| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0033/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 41
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000000005 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /РД: *******/, 1970 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсэг *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах “Манхан” хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд байх асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн******* улсын дугаартай “Хьюндай Соната-6” маркийн мөнгөлөг өнгийн авто машиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар бүлгийн 6.1.А, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч ******* г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрйин 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах “Манхан” хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд байх асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн******* улсын дугаартай “Хьюндай Соната-6” маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1а “Дуут дохиог зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэж болно”, 9 дүгээр зүйлийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ******* г мөргөж эрүүл мэндэд зүүн хөлний шилбэний хавчаар ясны хугарал, шагайн үений мултрал зэрэг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч ******* ын өгсөн: 2017 оны 12 дугаар 24-ний өдөр Үйлчилгээний төвийн урд зорчих хэсгийн зам дээр Манхан дэлгүүрийн харалдаа зогсоолууд дээр байрласан машины дундаас нэг зорчигч гарч ирж байгааг би харсан. Тэр зорчигчийг машин өнгөрөөчихөөд зам хөндлөн гарах гэж байна гэж ойлгосон. Тэгтэл би машинаараа тэр зорчигчийг шүргэсэн. Тэгээд хүмүүс “хүн дайруулчихлаа” гэж орилсон. Би эмнэлэгт хүргэх гэсэн боловч хөдөлгөж болохгүй гэхээр нь хүлээсэн. Тэгээд түргэний машин ирж хохирогчийг авч явсан. Хохирогчид бэлнээр 500.000 төгрөг өгсөн, хагалгааны зардал 350.000 төгрөг төлсөн, 55.000 төгрөгөөр үрэл авч өгсөн. Хойшид гарах эмчилгээний зардлыг баримтаа гаргаад өгвөл төлнө гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад
Хохирогч ******* гийн өгсөн: Би Үйлчилгээний төвийн “Манхан” дэлгүүрийн орчим Батьлион руу алхаж зам хөндлөн гарахдаа авто зам руу харахад “Номин” худалдааны төвийн уулзварын гэрлэн дохионы хавьд машин явж байгаа харагдсан. Тэгээд зам хөндлөн гарч амжаагүй байхад асфальтан замын голд намайг машин мөргөсөн. Тухайн машин миний биеийн зүүн талаас мөргөж, зүүн хөлийг дайрч, машины дугуй миний зүүн хөлний шагайн дээгүүр гарсан. Машин намайг мөргөсөн газраасаа нилээн хол очоод зогссон. Би дайруулсан газраасаа хөдөлж чадахгүй сууж байтал цагдаа ирсэн. Намайг дайрсан машиныг харахад саарал өнгийн 33-95 гэсэн дугаартай жижиг тэрэг байсан. Цагдаа түргэн дуудаад эмнэлэгт хүргэгдсэн. Осол болсоны маргааш нь Нэгдсэн эмнэлэгт мэс засалд орж зүүн хөлний шилбэний хавчаар ясаа хадуулсан. Би осол гарах үед ямар нэг согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй нь миний буруу. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх эмчилгээ, хоол хүнс, унаа шатахууны зардал болох 256.718 төгрөгийг осол хийсэн жолоочоос нэхэмжилсэн. Жолооч надад 500.000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашид 6-8 сарын дараа хадуулсан хадаасаа авахуулах мэс засалд орно. 2 жил гаруй хугацаанд явж болохгүй хөдөлгөөн хорино. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,
Гэрч *******ын өгсөн: Би хохирогч ******* гийн төрсөн охин. Миний төрсөн ээж ******* нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан сумын 16 дугаар багийн нутагт зам тээврийн осолд ороод зүүн хөлний шилбэ ясны хугарал, мултрал гэсэн гэмтэлтэй болсон. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хагалгаанд орж хугарсан ясаа хадуулсан. Хагалгааны дараах хөлнийх нь байдлын зургийг гар утсаараа авч угаалгаад хэрэгт хавсаргаж байна. Ээжийн хагалгааны 350.000 төгрөгийг осол хийсэн жолооч өөрөө төлсөн тул хагалгааны зардал нэхэмжлэхгүй. Харин эмчилгээний эм тариа, хоол хүнс, эмнэлэгт эргэж очсон зэрэг манайхаас гарсан 256.718 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж, жолоочоос нэхэмжилж байна. Ослын улмаас ээжийн биед зүүн хөлнөөс өөр бэртсэн эд эрхтэн байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 75, 76/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 114 дугаартай “******* гийн биед зүүн хөлний шилбэний хавчаар ясны хугарал, шагайн үений мултрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. ******* д учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 78/,
Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн хошууч С.Хурцбилигийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 115 дугаартай: ...“Х/Сонота-6 маркийн******* улсын дугаартай авто машиныг жолооч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1а “Дуут дохиог зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэж болно”, 9 дүгээр зүйлийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс тогтоогдож байна. Явган зорчигч 60 настай иргэн******* /РД: *******/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйл 3.9а-д “Явган зорчигч явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс тогтоогдож байна. Жолооч Батсүх овогтой ******* , явган зорчигч******* нар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул уг зам тээврийн осол гарсан болно. Иргэн ******* нь /РД: *******/ 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр жолооч болсон В ангилалын 1024402 тоот жолоочийн үнэмлэх нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн бүртгэлийн TPS санд ямар нэгэн зөрчилгүй хүчинтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер *******гийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 003 дугаартай: “Осол гарсан үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь урд гуперыг баруун гар тогтоосон бэхэлгээнд хохирогчийн гадуур хувцас дэгээгдэж, унах үед баруун талын крыло дээд хэсэгт гараар дарснаас крыло бага зэрэг хонхойж, толь сууриараа мултарсан байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95, 96/
Зам тээврийн осол болсон гэх газар нь Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг Үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр зүүн талын асфальтан зам дээр үйлдэгдсэн байна. Ослын газарт ирэхэд******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл тус замын ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлийн Үйлчилгээний төв талын урсгалд 2 дугаар эгнээнд ертөнцийн зүгээр урд зүгт хамар хэсэг нь хандан зогссон байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, ослын бүдүүвч зураг /хх-ийн 8/, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 9/, шүүгдэгч ******* ын “В” ангиллын жолоочийн 1 ширхэг үнэмлэхийн эх хувь зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* гийн биед хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 256.718 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 21-50/, боловч шүүгдэгч мэс заслын төлбөрт 350.000 төгрөг төлж, бэлнээр 500.000 төгрөг өгсөн, 55.000 төгрөгийн эм авч өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хохирлын мөнгө хүлээлцсэн мэдэгдэл /хх-ийн 52/, хохирогч болон гэрч Ө.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-20, 75, 76/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ын өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөн хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт тэргэнцэрийн үнэ 500.000 төгрөг, хоёр ширхэг суга таягны үнэ 45.000 төгрөг, тохой таягны үнэ 15.000 төгрөг, шагайны хамгаалалтын үнэ 45.000 төгрөг, нийт 605.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгчээ.
Хэдийгээр хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотойгоор дээрхи тэргэнцэр, суга таяг, тохой таяг, шагайны хамгаалалт зэрэг нь зайлшгүй шаардлагатай боловч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь тухай эд зүйлсийн зах зээлийн үнийг илэрхийлсэн албан ёсны баримт биш, 605.000 төгрөг нь эдгээр эд зүйлсийн бодит үнэ гэж үзэхэд эргэлзээтэй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул тэргэнцэр, суга таяг, тохой таяг, шагайны хамгаалалтын үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч нь Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 37 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 8.880.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.
Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрх нь зөвхөн хохирогчид хамаарах бөгөөд өмгөөлөгч нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур дур мэдэн хохирол нэхэмжлэх эрхгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн 8.880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээ болон асарч сувилахтай холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Хохирогч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйл 3.9а-д “Явган зорчигч явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн хошууч С.Хурцбилигийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 115 дугаартай дүгнэлт, Ж. ******* д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 53-т зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч ******* д шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохиролд 905.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйл 3.9а-д “Явган зорчигч явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч ******* ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 1024402 дугаартай ******* ын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцааж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мянгад овогт Батсүхийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээ болон асарч сувилахтай холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1024402 дугаартай В ангилалын ******* ын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР