2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/05675

 

 

 

 

 

 

 

       

     2025             07             03                                               192/ШШ2025/05675

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******)-т холбогдох

 

Ажилгүйдлийн тэтгэмж 11,511,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

            Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 11,511,526 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын байрыг хасах тухай” А/26 дугаар тушаалыг үндэслэж Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар намайг Нисэхийн сургалтын төвийн дэд захирлын албан тушаалаас чөлөөлсөн боловч уг тушаалыг надад гардуулаагүй. Үүний улмаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын байгууллагад хандахад тушаалын эх хувь хавсаргаагүй шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмж олгоогүй. Иймд надад олговол зохих 11,511,526 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Урьд нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/21973 дугаар захирамжаар ажилгүйдлийн тэтгэмж 11,511,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.2.Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан. Тэгэхээр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргах боломжтой байсан.

2.3.Хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж байсан учир Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, Нийгмийн даатгалын ерөнхий хууль (2023 он)-ийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх” гэж зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/85 дугаартай ажилгүйдлийн тэтгэмжийг Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхэмжлэх агуулга бүхий албан бичгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “*******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, нэг удаагийн тэтгэмж олгох тухай” Б/50 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажилгүйдлийн тэтгэмжийн тооцоолол, Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай ******* нь хүн амын амьжиргааны доод түвшингээс бага, доогуур буюу орлогогүй болохыг тодорхойлсон агуулга бүхий албан бичиг, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан ажил идэвхтэй хайгчаар бүртгэгдсэн тус хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 288 дугаар албан бичгийн хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 192/ШТ2025/00046 дугаар тогтоолын тус шүүхийн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 128/ШЗ2025/0495 дугаар захирамжийн тус шүүхийн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэгийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн огноо бүхий ярилцлага, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/21973 дугаар захирамжийн тус шүүхийн тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг,

Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч ******* нь ажилгүйдлийн тэтгэмж авах тухай асуудлаар нийгмийн даатгалын байгууллагад хандаж байсан талаарх лавлагааг гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 11,511,526 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь намайг ажлаас чөлөөлсөн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг гардуулаагүйн улмаас нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрсэн учир 11,511,526 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авсан бөгөөд уг өдрөөс хойш 14 хоног, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор ажилгүйдлийн тэтгэмж авах талаар холбогдох байгууллагад хандах бүрэн боломжтой байхад хандаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч *******ыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар намайг Нисэхийн сургалтын төвийн дэд захирлын албан тушаалаас чөлөөлсөн. (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

4.2.Нэхэмжлэгчид дээр дурдсан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг гардуулаагүй.

4.3.Нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгчид ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй тухай хариу өгсөн. (хавтаст хэргийн 51 дэх тал)

4.4.Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. (хавтаст хэргийн 54 дэх тал)

 

5.Нэхэмжлэгч *******ыг хариуцагч байгууллагын Нисэхийн сургалтын төвийн захирлын албан тушаалаас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн үйл баримтын хувьд зохигч талууд маргаангүй. Харин уг тушаалыг гардуулсан үйл баримтын хувьд маргаантай байна.

 

5.1.Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс “...ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо болтол гардуулаагүй..., уг тушаалын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбарыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авсан...” гэж тайлбарласан бол хариуцагч нь “...2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан...” гэж тайлбарлаж байна.

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө…” гэж заажээ.

 

6.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс “...ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо болтол гардуулаагүй..., уг тушаалын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбарыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авсан...” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хариуцагч нь тушаалын эх хувийг гардуулсан болохыг нотлох үүрэгтэй.

 

6.2.Өөрөөр хэлбэл, байгууллагын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг хүлээлгэн өгснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Учир нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг ажилтан хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд эрх бүхий байгууллагад хандах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийн эх хувь зайлшгүй шаардлагатай тул Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасан “…уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө…” гэдэгт тушаалын эх хувийг хүлээлгэн өгөхийг ойлгох нь зүйтэй.

 

6.3.Хавтаст хэрэгт нэхэмжлэгчид дээр дурдсан Б/50 дугаар тушаалын эх хувийг хүлээлгэн өгсөн тухай баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй буюу хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлээ нотлоогүй учир нэхэмжлэгчийн “...тушаалыг гардуулаагүй...” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

7.Нэхэмжлэгчийн хувьд өөрийг нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг ажил олгогч буюу хариуцагч байгууллага хүлээлгэж өгөөгүйн улмаас нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/85 дугаартай албан бичиг болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас тус газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/1623 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн *******ын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн огноо бүхий гомдолд “...2023.04.17-нд өргөдөл гаргахад мэргэжилтэн нь... ажлаас халагдсан тушаал чинь шаардлага хангахгүй байна гээд бүртгэхээс татгалзсан..., нэг цэгийн үйлчилгээний ажилтан нь... ажлаас халагдсан тушаал чинь эх хувиараа эсхүл нотариатаар батлуулсан байх ёстой... шалтгаанаар буцаасан...” гэж дурдсан байгаагаар тогтоогдож байна.

 

7.1.Иймд “...Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, Нийгмийн даатгалын ерөнхий хууль (2023 он)-ийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нийгмийн даатгалын байгууллагад хандах бүрэн боломжтой байсан…” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

8.Түүнчлэн, Нийгмийн даатгалын ерөнхий хууль (2023 он)-ийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д зааснаас үзэхэд ажилтан буюу даатгуулагч нь ажил олгогчийн буруугаас тэтгэвэр, тэтгэмжийн төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмжийн зардлын төлбөрийг авч чадаагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

8.1.Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй бөгөөд уг эрхээ хариуцагчийн буруутайн улмаас эдэлж чадаагүй байх тул ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

 

8.2.Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг холбогдох хууль тогтоомжид үндэслэн 11,511,526 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч талаас баримтаар няцаагаагүй учир нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллагаас 11,511,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар хариуцагч байгууллагаас 199,134 төгрөг гаргуулж, төрийн сангийн 100200100941 дугаар дансанд нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 11,511,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 199,134 төгрөг гаргуулж төрийн сангийн 100200100941 дугаар дансанд төлүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД