| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0208/З |
| Дугаар | 128/ШШ2026/0326 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар О.******* нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: //, Улаанбаатар хот, , ******* хороолол, ж******* х******* д******* гудамж, ******* байр, *******.
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн О. албан тушаалаас чөлөөлөх тухай Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., Ж., гэрч С., Д., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
1.1.2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол улсын ерөнхий сайдын албан даалгаврын 1.2-т ... Төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан албан тушаалтны орон тоо болон сул орон тооr царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад,
1.7-т... Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөхгүй, халахгүй, хуулиар чиг үүрэгт нь өөрчлөлт ороогүй тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахгүй байх, төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, шилжүүлэх шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгасан.
1.2.Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг эсрэгээр тайлбарлаж, Хяналт шалгалтын газрын бүтэц, орон тоо багассан гэсэн утгаар тушаал гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Хяналт шалгалтын газрын Нийгмийн даатгалын улсын Байцаагчийн орон тоо 1 орон тоогоор багассан гэсэн болно. Тус газрын байцаагч Г. нь 8 дугаар 28-нд ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул тус газрын бүтэц, орон тоонд ямар нэгэн өөрчлөлт гараагүй болно.
1.3.2025 оны 08 дугаар сарын 25-аас тус газраас 5 байцаагчийг шилжин ажиллах шаардлага тавьсан бөгөөд миний бие уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Зөвшөөрөхгүй байсан тул 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орон тоо бүтцийн өөрчлөлтөөр халах тушаал гарна гэж мэдэгдэл хүргүүлснийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуг өгсөн.
1.4.Дүүрэг шилжин ажиллахгүй гэхээр ажлаас халсанд гомдолтой байгаа, Төрийн албаны тухай хуулийн 4******* мөн орон тоо бүтцийн өөрчлөлтөөр халагдахыг хүлээн зөвшөөрөхгүй, 44.1 дэх заалтаар шилжүүлэн ажиллуулах шаардлага хангаагүй байх тул хүлээн зөвшөөрөөгүй болно. гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
2.1.Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж, улсын хэмжээнд нийт төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хассантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төсвийн тухай хуулийн 14.2.12-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 93 байсныг 9 орон тоогоор бууруулан 84, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/163 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэгжийг 7 газар, 5 хэлтэстэй байсныг 6 газар, 5 хэлтэстэй болгон, нийгмийн даатгалын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 1477 байсныг 136 орон тоогоор бууруулан 1341 байхаар тус тус баталсан.
2.2.О. нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2009 оны 32 дугаар тушаалаар Эрүүл мэндийн байцаагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газарт Хяналт шалгалт, дотоод аудит хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байсан.
2.3.Засгийн газрын 2024 оны 138 дугаар тогтоолоор Нийслэлийн нийгмийн даатгалын газрыг татан буулгасан тул тус газрын даргын 2024 оны Б/28 дугаар тушаалаар О. нь тус газарт шилжин ирсэн. Тус газрын шийдвэрээр Мэргэжилтэн, улсын байцаагчаар томилогдож, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 16 жил ажилласан байна.
2.4.О. нь Хяналт шалгалтын газрын дарга С. уулзалт хийхдээ Төрийн албаны тухай хуулийн дагуу тэтгэлэг өгвөл ажлаас орон тооны цомхотголоор гарах тухай, цаашид Солонгос Улс явах талаар хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд түүнтэй харилцан тохиролцсоны дагуу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасны дагуу тэтгэлэг авч, орон тооны цомхотголоор гарахаар болсон. Өөрөөр хэлбэл, тус газрын удирдлагын зүгээс орон тооны цомхотголоор гарах тухай мэдэгдэл өгөөгүй байхад өөрөө эхлэн хүсэлт гаргасан болно.
2.5.Харин 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/2516 дугаар мэдэгдлийг хүргүүлэхэд ажлаас чөлөөлж байгааг бус мэдэгдэлд дурдсан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4 дэх заалтад заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах тул энэ мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн.
2.6.Тэтгэлгийн хэмжээний талаар Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д. уулзсан бөгөөд хуульд заасны дагуу төрийн албан хаагч орон тооны цомхотголоор гарсан тохиолдолд хэрхэх талаар мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ...., эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж нарийвчлан зохицуулсан тул Хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлахгүй талаар тайлбарлахад О. нь ойлголоо гээд тэтгэлэг авах талаарх хүсэлтээ бичгээр гаргасан.
2.7.Уг мэдэгдлийг О. нь хүлээн зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын тэтгэлгийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгохыг хүссэн тухай өргөдөл тус газарт 24-ны өдөр Орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөж байгаа тул гаргасан.
2.8.Нийгмийн даатгалын байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн 35 албан хаагч байгаа бөгөөд нэг удаагийн тэтгэлгийг Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд уламжлан зардлыг төсвийн хуваарьт баталсан боловч Сангийн яам санхүүжилтийн эрхийн зөвшөөрөл олгоогүй хүлээгдэж байсан.
2.9.Энэ хугацаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд албан бичиг хүргүүлж байсан бөгөөд О. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гүйлгээгээр түүнд 4,617,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэлгийг олгосон.
2.10.Тус газар нь улсын хэмжээнд нийт төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хассан хуулийн хэрэгжилтийг ханган, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3.62.1.4 дэх заалтуудыг үндэслэн, дээрх нөхцөл байдлыг харгалзан тус газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/209 дүгээр тушаал гаргасан болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч О.******* Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн О. албан тушаалаас чөлөөлөх тухай Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Нэхэмжлэгчээс шилжин ажиллах шаардлагыг, орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр төрийн албанаас чөлөөлөхийг тус тус хүлээн зөвшөөрөөгүй байтал албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус гэж, хариуцагчаас нэхэмжлэгч тэтгэлэг өгвөл ажлаас орон тооны цомхотголоор гарах хүсэлтээ илэрхийлсэн, мэдэгдэл өгөөгүй байхад өөрөө ажлаас гарах болон тэтгэлэг авах хүсэлтээ гаргасан, тэтгэлгээ авснаас харахад албан тушаалаас чөлөөлөгдөх үйл баримтыг зөвшөөрсөн байна гэж тус тус тайлбарлан маргасан.
4.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
4.1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/209 дүгээр тушаалаар албан тушаалын орон тоо нь бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан үндэслэлээр тус газрын Хяналт шалгалтын газрын Мэргэжилтэн, улсын байцаагч О. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас нь чөлөөлж, төрийн албанаас түр чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг 4.617.000 төгрөг олгох-оор шийдвэрлэсэн.
5.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
5.1.Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж хуульчилжээ.
5.2.Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 0******* албан даалгаврын 1.2-т төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалын орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг Засгийн газрын ... агентлагийн дарга нарт даалгасан.
5.3.Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 22-т Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 84 байхаар, тогтоолын 4.2-т Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, албан хаагчийн чиг үүрэг, хариуцах ажил нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, албан хаагчийн болон тухайн агентлагийн харьяа төв, орон нутгийн ... байгууллагын чиг үүрэг, ажилтай давхардахгүй байх-аар тогтоосон.
5.4.Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн даатгалын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/163 дугаар тушаалаар баталсан зохион байгуулалтын нэгжид Хяналт шалгалтын газартай байхаар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/237 дугаар тушаалын хавсралтын 64-т Хяналт шалгалтын газрын Мэргэжилтэн, улсын байцаагч 6 орон тоо-гоор буюу 1 орон тоогоор бууруулан баталсан, үүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй.
5.5.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Хяналт шалгалтын газрын дарга С. Нийгмийн даатгалын ерөнхий газарт хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлтийн талаар албан хаагч нартайгаа нэг бүрчлэн уулзалт хийсэн, тус газрын Мэргэжилтэн, улсын байцаагч О. тус газрын Мэргэжилтэн, улсын байцаагчийн 1 орон тоогоор хасагдаж байгаа талаар танилцуулсан уулзалтаар О. нь дүүргийн нийгмийн даатгалын газарт шилжих хүсэлгүй талаар болон тэтгэмж, тэтгэлгээ аваад бүтцийн өөрчлөлтөд хамрагдахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэлд тусгагджээ.
5.6.Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газар 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/2516 дугаар албан бичгээр шинэчилсэн бүтцээр Хяналт шалгалтын газрын Мэргэжилтэн, улсын байцаагчийн орон тоо цөөрсөн тул тус албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж гүйцэтгэж байсан О. Таныг 3 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгон, албан тушаалаас чөлөөлөх захиргааны акт гаргах болсныг О. мэдэгджээ.
5.7.Нэхэмжлэгч О. мэдэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа-гаа Мэдэгдэл хүлээн авсан тухай баримтад тодорхой тайлбарласан байна.
5.8.Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөхөөс өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/206 дугаар тушаалаар Хяналт шалгалтын газрын Мэргэжилтэн, улсын байцаагч Ж.******* өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт шилжүүлсэн байна.
5.9.Үүнээс үзвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Мэргэжилтэн, улсын байцаагчийн орон тоо Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны А/237 дугаар тушаалаар баталсан 6 Мэргэжилтэн, улсын байцаагчийн орон тоотой болсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх нөхцөл байдал арилсан байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
5.10.Нөгөөтээгүүр, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын Уулзалтын тэмдэглэл-д нэхэмжлэгч О.******* гарын үсэггүй байгаа нь тухайн тэмдэглэлд дурдсан дүүргийн нийгмийн даатгалын газарт шилжих хүсэлгүй талаар болон тэтгэмж, тэтгэлгээ аваад бүтцийн өөрчлөлтөд хамрагдахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн гэх агуулгыг нэхэмжлэгчийн эрх зүйн хувьд хүчин төгөлдөр илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй.
5.11.Иймд уг тэмдэглэл нь нэхэмжлэгчийн эрх, үүрэгт нөлөөлөхүйц эрх зүйн баримт бичигт тооцогдох боломжгүй, гарын үсэггүй байдлыг харгалзан үзвэл тухайн агуулгыг нэхэмжлэгчийн жинхэнэ хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй болно.
5.12.Үүнээс гадна хариуцагч төрийн захиргааны байгууллагаас 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид 4,617,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болохгүй, уг мөнгөн шилжүүлгийг нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэлд тооцож, түүнийг албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй.
5.13.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.******* Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн О. албан тушаалаас чөлөөлөх тухай Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР