Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0111

 

2018 оны 02 сарын 13 өдөр     Дугаар 221/МА2018/0111             Улаанбаатар хот


Т.Ц-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0922 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Ц-ийн нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0922 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцааг томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэгч Т.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг үнэн бодитоор тал бүрээс нь судалж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй тул шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь Авлигатай тэмцэх газрын Тамгын газар болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Ажиллаж буй байгууллага суралцагчийн хооронд байгуулах” 16 тоот гэрээний 2.2 дахь хэсэгт заасан “Суралцагчийг заасан хугацаанд сургуулиа амжилттай дүүргэн эх орондоо ирэхэд нь тус гэрээний дагуу ажилд авч буй 2 буюу түүнээс дээш жил ажиллуулах” үүргээ биелүүлэхгүй байгаа ажил олгогчийн хууль бус эс үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэстэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан сул орон тоог нөхөх зохицуулалт нь сул орон тоо гарсан тохиолдолд сонгож хэрэглэх зохицуулалт болохоос гэрээгээр хүлээсэн үүргээ хойш тавин заавал биелүүлэх үүргийг хатуу хүлээлгэсэн зохицуулалт биш байхад эхлээд тухайн байгууллагад ажиллаж буй ажилтныг томилсон нь хуульд нийцсэн зохицуулалт байна хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Анх Т.Ц-г ажилд орох хүсэлтээ өгөх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, мөн Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Б-тай уулзах үед сул орон тоо байсан болох нь тогтоогдож байгаа талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хэдий ч тухайн сул орон тооны ажил нь нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил, үүрэг бүхий орон тоо мөн болохыг дүгнээгүй байна.
Нэгэнт ажил олгогч гэрээ байгуулан сургуулиа төгсөөд ирсэн тохиолдолд ажилд авах, улмаар 2 жилээс дээш хугацаагаар ажиллуулах үүргийг хүлээсэн гэрээ байгуулсан байхад тэрхүү гэрээний үүргийг эхэлж биелүүлээд дараа нь сул орон тоог хуулийн дагуу нөхөх нь зүй ёсны юм.
2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Ажиллаж буй байгууллага суралцагчийн хооронд байгуулах” 16 тоот гэрээ нь хууль зөрчөөгүй гэрээ гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг ч энэ нь хууль давсан гэрээ хэмээн тайлбарладаг. Хэрвээ гэрээ агуулгаараа хууль зөрчөөгүй хуульд нийцсэн гэрээ бол эрх зүйн эх сурвалж болохын хувьд гэрээний талуудын хооронд тухайн асуудлаар үүсч буй харилцааг нарийвчлан зохицуулж, хуулийн нэгэн адил үйлчлэх хүчин чадалтай эрх зүйн хэм хэмжээ юм.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийг сургуулиа төгсөөд ирсэн байхад ажилд томилсон болон халсан ямар нэгэн хууль ёсны шийдвэр гаргахгүй байгаа ажил олгогчийн эс үйлдлийн шалтгааныг тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй хирнээ сул орон тоонд тус байгууллагад ажиллаж байгаа ажилтныг томилсон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгчийг сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо эргэн ирээд Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын даргатай уулзах үед хууль бус шалтгаан дурдаж ажилд авахаас татгалзсан байдаг бөгөөд энэхүү хууль бус татгалзсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон, мөн нэхэмжлэгч энэхүү хууль бус үйлдэлд гомдолтой байгаа талаар удаа дараа илэрхийлж шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан боловч шүүх энэ талаар дүгнэлт гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн гомдлыг Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 112 тоотоор “... гэрээний дагуу өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр” хариуцагч байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэтэл ажил олгогч нэхэмжлэгчийг өрөөндөө хүлээн аваад чамайг ажилд авахгүй хэмээн амаар хэлж, хуульд заасан журмыг зөрчиж захиргааны шийдвэр гаргасан байхад энэ талаар гэрч мэдүүлгээр нотлогдож байхад энэ талаар тал бүрээс судалж үзээгүй, гэрчийн мэдүүлгийн талаар дүгнээгүй дээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг ажилд томилохыг даалгасан үр дагавар үүсгэсэн шийдвэр биш хэмээн дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй, хэлбэрийн болоод агуулгын хувьд хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй, чухам ямар хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй тул гомдолтой байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг сэргээж өгөхийг хүсэж байна” гэжээ.
                                                                                ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Ц нь Авлигатай тэмцэх газарт холбогдуулан “Ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээс үзвэл хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, түүнийг урьд эрхэлж байсан Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнаар буцаан томилуулахаар маргасан байхад, маргаж буй үндэслэлийг тал бүрээс нь судлалгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Зүй нь анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалтай холбогдуулж нэхэмжлэгчээс маргаж буй Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтны албан тушаалд томилсон Д.Б-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар байжээ.
Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнаар ажиллаж байсан Т.Ц нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, тус улсын Оснабуркын их сургуульд магистрын сургалтад суралцахаар болж, Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас түр чөлөөлж, төрийн албаны нөөцөд байгаад тооцож, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-г 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, уг гэрээгээр суралцагчийг суралцаж ирхэд 2-оос дээш жил ажиллуулахаар талууд харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа эргэн орох өргөдлийг Авлигатай тэмцэх газрын даргад гаргасан. Харин хариуцагчаас “...сул орон тоо байхгүй...” гэсэн үндэслэлээр түүнийг ажил, албан тушаалд томилох боломжгүй гэх хариуг өгсөн атлаа Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” Б/52 дугаар тушаалаар Д.Б-ыг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнаар шилжүүлэн томилсон нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.
Тиймээс хариуцагч нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон холбогдох журамд нийцүүлж дээрх сул орон тоог нөхсөн эсэх, мөн Д.Б-ыг Төрийн албаны тухай хуульд заасан дотоод нөөцөөс нөхөх болох хэдий ч энэ талаар Төрийн албаны зөвлөлд санал хүргүүлсэн, Т.Ц-г томилохгүй байх үндэслэлийг тодруулах нь ач холбогдол бүхий байна.
Түүнчлэн, хэдийгээр хариуцагч Д.Б-ыг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнаар шилжүүлэн томилсон байж болох боловч Д.Б нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх, түүнийг уг албан тушаалд томилогдох хүсэлтээ гаргасан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулж шинжлэн судлах нь нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон
                                                                            ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР