Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/01403

 

 

 

 

 

 

 

2025 08 05 312/ШШ2025/01403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

90,455,931 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******а, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: ... *******а, ******* ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны едөр Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажил ******* дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-т зааснаар ажлыг 60 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах гэрээний ажил гүйцэтгэх хугацааг гүйцэтгэгч компаний хүсэлтээр 2021 оны СХ-10/21, СХ-37/21, 2022 оны СХ-92/22, дугаартай гэрээгээр тус тус сунгаж эцсийн байдлаар 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл сунгасан энэхүү хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтад оруулах байсан. Гүйцэтгэгч Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн 3360-21 маркийн насосыг суурилуулахаар 2021 оны 05 сарын 09-ны өдрөөс 05 сарын 24-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн туршилт хийсэн. Туршилтын явцад насосонд ачаалал ирж эвдрэл гарсан тул гүйцэтгэгч ******* ХХК-д гэрээнд заасны дагуу эвдрэл гэмтлийг засварлах үүрэг даалгавар өгсөн боловч өнөөдрийг хүртэл дахин засварлан хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэж өгөөгүй гэрээний хугацааг хэтрүүлж байна. ******* ХХК-тай байгуулсан ******* гэрээний 6.7-д Туршилт тохируулга хийх ажлын явцад илэрсэн зөрчлийг арилгах буруу дутуу хийсэн ажлыг өөрийн хөрөнгөөр тухай бүр нөхөн гүйцэтгэж, захиалагчаас тогтоосон хугацаанд дуусгаж захиалагчид хүлээлгэн өгнө мөн гэрээний 6.12-т Гэрээний хугацааг хэтрүүлсэн эсхүл гэрээний 6.10-т заасны дагуу хугацаа сунгах хүсэлтээ хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө өгч сунгуулаагүй бол хэтэрсэн хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцно. Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй гэж тус тус заасныг гүйцэтгэгч зөрчиж байна. Гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хамтын гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсан мэдэгдлийг удаа дараа ******* ХХК-д хүргүүлсэн. Гэрээний нийт үнийн дүн 71,007,090 төгрөг бөгөөд үүнээс ажлын гүйцэтгэл болон гэрээний 1.3 дахь заалтыг тус тус үндэслэн үнийн дүнгийн 80% буюу 55,810,056 төгрөгийн санхүүжилтийг олгосон. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 1000 гаруй хоногт гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтэрсэн. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлын ******* дугаартай гэрээний 6.7, 6.12 дахь заалтыг үндэслэн гэрээний үнийн дүнгийн 78,26%-ийн санхүүжилт болох 55,570,148 төгрөг, мөн гэрээний 6.12 дахь заалтын алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэх заалтыг үндэслэн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 34,885,783 төгрөг, нийт 90,455,931 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү... Нийт гэрээний үнийн дүн болох 71,007,090 төгрөгөөс 80 хувийн санхүүжилт болох 55,810,056 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлж өгсөн. 80 хувийн санхүүжилт олгосон үндэслэл нь насос суурилуулах үед ажлын гүйцэтгэл 80 хувь болчихсон гэж үзсэн боловч насос нь эвдрээд буцаасан, эвдрэл гэмтлийг засаагүй хугацаа хэтэрсэн байгаа. 78,26%-ийн ажлыг гүйцэтгээгүй гэж 55,570,148 төгрөг, гэрээний 6.12-т зааснаар гэрээний үнэ 71,007,090 төгрөгөөс алдангийг бодож 50 хувиас хэтрэхгүй гэсэн учраас алданги 34,885,783 төгрөг нийт 90,455,931 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт ажлын 98 хувийг хийж гүйцэтгээгүй, 2 хувийг хийсэн гэж үзэж байгаа... гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Т.******* нь ******* дугаартай гэрээний Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлыг гэрээний хугацаанд хийж гүйцэтгэсэн боловч Эрдэнэт-Ус ДЦС дулаан түгээх газрын буруутай үйл ажиллагаанаас гарсан гэмтэлийг манай байгууллага өөрийн зардлаар БНХАУлс руу явуулж өнөөдрийн байдлаар 2025 оны 06 сарын 19-нд Улаанбаатар хотод туршилт хийлгэж байна. Манай байгууллага уг насосыг 2025 оны 07 сарын 01-нээс 05-ны хооронд хүлээлгэн өгөхөөр баталж байна... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2020 оны 12 сарын 08-ны өдрийн ******* гэрээ, ажлын үе шатны хуваариуд, ******* дугаартай гэрээг сунгасан 2021 оны 02 сарын 23-ны өдрийн СХ-10/21 дугаар, 2021 оны 04 сарын 27-ны өдрийн СХ-37/21 дугаар, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн СХ-92/22 дугаар гэрээнүүд, 2021 оны 04 сарын 21-ний өдөр, 2022 оны 12 сарын 15-ны өдрийн гэрээний хугацаатай холбоотой хурлын тэмдэглэлүүд, барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 90,455,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Т.******* нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******а, ******* ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны едөр Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажил ******* дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-т зааснаар ажлыг 60 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах гэрээний ажил гүйцэтгэх хугацааг гүйцэтгэгч компаний хүсэлтээр 2021 оны СХ-10/21, СХ-37/21, 2022 оны СХ-92/22, дугаартай гэрээгээр тус тус сунгаж эцсийн байдлаар 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл сунгасан энэхүү хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтад оруулах байсан. Гүйцэтгэгч Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн 3360-21 маркийн насосыг суурилуулахаар 2021 оны 05 сарын 09-ны өдрөөс 05 сарын 24-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн туршилт хийсэн. Туршилтын явцад насосонд ачаалал ирж эвдрэл гарсан тул гүйцэтгэгч ******* ХХК-д гэрээнд заасны дагуу эвдрэл гэмтлийг засварлах үүрэг даалгавар өгсөн боловч өнөөдрийг хүртэл дахин засварлан хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэж өгөөгүй гэрээний хугацааг хэтрүүлж байна. Гэрээ цуцалсан мэдэгдлийг удаа дараа ******* ХХК-д хүргүүлсэн. Гэрээний нийт үнийн дүн 71,007,090 төгрөг үүнээс 80% буюу 55,810,056 төгрөгийн санхүүжилтийг олгосон. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 1000 гаруй хоногт гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтэрсэн. 78,26%-ийн ажлыг гүйцэтгээгүй гэж 55,570,148 төгрөг, гэрээний 6.12-т зааснаар гэрээний үнэ 71,007,090 төгрөгөөс алдангийг бодож 50 хувиас хэтрэхгүй гэсэн учраас алданги 34,885,783 төгрөг нийт 90,455,931 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тодорхойлсон.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч ...ажлыг гэрээний хугацаанд хийж гүйцэтгэсэн боловч Эрдэнэт-Ус ДЦС дулаан түгээх газрын буруутай үйл ажиллагаанаас гарсан гэмтлийг манай байгууллага өөрийн зардлаар БНХАУлс руу явуулж өнөөдрийн байдлаар 2025 оны 06 сарын 19-нд Улаанбаатар хотод туршилт хийлгэж байна. Манай байгууллага уг насосыг 2025 оны 07 сарын 01-нээс 05-ны хооронд хүлээлгэн өгөхөө баталж байна... гэж тайлбарласан.

 

6. *******а, ******* ХХК нар нь 2020 оны 12 сарын 08-ны өдрийн ******* дугаартай гэрээг байгуулсан, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлыг хуанлийн 60 хоногт хийж гүйцэтгэх үүргийг, захиалагч *******а ажлын хөлс 71,007,090 төгрөгөөс захиалагчийн хяналтын зардал 1,265,949 төгрөгийг хасч, 69,741,141 төгрөгөөс ажлын явцад захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэлийг үндэслэн гэрээний үнийн дүнгийн 80 хувь хүртэл санхүүжилтыг олгож, үлдэгдэл санхүүжилтыг ажлыг ашиглалтад хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил далд ажлын акт холбогдох баримт бичгийг үндэслэж олгох үүргийг тус тус харилцан тохиролцож хүлээсэн байна.

 

7. Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

8. Талууд 2020 оны 12 сарын 08-ны өдрийн ******* дугаар гэрээнд харилцан тохиролцож, гүйцэтгэгч ******* ХХК Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлыг хуанлийн 60 хоногт хийж гүйцэтгэх үүргийг, захиалагч *******а ажлын хөлс 71,007,090 төгрөгийн хөлс төлөх үүрийг хүлээсэн байна.

 

9. Захиалагч *******а гэрээний дагуу гэрээний үнийн дүнгийн 80 хувь болох 55,810,056 төгрөгийг гүйцэтгэгч ******* ХХК-нд шилжүүлсэн, гүйцэтгэгч гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, гэрээний хугацаа сунгах саналыг тухай бүрд талууд тохиролцож сунгаж, сүүлд 2022 оны 12 сарын 20-ны өдөр СХ-92/22 дугаар гэрээгээр 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажлаа хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулахаар тохиролцжээ.

 

10. Гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээний хугацаанд Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулсан боловч туршилтын явцад насос эвдэрсэн, гэрээний дагуу захиалагч тал засварлаж хүлээлгэж өгөхийг шаардсан боловч засварлаагүй, гэрээний дагуу ажлаа чанартай гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

11. Гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаа гэрээнд заасан хугацаанд хийгээгүй, үүргээ зөрчсөн учраас захиалагч *******а урьдчилгаанд шилжүүлсэн 55,810,056 төгрөгийн ажил болох 80 хувиас 2 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн, 78,26 хувийн ажлыг гүйцэтгээгүй гэж 55,570,148 төгрөгийг, алданги 34,885,783 төгрөгийн хамт нийт 90,455,931 төгрөгийг нэхэмжилсэн.

 

12. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно. гэж заасан.

 

13. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээгээр тохирсон 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч тус компани Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

14. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай боловч хариуцагчийн зүгээс үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлоогүй.

 

15. Хариуцагч ******* ХХК нь 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгч ашиглалтанд оруулахаар тохиролцсон атлаа хүлээлгэж өгөөгүй, мөн шүүхэд гаргасан тайлбартаа ...2025 оны 07 сарын 01-нээс 05-ны хооронд хүлээлгэн өгөхөөр баталж байна... гэсэн атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн байх бөгөөд хариуцагч ******* ХХК-ийг 2020 оны 12 сарын 08-ны өдрийн ******* дугаар, 2022 оны 12 сарын 20-ны өдөр СХ-92/22 дугаар гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

16. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.6-д ...гэрээт хугацаанд ажлыг гүйцэтгээгүй зэрэг зөрчлүүд нь баримтаар нотлогдвол захиалагч гэрээг цуцлах үндэслэл болно, 6.12-т гэрээний 2.1-т заасан хугацаа хэтрүүлсэн... хэтэрсэн хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож суутгана. Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

17. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон дээрх хуульд зааснаар гэрээг цуцалж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн ажлын хөлс болон алдангийг шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

18. Иймд хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 55,570,148 төгрөг, алданги 6,976,257 төгрөг нийт 62,546,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,909,526 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /2023.03.01-нээс 2025.03.21 нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 750 хоног/, /55,810,056 х 0,5%= 279,050.28 :30 хоног = 9,301.676х750хоног=6,976,257/

 

19. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 62,546,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,909,526 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч *******а нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас 470,682 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ