| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0455/З |
| Дугаар | 128/ШШ2026/0087 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2026/0087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Хл /РД:НО/,
Нэхэмжлэгч:Д.*******долгор /РД:АЭ/,
Нэхэмжлэгч: Т.Эан /РД:МН/,
Нэхэмжлэгч: Н.Др /РД:КЙ3/,
Нэхэмжлэгч: А.Гм /РД:БЮ/,
Нэхэмжлэгч: Ц.Ал /РД:ХВ/,
Нэхэмжлэгч: Б.Ад /РД:КЮ/,
Нэхэмжлэгч: Л.Хү /РД:ОФ/,
Нэхэмжлэгч: Т.Отл /РД:МЭ/,
Нэхэмжлэгч Б.Нл /РД:ИБ/,
Нэхэмжлэгч: Ж.Дн /РД:ИО/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарын хоорондын нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэгч Д.*******долгор, Т.Эан, Н.Д, Б.Нл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бт, Б.Дл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Гэ нар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/234 болон А/237 дугаар захирамжийн Түргэн үйлчилгээний цэгт хамаарах хэсгийг хүчингүй болгох,
1.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолоор баталсан Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам-ын 3.6 дахь хэсэг, 6.2.7 дахь хэсэг, 5.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийн бүрдүүлж захиргааны акт гаргахын Нийслэлийн Засга дарга Х.Нямбаатарт даалгах.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай:
2.1.Нэхэмжлэгч Т.Отлын тухайд 2018 оноос Баянгол дүүргийн 5-р хороо, өргөн чөлөө, эмнэлгийн автобусны буудалд түргэн үйлчилгээний цэг ажиллуулж эхэлжээ[1].
2.2.Нэхэмжлэгч Б.Нлийн тухайд 2019 оноос хойш Баянгол дүүргийн 5-р хороо, өргөн чөлөө, эмнэлгийн автобусны буудалд түргэн үйлчилгээний цэг ажиллуулж эхэлсэн.
2.3.Нэхэмжлэгч Л.*******долгорын тухайд Баянгол дүүргийн 5-р хороо, автобусны буудалд байршилтай түргэн үйлчилгээний цэгийг 2018 онд иргэн Ц.Поос 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[2]-ний дагуу худалдан авч үйл ажиллагаа явуулж байжээ.
2.4.Нэхэмжлэгч Ш.Днгийн тухайд Баянгол дүүргийн 1, өргөн чөлөө гудамж, автобусны буудалд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг 2014 оноос хойш эрхэлж[3] байсан.
2.5.Нэхэмжлэгч А.Гмын тухайд Баянзүрх дүүргийн 1-р хороо, гудамж, ын автобусны буудалд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байсан байна.
2.6.Нэхэмжлэгч Н.Дгийн тухайд 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн , сургуулийн автобусны буудалд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг эрхэлж эхэлсэн байна.
2.6.1.Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа нэхэмжлэгч Н.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ-г[4] Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай 5 жилийн хугацаатайгаар, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ-г[5] С ХХК-тай тус тус байгуулж байжээ.
2.7.Нэхэмжлэгч Л.Хүгийн тухайд Сүхбаатар дүүргийн , автобусны буудалд 2015 оноос хойш түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлжээ.
2.7.1.Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа нэхэмжлэгч Л.Хү нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар тохижилт ХХК нартай хог тээвэрлэх гэрээг[6] байгуулж байсан байна.
2.8.Нэхэмжлэгч Б.Адын тухайд Сүхбаатар дүүргийн , ны автобусны буудалд 2011 оноос хойш түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байсан байна.
2.9.Нэхэмжлэгч Ц.Алын тухайд 2013 оноос хойш Сүхбаатар дүүргийн , тоотод түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж[7] байсан байна.
2.10.Нэхэмжлэгч Т.Эангийн тухайд Хан-Уул дүүргийн 19- хороо, автобусны буудалд 2013 оноос хойш түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байжээ.
2.11.Т.Эан нь түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэх хугацаандаа буюу 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаагаар У ХХК-тай Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г[8] байгуулсан байна.
2.12.Нэхэмжлэгч Д.Хлын тухайд өөрийн Хан-Уул дүүргийн 19- хороо, ын автобусны буудалд түргэн үйлчилгээний цэгийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.А*******оос 16,000,000 төгрөгөөр худалдан авч байжээ.
2.12.1.Түүнчлэн тухайн түргэн үйлчилгээний цэгийн өмнөх эзэмшигч болох Г.А*******р, нэхэмжлэгч Т.Эан нар нь 2019 онд дээрх өөрийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгүүдийн байршил, газар чөлөөлөлттэй холбоотойгоор маргаж байсан бөгөөд тус захиргааны хэрэг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0647 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэгдэж байжээ.
2.13.Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар нь түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг тус тусын байршилд эрхэлж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханга, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамжийг чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах зорилгын хүрээнд Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/234 дугаар захирамжийг[9] гаргаж, газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах, газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлэх чөлөөлөгдсөн нийтийн эдэлбэрийн газрыг хамгаалалт, арчилгааг хариуцах ажлыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ.
2.14. Түүнчлэн мөн өдөр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч, зөрчлийг арилгах, хашаа хайсыг буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж, зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/237 дугаар захирамж[10]-ын 1-р хавсралтаар байгуулсан байна.
2.14.Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжуудын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлж, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх тухай А/161 дүгээр захирамж[11], 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлж, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх тухай А/184 дүгээр захирамж[12], 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай А/205 дугаар захирамж[13], 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх тухай А/290 дүгээр захирамж[14] тус тус гарч газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 6 дүгээр сарын 13-ны өдрийн 13/9 дугаар мэдэгдэх хуудсыг иргэн Т.Отлд[15], 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 13/8 дугаартай мэдэгдэх хуудсыг иргэн Б.Нлд[16], 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/1 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдлийг[17] иргэн Ц.Днд тус тус хүргүүлжээ.
2.14.1.Улмаар нэхэмжлэгч Т.Отлын Баянгол дүүргийн 5-р хороо, өргөн чөлөө, эмнэлгийн автобусны буудалд түргэн үйлчилгээний цэг, нэхэмжлэгч Б.Нлийн Баянгол дүүргийн 5-р хороо, өргөн чөлөө, эмнэлгийн автобусны буудалд түргэн үйлчилгээний цэг, нэхэмжлэгч Л.*******долгорын Баянгол дүүргийн 5-р хороо, автобусны буудалд байршилтай түргэн үйлчилгээний цэг, нэхэмжлэгч Ш.Днгийн Баянгол дүүргийн 1, өргөн чөлөө гудамж, автобусны буудалд түргэн үйлчилгээний цэгийг тус тус албадан чөлөөлсөн байна.
2.15.Баянзүрх дүүргийн Засаг дараас 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А/108 дугаар захирамжийг[18] гаргаж, тус захирамжийн дагуу нэхэмжлэгч А.Гмын Баянзүрх дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүлсэн.
2.16.Хан-Уул дүүргийн Засаг даргаас Нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Газрын зөрчил арилгаж, албадан чөлөөлөх арга хэмжээ авах тухай А/202 дугаар захирамжийг[19] гаргаж, түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэх арга хэмжээ авах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн захирамжийн 1 дүгээр хавсралтаар[20] байгуулсан. Улмаар 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглох тухай А/224 дугаартай захирамж[21] гарчээ.
2.17.Дээрх дүүргийн Засаг даргын захирамжуудын дагуу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Т.Эанд 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 170205 дугаар мэдэгдэх хуудсыг[22], 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн *******дугаар мэдэгдэх хуудсыг[23], иргэн Д.Хлд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар мэдэгдэх хуудсыг[24], 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* мэдэгдэх хуудсыг[25] тус тус хүргүүлсэн байна.
2.17.1.Улмаар нэхэмжлэгч Т.Эан, Д.Хл нарын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэгүүдийг Хан-Уул дүүргийн Засаг даргын А/202 дугаартай захирамжийн дагуу нүүлгэн шилжүүлжээ[26].
2.18.Харин Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар албанаас иргэн Н.Дд 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 8 дугаартай мэдэгдлийг[27], иргэн Б.Адод 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар мэдэгдлийг, иргэн Ц.Алд 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
2.18.1.Улмаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр нэхэмжлэгч Н.Д, Ц.Ал, Б.Ад нарын Сүхбаатар дүүрэг үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлсэн байна[28].
2.19.Улмаар нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ын хэрэгжилтийн хангаагүй эс үйлдэхүйг тогтоолгож, Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх ажлаа хийж, уг журмын хэрэгжилтийг хангах захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан[29].
2.20.Шүүхийн зүгээс тухайн нэхэмжлэлд 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2025/3114 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2025/3616 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж[30], хэрэг хариуцагч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.21.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Длаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/234 болон А/237 дугаар захирамжийн Түргэн үйлчилгээний цэгт хамаарах хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолоор баталсан Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам-ын 3.6 дахь хэсэг, 6.2.7 дахь хэсэг, 5.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийн бүрдүүлж захиргааны акт гаргахын Нийслэлийн Засга дарга Х.Нямбаатарт даалгах гэж тодорхойлсны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн.
Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Длаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолоор "Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам"-ыг баталсан байх ба уг журамд зааснаар түргэн үйлчилгээний цэг нь худалдааны төрөлд багтаж байна гэж үзэх боломжтой. Тодруулбал тус журмын 3.6-д түргэн үйлчилгээний цэг "нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцна" гэж, 6.2.7-д "Түргэн үйлчилгээний цэг нь цөөн, энгийн нэр төрлийн, хадгалах, худалдахад онцгой нөхцөл, горим шаарддаггүй барааг худалдах" үүрэгтэй гэж тус тус заасан. Дээрх журмын 5 дугаар зүйлд "Худалдаа, үйлчилгээ эрхлэхээр мэдэгдэх журмыг тодорхойлсон байна. Тодруулбал тус журмын 5.1-т "Иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ эрхлэх тухай мэдэгдлийг дараах дарааллын дагуу хүргүүлснээр үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ" гэж зааснаар Ulaanbaatar.mn цахим системд нэвтэрч холбогдох баримт бичгүүдийг хавсаргаснаар мэдэгдэл илгээх боломжтой болно. Гэвч бодит байдал дээр уг журмын 5.1.3-т үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хавсаргахаар зааснаар ТҮЦ дээрх журмын дагуу мэдэгдэл хүргүүлэх боломжгүй нөхцөл байдалд байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Жараннэгдүгээр зүйлийн 61.1-т "Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна" гэж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т "63.1. Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 63.1.2. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах" гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэй юм. Түргэн үйлчилгээний цэгийн байршлыг тогтоох ажиллагааг дүүргийн засаг нар явуулж байгаа эсэхэд хяналт тавиагүй, түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийг хангаагүй нь Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй болно. Мөн түүнчлэн Нийслэлийн засаг дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвшөөрөл шаардлагагүй зөвхөн бүртгүүлснээр худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэх боломжтой хэмээн 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ярьсан байдаг.
Хэдийгээр "Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам"-д зааснаар түргэн үйлчилгээний цэгийн байршлыг тогтоох нь дүүргүүдийн Засаг дарга нарын эрх хэмжээний асуудал боловч Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Нийслэл нь төрийн дээд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн гэж, тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т "Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж зааснаар Нийслэл нь дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, дүүргийн засаг дарга нар нь Нийслэлийн засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй байх тул Нийслэлийн Засаг дарга нь өөрийн чиг үүргийн хүрээнд "Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам"-ын хэрэгжилтийг хангах үүрэгтэй байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын түргэн үйлчилгээний цэгийг бүртгэхгүй байгаа, бүртгэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийг бүрдүүлж захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгаж өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Длаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ А/234, А/237 гэх захирамжууд бол ер нь дугаар нь л өөр өөр болохоос биш агуулгын хувьд ижилхэн байдлаар гарсан. Үүн дээр хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай гэж байгаа... 02 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд гэнэт 4 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. 6 дүүргийн хэмжээнд түргэн үйлчилгээний цэг ачилтын ажлыг явуулж эхэлсэн. Манай нэхэмжлэгчдийн хувьд 4 дүгээр сарын 11-ээс 6 сар хүртэлх хугацаанд 11 түргэн үйлчилгээний цэгийг ачсан. Одоогийн байдлаар зарим түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн түргэн үйлчилгээний цэг журмын хашаанд байгаа.4 дүгээр сард ингэж ачихдаа актаа ерөөсөө танилцуулаагүй... гэв.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бтаас шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг мөрдөж ажиллаагүй. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах боломжийг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах гээд байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд эдийн бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн тохиолдлыг ойлгоно гэсэн байна. Хариуцагчийг ямар тайлбар гаргах бол ямар баримт ирүүлэх бол гэхэд 2025 оны 4 сараас хойш хийсэн ажиллагаануудыг нэрлээд байгаа юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэг буюу Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны 13 дугаар зүйлд заасан оролцогчоор нэхэмжлэгч нарыг оролцуулаагүй гэж үзэх үндэслэл үүсэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйл дээр захиргааны акт, шийдвэр гаргахад эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг оролцуулах, түүний эрх зүйн үр дагаврыг бол маш тодорхой хуульчилсан. 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйл, 16 дугаар зүйл. Захиргааны үйл ажиллагаанд оролцогч болсноороо өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа, хөндөгдөж болзошгүй захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд урьдчилан саналаа өгөх, өөрийнхөө эрхийг зөрчүүлэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжийг Захиргааны ерөнхий хуульд заасан байдаг. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд зааснаар оролцогчийг оролцуулаагүй учраас оролцогчийн эдлэх ёстой эрх эдлэгдсэнгүй. Захиргааны актыг мэдэгдэх гээд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага мэдэгдэх үүрэг хүлээсэн байна. Харамсалтай нь энэ захиргааны актыг гаргасан этгээд мэдэгдсэнгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй хохироосон. Дээрээс нь албадлага хэрэглэхдээ захиргааны тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж, нэг ёсондоо Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй. Мөн Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрөөс хүний эрх, эрх чөлөөний зөрчилтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ эс биелүүлсэн. Захиргааны актын хувьд судлаад үзэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын үзэмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай гэж байгаа юм. Энэ дотор түргэн үйлчилгээний цэг гэдэг 1 ч ширхэг үг байхгүй. Тэгэхээр огт өөрт хамааралгүй асуудлаар хамааралгүй шийдвэрийг хамаатай юм шиг хэрэглэчихсэн байгаа юм. Одоо энэ нийслэлийнхнийг энэ түргэн үйлчилгээний цэг ачихад чинь А/237 хамаагүй шүү дээ гэхээр 1560 түргэн үйлчилгээний цэг аччихсан гээд өөрсдөө тайлбар өгдөг. Үүнийгээ газрын зөрчил арилгаж байна гэдэг. Гэтэл энэ захирамж дээр нь ерөөсөө тийм ойлголт, үг үсэг байхгүй. Захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч, зөрчлийг арилгах, хашаа, хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль тогтоомж, барилгын норм дүрмийг зөрчиж барьсан барилга байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж, зам талбайг чөлөөлөх гэсэн байгаа. Гэтэл энэ дотор түргэн үйлчилгээний цэг гэж байхгүй. Түргэн үйлчилгээний цэг гэдэг үгийг яагаад бид нар хэрэглээд байгаа гэхээр энэ маань бол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдсан журмуудаар түргэн үйлчилгээний цэг гэдэг үйлчилгээний төрлийг Улаанбаатар хотод эрхэлж болохоор заасан байгаа юм. Энэ нь 2025 оны 2 сарын 26-ны өдөр буюу хамгийн сүүлд батлагдсан Нийслэлд эрхлэх худалдаа үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх үүргийг тодорхойлсон нийтлэг журам гэсэн. Энэ бичиг баримтын 3.6 дээр түргэн үйлчилгээний цэг нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцна гэсэн ийм агуулгатай заалт байгаад байгаа юм. Гэтэл энэ журам дээр түргэн үйлчилгээний цэг байлгана гээд байдаг. Хотын дарга болохлоор түргэн үйлчилгээний цэг байлгахгүй гээд мэдэгдэл хийгээд байдаг. Тэгээд хэвлэл мэдээлэлд хийж байгаа мэдэгдлүүдийг нь харахаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлах үедээ бас бид нар ярья гэж бодож байна. 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Нийслэлийн Засаг дарга Нямбаатар хэлэхдээ, бид Улаанбаатар хотод удаа дараа социологийн судалгаа хийсэн. түргэн үйлчилгээний цэг үеэ өнгөрөөсөн гэсэн байдлаар тайлбар хийж Улаанбаатар хотод нэг ч түргэн үйлчилгээний цэг байлгахгүй гэсэн асуудал ярьсан. Нийслэлээс энэ социологийн судалгааны талаар мэдээлэл авсан. Гэтэл 4 сард ганцхан удаа Улаанбаатар.мн гэдэг сайтаар 4 мянган хүнд хийсэн судалгааныхаа дүнг 85%-тай гэсэн судалгааг тавьсан байгаа. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга бол удаа дараа социологийн судалгаа хийсэн гэж худлаа ярьж байна. 90-ээс дээш хувьтай иргэд эсэргүүцсэн гэж худлаа ярьж байна гэх мэтчилэн Үндсэн хуулиар заасан шударга байх, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж, хүний эрх, эрх чөлөөнд маш бүдүүлгээр ноцтой халдаад байгаа юм. Иймд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд Захиргааны шүүхэд бид нар хандаад байгаа. Захиргааны акт, магадгүй нийслэлийн гудамж талбайг сайжруулах тодорхой хууль зөрчсөн зүйлүүдийг хуульд нийцүүлэх зорилгоор гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн үйл ажиллагаанд яг ямар зүйл заалт нь хамаарч, халдлага хэрэглээд байгаа нь ойлгомжгүй байгаад байгаа юм. 4 сард бид нар түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн гомдлын дагуу түргэн үйлчилгээний цэг ачиж байгаа үйл ажиллагаанд очиж оролцож эхэлсэн. Оролцоод явахаар ямар захирамжийн дагуу ингэж албадлага хэрэглээд байгаа юм бэ? гэхээр захирамжаа гардуулж өгөөгүй, танилцуулаагүй байсан. Тэгээд бид нар нэхэж захирамжийг нь авч байгаа байхгүй юу. Тэгээд захирамж нь болохоор А/237 гэдэг. Наадах дээр чинь түргэн үйлчилгээний цэг гэдэг үг нь хаана байгаа юм гэхээр үгүй ээ, энүүгээр л ач гэсэн гээд шууд муйхарлаад албадлага хэрэглээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд А/237 дугаар захирамжийг түргэн үйлчилгээний цэгүүд хамааруулахын тулд дүүргүүдээс А/234 бүр А/211 гэсэн ч захирамж гаргасан байна лээ. Гэхдээ түүнийг нь үндэслэж дүүргүүд бол түргэн үйлчилгээний цэг албадан нүүлгэх тухай захирамж гаргаагүй байгаа юм. Тэгэхээр энэ А/237, А/234-ийг яагаад дүүргийн Засаг дарга нар өөрсдийнхөө захирамжийн үндэс болгоод түргэн үйлчилгээний цэгт албадлага хэрэглэх түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэх үндэслэл болгоод байгаа юм бэ гээд асуухаар нийслэлээс л энэ захирамжийг бариад түргэн үйлчилгээний цэгээ одоо зайлуул, арилга гэсэн гэж ярьсан байгаа юм. Шуурхай дээрээ ярьдаг гэж байгаа юм. Мөн Нийслэлийн Засаг дарга өөрөө телевиз радиогоор хотын менежер Батзориг гэдэг хүнийг энэ түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхгүйгээр өрөөндөө битгий ирээрэй гэж байгаа бичлэг байгаа. Тэгэхээр А/237 түргэн үйлчилгээний цэгт хамаатай юм шиг. Яг судлаад үзэхээр бол А/237, А/234 бол түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрхийг хязгаарласан, тодорхойлсон ямар нэгэн эрх зүйн хэм хэмжээ байхгүй байгаа юм. Тэгэхээр бид Нийслэлийн Засаг даргын А/237, А/234 захирамжууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны илт хууль бус акт байна гэж маргаад байгаа юм. Яагаад гэвэл тухайн актыг шууд биелүүлэх боломжгүй, өмнө нь сонсох ажиллагаа хийгдээгүй, ямар нэгэн байдлаар эрх ашиг нь хөндөгдсөн мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжтой, эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа энэ захиргааны актыг хэрэгжүүлэхэд ямар ч боломжгүй байгаа. Яагаад гэхээр оролцуулаагүй учраас нийтээр нь хоморголон эрх чөлөөнд нь халдсан. Түргэн үйлчилгээний цэг эрхлэгч болгоныг адилхан. Манай нэхэмжлэгчдийн дунд Эан гэдэг хүний түргэн үйлчилгээний цэг байгаа. Энэ бол бүүр Нийслэлийн захиргааны шүүхээс тухайн байршилд нь түргэн үйлчилгээний цэгийг нь байршуул гэсэн захиргааны шийдвэр гарчихсан шүүхийн шийдвэртэй түргэн үйлчилгээний цэг. Гэтэл одоо Хан-Уул дүүргийн Засаг дарга удирдлагууд бүгд наадах чинь л зөвшөөрөл чинь шүү дээ гэсээр байгаад захиргааны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хугацааг нь өнгөрүүлчихдэг. Үүнийгээ одоо наадах чинь хүчингүй болчихсон хугацаа нь дуусчихсан гэж тайлбарлах жишээтэй. Хлын худалдан авсан гэх түргэн үйлчилгээний цэг бол мөн адилхан шүүхийн шийдвэртэй. Мөн ихэнх түргэн үйлчилгээний цэгүүд маань бол өмнөх хотын захирагч, захирагчийн ажлын албаны дарга Гантөмөр гэдэг хүний Смарт түргэн үйлчилгээний цэг байрлуулах тухай, Улаанбаатар хотод 196 байршилд смарт түргэн үйлчилгээний цэгийг байршуулах тухай албан ёсны захирамжаар өөрсдөө зуучлан худалдаж авхуулсан. Автобусны карт цэнэглэх зориулалттай тусгай хэрэгцээний түргэн үйлчилгээний цэг байгаад байгаа юм. Гэтэл энэ өмнөх удирдлагуудын гаргасан шийдвэрүүдийг ерөөсөө огт хэрэгсэхгүйгээр өөрсдөө ингээд танхайраад түргэн үйлчилгээний цэг байршуулчихсан мэтээр нийгэмд олон нийтэд мэдээ цацаж, улмаар үүнийгээ хүч хэрэглэн албадлага хэрэглэж байгаа нь хүний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн үйл явдал болсон. Бид нар яг энэ 234, 237 дээрээс түргэн үйлчилгээний цэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэхээр түргэн үйлчилгээний цэг гэдэг үг энэ дээр ерөөсөө байхгүй. Тэгэхлээр ямар ч хамаагүй шийдвэрийг аваачаад ингээд явуулчихсан. Тэгэхээр бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны акт болон захиргааны үйл ажиллагаа хүний эрхийг зөрчиж байгаа. Үйл ажиллагаа нь хүний эрхийг зөрчиж байна гэдгийг бас тодруулж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байгаа юм. Яагаад гэвэл энэ өөр утгатай акт гаргачхаад түүнийгээ өөр үйл ажиллагаанд хэрэглээд байна шүү дээ. Одоо бид нар нийслэлээс юу хүсээд байгаа юм гэхээр 2025 оны 2 сарын 14-ний өдрийн 234 237 гэдэг захирамжийг гаргахын өмнө ямар ажиллагаанууд хийсэн юм бэ, бид нарыг яаж оролцуулсан юм бэ, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх ашгийг яаж хангасан юм бэ гээд нотлох баримт шаардахаар уйлаан майлаан болоод хүмүүс хууль хяналтын байгууллагад хандаад ирэхээр 2025 оны 4 дүгээр сард дуудаж хийсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Амгалан, Захирагчийн ажлын албаны дарга Батзориг гэдэг 2 хүн нь уулзаад тодорхой ямар ч баримтгүй СU авч өгье, GS25 авч өгье, зарим зах буудлууд дээр ажлын байр гаргаж өгье 6 сарын лангууны түрээсийг чинь төлж өгье гэх мэт яриануудыг хийсэн байгаа юм. Тэгээд хавтаст хэрэгт бид нар нийслэлээс өгсөн бичгүүдийг хавсаргачихсан байгаа. Та он сар өдрүүдийг нь хараад үзэх юм бол дандаа 2025 оны 4 сараас хойш хийгдсэн ажиллагаанууд байгаа. Захиргааны ерөнхий хууль дээр хуулийн шаардлага нь юу байна гэхээр захиргааны акт гаргахынхаа өмнө энэ сонсох ажиллагааг хийнэ. Эрх ашиг нь хөндөгдөж оролцож байгаа оролцогчийг захиргааны акт гаргахаасаа өмнө оролцуулж явна гэсэн байгаа юм. Тэгэхээр үүн дээр юу харагдаж байна гэхээр 237 234 буюу маргаж буй энэ 2 захиргааны актыг гаргахын өмнө түргэн үйлчилгээний цэг эрхлэгчтэй холбоотой ямар ч сонсох ажиллагаа хийгдээгүй, оролцуулж ямар ч захиргааны акт гаргах үйл ажиллагаа хийгээгүй. Ингээд 234 гэдэг ийм нийтлэг утгатай бичиг баримт гаргачихсан байсан. 4 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга Сүхбаатарын талбайд нэг үйл ажиллагаа хийж байхад нь нэг түргэн үйлчилгээний цэг эрхлэгч очоод шууд дамжуулалт хийсэн юм байна лээ. Үүний дараа энэ түргэн үйлчилгээний цэгүүдийн балиар авгай нарыг бүгдийг нь цэвэрлэ гэсэн байдлаар энэ 237, 234 хоёрыг үндэслээд ийм зүйл хийгээд явчихсан байгаад байгаа юм. Ямар ч түргэн үйлчилгээний цэгт тусгайлан гаргасан захиргааны акт байхгүй мөртөө албадлага хэрэглээд явчихсан асуудлууд байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу албадлага хэрэглэх үндэслэл хэдийд үүсэх вэ гэхээр захиргааны актыг биелүүлэх 14 хоногийн хугацаа өгөөд тухайн актыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд дахиад албадлага хэрэглэх захиргааны акт гаргаад албадлага хэрэглэх үйл ажиллагаа явагдана гэсэн ийм хуулийн зохицуулалт байна. Гэтэл шууд цагдаагийн байгууллага оччихдог. Цагдаагийн байгууллагатай нь бид нар очоод ярилцахаар бид нар албадлага хэрэглээгүй, хэв журам хамгаалж байна гээд байдаг. Гэтэл сүүлд нь хувийн хамгаалалтын байгууллагатай очиж маш бүдүүлгээр хүний эрхэнд халдаж. Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд ямар ч эрх байхгүй, хүн биш юм шиг хүнлэг бусаар хандсанд бид туйлын гомдолтой байна. Иймд түргэн үйлчилгээний цэгт албадлага хэрэглэсэн, захиргааны үйл ажиллагаа нь илт хууль бус, ямар нэгэн шийдвэргүйгээр хэрэгжсэн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Нийслэлд бол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гаргасан шийдвэрүүд хэрэгжих ёстой. Үүнийг Нийслэлийн Засаг дарга, түүний ажлын алба хэрэгжүүлэх ёстой байдаг. Харамсалтай нь 2017 оноос хойш нийслэлээс дүүргүүдээс Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд ямар нэгэн байдлаар үйл ажиллагааг нь баталгаажуулж гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь зөвшөөрсөн юм байхгүй. Журам дээр нь газартай холбоотой харилцааг зохицуулсан. Яагаад гэхээр түргэн үйлчилгээний цэг маань өөрөө зөөврийн байгууламж байдаг учраас газар эзэмших шаардлагагүй. Зүгээр ашиглалтын хэмжээнд зохицуулаад явах зохицуулалттай. Журам дээр зааснаар дүүргийн Засаг дарга түргэн үйлчилгээний цэг байрших байршлыг тогтоогоод хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Гэтэл Улаанбаатар.мн-ээр ороод ямар ч төрлийн худалдаа хэрэглэсэн бай бүртгүүлээд үйл ажиллагаа явуулж болно гэж байгаа. Бид яг одоо Улаанбаатар.мн рүү нь ороод бүртгүүлэх гэхээр үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт шаарддаг. Өөрөөр хэлбэл түргэн үйлчилгээний цэгт үл хөдлөх гэрчилгээ хэзээ ч гарахгүй.
Захиргааны хууль бус акт гэж маргах гэхээр бид нартай хамааралтай юм нь байхгүй. Хамааралгүй юм уу гэхээр хариуцагч энэ захирамжийг үндэслээд бид нар 1500 түргэн үйлчилгээний цэг хураасан гээд байгаа. Тэгэхээр зөвшөөрөлгүй болон хууль тогтоомж, барилгын норм дүрмийг зөрчиж барьсан барилга байгууламж албадан буулгах гэдэг хэсэгт түргэн үйлчилгээний цэг хамааралгүй болохыг тогтоолгох. Ингэж нэхэмжлэлийн эхний гаргасан шаардлагатай нийцэж байгаа юм. Захиргааны үйл ажиллааг хууль бус болохыг тогтоолгох гэхээр дангаараа болохгүй. Гэм хорын хохиролтой давхардаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д байгаа юм. Тэгээд Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зорилтынхоо хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа гэж харж байна. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/234, А/237 захирамжуудад заасан зөрчилтэй газар гэсэн агуулгаар түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрхэд халдсаныг хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байна. Улмаар бид жичдээ гэм хорынхоо хохирлуудыг нэхэмжлээд явна. Яагаад хууль бус гэж үзэж байна гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийг захиргааны үйл ажиллагаанд оролцуулах, мөн итгэлийг хамгаалах зарчим буюу мөнгөн дүнгээр илэрхийлэх үр дагавар үүсгэж байгаа харилцаан дээр заавал оролцогчоор оролцуулах гэсэн ийм заалтууд байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч гэдгийг маш тодорхой тодорхойлсон. Эрх ашиг нь хөндөгдсөн этгээд өөрөө хүсэлт гаргаагүй байсан ч гуравдагч этгээдээр оролцуулахаар заасан байна. Гэх мэт захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны оролцогч болгоогүй учраас энэ түргэн үйлчилгээний цэг эрхлэгч буюу одоо нэхэмжлэл гаргаж байгаа 11 иргэний эрх зүйн байдал дордсон байна гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт байгаа дандаа нийслэлээс гаргаж өгсөн баримтууд дээр бүгд 2025 оны 4 дүгээр сараас хойш хийгдсэн ажиллагааны баримтууд байгаа. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны өмнө сонсох ажиллагаа зохион байгуулах захиргааны үйл ажиллагаанд оролцогчид хэргийн материалтай танилцах, мэдээлэл, лавлагаа гаргах, саналаа гаргах гэсэн боломж, эрхүүдийг эдлүүлээгүй. Дээрээс нь захиргааны актыг эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд буюу хаяглагдсан этгээдэд захиргааны акт гаргасан байгууллага мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны актыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэх гомдол гаргах эрхийг олгоогүй. Захиргааны актад тавигдах ерөнхий шаардлага дотор захиргааны актыг эс зөвшөөрвөл яаж гомдол гаргахыг тодорхой хуульчилсан байдаг. Захиргааны акт дээр гомдол гаргах аргачлалыг заасан байх ёстой гэх хуулийн шаардлагатай. Гэтэл захиргааны акт дээр энэ захиргааны актыг эс зөвшөөрсөн тохиолдолд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд гомдол гаргах боломж, хугацааг зааж өгөөгүй. Үүгээр Захиргааны ерөнхий хуулийг огт хэрэглээгүй гэсэн агуулга гарч байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж болон шаардлагууд дээр Захиргааны ерөнхий хуулийг захиргааны акт гаргахдаа мөрдөж хэвших тухай байдаг. Тэгэхээр захиргааны актыг үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй хууль тогтоомжийн хэсэг дээр нь Захиргааны ерөнхий хуулийн аль зүйл, аль холбогдох хэсгийг үндэслэж акт гаргаад байгааг ерөөсөө дурдаагүй. Захиргааны ерөнхий хууль гэсэн үг, өгүүлбэр ч байхгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн захиргааны үйл ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн эрхийг зөрчсөн захиргааны актыг зөвшөөрөлгүй болон хууль тогтоомж, барилгын норм дүрмийг зөрчиж барьсан барилга байгууламж гэдэг томьёоллоор түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд халдаасан хэсэг нь түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд хамааралгүй заалт болохыг тогтоож өгнө үү гэв.
3.4.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/234, А/237 дугаар захирамж нь "Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх зорилгоор гарсан шийдвэр бөгөөд нэхэмжлэгч 11 иргэнд шууд үйлчлэх хуулийн үйлчлэл байхгүй байхад захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэх нь үндэслэлгүй юм. Тухайлбал,
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто замын зурвас газарт худалдаа үйлчилгээ эрхлэх, талбай ашиглуулах, зөвшөөрөл олгох, зөвшөөрөлгүй үйл ажиллагааг таслан зогсоох нь Зөвшөөрлийн тухай хуулиар тодорхой зохицуулагдсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.11-д "хот, суурин газрын авто замын зурвас газарт худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглуулах зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга олгоно", мөн зүйлийн 10.13-т нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглуулахыг тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Иймд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэг болон бусад байгууламжийг чөлөөлөх, буулгах, нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй ашиглалттай тэмцэх нь Засаг даргын хууль ёсны бүрэн эрх бөгөөд А/234, А/237 дугаар захирамж нь энэ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хуульд нийцсэн шийдвэр юм.
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан байдаг ба газар төрийн хяналт хамгаалалтад байх төр нь газраа хамгаалах үндсэн зарчимтай билээ. түргэн үйлчилгээний цэг бүртгээгүй байршил тогтоох судалгаа хийгээгүй эс үйлдэхүй гэдэг нь мөн адил үндэслэлгүй болно. Нийслэлийн хэмжээнд 1500 орчим түргэн үйлчилгээний цэг байсан судалгааг гаргаж, 2025 оны 07 дугаар сарын 21-ний байдлаар 1538 ширхэг ТҮЦ-ийг чөлөөлсөн байдаг. Мөн сонсох ажиллагаа хийгээгүй гэх нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд Газар зохион байгуулалтын албад болон бусад холбогдох газруудаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдэд Газрын тухай хууль болон бусад хуульд заасны дагуу удаа дараа газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлдэг байсан бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанд түргэн үйлчилгээний цэг эзэмшигч нар газраа чөлөөлөөгүй, тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй тул 2025 оны 04 дүгээр сараас эхлэн түргэн үйлчилгээний цэгүүдийг ачиж эхэлсэн.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 25/29 тогтоол гарсантай холбоотойгоор эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Тус тогтоол нь 2025.02.26-ны өдөр албажин 2025.05.29-ний өдөр улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байдаг энэ хугацаанд нийслэл, дүүргээс 2025 онд хийгдэж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн ажиллаж байсан ба мөн хугацаанд А/234, А/237 захирамжуудыг биелэлтийг хангуулах зорилгоор газар чөлөөлөлтийн ажлууд ч явагдаж байсан захирамж шийдвэр тогтоол гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга тухай бүр дүүргийн Засаг дарга нарт, дүүргийн менежер, засаг даргын тамгын газруудад үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байсан бөгөөд нийслэлийн хэмжээнд гарсан нийт зөрчлүүдийг арилгаж дууссаны дараа түргэн үйлчилгээний цэгүүдийг бүртгэж дахин байршлыг тогтоох, түргэн үйлчилгээний цэг эрхлэгч нартай уулзалт зохион байгуулах, ажлын байр санал болгох, баталсан байршил болон уулзалттай холбоотой тайлан танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга болон ТҮЦ эрхлэгчдэд танилцуулах нь дүүргийн Засаг дарга нарын бүрэн хэмжээний ажил байсан тул Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй гэж үзэх нь үндэслэлгүй байна хэмээн үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт "Захиргааны актын биелэлтийг дараах тохиолдолд түдгэлзүүлж болохгүй:" гэж, 97.1.1 дэх заалтад "захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол;" гэж заасныг зөрчиж байна. Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй авто замын шинэчлэл, өргөтгөл, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний ажил, газар чөлөөлөлт, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт зэрэг олон нийтийн эрх ашигт ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил шууд саатаж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, олон нийтийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсгэх бодит нөхцөл бүрдэж байна.
Иймд актын биелэлтийг түдгэлзүүлэх, түргэн үйлчилгээний цэгт хамаарах хэсгийг хүчингүй болгох зэрэг нь нийтийн эрх ашигт илт хохиролтой хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Нэхэмжлэгчийн зүгээс ...Захиргааны ерөнхий хуулийн 15, 24, 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, актуудыг гаргахаас өмнө нөхцөл байдлыг тодруулж, сонсох ажиллагаа явуулж танилцуулаагүй, маргаан бүхий актуудад ТҮЦ гэх үг, өгүүлбэр байхгүй байхад ТҮЦ-ийг албадан буулгаж, нь хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, шүүхийн шийдвэртэй ТҮЦ ч байсан...хэмээн маргасан.
4.3. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн агуулгад[31] ...Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамж чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулсугай гээд Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлэх, зөрчил арилгах, газар чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах, газар зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх ажлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар,...дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгон,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1.Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 77 дугаар зүйлийн 77.1.Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22.5.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, 23 дугаар зүйлийн 23.3.5-д нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, 7 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно,57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.5-д хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих зэрэг хууль зүйн үндэслэлийн тус тус үндэслэл болгожээ.
Тус захирамжийн агуулга, хууль зүйн үндэслэлээс үзэхэд тухайлан нэхэмжлэгч нарын 11 иргэний Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ийг албадлагын арга хэмжээ хэрэглэж буулгах, эдгээр нэхэмжлэгч нарын явуулж буй худалдаа эрхлэх үйл ажиллагааг шууд хориглох чиглэл өгсөн зүйлгүй, харин явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор газрын зөрчлийг арилгах замаар холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлийг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон захирамж байхаас гадна шүүх уг захирамжид байх объект гэх нэршлийг түргэн үйлчилгээний цэг хамаатуулах хэлбэрээр шүүж үзсэн боловч Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь[32] болон Монгол хэлний их тайлбар толь[33] зэрэгт энэ агуулгаар тэмдэглэгдээгүй.
4.4. Нийтийн хүртээл болсон ойлголтод объектыг бол барилга байгууламж, үл хөдлөх биет хөрөнгөд илүүтэй хэрэглэгддэг байх тул шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн маргаан бүхий энэ актад ТҮЦ гэх үг, өгүүлбэр байхгүй гэж дүгнэн энэхүү захирамжийг нэхэмжлэгч 11 иргэнд эрх зүйн шууд үр дагавар бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.
4.5. Мөн Нийслэлийн Засаг дарга 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжаа[34] гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15-д хот байгуулалт, барилга, стандарт, хяналт, зохицуулалт, 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана,Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй, 8 дугаар зүйлийн 8.3.3-т орчны аюулгүй байдал, 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана,Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол, 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно,35 дугаар зүйлийн 35.1.1 нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, 35.1.2-т барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх, 35.1.7-д барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх,Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгах зэргээр орц, гарцыг гаргах арга хэмжээг авах,9.2-т Энэ хуулийн 9.1.7-д заасан барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгахтай холбоотой зардлыг буруутай этгээдээр гаргуулна, 22 дугаар зүйлийн 22.1.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь эрх, үүрэгтэй, 22.1.2-т эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх, 22.1.4-т улсын экспертизийн дүгнэлт, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх,
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид хяналт шалгалтын байгууллага гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна, 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана, 52 дугаар зүйлийн 52.1-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 8 дугаар зүйлийн 8.1.1-д хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах,8.1.3-т Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалтын чиг үүргийг гүйцэтгэх, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, 10 дугаар зүйлийн 10.9.7-д хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх,
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хог хаягдлын тухай хууль зөрчих,6.2-т Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих,6.14-т Хүнсний тухай хууль зөрчих,6.17-д Эрүүл ахуйн тухай хууль зөрчих,6.30-д Нийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хотод мөрдөх хууль, дүрэм, журам зөрчих, 7 дугаар зүйлийн 7.15-д Усны тухай хууль зөрчих,7.17-д Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах, 8 дугаар зүйлийн 8.1-д Газрын тухай хууль зөрчих,8.2-т Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих, 10 дугаар зүйлийн 10.4-т Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 11 дүгээр зүйлийн 11.2-т Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих, 12 дугаар зүйлийн 12.1-д Барилгын тухай хууль зөрчих, 12.3-т Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль зөрчих,12.4-т Орон сууцны тухай хууль зөрчих,12.5-д Хот байгуулалтын тухай хууль зөрчих,12.6-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зөрчих, 12.7-д Хаягжуулалтын тухай хууль зөрчих,12.8-д Эрчим хүчний тухай хууль зөрчих,12.10-д Нийтийн зориулалттай инженерийн байгууламжид хууль бусаар холбогдох хэрэгсэл хэрэглэх журам зөрчих, 14 дүгээр зүйлийн 14.4-т Авто замын тухай хууль зөрчих,14.5-т Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах, 14.6-д Автотээврийн тухай хууль зөрчих, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Стандартчиллын баримт бичигт дараахь баримт бичиг хамаарна:, 8.1.4-т хотын стандарт... заасныг тус тус үндэслэл болгосон байна.
4.6.Дээрх хуулийн үндэслэл болгосон зохицуулалт болон тус актын агуулгаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, үүнд дүүргийн Засаг дарга нарыг оруулсан байх ба захирамжийн мөрөөр хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлыг зохион байгуулж, үр дүнг нь танилцуулах хяналт шалгалтын хуваарийг 2025 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 3 үе шаттайгаар зохион байгуулахаар тогтжээ[35].
4.7.Үүнээс үзвэл энэхүү захирамжийн агуулга нь захирамжаар тогтоосон хугацаанд дүүргийн Засаг дарга нар өөр өөрсдийн харьяалагдах нутаг дэвсгэрт байгаа ...Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөлүүд дээр хяналт шалгалт хийж, улмаар зөрчилтэй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах зохицуулалтыг дор бүрнээ хэрэгжүүлэхээр байна.
4.8.Өөрөөр хэлбэл нэн тэргүүнд зөвшөөрлийн асуудлыг шалгах үүрэг болгосон байх бөгөөд хууль ёсны зөвшөөрлийн асуудлаар холбогдох ажиллагаа хийж хэрэгжүүлсний дараа өөр өөрсдийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр байна.
4.9.Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох Баянгол дүүргийн Засаг даргын хувьд дээрх захирамжийн үндэслэл болгон Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх тухай[36], Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд Газрын зөрчил дуудлага шийдвэрлэх тухай[37], Сүхбаатар дүүргийн Засаг даргын хувьд Нийтийн эзэмшлийн зам, талбай, орц, гарц чөлөөлөх тухай[38], дүүргийн Засаг даргын хувьд Газар албадан чөлөөлөх тухай[39], Хан-Уул дүүргийн Засаг даргын хувьд Газрын зөрчил арилгаж албадан чөлөөлөх арга хэмжээ авах тухай, Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглох тухай[40] захирамжийг тус тус гарган хууль тогтоомжийн хэрэгжилтийн хангуулан ажиллахдаа нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэж маргааны үйл баримтад тодорхойлогдсон ...ТҮЦ-ийг дүүргийн газрын алба, цагдаагийн байгууллагын албан хаагчид, ачлагын машинтай ирж албадан нүүлгэх үйл ажиллагаа явуулсан... буюу хүний эрхийг зөрчил гаргасан үйл ажиллагаа явуулсан[41] гэж үзэхээр байна.
4.10. Гэвч нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөс Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 07/28 дугаар зөвлөмжөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандан ...газар чөлөөлөх бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй, газар чөлөөлөх явцад хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтан болон Хүний эрхийн үндэсний комисст тогтоосон хугацаанд тайлбар, мэдээлэл ирүүлэх үүргээ биелүүлээгүй Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.А*******л, Хан-Уул дүүргийн засаг дарга Б.******* нарт хариуцлага ... тооцох арга хэмжээ авахыг мэдэгдсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгч нарын эрхэнд халдсан, тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагаа нь дүүргийн Засаг дарга нарын гаргасан дээр дурдсан захирамж, түүний хэрэгжилт юм.
4.11. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэлт өгвөл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт Төрөөс газрын талаар баримтлах зарчимд тулгуурлан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг газар төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг үйл ажиллагааны үндэс болгон, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно заалтыг үндэслэл болгон, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.5-д хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих үүргээ хэрэгжүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/234 болон А/237 дугаар захирамжийг гаргасан хууль зүйн үндэслэл бүхий болсон.
Уг захирамжуудад Түргэн үйлчилгээний цэгт хамаарах холбогдох хэсэг бий эсэх нь баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар нэхэмжлэгч нарын тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
4.12. Нөгөөтээгүүр түүхэн талаасаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын 2.1.1.16-д Түргэн үйлчилгээний цэг /цаашид ТҮЦ гэх/ худалдааны үйлчилгээний төрөл ангилалд оруулан, 5.2.3-т тавигдах шаардлагыг тус тус баталж[42] байсан уг тогтоолыг удирдлага болгон Хан-Уул дүүргийн Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А/56 дугаар Түргэн үйлчилгээний цэгийн байршил батлах тухай захирамжаар өөрийн хороодын нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгийн байршлыг баталсан хүчин төгөлдөр эрхийн акт гаргасан байсан[43] үйл баримт байна.
Гэвч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолоор баталсан Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам-ын 3.6-д ТҮЦ нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцна гэж, 5.1-д Иргэн, хуулийн этгээд худалдаа үйлчилгээ эрхлэх тухай мэдэгдлийг дараах дарааллын адгуу хүргүүлснээр үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ: гээд 5.1.1.ulaanbaatar.mn Цахим системийн Үйлчилгээ эрхлэх мэдээлэл цэсэд Төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн ДАН системээр нэвтэрч, овог нэр, хаяг, утас, цахим хаягийг мэдээлэх, 5.1.2.Эрхлэх үйлчилгээний төрлийг сонгож, үйлчилгээ авах хэсэгт нэвтрэх, 5.1.3.тухайн үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомж, стандарт, тавигдах шаардлага, хүлээх үүрэгтэй танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд төрийн мэдээлэл солилцооны Хур системээс хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээ-ний мэдээлэл, иргэн бол Иргэний үнэмлэх-ийн мэдээлэл, үйлчилгээ явуулах байрны өмчлөгч, эзэмшигч бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл эзэмшигч, өмчлөгчтэй байгуулсан холбогдох гэрээ, 5.1.4.худалдаа үйлчилгээ эрхлэх газрын хаяг, 5.1.5.энэ журмын 4-т заасан баримтыг хавсаргах, мөн журмын 6.2-т Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй гээд 6.2.7-д ТҮЦ нь цөөн, энгийн нэр төрлийн, хадгалах, худалдахад онцгой нөхцөл, горим шаарддаггүй барааг худалдах гэжээ.
4.13. Нэхэмжлэгчээс энэхүү шаардлагын үндэслэлээ ...ороод бүртгүүлэх гэхээр үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт шаарддаг. Түргэн үйлчилгээний цэгт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэзээ ч гарахгүй, яагаад гэхээр түргэн үйлчилгээний цэг маань өөрөө зөөврийн байгууламж байдаг учраас газар эзэмших шаардлагагүй. Зүгээр ашиглалтын хэмжээнд зохицуулаад явах зохицуулалттай. Журам дээр зааснаар дүүргийн Засаг дарга түргэн үйлчилгээний цэг байрших байршлыг тогтоогоод хэрэгжүүлнэ гэсэн байгаа... тайлбарлан маргасан.
Шүүхээс энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт шинжлэн судалсан болно.
4.14. Нэгэнт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолоор ...үйлчилгээ явуулах байрны өмчлөгч, эзэмшигч бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл эзэмшигч, өмчлөгчтэй байгуулсан холбогдох гэрээ... буюу энэ тохиолдолд ТҮЦ эзэмшигч өмчлөгчийн гэрчилгээ болон байршуулах гэж буй газартай холбогдох Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4."газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; 3.1.7."газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хавсаргахаар журамласан байх тул нэгэнт хэлбэрийн шаардлага хангагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч нарын хувьд ТҮЦ үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх эрх үүсэхээргүй тул цааших журмаар зохицуулсан эрх, үүргийн харилцаа үүсэхгүй юм.
4.15. Иймээс хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах субъект болохын хувьд журмаас гадуур дур мэдэн үйл ажиллагаа явуулах боломжгүй тул Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгч нарын Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийг хязгаарласан гэж буруутгаж буй нь үндэслэлгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.
4.16. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэдэгт иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан хоёр тохиолдлыг хамруулан ойлгоно.
Харин энэ тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.16.худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолыг баталсан.
4.17. Улмаар мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Харьяа нутаг дэвсгэрт хамаарах нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай ашиглуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.13-т заасны дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга олгоно гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т энэ хуулийн 22.1.2-т заасан асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнг
хариуцах гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасныг хэрэгжүүлэн ажиллах нь зүйд нийцэж байна.
4.18. Товчхондоо журмаараа ТҮЦ эрхлэгч нь өөрийн үйлчилгээний цэгийг түр байршуулах гэж буй тохиолдолд дээрх хуульд заасны дагуу газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ, зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр байх тул Нийслэлийн Засаг даргын шууд утгаараа журмын холбогдох заалтын хэрэгжилтийн хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгч нарын Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймээс шүүх хариуцагчийг эс үйлдэхүй гаргаагүй гэж үзсэн тул энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл бий байхгүй.
4.19. Харин эцэст нэхэмжлэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн санал бодол, хүсэл зоригийг үзэхэд эдгээр иргэдийн хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/29 дугаар тогтоолоор ТҮЦ эрхлэх үйл ажиллагааг хязгаарлаж буй зүйл заалтыг Үндсэн хууль, холбогдох хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж буй тохиолдолд тэдгээрийг хүчингүй болгуулах замаар маргах нь зохимжтой болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 35 дугаар зүйлийн 35.1.16 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.5 дахь хэсэг, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.Хл нарын 11 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР