Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Н.А,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.А-д холбогдох эрүүгийн 1820001160067 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, дүү, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 3-р хороонд оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Б овогт Д.А,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн дүү Д.А-н дугаартай гадаад паспортыг ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлаас Хятадын Бээжин хот руу ниссэн. Бээжинд очоод ажил хийж байгаад гадаад паспортынхаа визийг 4 хоногоор хэтрүүлээд БНХАУ-ын цагдаагаас миний гадаад паспорт дээр 2 жилийн хар тамга дарж намайг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр буцааж Монгол Улс руу явуулсан. Тэгээд Монголд ирээд хувиараа гоо сайханчийн ажлаа хийж байгаад, БНХАУ-руу явах хувийн шалтгаан гараад гэрт байсан дүү Д.А-н дугаартай гадаад паспортыг аваад 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Бээжин явах тасалбар аваад, тэр өдрөө галт тэргэнд суусан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Замын-Үүдэд 10-11 цагийн хооронд ирсэн шиг санаж байна. Галт тэрэг Замын-Үүдэд зогсоход хил, гаалийн шалгалтууд орж ирсэн. Тэгээд Хилийн цэргийн шалгагч эмэгтэй манай купенд орж ирэхэд нь өөрийн төрсөн дүү Д.А-н гадаад паспортыг шалгуулахаар өгөхөд шалгагч эмэгтэй авч яваад штамп дараад надад буцаагаад өгсөн. Удалгүй вагон хөдлөөд БНХАУ-руу ороод гадаад паспортаа шалгагчид нь өгтөл таны паспорт биш байна, өөр хүний паспорт байна гээд намайг вагоноос буулгаад надаас мэдүүлэг авч 2000 юаниар торгоод маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Монголын хилийн цэргийн хүмүүст намайг хүлээлгэн өгсөн. БНХАУ руу гоо сайхны бараа авах санаатай байсан юм. Д.А бид хоёр хамтдаа амьдардаг юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дүүгийнхээ хувцасны шүүгээнээс дугаартай гадаад паспортыг нь түүнд хэлэлгүй авчихсан юм. Яагаад гэвэл би өөрөө БНХАУ-д 2 жилийн хар даруулж, нэвтрэх эрхээ хасуулсан байсан учир, дүүгийнхээ паспортыг ашиглаад урагшаа бараандаа явах санаатай байсан юм. Учир нь бид хоёр царай төстэй болохоор ийм зүйл хийсэн юм. Би дүүдээ паспортыг нь авсан талаараа юу ч хэлээгүй. Харин баригдсаныхаа дараа дүүдээ юу болсон талаар хэлсэн. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-89/,

- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтод баримт бичгийн шалгагчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 50 минутад Замын-Үүд төмөр замын шалган нэвтрүүлэх боомт дээр Москва-Бээжин чиглэлийн олон улсын 04 дүгээр галт тэрэг ирж зогссон. Би тухайн галт тэрэгний 3-2 дугаар вагонд зорчиж буй иргэдийн паспорт бичиг баримтыг шалгах үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 3 дугаар вагоны үйлчлэгчийн паспортыг шалгаад 1 дүгээр купен дээр ирээд купенд зорчиж байсан иргэдтэй мэндлээд баримт бичгээ шалгуулна уу гэж хэлсэн. Тэгэхэд тэр купенд 3 эмэгтэй хүн зорчиж байсан. Доод талын эмэгтэй бол шууд паспортаа надад өгсөн. Тэгээд дээд талын 2 суудалд хэвтэж байсан 2 хүнийг доошоо буугаад баримт бичгээ шалгуулна уу гэхэд ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Тухайн үед би тэр хүмүүст Монгол хэлээр юм хэлэхэд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан болохоор нь гадаад хүмүүс байна гэж бодоод зорчигчдоо босгоод паспортыг шалгуулахад бэлд гэж хэлээд вагоны коридорт ганцаараа явж байсан жаахан хүүхдийг хараад хүүхэдтэй явж байгаа хүн хүүхдээ аваарай гэж хэлсэн чинь хүн гарч ирээгүй болохоор нь тэр жаахан хүүхэд дээр очоод аавд нь хүргэж өгсөн. Тэгээд цааш өөр купенд дээд талын местэнд хэвтэж байгаа хүн байгаа эсэхийг харахад байгаагүй. Яг тэр үед үйлчлэгч нь 1 дүгээр купенд хүмүүстэй яриад 2 орыг нь цохиод юм яриад байсан, тухайн үед би харилцан яриад байна гэж сонссон. Тэгээд 1 дүгээр купенд шалгалтаа хийхээр буцаад очиход нөгөө хоёр өмнөх шигээ хэвтэж байсан. Би дотроо босчихсон байх гэж бодсон. Тэгээд би тэд нарт хандаж босоод баримт бичгээ шалгуулна уу гэхэд “паспортаа шалгуулахын тулд босох, буух ёстой юм уу” гэж өөдөөс хариулахаар нь би “бууж шалгуулах ёстой” гэсэн чинь “Монголд л нэг ийм юм байх юмаа” гэхээр нь “юу яриад байгаа юм” гэхэд паспорт шалгуулах гэж чамд загнуулчих юм байна л даа” гэх мэтчилэн үглэж байсан. Тэгээд би тэр хүмүүсийг хүлээж байгаад дахиад бууж шалгуул гэж шаардлага тавихад “Чи намайг хараач дээ би шалдан байна” гэж хэлээд даавуу цээжиндээ барьчихсан байж байснаа чи ингээд авчихаач дээ гээд гадаад паспортаа өгөхдөө над руу толгойгоо эргүүлэн харж өгсөн. Паспортыг нь аваад дараагийн купены зорчигчдоо шалгаж баримт бичгийг нь аваад вагоноос бууж боомт руу бүртгэл хийхээр яваад шалгаж штампаа дарж эзэмшигчид буцаан олгосон. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед хошууч Н над руу залгаад та өчигдөр Хилийн зөрчил алдсан байна. Анги дээр ирнэ үү гэж хэлсэн. Тэгээд анги дээр очиход уулзалтын бүрэлдэхүүн машинаас Д.А гэгч эмэгтэйг буулгаж ирж байсан. Тэгээд анги руу ороход надаас энэ шалгасан хүн чинь мөн байна уу гэж хэлэхээр нь харсан чинь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр галт тэргэнд миний шаардлагыг биелүүлэхгүй байсан эмэгтэй мөн байсан. А нь БНХАУ-д хар даруулаад дүүгийнхээ гадаад паспортыг ашиглаж хууль бусаар хил нэвтэрсэн юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64/,

- Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний гадаад паспортыг манай эгч Д.А надад хэлэлгүйгээр гэрээс авч Замын-Үүдээр гарах гэж саатуулагдаад хилийн цэрэгт хураалгасан байгаа гэдгийг мэдсэн. 2013 онд гадаад паспорт авч байсан. Нэг л удаа авсан. Надад эгч маань авлаа гэж ч хэлээгүй. Сая саатуулагдсан гээд паспортыг минь авч явсан гэдгээ хэлсэн. Гэрийнхээ шүүгээнд хийсэн байсан юм. Эгч бид хоёр хамтдаа нэг гэрт амьдардаг юм. Манай эгч Д.А нь миний гадаад паспортаар 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр урагшаа гарах гэж байгаад саатуулагдсан гэсэн. Тэгэхээр эгчид маань миний гадаад паспорт байна. Би өөрөө хотод байсан. Би өөрөө хил нэвтрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/,

-Хилийн зөрчлийг шалгасан тухай акт /хх-ийн 8/,

-Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 46-48/,

-Б овогт Д.А-н дугаартай гадаад паспортыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 52/,

-Шүүгдэгч Д.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3721 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дугаартай Монгол Улсын энгийн гадаад паспорт нь жинхэнэ. Уг гадаад паспортад хуудас сольсон, засварласан шинж тэмдгүүд илрэхгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 72/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3777 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дугаартай Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг, харьцуулах загварт ирүүлсэн регистрийн дугаартай Д.А-н гэх 2 хувь гэрэл зураг, регистрийн дугаартай Д.А-н гэх 2 хувь гэрэл зураг шинжилгээнд тэнцэнэ.

2. дугаарын Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь регистрийн дугаартай Д.А-н гэрэл зурагтай тохирно. Харин регистрийн дугаартай Д.А-н гэрэл зурагтай тохирохгүй байна.

3. Тохирч байгаа шинж тэмдгүүдийг үзлэг шинжилгээ болон гэрэл зургийн үзүүлэлтээс харна уу гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76/,

-Шүүгдэгч Д.А нь урд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримт зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Шүүгдэгч Д.А нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Д.А-н гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг нэвтэрсэн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.А-г 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн дүү Д.А-н дугаартай гадаад паспортыг ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрх гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан шинжийг агуулсан байна.

Шүүгдэгч Д.А нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн болох нь шүүгдэгч Д.А-н шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.У-н “...уулзалтын бүрэлдэхүүн машинаас Д.А гэгч эмэгтэйг буулгаж ирж байсан. Тэгээд анги руу ороход надаас энэ шалгасан хүн чинь мөн байна уу гэж хэлэхээр нь харсан чинь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр галт тэргэнд миний шаардлагыг биелүүлэхгүй байсан эмэгтэй мөн байсан...” гэсэн, гэрч Д.А-н “...Сая саатуулагдсан гээд паспортыг минь авч явсан гэдгээ хэлсэн. Гэрийнхээ шүүгээнд хийсэн байсан юм. Эгч бид хоёр хамтдаа нэг гэрт амьдардаг юм... Тэгэхээр эгчид маань миний гадаад паспорт байна. Би өөрөө хотод байсан. Би өөрөө хил нэвтрээгүй...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай 1 ширхэг энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д.А-г  6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай 1 ширхэг энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Б.Н