| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03940/И |
| Дугаар | 183/ШШ2024/04161 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2024/04161
2024 оны 10 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2024/04161 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Болорзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Болорзаяа гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Ц.Болорзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Болорзаяа миний бие 2014 онд Т.Хүрэлтулгатай танилцаж 2014 оны 7 дугаар сард жирэмсэн болж 10 дугаар сараас хамтран амьдарсан. Бид 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн 1107000073 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин ******* 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. 2014 оны 10 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн, хамт амьдарч эхэлсэн өдрөөс л эхлэн архи, ууж, хардаж, элдэвээр харааж гэдсэнд байгаа хүүхдээ 4-5 удаа үр хөндүүлнэ миний хүүхэд биш гэдэг байсан. Жирэмсэн 6, 7 сартай байхад согтуу гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй орцонд хонож байсан. Цахим мөрийтэй тоглоом тоглодог болсноосоо хойш эрүүлдээ ч агсам тавьж аягатай хоол авч шиднэ, хаалга үүд савна, зурагтны удирдлага шидэж, гарт нь юу л байна эвдэлдэг болсон. Зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Цаашид би Т.Хүрэлтулгатай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч эцэг болох Т.Хүрэлтулгаас насанд хүртэл тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон охинд ногдох хэсгийг гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагч Т.Хүрэлтулга шүүхэд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж, эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хашчагнуур өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий Монтэ роза шүлэ сургуулийн тодорхойлолт, Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00024 дугаартай тэмдэглэл, Ц.Болорзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Т.Хүрэлтулга, Ц.Болорзаяа нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2018.08.29-ний өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Т.Хүрэлтулга, Ц.Болорзаяа нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн бичгийн нотлох баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Ц.Болорзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Болорзаяа нь хариуцагч Т.Хүрэлтулга холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Т.Хүрэлтулга нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.Болорзаяа хариуцагч Т.Хүрэлтулга нар нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 19/
Гэрлэгчдийн дундаас 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр охин ******* төрж, эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 20/
Нэхэмжлэгч Ц.Болорзаяа, хариуцагч Т.Хүрэлтулга нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 10/
Гэр бүлийн тухай хуулийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Ц.Болорзаяа нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хариуцагч Т.Хүрэлтулгатай хамтран амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байгаа, хариуцагч Т.Хүрэлтулга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй, хэн хэнээс нь эвлэрэх оролдлого, санал санаачлага гаргаагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.Болорзаяа, хариуцагч Т.Хүрэлтулга нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн охин *******г эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.
Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн ойлголт юм.
Гэрлэгчдийн дундаас төрсөн охин ******* нь эх Ц.Болорзаяагийн хамт түүний асрамжид эрүүл саруул өсч бойжиж байгаа болох нь:
- Хашчагнуур эрүүл мэндийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 4/, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Болорзаяа охин *******г өөрийн асрамжинд авахыг хүссэн бөгөөд хариуцагч Т.Хүрэлтулга нь хүүхдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна.
Иймд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин *******г эх Ц.Болорзаяагийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж, Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагч Т.Хүрэлтулга нь охин *******г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч Ц.Болорзаяа, хариуцагч Т.Хүрэлтулга нар нь гэрлэлтээ цуцлуулсан эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг Т.Хүрэлтулга нь охин *******тэй уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Болорзаяад сануулах зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.Болорзаяа нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон охинд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, тус шаардлагын хүрээнд хариуцагчтай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж , 39в байр 43 тоотод байрлах 22.41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Т.Хүрэлтулгын өмчлөлд үлдээж, *******,*******, Encanto orange town, 200а байрны 1-р орц 50 тоотод байрлах 60.70 м.кв 3 өрөө орон сууцыг В1 давхарын 40 тоот автомашины зогсоолын хамт нэхэмжлэгч Ц.Болорзаяагийн өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Болорзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хүрэлтулгаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Болорзаяад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Цогбадрахын Болорзаяа, хариуцагч Боржигон овогт Туулын Хүрэлтулга нарын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Хүрэлтулгын Есүг эх Ц.Болорзаяаг асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Хүрэлтулгаас тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Т.Хүрэлтулгаас гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Ц.Болорзаяа, эцэг Т.Хүрэлтулга нарт мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Т.Хүрэлтулга нь охин *******тэй уулзах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Болорзаяад сануулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/ Да хүрээ гудамж , 39в байр 43 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 22.41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Т.Хүрэлтулгын өмчлөлд үлдээж, *******,*******, Encanto orange town, 200а байрны 1-р орц 50 тоотод байрлах 60.70 м.кв 3 өрөө орон сууцыг В1 давхарын 40 тоот автомашины зогсоолын хамт нэхэмжлэгч Ц.Болорзаяагийн өмчлөлд тус тус үлдээхээр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Болорзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хүрэлтулгаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Болорзаяад олгосугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Пүрэвсүрэн/-д даалгасугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ