон” гэж тайлбарлан маргасан байх боловч нэхэмжлэгчийг инженерийн ажлаас чөлөөлж, монтёрын ажилд томилсон Увс аймгийн “Ц Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалд дээрх үндэслэлүүдийг заагаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан тохирох зүйл хэсгийг баримтлаагүй байна.  

Хариуцагч нь өөрийн санаачилгаар нэхэмжлэгч Б.Б-Аг инженерийн ажлаас чөлөөлж, монтёрын ажилд томилсон  тушаалдаа түүнийг өөр ажилд шилжүүлэн томилох хуульд заасан ямар үндэслэл бий болсон, эсхүл хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ямар зөрчил гаргасан гэж үзсэн үндэслэл, шалтгаанаа заагаагүй, мөн тохирох хуулийн зүйл, заалт баримтлаагүй байх тул уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгчийг эрүүл мэндийн хувьд эрхэлж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байгаа талаарх эрх бүхий байгууллага / эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр/-ын шийдвэр хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У-ын давж заалдах журмаар гаргасан : 1. Б.Б-Аг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажлаас халаагүй бөгөөд харин Увс аймаг Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 сарын 14-ны өдрийн Б/56 дугаар тушаалд  Б.Б-Аг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай гэж заасан. Тиймээс шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан шиг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуулийн заалтыг баримтлах ёсгүй гэж үзэж байна.

2. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн байна.

Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хэрхэн, яаж үнэлсэн талаар огт дүгнэлт хийлгүй,  Хөдөлмөрийн тухай хуулийн ажлаас халах болон хөдөлмөрийн гэрээ байгуулах хуулийн заалтуудыг тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ гэсэн нь учир дутагдалтай болжээ.

3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхдээ  ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавих шаардлагыг хангасан байх гээд ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой гэж хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-т “... Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Б.Б-А нэхэмжлэлдээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гэрээт инженерээр 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон. Тэрнээс хойш би аль аль ажлаа цалгардуулахгүйгээр ажиллаж ирсэн гэсэн байна” гэх гомдлыг дараах үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнд:

1. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлүүдийг тодорхойлж заасан.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтанг ажлаас чөлөөлөх, эсхүл өөр ажилд шилжүүлэн томилох нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох  үндэслэл болох тул ажил олгогч ийнхүү хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-т заасан үндэслэлүүдийн аль тохирох зохицуулалтыг заавал баримтлах учиртай. Өөрөөр хэлбэл, ажилтан санаачлаагүй буюу түүний хүсэлт, зөвшөөрөлгүйгээр ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтанг эрхэлж байсан ажлаас нь чөлөөлөх, эсхүл өөр ажилд шилжүүлэн томилох нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох адил үр дагавар үүсгэж байдаг тул өөр ажилд шилжүүлэн томилж байгаа тохиолдолд ч ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон хууль зүйн үндэслэлээ заавал тодорхойлно. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх  хууль зүйн үндэслэлгүй болно.  

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна. Шүүхээс хэрэгт авагдсан Увс аймгийн “Ц Т С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж,  нэхэмжлэгчийг инженерийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцээгүй талаар дүгнэсэн нь  үндэслэл бүхий болсон байна.

Харин ажил олгогч тушаалдаа нэхэмжлэгч Б.Б-Аг тус компанийн 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажлаас чөлөөлж, монтёрын ажилд томилсон буюу өөр ажилд буруу шилжүүлсэн байхад шүүх шийдвэртээ ажлаас халсан гэж  бичсэн нь буруу байх боловч ажлаас буруу халсан,  өөр ажилд буруу шилжүүлснээс үүсэх үр дагавар нь адил бөгөөд хууль бусаар хөдөлмөрийн гэрээ цуцалснаас ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдөж буй явдал юм.   

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 6кв-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон байх бөгөөд анхан шатны шүүх шийдвэртээ Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй талаар дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй болно. Учир нь ажил олгогчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй буюу хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.

4. Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б-Аг инженерийн ажлаас чөлөөлж, монтёрын ажилд томилсон тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг инженерийн ажлаас чөлөөлж, шинээр монтёрын ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг хүний нөөцийн албаны даргад үүрэг болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т : Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан нь ажилтан хэд хэдэн ажил, үүргийг хавсран болон хослон гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээ зэрэгцэн байгуулж болохгүй гэсэн ойлголт биш юм.

Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зохицуулсан ба ажил олгогч Увс аймгийн “Ц Т С” ХХК нь нэхэмжлэгчийг өөрийн болон бусад байгууллагад ажил хавсран болон хослон гүйцэтгэхийг хязгаарласан талаарх баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан : “Б.Б-А нь эрүүл мэндийн үзлэгээр зүрхний хэм алдагдалтай, өөрчлөлтэй гэсэн оноштой гардаг. Мөн ажиллаж байх явцдаа татаж унасан асуудал гарсан, тиймээс Б.Б-Аг хуваарилах хаалттай байгууламжид ажил хийхэд тэнцэхгүй гэж үзэж хуваарилах байгууламжаас гаргаж, монтёрийн ажилд томилсон” гэх тайлбар  үндэслэлгүй, хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн “ Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  Увс аймгийн “Ц Т С” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН