Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/69

 

                                       *******д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай          

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор *******

Яллагдагч *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Яллагдагчийн өмгөөлөгч ******* /цахим/

Яллагдагчийн өмгөөлөгч ******* /цахим/ нарыг оролцуулан,

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/208 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, **************индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр аймгийн суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажилтан, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт аймгийн сум, ** дугаар баг, ** дугаар хэсэг, *** тоотод оршин сууж байсан одоо хот, дүүрэг, ** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:***********/;

Яллагдагч Э.Алтантулга нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд аймгийн сумын ** дугаар багт байрлах блокон хашааны үйлдвэрийн хашаан дотор төрсөн ах “архи ууж, гэрт өмдөндөө шээлээ” гэх шалтгаанаар толгой, цээжин тус газар нь цохиж, зодсоны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, тархи няцралт бүхий гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

аймгийн Прокурорын газраас: үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 6.13, 6.15, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорт буцааж,

Яллагдагчийн өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж,

Яллагдагч   Н.*******д урьд авсан барьцаа авах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардорж 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №17 дугаартай эсэргүүцэлдээ:  

...2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1.Шүүгчийн өмнөх захирамжийн 4,7 дугаар заалтын биелэлтийг хангах талаар:

Шүүгчийн өмнөх прокурорт буцаасан захирамжийн 4 болон 7 дугаар заалтын дагуу гэрчээр эмч , нараас дахин мэдүүлэг авч тухайн үеийн яаралтай түргэн тусламжийн хуудас түүнд бичигдсэн эмчийн үзлэгийн үед тогтоогдсон нөхцөл байдлын талаар бичсэн тэмдэглэл болон холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан.

Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1058 дугаартай гурван шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар "шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж үүрэг хүлээсний дагуу шүүх шинжилгээний байгууллагын шинжлэх ухааны тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн шинжээч нарын дахин дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус, эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй мөн шинжээч эмчээс мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийгдэж 7 дугаар заалтыг биелүүлсэн атал анхан шатны шүүхээс дахин 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй давтан дүгнэлт гаргуулах талаар захирамжиндаа заасан байгаа нь үндэслэлгүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 бүлэгт заасны дагуу дахин дүгнэлтийг заавал 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийнэ гэсэн зохицуулалт байхгүй байна.

Түүнчлэн хагалгаа хийсэн тархины нарийн мэргэжлийн эмчийг бүрэлдэхүүнд оруулах нь амь хохирогчид өмнө хагалгаа хийж хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн эмчийг шинжээчийн бүрэлдэхүүнд оролцуулах нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад заасан хараат бус байх зарчим зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдож байна.

2.Амь хохирогчид хийгдсэн хагалгааны өмнөх болон дараах эмнэлгийн нотлох баримтыг гаргуулан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх талаар:

Хэрэгт амь хохирогчийн хагалгааны өмнөх гэмтлийн талаар хийгдсэн анхны эмчийн үзлэг, эмчилгээний карт, гэмтлийн эмчийн үзлэг, томографт шинжилгээ зэрэг холбогдох баримтууд хэрэгт авагдсан мөн эмчилгээний дараах түүний эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь тодорхой бус ямар баримт бичиг шаардаж буй нь ойлгомжгүй, дээрх шийдвэр нь шүүхийн аливаа шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

3. эмчээс дахин мэдүүлэг авч мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг байлцуулах талаар:

Хэрэгт эмчээс гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх, үүргийг танилцуулан мөрдөгч нь мэдүүлэг авч дээрх ажиллагааг хийсэн байх ба түүний мэдүүлэг нь хэт нэг талыг барьсан эсвэл мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх ажиллагааг хийлгэхэд заавал өмгөөлөгчийг оролцуулж дахин мэдүүлэг авах шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж аль нотлох баримтыг шүүх үнэлэх, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй.

Гэтэл шүүх нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр урьдаас нотлох баримтыг үнэлж эргэлзээтэй гэж шууд дүгнэж, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны агуулгыг зөрчиж илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүх нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, алиныг нь нотлох баримтаар тооцож, үнэлэх эсэхийг шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны дүнд шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчиж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ямар зүйл, заалтыг ноцтой зөрчсөн “заалтыг удирдлага болгож баримтлан хэргийг прокурорт буцаасан атлаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, заалтыг ноцтой зөрчсөн талаар шүүхийн шийдвэртээ тусгаагүй нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх ёстой хуулийн шаардлагыг мөн хангаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд Н.*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/шз/208 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 16-д зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэх гэсэн юм.  ....Өнөөдөр ах нь нас барсан гэж байгаа. Тэгтэл уг хүний аав, ах, эгч, дүү нь бүгд байгаа. Нэгнээс нь ч асуугаагүй. Уранчимэг гэх хүн тогтоогдож яваад одоо би орохгүй гээд байгаа юм байна лээ. Уг асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой байсан гэж миний зүгээс үздэг. Нас барсан этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахгүй гээд байгаа хүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж байгаа нь өөрөө хэр хуульд нийцэж байгаа бол. ...******* болон тухайн талийгаачийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй 3 этгээдийн цаг хугацаа бусад байдлыг тогтоохын тулд шаардлагатай ажиллагаануудыг хийх талаар захирамжид дурдсан. Түүнийг биелүүлнэ гэх агуулгаар хэргийг буцаасан гэж харж байна. Бид нар урьдчилсан хэлэлцүүлгээс цааш тэгш эрхээр мэтгэлцэх ямар ч боломж байхгүй. Бүх үйл баримтыг тогтоогоогүй учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод хэргийн баримт материалтай танилцах явцад дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бусаар явагдчихсан, хууль бусаар явагдсан асуудал дээр өмнө нь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарч буцаасан, захирамжийн биелэлт нь хангагдаагүй талаар маш тодорхой харагддаг. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр  өмнө нь анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахад прокурор эсэргүүцэл бичээгүй. Шүүгчийн захирамжид заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Цагдаагийн газар, прокурорын газар хийгдээд явсан байдаг. Ингэж хийгдээд буцаад ирэхдээ шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг нэр төдий хийж буцааж хэргийг шүүхэд өгдөг явц гарсан байна.

 ...Анхан шатны шүүхээс гарсан өмнөх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй учраас дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь үндэслэл бүхий байна. Өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг бүгдийг хийсний дараа хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхгүй бол одоо байгаа хэмжээгээр хэлэлцэх ямар ч боломжгүй байна. Тийм учраас 208 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж хэрэгжилтийг хангаж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Энэ хэрэг дээр анх гомдлын шатнаас эхэлж өмгөөлөгчөөр ажиллаж байна. Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцсан, прокуророос мөн хэд хэдэн удаа буцдаг. Ерөнхийд нь харахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яагаад удааширдаг вэ? яагаад удаа дараа буцаад байдаг вэ гэхээр эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн мөрдөгч Сумъяа гэж хүн байдаг. Уг хүнтэй шууд холбоотой гэж ярьдаг. Анхан шатны шүүхээс буцааж шийдвэрлэж байгаа нь зөв. Үүнийг би дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Гэтэл огт биелүүлэхгүй.

... Шинжээч дахин томилж байгаа шалтгаан нь өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий эргэлзээтэй байна гэж үзэж байгаа учраас дахин шинжээч томилж байгаа. Сүүлийн удаа гаргаж байгаа 3 шинжээчийн дүгнэлт өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтээс шатлалын хувьд ямар ялгаатай вэ?. Хэн нь илүү үндэслэлтэй, хэн нь үндэслэл муутай дүгнэлт гаргаж байна гэж үзэх вэ?. Тийм учраас 1, 3, 5, 7, 9 гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа. Шүүгчийн захирамж биелэгдээгүй, зайлшгүй 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзэж байна. Иймд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

аймгийн Прокурорын газраас *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан барьцаа авах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч *******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 187 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/208 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/208 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Шүүгдэгч *******д урьд авсан барьцаа авах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН        

                                ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                ШҮҮГЧ                                        Б.ЭРДЭНЭХИШИГ