| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0355/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 25
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000000105 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД: *******/, 1991 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *******” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын *******тоотод оршин суудаг, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 24-нд Өршөөлийн хуулиар суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 31-нд 1 жил 5 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-нд Хуулийн тэгштгэлээр суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Ариг” баарны орчимд явсан насанд хүрээгүй иргэн******* эс 8.000 төгрөг, насанд хүрээгүй иргэн ******* ээс 9.500 төгрөгийг цаашид архи үргэлжлүүлэн уух зорилгоор хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Ариг” баарны орчимд явсан насанд хүрээгүй иргэн******* , ******* нарт хүч хэрэглэн цохиж,******* эс 8.000 төгрөг, ******* ээс 9.500 төгрөгийг авч дээрэмдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч******* гийн өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ажлынхантайгаа Сутай бааранд орж 2 шил архи, 4-5 пиво уучихаад 21 цагийн үед гарч явахдаа хохирогч нартай таарсан. Би тухайн үед архи уусан байсан учраас архи уух зорилгоор хохирогч нараас “Мөнгө байна уу? Хэдэн төгрөг байна?” гэж асуухад хохирогч нар “8.500 төгрөг, 9.500 төгрөг байна” гэж хариулсан. Би хохирогч нараас нийт 17.000 төгрөг аваад нэгийг нь цохисон. Түүнийхээ дараа явах гэснээ хүүхдүүдийг харанхуй газар үлдээгээд яахав гэж бодоод 15 дугаар сургууль руу дагуулж очоод таксины мөнгө гэж 1.000 төгрөг өгчихөөд баар луу орсон. Намайг бааранд сууж байхад цагдаа нар ирсэн. гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Насанд хүрээгүй хохирогч ******* ийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим найз ******* хамт халуун усанд орохоор Ариг баарны хажууд явж байсан. Гэтэл араас нэг хүн дуудхаар нь яваад очтол миний элэг рүү цохисон. Цаана ******* зогсож байсан. ******* г бас цохисон байх. Тэр хүн намайг бос гээд ******* намайг түшиж босгосон. Тэр ах “мөнгө байна уу” гэхээр нь айсандаа халаасанд байсан 9.500 төгрөгөө өгсөн. ******* ээс бас мөнгө авсан. Бид хоёрыг дагуулж 15 дугаар сургуулийн хашаанд ороод дахин цохиод “хүнд хэлвэл дэмий шүү” гээд 1.000 төгрөг өгснөө “таксинд суугаад гэртээ харь” гэсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Насанд хүрээгүй хохирогч О.******* өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой найз ******* ийн хамт халуун усанд орохоор Ариг баарны хажууд явж байсан. Гэтэл араас танихгүй хүн дуудахаар нь өөр хүн дуудаж байна гэж бодоод цааш явж байтал дахин дуудсан. ******* яваад очтол тэр хүн гэдэс рүү нь цохиод унагаасан. Дараа нь над дээр ирээд нүүр рүү нэг удаа цохисон. ******* ийг бос гэхэд босож чадахгүй болхоор нь би түшиж босгоход тэр ах “мөнгө байна уу?” гэсэн. ******* халааснаасаа мөнгө гаргаж өгсөн. Би мөнгө байхгүй гэхэд миний халаасыг ухаад 8.000 төгрөгийг минь авсан. Бид хоёрыг 15 дугаар сургуулийн хашаа руу дагуулж явж байхдаа тэлээгээр биднийг цохиод байсан. Сургуулийн хашаанд ороод бид хоёрт 1.000 төгрөг өгөөд “энэ мөнгөөр таксинд суугаад гэртээ харь” гэж хэлсэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч ******* гийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эргүүлийн цагдаа Б.Болдсайханы хамт 18 цагаас 02 цагийн хооронд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20 цагийн үед 15 дугаар сургуулийн орчимд 2 хүүхэд уйлж байсан. Болсон явдлын талаар тодруулахад “нэг танихгүй ах бид хоёрыг зодож байгаад мөнгө авсан” гэж хэлсэн. Хүүхдүүдээс тухайн хүнийг харвал таних уу гэж асуухад харвал танина гэж хэлэхээр нь дагуулаад 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудаар орсон. “Сутай” бааранд ороход тэр хоёр хүүхэд цэнхэр өнгийн цамцтай, саравчтай малгайтай, 30 орчим насны залууг заасны дагуу шалгахад ******* гэх этгээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлоглож байна.
Шүүгдэгч******* гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч******* гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч******* д 8.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч ******* д 9.500 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-10, 17/, хохирогчийн хууль төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* , ******* нарын ...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 24-нд Өршөөлийн хуулиар суллагдсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 31-нд 1 жил 5 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-нд Хуулийн тэгштгэлээр суллагдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.
Шүүгдэгч******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонтуяагийн******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар******* д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар******* гийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол******* д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР