Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраагийн Энхтөр |
Хэргийн индекс | 2416000020068 |
Дугаар | 2024/ДШМ/22 |
Огноо | 2024-08-30 |
Зүйл хэсэг | 11.1.2.4., |
Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/22
А.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор А.А-т холбогдох эрүүгийн 2416000020068 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: Б овогт А.А нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ............ сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын ........ мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ... , эцэг, эх, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ........... сумын ......... багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, Д............ регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.А-ын 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн ............ сумын ... -р багийн нутаг дэвсгэр ......... гэх газарт М.Б-ын гэрт согтуурсан үедээ хохирогч Б.С-ын толгой руу нь ........ загварын буугаар буудаж түүний биед толгойд нь сум орсон гарсан нүх, гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, тархины дух хэсгийн үхэжсэн эд, дух ясны бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал буюу хүнд гэмтэл учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүгдэгч Б овогт А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.А-ыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.А-аас 16,171,600 (арван зургаан сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд, 20,342,682 (хорин сая гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С болон түүний хууль ёсны төлөөлөгч М.Б нарт олгож, 3,670,000 (гурван сая зургаан зуун далан мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээ сувилгаатай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохиролд 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөг төлсөн, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 хуудас баримт, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 3 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 52... гол төмрийн дугаартай, 10... дугаартай замагтай ........загварын бууг 04.... дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, 1 ширхэг хонгионы хамтаар устгуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шар цоохор өнгийн хивс нэг ширхэг, А нэртэй архины шил нэг ширхэг, цэнхэр өнгийн алчуур нэг ширхэг, улаан хүрэн өнгийн алчуур нэг ширхэг, гарын арван хурууны хумс, арчдас зэргийг устгуулахаар шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус шилжүүлж, “redmi” загварын гар утсыг хохирогч Б.С-т олгож ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Ж.М миний бие эрүүгийн 2416000020068 дугаартай хэрэгт А.А-ын хүсэлтээр түүний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалахаар “Хууль зүйн туслалцааны гэрээ” байгуулан өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ. Өмгөөлөгч миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт хөнгөрүүлэх үүднээс давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: А.А нь ... настай, ам бүл ..., аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Тухайн хэрэг болсон нөхцөл байдлын талаар архи уусан байснаас ийм зүйл болсон, хохирогчтой ах дүүс шиг нөхөрлөдөг байсан, маш их харамсаж байгаагаа хэлдэг. А.А, хохирогч нарын хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй ах, дүүс шиг олон жил найзалж нөхөрлөдөг байсан нь хавтаст хэргийн материалд байгаа гэрч нарын мэдүүлэг болон өөрсдийнх нь мэдүүлгээс харагдаж байгаа. Хохирогчид учирсан хохирлыг шүүх хуралдаан болохоос өмнө 14.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн байсан. Одоо хохирогчид сэтгэл санааны хохиролд 20.342.682 төгрөгийг төлж барагдуулахаа хэлж байгаа. Иймд А.А нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэжээ.
Прокурор Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн хувьд бас залуу хүн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлж байна. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан байгаа. Тэгэхээр ял шийтгэлийг нь хөнгөлөх эсэх асуудал шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал байх. Хуулийг янз янзаар хэрэглэж тайлбарлаад байгаа учраас өмгөөлөгчийн хүссэн асуудал дээр нэг мөр шийдвэр гаргамаар байна. Өөр тайлбарлах юм байхгүй гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А болон ар гэрийн тухайд хохиролд эмчилгээний мөнгө төгрөгийг нь шүүх хурлаас өмнө бүрэн өгч байсан. Өмгөөллийн зардлыг нь өгөхгүй гэсэн маргаан байдаггүй. Шүүх хурлаас өмнө 14,000,000 төгрөгийг, шүүх хуралдаанаас хойш 20,350,000 төгрөгийг төлсөн. Ийм учраас залуу хүүхэд архи уугаад алдаж оносон байдлаас гэмт хэрэгт холбогдсон байгаа. Ар гэрийн ахуй амьдралын тухайд эмээтэйгээ хөдөө мал маллаж амьдардаг байсан. Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон болон таарамжгүй харилцаа байхгүй байгаа. Ийм учраас дээрх байдлуудыг нь харж үзээд ял шийтгэлийг нь хөнгөлж өгөөч гэсэн гомдлоо дэмжиж байна гэжээ.
Шүүгдэгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна. Аав, ээж аймгийн төв дээр дүүгийн хамт байдаг. Би эмээгийн хамт малаа малладаг. Энэ байдлыг харж үзээд шүүх ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Шүүгдэгч А.А нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн ........ сумын ... -р багийн нутаг дэвсгэр ......... гэх газарт М.Б-ын гэрт согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч Б.С-ын толгой руу нь ........загварын буугаар буудаж түүний биед толгойд нь сум орсон гарсан нүх, гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, тархины дух хэсгийн үхэжсэн эд, дух ясны бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан байна.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Дээр дурдсан үйл баримтууд нь хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “А.А өврөөсөө Агар нэртэй архи гаргаж ирснийг ууж бараг дуусгаад, гарч шээхээр гэрийн зүүн талаар алхаж яваад эргэнэгийн хажууд очоод эргэж харахад А.А нь гэрийн баруун талын орны дээд талд байсан аавынх нь эзэмшлийн буугаар буудсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Ухаан ороод сэрэхэд эмнэлэгт орон дээр хэвтэж байсан. А.А-тай маргалдаж, муудалцсан асуудал байхгүй, өс хонзон, хувийн таарамжгүй харилцаа байхгүй. А.А нь ямар шалтгааны улмаас намайг буудсан талаар мэдэхгүй байгаа” тухай мэдүүлэг. (1 хх 64-65),
5.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 02-ны өглөө эхнэр М-ийн хамтаар ....... сум руу бага хүүгээ эргэхээр явах үед дунд хүү Б.С нь гэртээ малаа хараад ганцаараа үлдсэн. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 12 цаг болж байх үед А.А-ын ээж А утсаар залгаад “Танай хүү Б.С-ын толгой түрүү нь улаан болчихсон зодолдсон бололтой байна.” гэж хэлсэн. ........ сумаас гараад .......... ойролцоо явж байхдаа 14 цагийн орчимд ........... байдаг .......... гэх хүн рүү залгаад “Юу болсныг нь мэдээд утсаар яриарай” гэж хэлэхэд хэсэг хугацааны дараа ......... нь залгаж “Цус нь бараг дуусчихсан юм шиг байна. Цус их гарсан байна. Тархинаас нь цагаан юм гараад байна.” гэж хэлэхээр нь “Тэгвэл эмнэлэг дуудаарай.” гэж хэлээд Н-ийн утасны дугаарыг өгсөн.
Тэгээд явсаар байгаад 18 цагийн үед гэртээ очиход зүүн талын эргэнэгийн өмнө цус нэлийж тогтсон, сумын төвөөс эмч нар ирээд С-т шингэн, дусал, тарилга хийж байсан бөгөөд 20-21 цагийн үед шууд аймгийн төв рүү эмнэлгийн машинаар авч явсан. Б.С-ыг аймаг руу авч явах гэж байхад сумын цагдаа Ю эмээгийнхээс бууг авчирч байгаа харагдсан.” тухай мэдүүлэг. (1 хх 70-71)
5.3. Гэрч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Гэртээ ороход гэрийн зүүн талаар эргэнэгийн өмнөх хэсэгт цус гоожоод нөжирчихсөн, гэрийн зүүн талын хойд авдрын өмнө хивсний нэг хэсэг нь цус болчихсон, хүү С-ын нүүрэн хэсэг нь тэр чигээрээ цус болчихсон байсан. Тэнд эмч нар нэлээн удаан эм тариа хийж байгаад аймгийн төв рүү эмнэлгийн машинаар авч яваад, маргааш нь тархины хагалгаанд оруулсан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт ухаан орсон.
Би эм өгөх гэж байхад Б.С нь “Аана хүн алах гэж байхад юун эм” гэж хэлсэн. Тухайн үед юу болсон талаар асуухад хүү Б.С нь “Намайг буудсан” гэж хэлсэн. Би лавлаад асуухад огт юм дуугарахгүй. Айсан шинжтэй нүд нь эргэлдээд байсан.” тухай мэдүүлэг. (1 хх 82-83),
5.4. Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б-ын гэрт нь 14 цаг өнгөрч байхад очиход гэрийн зүүн талын эргэнэгийн орчим нил цус болчихсон, С нь гэрийн зүүн хойд талын авдрыг түшээд хэвтчихсэн байсан. С-ыг дуудаад юу болсон талаар асуухад С хариу хэлэхгүй байсан ба А “Харин мэдэхгүй байна. Ийм юм болчихлоо. Намайг эмээ ирж сэрээлээ.” гэж хэлсэн. С-ыг авдар түшүүлээд суулгах гэхэд уначих гээд байхаар нь гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлсэн. Тэгээд гутлыг нь тайлахад хөл нь хүйтэн байсан тул гал түлж, цай чанаад болсон явдлын талаар Б-д утсаар хэлж, С-т цай өгөхөд бөөлжиж гаргасан. 17 цагийн үед сумын төвөөс эмч ирээд шууд эм тариагаа хийж эхэлсэн. Удалгүй Б эхнэртэй хамт ирсэн.” тухай мэдүүлэг (1 хх 101-102),
5.5. Гэрч Д.Ю-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед босоод зээ хүүгээ ирэхгүй болохоор нь 11 цагийн үед Б-ын гэрт ороход зээ хүү А нь гэрийн баруун талын орон дээр унтаж байсан ба Б.С зуухныхаа зүүн талд сөхрөөд суучихсан, гартаа буу барьчихсан, нүүр, гар нь цус болчихсон, хулдаас нь нил цус болчихсон байсан. Тэгэхээр нь бууг нь булааж аваад, зээ хүү А-ыг дуудаж сэрээхэд А нь “Та чинь яах гэж уйлаад байгаа юм. Наад буугаа тавиач пизда минь” гэж хэлсэн. Тэгээд Б-ын гэрээс бууг нь аваад гарч байснаа санаж байна. Яаж гэртээ ирснээ мэдэхгүй байна. Ямар ч байсан гэртээ ирэхдээ бууг нь бариад ирчихсэн байсан. Гэртээ ирээд охин А руу утсаар ярьж, Б.С өөрийгөө буудчихсан байна гэж хэлсэн. Удалгүй Б утсаар залгаад орж ирээд юу болсон талаар асуухад: Би болсон явдлын талаар хэлсэн юм. Анх гэрт ороход хөлд нь архины шил тааралдсан юм. Тэгээд би энэ хоёрыг архи уусан юм байна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг. (1 хх 121-122),
5.6. Гэрч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хэргийн газарт очиход гэрийн гадна А, С, Х гэх хүмүүс сууж байсан. Гэрт ороход О гэх эмэгтэй цай чанаж. Гэрийн зүүн орон дээр С-ыг хөнжлөөр хучсан, толгой нүүр хэсэг нь их хэмжээний цус болсон хэвтэж байсан. Тэгээд сумын эмч амин үзүүлэлтийг нь үзээд, тариа хийсэн. Сумын их эмч С “Б.С-ын тархи нь гоожсон байна аймгаас эмнэлгийн бүрэлдэхүүн дуудахгүй бол болохгүй” гэж хэлсэн. А-аас юу болсон талаар асуухад “Өнгөрдөг шөнө С-тай хамт энэ гэрт хоносон. Өчигдөр орой зүгээр унтсан. Өглөө сэрэхэд ийм асуудал болсон байсан. Би юу болсон талаар мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд сумын эмч С-тай хамт утсаар ярих гээд А.А-ын эмээ Ю гэх айл руу явсан. Ю гэх айлд ороход гэрээсээ нэг ........загварын буу гаргаж ирсэн. Юун учиртай буу болох талаар нь асуухад “Өглөө хүүхдүүдийг ирэхгүй болохоор нь Б.Б-ын гэрт очсон чинь Б.С-ын толгой нүүр нь цус болсон, сумгүй буу гартаа барьсан цэнэглээд гохыг нь дараад сууж байсан” гэж хэлсэн. Тэгээд Ю гэх айлаас суурин утсаар нь хэсгийн төлөөлөгч Ш.Б рүү залгаад болсон асуудлын талаар мэдэгдэж аймгийн төвөөс бүрэлдэхүүнд дуудсан. Тэгээд Ю гэх хүний гаргаж өгсөн бууг аваад хэргийн газарт буцаж очоод С-ын толгой хэсгийг нь үзэхэд баруун чамархай хэсэгт сум орсон байх магадлалтай жижиг нүх, духны зүүн дээд хэсэгт том хэмжээтэй нүхтэй тухайн нүхээр тархи нь гоожсон байдалтай байсан. Баруун нүд нь хавдаад хаагдсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг. (1 хх 136-138),
5.7. Гэрч И.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.....сумын 4-р багийн Б-ын өвөлжөөн дэх гэрт ороход зүүн орон дээр Б.С хөнжлөөр хучсан, толгой нүүр, гар хэсэг нь их хэмжээний цус болсон, духны зүүн дээд хагархайгаас тархи мэт цагаан зүйл гоожсон байдалтай хэвтэж байсан. Гэрийн зүүн орны урд хэсэгт тархи мэт цустай цагаан зүйл гоожсон, зүүн талын эргэнэгийн урд хэсэгт тунаж нөжирсөн их хэмжээний цус байсан. Б.С-ын артерийн даралт баруун гартаа 120/80, зүүн гартаа 110/70, зүрхний цохилтын тоо 1 минутад 111, захад ирэх хүчилтөрөгчийн хэмжээ 94 хувьтай, амьсгалын тоо 1 минутад 20 байсан. Б.С-ын толгойн баруун чамархай хэсэгт жижиг нүхтэй шархтай, тухайн шархнаас цус гарсан байдалтай, баруун нүд хавдаж хаагдсан, духны зүүн хэсэгт хагархай ил шархтай, түүгээр цус болон тархи гоожиж байсан. Б.С-ын биед цус тогтоох, судас хамгаалах, өвдөлт намдаах, унтуулах, тайвшруулах, халдвараас сэргийлэх, даралт унагаахгүй зорилгоор гормон эмчилгээнүүдийг хийсэн. Гэрт анх очиход буу ил харагдахгүй байсан. Харин сүлжээнд гарах гээд Ю гэх айлд очих үед нэг буу гаргаж ирсэн. Тухайн бууны гол төмрийн үзүүр хэсэг, онгоц модны хойд хэсэг нь цустай харагдаж байсан. Тухайн бууг сумын цагдаа аваад хэрэг болсон гэрт авч очиж тавьсан.” гэх мэдүүлэг. (1 хх 141-143),
5.8. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай “Б.С-ын биед баруун чамархайд зөв дугариг хэлбэртэй, эдийн дутагдал үүссэн гавлын хөндий рүү нэвтэрсэн шархтай, (сумны орсон нүх) шархны доод хэсэгт цус хуралт, духны зүүн талд зүүн хөмсөгнөөс дээш 3 см орчим зайд тархины эд ил гарсан зах ирмэг тэгш бус шархтай. (сумны гарсан нүх). Тархины дух хэсгийн үхэжсэн эд, бяцарсан яс, гадны биет авч цус тогтоон угааж, урагдсан хатуу хальс гуянаас авч нөхөх мэс заслын дараах байдал. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүдээс баруун нүдний доод зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Бусад гэмтлүүд нь галт зэвсгийн үйлчлэлээр үүснэ.
Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл болно.
Дээрх гэмтлүүдээс сумны орсон гарсан нүх, гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, тархины дух хэсгийн үхэжсэн эд, дух ясны бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Уг гэмтэл нь бага калибрын хошуут сумны ойрын зайн нэг удаагийн буудалтаас үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт. (1 хх 166-168),
5.9. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, шинжээч цагдаагийн хошууч Б.Т-ын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай “Шинжилгээнд 1 гэж дугаарласан сангийн анги 86N1460 дугаартай, замаг 12769 дугаартай буу доргилт цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй. Харин 2, 3 гэж дугаарласан сангийн анги 5256 дугаартай, замаг 10621 дугаартай, сангийн анги Я5870 дугаартай, замаг 13890 дугаартай 2 ширхэг буу доргилт цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 86N1460 дугаартай, замаг 12769 дугаартай бууны сумны байрт байсан 1 ширхэг хонгио нь сангийн анги 86N1460 дугаартай, замаг 12769 дугаартай галт зэвсгээр буудагдсан байна ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 174-187) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Шүүгдэгч А.А-ын ........загварын буугаар хохирогчийн толгойд буудаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
6.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ........загварын буу нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба галт зэвсэгт хамаарна.
6.3. Шүүгдэгч А.А-ын хохирогчийг буудсан үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн хохирол шууд шалтгаант холбоотой байна.
6.4. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, шүүгдэгч нь прокурорын яллах дүгнэлтэд заасан уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар дүгнэсэн нь үндэслэлтэй.
6.5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.
6.6. Мөн анхан шатны шүүхийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.
6.7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М: “Шүүгдэгч нь шүүх хуралдаан болохоос өмнө гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 14.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн байсан. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохиролд 20,350,000 төгрөг төлсөн, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү?” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбар гаргажээ.
6.8. Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг анхан шатны шүүхээр нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд төлж барагдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн нь гэмт буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхэд олгогдсон хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А.А-д 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 5 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “6 жилийн” гэснийг “5 жилийн” гэж тус тус өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон 88 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.О
ШҮҮГЧИД Ш.Б
Ч.Э