Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 155/2016/00703/И |
Дугаар | 001/ХТ2017/0047 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/0047
Р.Чулуунбатын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1142 дугаар шийдвэр,
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Р.Чулуунбат
Хариуцагч: Ж.Буяннэмэхэд холбогдох
Үндсэн нэхэмжлэл : 23.050.000 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэл: 2013.12.17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай
Зохигчдын гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Чулуунбат, хариуцагч Ж.Буяннэмэх, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Их-Уул сумын иргэн Элбэг дэлгүүрийн эзэн Ж.Буяннэмэхтэй гэрээ байгуулан 15 сая төгрөг 2013.12.17-ны өдрөөс 2014.12.17-ны өдөр хүртэл 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Дараа нь 2014.01.12-ны өдрөөс 2015.01.12-ны өдөр хүртэл 5 сая төгрөг өдрийн 6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Энэ мөнгөө одоо болтол өгөхгүй байгаа бөгөөд одоо хүүгийн хамт 55.270.000 төгрөг болсон. Мөн Мөрөн сум 2 удаа явсан зардал 80.000 төгрөг нийт 55.350.000 төгрөгийг тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийн хамт бүгд 55.380.000 төгрөгийг Ж.Буяннэмэхээс гаргуулахыг /хх1/ хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авсны дагуу шаардлага өөрчилж 2013.12.17-ны өдөр зээлдүүлсэн 15 сая төгрөг, 5 хувийн хүү 750.000 төгрөг, 2014.01.12-ны өдөр зээлдүүлсэн 5 сая төгрөг, 6 хувийн хүү 300.000 төгрөг, 2014.4.02-ны өдөр Ж.Буяннэмэхийн данс руу шилжүүлсэн 2 сая төгрөг нийт 23.050.000 төгрөгийг хариуцагчаас шаардаж /хх 120/ байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Чулуунбатаас 15 сая төгрөг зээлж байгаагүй. 5 сая төгрөг зээлж хүү болон үндсэн мөнгийг хугацаанд нь өгч байсан. 15 сая төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан шалтгаан нь Р.Чулуунбаттай гэр бүлийн харилцаатай байсан учир итгэсэн. Миний аваагүй 15 сая төгрөгийг гэрээтэй гэж нэхэмжлэх байсан бол би гарын үсэг зурахгүй /хх14/ байсан. 2 сая төгрөг нь бол 5 сая төгрөгийн зээлд багтаж байгаа мөнгө /хх 120-121/. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013.12.17-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 15 сая төгрөг зээлж аваагүй. Гэтэл Р.Чулуунбат нь өөрийн санаачилгаар хуурамч гэрээ үйлдэн нотариатын үүрэг гүйцэтгэгч Пүрэв гэдэг хүнийг хуурч 2014.01.10-ны өдөр гэрээг гэрчлүүлсэн нь сүүлд тодорхой боллоо. Иймд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ. /хх106-107/
Нэхэмжлэгч Р.Чулуунбат сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 15 сая төгрөгийн зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь Ж.Буяннэмэхийн гарын үсэг мөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10дугаар сарын 05-ны өдрийн 1142 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т заасныг баримтлан Ж.Буяннэмэхээс 6.610.000 төгрөг гаргуулж Р.Чулуунбатад олгож, нэхэмжлэлээс 16.440.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан 2013.12.17-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Р.Чулуунбатаас төлсөн 434.850 төгрөг, Ж.Буяннэмэхээс төлсөн 232.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120.710 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, Р.Чулуунбатаас 232.950 төгрөг гаргуулж Ж.Буяннэмэхэд олгохоор шийдвэрлэсэн байна.
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 26 дугаартай магадлал гаргаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хурал болоход хууль зүйн туслалцаа авахаар сонгож авсан өмгөөлөгч Б.Амаржаргалын бие муудаж шүүх хурлыг хойшлуулахыг хүсэлт гаргасан. Шүүх шүүх хуралдааныг үргэлжлүүлж, “...өмгөөлөгчгүй оролцоно гэж зөвшөөр, хүсэлтээ бичиж өг...” гэж хүч түрэн шахан шаардаж, шүүгч хүний ёс зүйгүй байдлаар хандсан. Энэ нь шүүх хуралдааны бичлэг дээр байгаа. Өмгөөлөгч шүүх хуралдаан дээр Ж.Буяннэмэхийн эсрэг шинээр нотлох баримт гаргаж өгөхөөр бэлдэж байсан ч гаргаж өгч чадаагүй. Өмгөөлөгчтэй оролцоогүй тул мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй. Хариуцагч Цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө надаас 20 сая төгрөг зээлсэн талаараа хэлж байсан. Гэтэл Ж.Буяннэмэхийн худал тайлбарыг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хөдөө орон нутагт банк 5 өдөр ажилладаг учир бид мөнгө бэлнээр өгч авдаг. Хариуцагч 15 сая төгрөг зээлээгүй бол гэрээнд гарын үсэг зурахгүй л байсан. Шүүх надаар өмгөөлөгчгүй хуралд орно гэж бич гэж бичүүлж авсан нь ИХШХШТХ-ийг зөрчсөн. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би нэхэмжлэгчтэй 2001 оноос гэр бүлийн харилцаатай байж, Р.Чулуунбат надад тодорхой хэмжээгээр тусалдаг байсан. Үүнийг үгүйсгэхгүй. Гэтэл гэнэт 15 сая төгрөг, 5 сая төгрөг зээлдүүлсэн, ингэхдээ
гэрээний үндсэн дээр өгсөн, хүү, алдангийг тооцно гэж байна. 15 сая төгрөгийг би зээлж аваагүй. Би 5 сая төгрөгийг бөөнд биш, харин цувуулж зээлж авсан. Хавар болж байхад мөнгө авсан, гэтэл гэрээ нь 1 сарын гэрээ байна. Би хэзээ гарын үсэг зурснаа санахгүй байна. 4 сард өгсөн 2 сая төгрөг бол тэр 5 сая төгрөгийн тооцоонд орох ёстой байтал, шүүх зөвхөн гэрээний хугацааг хараад, тэр үед бол хамаарахгүй гэж үзсэн нь алдаатай боллоо. 5 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө өгсөн гэх баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Р.Чулуунбат нь Ж.Буяннэмэхэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2013.12.17-ны өдөр зээлдүүлсэн 15 сая төгрөг 5% хүү 750.000 төгрөг, 2014.01.12-ны өдөр зээлдүүлсэн 5 сая төгрөг 6% хүү 300.000 төгрөг, 2014.4.02-ны өдөр шилжүүлсэн 2 сая төгрөг нийт 23.050.000 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна. /хх 1, 120/
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа 2013.12.17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх 106-107/
Анхан шатны шүүх 2014.01.12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч үндсэн зээл 5 сая төгрөг, хүү 300.000 төгрөг нийт 5.300.000 төгрөг төлөхөөс 690.000 төгрөг төлсөн гэж дүгнэн, үлдэх 4.610.000 төгрөгийг 2014.4.02-ны өдөр шилжүүлсэн 2 сая төгрөгийн хамт бүгд 6.610.000 төгрөгийг Ж.Буяннэмэхээс гаргуулж нэхэмжлэгчид олгосноос гадна сөрөг нэхэмжлэлийг хангаж 2013.12.17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
1. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Р.Чулуунбат тус шүүхэд гомдол гаргахдаа “...шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулаагүй... өмгөөлөгч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт гаргаж өгөх байсан... хариуцагч 15 сая төгрөг зээлж авсан...” гэсэн агуулгатай үндэслэл заасан хэдий ч энэ нь шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох, улмаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нөхцөл болохгүй байна.
а/. Анхан шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар шүүх зохигчдод /хх 113/ мэдэгдсэн байх бөгөөд шүүх хуралдаанд зохигчид биечлэн оролцжээ. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ /хх 117, 119/ татгалзсан тул шүүх шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
б/. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргана. Иймд “шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт гаргах байсан” гэх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.
Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг зохигч гаргах эрхтэй боловч энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр хүсэлт гаргаагүй буюу өөрийн өмгөөлөгчид байгаа гэх баримтын талаар дурдаагүй тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6, 38.9-г зөрчөөгүй гэж үзнэ.
Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийн талаар танилцуулсан /хх 12, 120/ байх тул Р.Чулуунбатын эрхийг шүүх хязгаарласан гэх үндэслэлгүй байна.
в/. Шүүх Р.Чулуунбатын нэхэмжлэлээс 2013.12.17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 15.000.000 төгрөг, хүүд 750.000 төгрөг нийт 15.750.000 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгожээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Нэхэмжлэгч нь Ж.Буяннэмэхэд 2013.12.17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөг өгсөн гэх боловч энэ тухай буюу мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул зохигчдын хооронд 2013.12.17-ны өдөр 15.000.000 төгрөг зээлэх, зээлүүлэх тухай гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн зарим гомдлыг хангах боломжтой байна.
Ж.Буяннэмэх хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...би 5.000.000 төгрөг цувуулж хавар зээлж авсан байхад шүүх 1 сарын гэрээг үндэслэл болгов... 4 сард өгсөн 2 сая төгрөг бол зээлж авсан 5 сая төгрөгийн нэг хэсэг...” гэжээ.
а/. 2014.01.12-ны өдрийн 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Шүүх 2014.01.12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч үндсэн зээл 5 сая төгрөг, хүү 300.000 төгрөг нийт 5.300.000 төгрөг төлөхөөс 690.000 төгрөг төлсөн гэж дүгнэн, үлдэх 4.610.000 төгрөгийг Ж.Буяннэмэхээс гаргуулсан нь Иргэний хуулийн 281-р зүйлд нийцжээ.
2014.01.12-ны өдрийн гэрээний дагуу Р.Чулуунбат нь 5 сая төгрөгийг Ж.Буяннэмэхэд хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй хэдий ч нэхэмжлэгчээс цувуулж зээлж авсан мөнгийг нэгтгэн хожим гэрээ хийж баталгаажуулсан үйл баримтыг хариуцагч зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд мөнгө зээлэх, зээлүүлэх гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагчийн гомдлоор нэхэмжлэлийг энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.
б/. Харин 2014.4.02-ны өдөр шилжүүлсэн гэх 2 сая төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй байна.
Р.Чулуунбат нь шүүх хуралдаан дээр шаардлагаа өөрчлөхдөө /хх 120/ 2014.4.02-ны өдөр шилжүүлсэн гэх 2 сая төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг шүүх хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй боловч хариуцагч энэ талаар шүүх хуралдаан дээр хүсэлт гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч 2014.4.02-ны өдөр шилжүүлсэн гэх 2 сая төгрөгийг хариуцагчаас шаардахдаа үндэслэлээ заагаагүй байхад шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцээгүй байна. Хариуцагчид нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн үйл баримт уг мөнгийг Ж.Буяннэмэх зээлсэн, Р.Чулуунбат зээлүүлсэн гэж үзэх үндэслэл биш юм.
Р.Чулуунбат нь 2014.4.02-ны өдөр хариуцагчид 2 сая төгрөг шилжүүлэх болсон үндэслэлээ тайлбарлаагүйгээс гадна “...2 сая төгрөг нь зээлж авч байсан мөнгөний нэг хэсэг байна...” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
3. Сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хяналтын шатны шүүх хуралдаанаас хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хэлбэрээр сөрөг нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж, 2013.12.17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж гэж тооцохдоо “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл...” гэсэн үндэслэл заасан нь буруу байна.
а/ Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж “тооцох” –доо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэл болгосон нь буруу болжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хэлцэл “хуульд зааснаар” хүчин төгөлдөр бус байх нөхцлийг заасан бөгөөд энэ тохиолдолд хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.
Харин хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж “тооцох” талаар Иргэний хуулийн 57-61 дүгээр зүйлд заасан бөгөөд шүүхээс хүчин төгөлдөр бус гэж “тооцсон” тохиолдолд хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.
б/. Мөнгийг хүүтэй зээлүүлэх тохиолдолд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байхыг шаардах хэдий ч нотариатаар гэрчлүүлсэн байхыг Иргэний хуульд заагаагүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 281, 282 дугаар зүйлийн 282.3-т нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулдаг.
в/. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Р.Чулуунбат нь 2013.12.17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул зохигчдын хооронд 2013.12.17-ны өдөр 15.000.000 төгрөг зээлэх, зээлүүлэх тухай гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Зохигчдын хооронд 2013.12.17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй байхад гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх боломжгүй. Иймд Ж.Буяннэмэхийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Ж.Буяннэмэх нь 2014.01.12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 сая төгрөг, хүү 300.000 төгрөг нийт 5.300.000 төгрөг төлөхөөс 690.000 төгрөг төлсөн гэж дүгнэн, хариуцагчаас 4.610.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр болон магадлалд оруулж, Р.Чулуунбатын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т заасныг баримтлан Ж.Буяннэмэхээс 4.610.000 төгрөг гаргуулж Р.Чулуунбатад олгож, нэхэмжлэлээс 18.440.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2013.12.17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай Ж.Буяннэмэхийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 3 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 434.850 төгрөг, хариуцагчаас төлсөн 232.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Буяннэмэхээс 88.710 төгрөг гаргуулж Р.Чулуунбатад олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 120.710 төгрөгийг Ж.Буяннэмэхэд захирамжаар буцаан олгож, Р.Чулуунбатаас 2016.12.08-ны өдөр төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ