| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0662/З |
| Дугаар | 128/ШШ2025/0937 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0937
2025 12 10 128/ШШ2025/0937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Х х б” ХК
Хариуцагч: Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хянан шалгагч, улсын байцаагч С.Б
Маргааны төрөл: “Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хянан шалгагч, улсын байцаагч С.**ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №** тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б**, Х.О**, хариуцагч С.Б**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Х** х** б**” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хянан шалгагч, улсын байцаагч С.Б** нь 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр *** дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай Эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж, “Х** х** б**ны Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б-22/931 дугаартай тушаалаар А.Э**ийг Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор томилж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай “Томилгоо хийх тухай” тогтоолоор баталгаажуулсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох тухай” тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтад заасан шаардлагад нийцэхгүй, Х** х* б*-аас тайлбар мэдүүлэг авсан боловч зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байх тул” гэж дүгнээд, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу “**-ны Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтыг зөрчсөн” үйлдэлд хэрэг нээсэн. ХХБ-ны зүгээс тус дээрх нөхцөл байдал нь Банкны тухай хуулийг зөрчөөгүй тухай тайлбарыг хүргүүлсэн боловч Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хянан шалгагч, улсын байцаагч С.Б**ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №** дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу 10,000 нэгжээр торгох шийтгэлийг ХХБ-нд ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, 1. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтад “... Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараахь үүргийг заавал тусгана: банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх.” гэж заасан ба тус заалт нь банкны Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн гишүүн нь “өөрийн ТУЗ-ийн гишүүн гэсэн үүрэг, статусыг ашиглан банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, нөлөөлөхгүй байх агуулга”-ыг илэрхийлснийг Улсын байцаагчийн зүгээс буруу тайлбарлаж байна гэж үзэж байна.
2. Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан Банкны ТУЗ-ийн гишүүнд тавигдах шалгууруудад “тухайн банкинд ажил албан тушаал хашдаггүй байх” талаар дурдаагүй, Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.2 дахь заалтад “Энэ хуулийн 81.2-т заасан нэр дэвшүүлэх хороо нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд дараах шалгуурыг хангасан хүний нэрийг дэвшүүлнэ: өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;” гэж, Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.3 дахь заалтад “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна: тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй” гэж тус тус заасан нь тухайн банканд ажилладаггүй байх шалгуур нь зөвхөн ТУЗ-ийн хараат бус гишүүнд тавигддаг болохыг харуулж байна.
Өөрөөр хэлбэл Банкны тухай хуулийн холбогдох зохицуулалтын үгчилсэн утга, бүтэц зэргээс үзвэл ТУЗ-ийн гишүүн нь хуульд заасан бүх шалгуурыг хангаж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох ба ийнхүү сонгогдсоны дараа Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтад заасан үүргийг буюу ТУЗ-ийн гишүүний хувьд банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх үүргийг хүлээж ажиллахыг хууль тогтоогчоос тогтоож хуульчилсан. Харин улсын байцаагч ТУЗ-ийн гишүүний хуульд заасан аль нэг үүргийг хуулиар нэг бүрчлэн тогтоосон шалгуурууд дээр өөрийн үзэмжээр нэмж оруулж тайлбарлаж байгаа нь дээр дурдсан хэм хэмжээний агуулгад нийцээгүй.
Мөн, томоохон компаниудад Гүйцэтгэх захирал, Санхүү, Үйл ажиллагаа хариуцсан захирлууд нь ТУЗ-ийн гишүүн байх практик олон улсын хэмжээнд түгээмэл байх бөгөөд энэ нь тухайн компанийн ТУЗ-ийн түвшинд гарч буй шийдвэрүүд компанийн бодит нөхцөл байдалтай уялдаж нийцэж байх, ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын хооронд хийдэл, хоосон зай үүсэхээс сэргийлэх, ТУЗ-ийн хүлээлт болон Гүйцэтгэх удирдлага, компанийн бодит чадамжийг нийцүүлж илүү оновчтой шийдвэр гаргах давуу талтай байдаг гэж үздэг. Энэ талаар хайлт хийж үзэхэд Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Австрали Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Сингапур Улс зэрэг дэлхийн тэргүүлэх 100 эдийн засаг бүхий улсуудаас 99 нь энэ тогтолцоог дэмждэг байна.
3. Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн хувьд А.Э** нь өөрийн ажил үүргийг ХХБ-тай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэдэг. Харин иргэний хувьд ТУЗ-ийн гишүүний үүргийг Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, “Х** х** б** ХК-ийн дүрэм” болон тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журмын дагуу хэрэгжүүлдэг. Тодруулбал тэрээр Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн хувьд бус Хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгогдсон банк санхүүгийн салбарт олон жил ажилласан мэдлэг, туршлага, чадвартай ТУЗ-ийн гишүүний хувьд ТУЗ-д танилцуулж, хэлэлцүүлж буй асуудлуудад санал, зөвлөмж, дүгнэлтээ өгч, аливаа асуудлыг шийдвэрлэхэд ТУЗ-ийн гишүүний хувьд нэг саналын эрхтэй оролцдог. Өөрөөр хэлбэл энэ хоёр чиг үүргийг тус тусын гэрээ болон хууль, тогтоомж, журмын хүрээнд бие даасан байдлаар, давхардал үүсгэхгүйгээр гүйцэтгэж байна.
4. Банкны ТУЗ-ийн ердийн гишүүн нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тусгайлан заасан шалгуурыг хангасан байх шаардлагатай ба Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсэгт “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг банкнаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Монголбанк тогтоож, энэ тухай банкинд мэдэгдэнэ.” гэж заасны дагуу банкны ТУЗ-ийн гишүүн болох этгээд нь Банкны тухай хуульд заасан дээрх шалгуурыг хангаж буй эсэхээ Монголбанкаар тогтоолгодог. Монгол Улсын иргэн А.Э** нь ХХБ-ны Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б-22/931 дугаартай тушаалаар Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор томилогдсон ба үүнээс хойш буюу ХХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын 09 тоот тогтоолоор А.Э** тус банкны ТУЗ-ийн ердийн гишүүнээр анх сонгогдсон ба Хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хурлын 02 тоот тогтоолоор дахин сонгогдож, өнөөдрийг хүртэл ХХБ-ны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А-1/277 тоот албан бичгээр А.Э** нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалт, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаж байгаа тухай мэдэгдлийг ирүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, ХХБ-ны Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж буй А.Э**ийг анх ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллах үед Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А-1/277 тоот албан бичгээр “А.Э** нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалт, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаж байна" гэж үзсэн.
Нийтлэг агуулгын хувьд компанийн, ялангуяа нээлтэй хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь тухайн банкны хувьцаа эзэмшигчтэй бизнес, хөдөлмөрийн харилцаа зэрэг бусад байдлаар холбогдоогүй байдаг тул хувьцаа эзэмшигчээс “хараат бус”-аар ажиллаж, тухайн компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэйгээр ажилладаг. Харин ердийн гишүүний хувьд Төлөөлөн удирдах зөвлөлд хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хувьцаа эзэмшигчтэй хувийн, ажил албан тушаал, хөдөлмөрийн зэрэг харилцааны хамаарлын хүрээнд хүлээн авч тодорхойлон хамгаалдаг гишүүд байдаг. Гэтэл ердийн гишүүн тухайн компани/банкинд ажиллаж болохгүй, энэ нь компанийн үйл ажиллагаанд оролцож байгаа явдал гэж тайлбарлаж байгаа нь ТУЗ-ийн ердийн гишүүний чиг үүргийн үндсийг ойлгоогүй, хараат бус гишүүн болон ердийн гишүүний ялгааг үгүй хийсэн агуулгатай байна.
5. *** дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай Эрх бүхий албан тушаалтны тогтоолд “... Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай “Томилгоо хийх тухай” тогтоолоор баталгаажуулсан. ...” гэж дурдсан боловч Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай “Томилгоо хийх тухай” тогтоол нь А.Э**ийг Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор томилогдсоныг баталгаажуулсан тогтоол биш юм. Тодруулбал, тус тогтоолоор “тухайн тогтоолын хавсралтад заасан Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон болон томилогддог Х** х** б**-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Гүйцэтгэх захирлын орлогчдыг цаашид шинээр ажил албан тушаалд томилох тохиолдолд ТУЗ томилж байх”-аар шийдвэрлэсэн. Иймд, ХХБ-ны Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж буй А.Э**ийг ТУЗ-ийн гишүүнээр сонгосон нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтыг зөрчсөн үйлдэл биш тул Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хянан шалгагч, улсын байцаагч С.Б**ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №** дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б** шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Х** х** б**” ХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч нь “Х** х** б**” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байна. Монгол улсын төв банкны хянан шалгагч С.Б** нь “Х** х** б**” ХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийг Банкны хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтад нийцээгүй буюу банкны дүрэмд заасан өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх гэж заасан зохицуулалттай нийцэхгүй байна гэсэн агуулгаар шийтгэлийн хуудас тогтоосон. Эхний үндэслэлийн хувьд Монгол улсын төв банкны хянан шалгагч С.Б** нь Банкны хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалт буюу Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Банкны хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалт нь банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, түүний дарга дарга нарт хүлээлгэх үүргийг тодорхойлж өгсөн заалт юм. Энэ заалт нь банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний тодорхой үйлдлүүдийг ямар тохиолдолд зөрчилд тооцох талаар тогтоогоогүй. Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлд Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагуудыг заасан бөгөөд тухайн банканд ажил албан тушаал эрхэлдэггүй байх гэсэн агуулга дурдагдаагүй. Х** х** б**ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э**ийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилох асуудлыг банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэхийн өмнө Х** х*** б**аас хуульд заасан журмын дагуу Монгол улсын төв банканд хандаж Монгол улсын төв банкны Ерөнхийлөгчийн гарын үсэгтэйгээр зөвшөөрлийг авсан. Зөвшөөрлийн албан бичиг хэрэгт хавсрагдсан. “Х** х** б**” ХК-ийн гүйцэтгэх захирал нь А.Э**ийг гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байгаагийнх нь хувьд гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор тодорхойлж байгаа. Монгол улсын төв банкны ерөнхийлөгч гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э**ийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шаардлага хангаж байна гэж үзэж уг албан тушаалд ажиллах зөвшөөрлийг олгосон. Үүний дараагаар Монгол улсын төв банкны хяналт шалгалтын газраас гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийг шаардлага хангахгүй байна гэсэн агуулгатай албан бичгийг Монгол улсын төв банкнаас 3 удаа Х** х** б**д ирүүлсэн. Манай зүгээс тухайн үед холбогдох хариунуудыг өгсөн.
Хувьцаа эзэмшигчдийн хурал нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох эрхтэй. Банкны тухай хуульд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилохдоо Монгол улсын төв банкнаас зөвшөөрөл авах шаардлагатай гэж хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээг зааж өгсөн. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон. Олон улсад энэ талаар яаж зохицуулдаг талаар хиймэл оюун ухаанаас лавлаж үзэхэд дэлхийн тэргүүлэх 100 эдийн засаг бүхий улсуудаас 99 улсад тухайн Компанийн гүйцэтгэх удирдлагын ажилтан нь төлөөлөн удирдах зөвлөлдөө ажиллаж болохгүй гэсэн зохицуулалт байдаггүй. Герман улс энэ талаар хориглодог зохицуулалттай. Герман улсын энэ талаар зохицуулсан хуулиас иш татвал Герман улсын төлөөлөн удирдах зөвлөл нь 2 танхимтай. Дээд танхимд нь төлөөлөн удирдах зөвлөл, доод танхимд нь гүйцэтгэх захирал, удирдлагууд нь байдаг бүтэцтэй тул Герман улс бусад орнуудаас онцлогтой. Дэлхийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайн байгууллагын гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан захирал, үйл ажиллагаа хариуцсан захирлыг томилдог. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг банк нараас дурдвал Т* х** б**, Б** б**, Х** б** зэрэг байгууллагуудад гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д заасан банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх гэсэн заалтын оролцох гэдэг нь хөндлөнгөөс оролцохгүй байх, нөлөөлөхгүй байх гэсэн агуулгатай буюу гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажлыг хийх үүрэгтэй гэх агуулга. “Х** х** б**” ХК-ийн хувьд Монгол улсын төв банканд гүйцэтгэх захирлын орлогч А.Э**тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам зэрэг холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э** нь гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийнхоо хувиар хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хийж гүйцэтгэж байгаа юм. Харин төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн журамд заасан эрх үүргийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэрийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хороодын хурлуудад ажиллах байдлаар эрхээ хэрэгжүүлдэг. Иймд Монгол улсын төв банкны хянан шалгагч С.Б**ийн байр суурь нь Монгол улсын төв банкны Ерөнхийлөгчөөс илэрхийлсэн байр суурьтай зөрчилдөж байх тул Монгол улсын төв банкны хянан шалгагч С.Б**ийн тогтоосон шийтгэлийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Хариуцагч С.Б** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Х** х** б** Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э** нь тус банкны ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтад ТУЗ-ийн дарга, гишүүн “банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх” гэж заасныг зөрчин банкны Гүйцэтгэх удирдлагын багт ажиллан, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байх тул Монголбанкны хянан шалгагч, Улсын байцаагч С.Б** би, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг үндэслэл болгон Зөрчлийн хэрэг нээж 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн болно.
Х** х** б** ** дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай танай шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Шийтгэл оногдуулсан ЭБАТ би энэхүү нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Банк санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна" гэж заасан. Банкны харилцааг яагаад тусдаа хуулиар зохицуулдаг вэ гэвэл энгийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс онцлогтой, бусдын хөрөнгийг татан төвлөрүүлж, түүгээрээ зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Иймээс банкны хувьд зохистой засаглалын тогтолцоог зохицуулах байгууллагаас тусгайлан тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.7-д “банкны зохистой засаглалын бодлого, журмыг тогтоож хэрэгжилтэд хяналт тавих” гэж, 43 дугаар зүйлийн 43.2.11-т “Монголбанкнаас тогтоосон банкны зохистой засаглалын журмын хэрэгжилтийг хангах” гэж тус тус заасны дагуу Монголбанк хэрэгжүүлдэг. Мөн Монгол Улсын арилжааны банкнуудын нийт санхүүжилтийн 80 гаруй хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хадгаламж эзэлдэг. Банкийг хянан зохицуулах байгууллага нь Төв банк байх бөгөөд энэ харилцааг Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль тогтоомжуудаар зохицуулдаг.
Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,4.5-т “банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх” гэсэн заалт нь хуулиар тогтоосон зохистой засаглалын шаардлага бөгөөд энэхүү шаардлага нь банкны зохистой засаглалын гол зарчим болох эрх мэдэл-хяналтын заагийг бүрдүүлж, банкны ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг тодорхой ялгаж, хяналтын үр нөлөөг хангах зорилготой чухал зохицуулалт болно. Тухайлбал, ТУЗ нь бодлогын түвшний шийдвэр, стратеги, хяналтын чиг үүрэгтэй бол банкны Гүйцэтгэх удирдлага нь банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, хэрэгжилтийг хангаж ажиллах, ТУЗ-д ажлаа тайлагнах, хянуулах чиг үүрэгтэй зэрэг ялгаатай байдаг.
2. “Х** х** б** хувьцаат компанийн дүрэм”-ийн 12.1 дэх хэсэгт Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч нь албан ёсны шийдвэр гаргах, гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог банкны эрх бүхий албан тушаалтан байна гэж заасан.
3. Х** х** б**ны Үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч/А.Э**/-той байгуулсан “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-ний 1.5.1-1.5.5 дахь заалт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б**ын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Х** х** б**ны Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн хийж гүйцэтгэх ажлын хувьд ямар чиг үүрэгтэй вэ?” гэсэн асуултад “Агуулгын хувьд банкны бизнесийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны шинжтэй бүх газар, нэгжүүдийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажилладаг”, “Х** х** б**ны Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн ажил үүргийн хуваарьт банкны өдөр тутмын үйл ажиллагаа орох уу?” гэсэн асуултад “Үйл ажиллагааны чиглэлийн бүхий л үйл ажиллагаа орно” гэснээс үзэхэд тус албан тушаалтан нь банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байна.
4. Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу Монголбанкнаас арга хэмжээ авч, зөрчлийг арилган хуульд нийцүүлэх талаар удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч банкны зүгээс биелүүлж ажиллаагүй;
5. Х** х** б**ны Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 04 дүгээр 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э**ийг ТУЗ-ийн ердийн гишүүнээр томилсон нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д заасан “банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх” заалтыг зөрчсөн байна” гэжээ.
Хариуцагч С.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын төв банкнаас үндсэн чиг үүргийнхээ хүрээнд арилжааны банкнуудад хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Миний бие “Х** х** б**” ХК-ийг хянан шалгагч, улсын байцаагчийн чиг үүргийн хүрээнд жил бүр газар дээрх болон зайны хянан шалгалтыг хэрэгжүүлдэг. 2023 оны 11 дүгээр сард Монгол улсын төв банкны хяналт шалгалтын газраас “Х** х** б**” ХК-д хийсэн газар дээрх иж бүрэн шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа нэр бүхий 2 албан тушаалтан гүйцэтгэх удирдлагад ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр шийтгэлийн акт тогтоосон. “Х** х** б**” ХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э**, гүйцэтгэх захирлын орлогч н.Г** гэж 2 хүнд шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын хүрээнд “Х** х** б**” ХК-иас гүйцэтгэх захирлын орлогч н.Г**ыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Монгол улсын төв банкны хянан шалгагч н.Халиун гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э**ийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх шаардлагыг “Х**х** б**” ХК-д 2023 оны 11 дүгээр сард хүргүүлснээс хойш одоо хүртэл биелүүлээгүйд хүрсэн бөгөөд Банкны тухай хуулийн Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д заасны дагуу хуульд нийцүүлэх талаар “Х** х** б**” ХК-д албан мэдэгдлийг 2024 оны 4 сард өгсөн байдаг. Миний бие 2024 оны 06 сарын 01-ний өдрөөс Х** х** б**ны хяналт шалгагчаар ажиллаж байгаа бөгөөд албан тушаалын чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э**ийн хууль зөрсөн үйлдлийг хуульд нийцүүлэх талаар бол мэдэгдэл өгсөн. Мөн зөрчлийн хэрэг нээх талаар анхааруулж явсаар байгаад 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шийтгэлийн хуудсыг бичсэн. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т банк санхүү, даатгал, үнэт цаасны салбар, компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, бусад хуулиар нийтлэг харилцааг зохицуулахаар заасан. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулиар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хувьцаат Компанийн хэлбэртэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулна. Банк нь энгийн аж ахуйн нэгжүүдээс онцлогтой үйл ажиллагаа эрхлэн явуулдаг буюу бусдын хөрөнгийг татан төвлөрүүлж, үүгээр зээл, санхүү, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Иймд төлөөлөн удирдах зөвлөл нь банкны зохистой засаглалын бодлого, журмыг тогтоож хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.7-д зааж өгсөн байдаг.
Монгол улсын арилжааны банкнуудын нийт санхүүжилтийн 80 гаруй хувийг бусдаас татан төвлөрүүлсэн харилцах хадгаламж эзэлдэг. Банкны хяналт зохицуулалтын байгууллага буюу Монгол улсын төв банк банкны үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө, эрх ашгийг хамгаалах чиглэлээр хяналт тавьдаг. Х** х** б** хувьцаат компанийн хувьд Компанийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч нь албан ёсны шийдвэр гаргах, гэрээ хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог банкны эрх бүхий албан тушаалтан байна гэж заасан байдаг. “Х** х** б**” ХК нь системийн том банк тул гүйцэтгэх удирдлагыг нэг хүн хэрэгжүүлэхэд үнэхээр учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл зарим эрх мэдэл, чиг үүргийг тодорхой албан тушаалтнуудад хуваарилж өгсөн байдаг. Тухайн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн албан тушаалд 4 албан тушаалтан байдаг. Мөн гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаалд тодорхой хэмжээний хүмүүсийг хуваарилсан байдаг. Холбогдох хууль тогтоомжуудаар банкны гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхыг зөвшөөрдөг. Практикт гүйцэтгэх захирлын албан тушаалыг орлож байгаа хүнийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилж байсан хэдий ч томилохыг зөвшөөрсөн хуулийн заалт байдаггүй. Нэхэмжлэгч талаас намайг хуулийг буруу тайлбарласан гэх тайлбар өгч байна. “Х** х** б**” ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э**тэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5.1-1.5.5 дахь зохицуулалтын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б**аас мэдүүлэг авсан. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн уг мэдүүлэгт Х** х** б**ны үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн хийж гүйцэтгэх ажлын чиг үүргийн талаар асуусан асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б** агуулгын хувьд банкны бизнесийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны шинжтэй бүх газар, нэгжүүдийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажилладаг гэх тайлбарыг өгсөн байдаг. Мөн “Х** х** б**” ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн ажил үүргийн хуваарьт банкны өдөр тутмын үйл ажиллагааны чиглэлийн бүхий л үйл ажиллагаанд ордог гэх тайлбараас харвал “Х** х** б**” ХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э** нь банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог болох нь нотлогдож байна. Иймд Монгол улсын төв банкны зүгээс Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу дээрх үйлдлийг хуульд нийцүүлэх талаар тус банканд удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч биелүүлж ажиллаагүй. “Х** х** б**” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2 дугаар тогтоолоор үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э**ийг төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр томилсон нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д заасан банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх эсэх заалтыг зөрчиж байна. Иймд Х** х** б** Монгол улсын төв банкнаас баталсан Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт шалгалтын журамд заасан зохистой засаглалыг хэрэгжүүлэх чиг үүргийг биелүүлэхгүй ажиллахгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “Х** х** б**” ХК нь “Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч С.Б**ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №** тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч С.Б**ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №** тоот шийтгэлийн хуудсаар “Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн зүйлийн 31.4-д “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг банкны дүрмээр зохицуулах бөгөөд уг журамд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараахь үүргийг заавал тусгана”, 31.4.5-д “банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх” гэж заасан байна.
Тодруулбал, дээрх №** тоот шийтгэлийн хуудсаар “Х** х** б**” ХК-ийг Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д “банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.
2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Онцгой нөхцөл бүхий Хөдөлмөрийн гэрээ” болон “Х** х** б**” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б-22/931 дугаар тушаалаас үзэхэд А** овогтой Э** нь гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн албан тушаалд ажилладаг болох нь тогтоогдож байна.
Мөн “Х** х** б**” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор А.Э**ийг “Х** х** б**” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр томилсон байна.
Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Банкны төлөөлөн удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.3.7-д “банкны зохистой засаглалын бодлого, журмыг тогтоож хэрэгжилтэд хяналт тавих” гэж тус тус заасан байна.
Мөн Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Монголбанк дараахь бүрэн эрхтэй”, 43.2.11-т “Монголбанкнаас тогтоосон банкны зохистой засаглалын журмын хэрэгжилтийг хангах” гэж тус тус заасан байна.
Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, “Х** х** б**” ХК-ийн дүрмийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд, Төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй болох нь тодорхой байна.
Иймд дээр тайлбарласан хуулийн зохицуулалтууд болон үйл баримтуудаас үзэхэд, “Х** х** б**” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь давхар гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаалыг хаших нь зохистой засаглалын гол зарчим болох эрх мэдэл-хяналтын заагийг бүрдүүлэх зарчимд нийцэхгүй” гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал, банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаалд давхар ажиллах нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн зүйлийн 31.4.5-д “банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх” гэж заасантай болон зохистой засаглалын бодлого, зарчимд нийцэхгүй байна.
Арилжааны банк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж, хадгалдаг онцлог статус бүхий хуулийн этгээд учир зохистой засаглалын бодлогыг үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдөх үүрэгтэй ба үүнээс үзэхэд, маргаан бүхий Монголбанкны улсын байцаагч 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №** тоот шийтгэлийн хуудас нь Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж заасан Монголбанкны үйл ажиллагааны чиглэл, зорилгод нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн албан тушаалыг давхар эрхлэх нь банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг сулруулах эрсдэлтэй байх тул Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хянан шалгагч, улсын байцаагч С.Б**ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №** тоот шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.7, 31.4.5, 43 дугаар зүйлийн 43.2.11, Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч С.Б**ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “Х** х** б**” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ