| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0064/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А,
Улсын яллагч Г.М,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Б-т холбогдох эрүүгийн 1820000960066 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 2-р багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж, өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгож байсан гэх Б овогт Н.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн төрсөн ах С.Б-н гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн ах С.Б-н гэрт очиж эхнэрээс нь гадаад паспортыг нь юм хараадхая гэж хэлээд авсан. Тэр үед ах маань гэртээ байгаагүй. Гадаад паспорт авсан шалтгаан гэвэл БНХАУ-руу нэвтрэх санаатай байсан. Тэндээс машины тоноглол, хөгжим гэх зүйлсийг авч, Дарханд аваачиж зараад өрөө дарах зорилготой байсан юм. Ахынхаа гадаад паспортыг аваад 22-ны орой эхнэр А-н хамт Улаанбаатар хот руу машинтайгаа гарсан. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж яаралтайгаар 1 хоногийн дотор гадаад паспорт гаргуулан авах санаатай байсан боловч яаралтайгаар 3 хоногт гардаг гэж хэлэхээр нь ахынхаа паспортаар урагшаа явахаар шийдсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Улаанбаатараас эхнэртэйгээ хамт Замын-Үүд рүү явсан. Замын-Үүдэд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө ирээд цагаан хуудсаар гарч болж байгаа эсэхийг хүмүүсээс асуухад чи Замын-Үүдийн хүн биш учраас болохгүй гэж хэлэхээр нь ахын гадаад паспортад найдаад хил рүү явсан. Тухайн үед эхнэр маань намайг гадаад паспортгүй гээд үлд гэж байсан. Би ч үл тоогоод хамт явсаар байсан. Тэгээд хил дээр очоод шалган дээр зогсож байхдаа эхнэртээ надад гадаад паспорт байгаа энэ паспортаар гарчихна гэж хэлээд түрүүлээд баримт бичгийн шалгагч дээр очсон чинь паспорт авч хараад зураг дээр чинь мэнгэ байна, харин одоо чамд мэнгэ байхгүй байна, чи мөн үү гэж асуухаар нь би мөн гэж хариулсан чинь ахын регистрийн дугаарыг асуухад нь зөв хэлсэн. Дахиж надаас чи ахтай юу гэж асуухаар нь би ахынхаа паспортыг авч явж байсан болохоор надад ах байхгүй гэж хэлсэн. Гэтэл хэдэн онд сургууль төгссөн болон гэр бүлийн байдлын талаар асуусан би мэдэхгүй болохоор дуугараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-76/,
- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Б-н эхнэр нь юм. Бид хоёр 2007 онд танилцаж байсан. Бид хоёр 2 хүүтэй, том нь 12 настай, бага нь ой 10 сартай. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Би 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нөхрийн хамт өөрсдийн улсын дугаартай “приүс 30” маркийн авто машинаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотоос нөхөр маань гадаад паспорт авах зорилготой байсан. Тэгээд гадаад паспортаа авчихвал Замын-Үүд рүү яваад урагшаа Хятад руу гарах санаатай байсан юм. Тэгсэн чинь Улаанбаатар хотоос нөхөр маань 1 хоногийн дотор гадаад паспорт авч чадаагүй болохоор нь Замын-Үүдээс авчихна гэж надад хэлсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн орой Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү явсан. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө Замын-Үүдэд орж ирээд нөхөр маань хүмүүсээс цагаан хуудас хаанаас авдаг талаар асуусан чинь Замын-Үүдийн хүн биш бол авч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаа 3-ын хаалтын наана байрлуулсан. Тухайн үед намайг зам дөхүүлж өгч хань болж бай гэж бодсон чинь машинд хамт суусан. Тэгээд Монголын хилээр орж ирээд боомтын заалаар орохдоо би нөхрөөсөө яах гэж байгаа юм бэ? чи паспортгүй биз дээ гэж хэлсэн чинь юм хэлэлгүй урд гараад явсан. Тэгээд шууд хилийн цэргийн шалгагч руу явж байхдаа надад гадаад паспорт харуулаад паспортаа өгчихсөн. Би ч гайхаад юун паспорт вэ гэж хэлж ч чадахгүй ард нь үлдсэн юм. Тэгээд нөхөр маань удаан шалгуулсан чинь намайг дараагийн шалгагч дээр оч гээд явуулсан. Тэгээд шалгуулаад гараад ирсэн чинь нөхрийг маань дээшээ аваад явсан. Тэгээд араас нь ороод юу болсон талаар мэдсэн. Нөхөр маань надад С.Б-н гадаад паспорттай яваа талаараа юу ч хэлээгүй. Би ч анхнаасаа мэдээгүй. Эхэндээ намайг дөхүүлж өгч байна л гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,
- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн гарах чиглэлд зорчигчийн баримт бичгийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 12 цагийн үед С.Б гэх нэртэй гадаад паспорттай эрэгтэй хүн над дээр ирж паспортаа шалгуулсан юм. Тэгээд түүний паспортыг авч паспорт уншигчид хийгээд дараа нь иргэний бүртгэлээс иргэний үнэмлэхийн лавлагаа болон гадаад паспорт авахдаа өгсөн зураг гарч ирсэн. Тэгээд тулгалт хийж харахад С.Б гэх эрэгтэй хүний зүүн нүдний доор болон хүзүүн дээр праллел мэнгэтэй зураг гарч ирсэн. Тэгээд паспортыг авч яваа хүнд ямар нэгэн мэнгэ байгаагүй учир түүнээс нарийвчилж асуулт асуусан. Ахтай юу гэж асуухад байхгүй гэж хариулсан. Тэгэхээр нь хэдэн онд 10 дугаар ангиа төгссөн бэ гэж асуухад 2003 онд 8 дугаар ангиа төгссөн гэж хариулсан. Тэгээд та биш байна гэж хэлэхэд үгүй би мөн гэж хариулахаар нь дахин нарийвчилж шалгуулахаар ахмад С-т шилжүүлж, цааш ажлаа үргэлжлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,
-Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гадаад паспортыг Н.Б-т ашиглуулаагүй. Миний гадаад паспорт манай гэрт байхад Н.Б манай гэрт ирээд манай эхнэрт ахын гадаад паспорт хаана байна би юм харах хэрэгтэй байна гэж хэлээд миний гадаад паспортыг манай гэрээс аваад явсан байсан. Би тухайн үед гэртээ байгаагүй гадуур явж байсан. Миний гадаад паспортыг гэрээс аваад явсан талаар манай эхнэр надад хэлээгүй байсан. Дараа нь Тагнуулын ерөнхий газраас над руу ярих үед нь би эхнэрээсээ миний гадаад паспорт хаана байна гэж асуусан чинь Н.Б ирээд юм харах хэрэгтэй байна гээд аваад явсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,
-Гэрч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Б өөрөө манай гэрт ирээд ахын гадаад паспорт дээрээс юм харах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өгсөн. Тэгсэн чинь аваад гараад явсан. Би тухайн үед ерөөсөө муу юм бодоогүй өгөөд л явуулсан. Би тухайн үед гадаад паспортыг нь Н.Б аваад явсан талаар нөхөртөө хэлэхээ мартсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/,
-Хилийн зөрчлийг шалгасан тухай акт /хх-ийн 7/,
-Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 35-36/,
-Б овогт С.Б-н дугаартай гадаад паспортыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 38/,
-Шүүгдэгч Н.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3542 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн дугаартай гадаад паспорт нь ямар нэг засвар өөрчлөлт хийгдээгүй жинхэнэ паспорт байна гэсэн дүгнэлт /хх-ийн 54/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3543 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
2. Шинжилгээнд ирүүлсэн дугаартай Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг, харьцуулах загварт ирүүлсэн регистрийн дугаартай Н.Б-н гэх 3 хувь гэрэл зураг, регистрийн дугаартай С.Б-н гэх 3 хувь гэрэл зураг шинжилгээнд тэнцэнэ.
3. дугаарын Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн регистрийн дугаартай С.Б-н гэрэл зурагтай тохирно. Харин регистрийн дугаартай Н.Б-н гэрэл зурагтай тохирохгүй байна.
4. Тохирч байгаа шинж тэмдгүүдийг үзлэг шинжилгээ болон гэрэл зургийн үзүүлэлтээс харна уу гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58/,
-Шүүгдэгч Н.Б нь урд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримт зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор С.Б-н гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг нэвтэрсэн үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр С.Б-н дугаартай гадаад паспортыг ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрх гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Н.Б нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн болох нь шүүгдэгч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.А-н “...Монголын хилээр орж ирээд боомтын заалаар орохдоо би нөхрөөсөө яах гэж байгаа юм бэ? чи паспортгүй биз дээ гэж хэлсэн чинь юм хэлэлгүй урд гараад явсан. Тэгээд шууд хилийн цэргийн шалгагч руу явж байхдаа надад гадаад паспорт харуулаад паспортаа өгчихсөн. Би ч гайхаад юун паспорт вэ гэж хэлж ч чадахгүй ард нь үлдсэн юм... Тэгээд шалгуулаад гараад ирсэн чинь нөхрийг маань дээшээ аваад явсан. Тэгээд араас нь ороод юу болсон талаар мэдсэн...” гэсэн, гэрч Б.А “...С.Б гэх нэртэй гадаад паспорттай эрэгтэй хүн над дээр ирж паспортаа шалгуулсан юм... Тэгээд тулгалт хийж харахад С.Б гэх эрэгтэй хүний зүүн нүдний доор болон хүзүүн дээр праллел мэнгэтэй зураг гарч ирсэн...” гэсэн, гэрч С.Б “...Миний гадаад паспорт манай гэрт байхад Н.Б манай гэрт ирээд манай эхнэрт ахын гадаад паспорт хаана байна би юм харах хэрэгтэй байна гэж хэлээд миний гадаад паспортыг манай гэрээс аваад явсан байсан...” гэсэн, гэрч Г.Ш “...Н.Б өөрөө манай гэрт ирээд ахын гадаад паспорт дээрээс юм харах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өгсөн. Тэгсэн чинь аваад гараад явсан...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Б-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай 1 ширхэг энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н.Б-г нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь дээрх торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай 1 ширхэг энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н