Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2022/00399

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00399

 

 

Х.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02569 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Х.А- нь 2020 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65а байр, 21 тоотод байрлах 44.69 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулж, тухайн үед 65,000,000 төгрөгөөр Б.А- нь банкны зээлээр худалдаж авсан. Б.А- нь Х.А-ын Хаан банк дахь дансанд нийт 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 10,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 2020 оны 06 дугаар сард нэхэмжлэгч Х.А- нь Б.Мөнхдөлд орон сууцыг үзүүлээд өгөөч гээд түлхүүрээ өгсөн. Б.Мөнхдөлийн гэрчийн мэдүүлгээр Б.А-ыг 2021 оны 06 дугаар сард тухайн байранд оруулсан гэж мэдүүлсэн, энэ талаар Х.А- нь 2021 оны 09 дүгээр сард мэдээд үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр гаргаж өгье гэж тохиролцоод худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Банкны зээл 2020 оны 12 дугаар сард шийдэгдээд, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х.А-, Б.А- нар тохиролцоод Б.А- нь 10,000,000 төгрөгийг Б.Мөнхдөлөөс авч Х.А-д буцааж өгнө гэдэг байдлаар тохиролцсон. Худалдах худалдан авах гэрээ Х.А- болон Б.А- нарын хооронд хийгдсэн учраас бид Б.А-аас мөнгөө нэхэмжилнэ. Иймд хариуцагч Б.А-аас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Тухайн үед Шижирт гүн ХХК-ийн санхүү хариуцсан албаны дарга Б.Мөнхдөл гэх хүн манай найзын нэр дээр бүртгэлтэй 65,000,000 төгрөгөөр худалдах гэж байгаа хоёр өрөө орон сууц байгаа, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд түлхүүрийг нь аваад орж болно гэж хэлсэн байдаг. Үүнийг хариуцагч болон түүний нөхөр хүлээн зөвшөөрөөд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б.Мөнхдөлийн Хаан банкны 5063368678 тоот данс руу орон сууцны урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Х.А- болон Б.Мөнхдөл нар хоорондоо гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Тус гэрээгээр Б.Мөнхдөл нь орон сууцны урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрөөд Х.А- нь орон сууцны урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг Б.Мөнхдөлөөс авахаар харилцан хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд хариуцагч Б.А- тухайн зээлийг судлах шаардлагатай баримтыг банканд өгсөн. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг 5063368678 тоот Б.Мөнхдөлийн дансанд шилжүүлээд үлдэгдэл 54,500,000 төгрөгийг Голомт банк ХХК-ийн зээлээр төлнө гэж тохирсон. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Голомт банк ХХК-ийн 6255106033 тоот зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 55,000,000 төгрөгийг Х.А-ын Хаан банкны 5060004350 тоот дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Б.Мөнхдөлтэй байгуулсан гэрээ буюу үйл баримт байгаа учраас хариуцагчийн зүгээс 10,000,000 төгрөг өгөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.А-аас 10,000,000 төгрөг гаргуулах тухай Х.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх гэрч Б.Мөнхдөл нь Х.А-д мөнгийг нь өгнө гэж хэлсэн тул Б.А- үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гэрчийн мэдүүлгийг дүгнэж хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. 2020 оны 06 дугаар сард Б.Мөнхдөлд мөнгө өгөхийг Х.А- зөвшөөрөөгүй буюу мэдээгүй. Харин банкны зээл авах үед Б.Мөнхдөл рүү мөнгө шилжүүлсэн гэдийг мэдсэн, банк урьдчилгаа төлбөр бүрдэхгүй бол зээл гарахгүй байна гээд Б.А- нь Х.А-аар 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банкинд тодорхойлолт гаргуулж, гэрээнд бичсэн гэдгийг нэхэмжлэгч тайлбарласан, мөн Б.А- нь Б.Мөнхдөлөөс мөнгөө авч өгнө гэдгээ бичиж өгсөн баримт хэрэгт авагдсан. Б.А- өөрөө банкны зээл гарсны дараа үүргээ биелүүлнэ гэж бичиг хийж өгч үүргээ биелүүлээгүй гэдгээ ухамсарлаж хүлээн зөвшөөрч байхад шүүх нотлох баримтыг бодит байдалтай нийцүүлж үнэлээгүй.

Гэрч Б.Мөнхдөл мэдүүлэхдээ "... Би Алтанзулын нөхөр Төрбаяртай хамт ажилладаг, тухайн үед бид хоёрын ажилладаг компанид мөнгө хэрэг болоод би Төрбаяраас мөнгө асуухад байрны урьдчилгаанд бэлдсэн мөнгө байгаа гэсэн, тэгвэл тэр мөнгөө түр өгчих, чамайг байр авах үед компаниас буцалтгүй тусламжаар мөнгө гаргаж өгнө гээд авсан гэтэл манай компаний үйл ажиллагаа доголдоод мөнгийг нь гаргаж өгч чадаагүй... гэж мэдүүлсээр байхад шүүгч байрны урьдчилгаа мөнгө шилжүүлсэн гэж утга агуулгыг буруугаар тайлбарлаж шийдвэрийн үндэслэл болгосон. Алтанзулын нөхөр нь байрны урьдчилгаанд өгөөгүй, буцалтгүй тусламж авахын тулд мөнгөө компани руу оруулж ашиг олох гэсэн санаатай байсан гэдэг нь нотлогдож байхад анхаарч үзсэнгүй. Худалдах худалдан авах гэрээний талууд нь Х.А-, Б.Аптанзул нар байхад Төрбаяраас шилжүүлсэн мөнгө гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагч Б.А-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг төлөхөөс 10,000,000 төгрөг дутуу төлсөн гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Х.А-ын зөвшөөрснөөр 10,000,000 төгрөгийг Б.Мөнхдөлийн дансанд шилжүүлсэн гэж тус тус тайлбарласан байна.

  4. Зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Х.А- нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65А байр, 21 тоот хаягт байрлах 44,69 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч буюу Б.А- нь 65,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

5. Нэхэмжлэгч Х.А- буюу худалдагч талаас гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч буюу худалдан авагч Б.А-ын өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагчаас орон сууцны үнэд 55,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаангүй. Харин гэрээний үнэд 10,000,000 төгрөг дутуу төлөгдсөн буюу гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн эсэх талаар маргасан байна.

6. Анхан шатны шүүх хэргийн 18 дугаар талд авагдсан дансны дэлгэрэнгүй хуулга, 21 дүгээр талд авагдсан Х.А-ын Голомт банкинд гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт, мөн хэргийн 27 дугаар талд авагдсан Б.А-, Х.А- нарын хамтран гаргасан тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг үндэслэн хариуцагч Б.А-ыг нэхэмжлэгч Х.А-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.А-ын нөхөр М.Төрбаярын 5058154639 тоот данснаас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг Б.Мөнхдөлийн 5063368678 тоот дансанд байрны урьдчилгаа утгатайгаар шилжүүлсэн байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.2 дахь хэсэгт 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг 5063368678 тоот Мөнхдөл дансанд шилжүүлсэн гэж бичигдсэн /хх22/ байх тул хариуцагч Б.А-ыг гэрээгээр хүлээсэн орон сууцны үнэд 65,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд гэрчийн мэдүүлгийг дүгнэж, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн хариуцагч Б.А- нь дээр дурдсанаар өөрийн нөхөр М.Төрбаярын данснаас 10,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг байрны урьдчилгаа гэсэн агуулгаар тодорхойлсон бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч Х.А-ын зөвшөөрлөөр шилжүүлсэн тул түүний гаргасан гэрээний тал биш М.Төрбаяраас шилжүүлсэн мөнгө гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар гэрч Б.Мөнхдөлийн мэдүүлгийн агуулгыг буруу тайлбарлаж дүгнэсэн гэх гомдол мөн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02569 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЦОГТСАЙХАН