| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0366/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-01-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 24
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч О.Доржмаа,
Хохирогч ******* ,
Шүүгдэгч ******* , ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн 1718001550167 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 20-нд Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Блүү скай” нэртэй баарны гадаа ******* г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Дархан сумын 5 дугаар баг, Цагаан нуурын 1-9 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ******* г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Блүү скай” нэртэй баарны гадаа ******* г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Дархан сумын 5 дугаар баг, Цагаан нуурын 1-9 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ******* г зодож, сандлаар толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч ******* ийн өгсөн: Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тэр үед эгчийг өөр хүмүүстэй цааш явах гэж байна гэж бодоод гар хүрсэн... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* ийн: Тэр өдөр манай эхнэр хүүхэд аваад гадуур архи уугаад явчихсан болохоор нь уур хүрээд гар хүрсэн гэх мэдүүлэг,
Хохирогч ******* гийн өгсөн: Манай нөхөр архи их уудаг. Уурлахаараа над руу гарт таааралдсан зүйлийг авч шиддэг. Олон удаа янз бүрийн ааш зан гаргаж, гар хүрдэг байсан боловч би цагдаад хандаж байгаагүй. 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой үдээс хойш хадам ээжийнх рүүгээ явах гэж байгаад ******* уулзъя гээд бид уулзсан. Орой 11 цагийн үед Голден роус-д нилээн хэдэн пиво уусан. Тэгээд би найз нар луугаа утсаар яриад манай найз нар ирсэн боловч тус газар нь хаах болсон учир бид нар манайд очихоор болсон. ******* манай найз нараас нилээн хол зогсоод байсан. Тэгээд манай найз нар явах гэтэл намайг “чи ингэж явдаг хэн бэ? Чи муу ингээд тэнээд яв” гэж хэлээд надад шууд гар хүрч, миний нүүрийг урсан. Миний нүүрийг ураад байхаар нь хорсоод би бас ******* ийн нүүрийг мөн урах гэж оролдсон. Би амь тэмцээд л энэ хүний нүүрийг урсан. Тэгээд манай нэг найз буцаад ирэхэд ******* зам хөндлөн гараад машинд суугаад явчихсан. Би тэнд нүүр хорсоод өвдөөд байхаар нь 30-40 минут орилж зогссон. Гэртээ ирээд нөхөртөө хэлтэл сандал бариад намайг цохьсон. Би хоёуланд нь гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад
Гэрч *******ийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед санагдаж байна найз болох ******* , ******* нартай Блүү скай паабын хажууд ******* болон түүний дүү ******* тэй таарсан. Тэр хоёр согтуу байсан. ******* тэй ярилцаж байгаад тэднийх рүү явахаар болсон. ******* хүүхдээ дагуулаад явж байсан учраас бид нар хүүхдийг нь аваад түрүүлээд явсан. Тэгээд ******* араас ирэхгүй болхоор нь би буцаад очиход ******* уйлаад сууж байсан. Хажууд нь нэг залуу зогсчихсон, ******* байхгүй байсан. Би очоод “юу болсон бэ” гэхэд юм хэлэхгүй орилоод байсан. Би ******* г тайвшруулаад гэр лүү нь авч явсан. Тэгтэл ******* ийм нүүртэй гэртээ орохгүй гээд нилээн удаан гадаа зогсож байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад гэртээ орсон. ******* гийн нөхөр ******* “юу болсон бэ? Нүүр ам чинь яасан юм?” гэж ******* гээс асуухад “танай дүү ******* намайг зодчихлоо” гээд ******* нөхөр лүүгээ дайраад байсан. Тэгэхээр нь би гэрээс нь гарчихаад эргээд орж ирсэн. Тэгээд ******* ийг аваад эргэж гарч, гадаа юм ярьж байгаад явах гэтэл ******* гэр лүүгээ ороод буцаж гарч ирэхдээ “эхнэр байхгүй байна. Цонхоор гараад явчихсан байна” гэж хэлээд бид 2 ******* г гудамжаар хайсан боловч гэртээ ирээгүй байсан. Би ******* т “найз нь явлаа” гэж хэлээд явсан. Харин ******* гэрийнхээ гадаа үлдсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 22, 23/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 856 дугаартай “******* гийн биед тархи доргилт, нүдний алимны доргилт, толгойн оройн хуйхны шарх, дух, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, уруулын гадна хэсэг, доод эрүү, хүзүү, баруун шуу, бүсэлхий нуруу, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун бугалга, шуу, баруун гуяны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ******* гийн биед тархи доргилт, нүдний алимны доргилт, толгойн оройн хуйхны шарх, мөн нүүр, их биеийн бусад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* гийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгч нараас эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл 21 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялаас 315 нэгж буюу 315.000 төгрөгийг хасч тооцон эдлэх ялыг 285 нэгж буюу 285.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломж болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* т 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* т 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******* ийн цагдан хоригдсон 21 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялаас 315 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 315.000 төгрөгийг хасч тооцон нийт ялыг 285 нэгж буюу 285.000 төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР