| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2025/00104/И |
| Дугаар | 191/ШШ2025/05059 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,
Хариуцагч В.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч В.*******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 120,000,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь В.*******д 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 40,000,000 төгрөгийн барилгын модон материал /4x6 брүсс, банз, 7x6 брүсс/ нийлүүлсэн. Энэ мөнгөө төлөөгүй. 2024 оны 4 сард Зайсанд барилга барих гэж байгаа суурь болон 1 давхарт цутгалтаа дуусгаад 2023 оны мөнгөтэйгээ нэгтгээд өгнө гэж өөрөө ирж уулзаад гуйгаад 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдрөөс 6 дугаар сарын 9 хүртэл нийт 60,000,000 төгрөгийн модон материал /4х6 брүсс, банз, 7x6 брүсс/ авсан. Ж.******* нь итгээд өгсөн боловч одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хүсэлт өгсөн боловч В.******* ирээгүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Үүнээс болж банкнаас зээл авсан боловч мөнгөө төлөөгүйн улмаас банкны зээлээ төлж чадахгүй 7 сард үйл ажиллагаа явуулах боломжгүй болж ажил зогссон. 2023 оны 40,000,00 төгрөгт 20,000,000 төгрөгийн алданги тооцож нийт 120,000,000 төгрөгийг В.*******ас гаргуулна гэв.
2.Хариуцагч В.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Алданги тооцон нэхэмжлэж байгааг зөвшөөрөхгүй. Бараа материалын үнэ 100,000,000 төгрөгийг төлнө. Тухайн бараа материалуудыг барилгын компаниудад ажил хийж өгч байхдаа авсан. Цаад байгууллагуудад ажлыг нь хийж өгчихөөд ажлынхаа гүйцэтгэл хөлс авч чадахгүй байгаа юм. Тухайн компаниудаас анх тохирсон гэрээнийхээ үнийн дүнгээр л мөнгөө нэхэмжлээд явж байгаа. Алданги бодуулчихаар эргүүлээд мөнгийг төлж чадахгүй. Цаад компаниудаас мөнгөө авсан ч гэсэн 20,000,000 төгрөгийн алданги төлөхөд хэцүү болчихоод байна гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, Модон материалын үнэ төлөх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, итгэмжлэл, Зээлээр худалдах худалдан авах 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ, Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ, Зарлагын баримтууд, Ж.*******ийн дугаартай Samsung Galaxy Note 10 маркийн гар утсаар В.*******тай харилцсан мессеж, Эмчлүүлэгчийн карт, шинжилгээ хийлгэсэн баримт зэрэг баримтыг,
Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч В.*******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 120,000,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлсэн тул үлдэгдэл төлбөр, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч В.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бараа материалын үнэ 100,000,000 төгрөгийг төлнө. Алданги төлөхгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, Модон материалын үнэ төлөх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, Зээлээр худалдах худалдан авах 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ, Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ, Зарлагын баримтууд, Ж.*******ийн дугаар гар утсаар В.*******тай харилцсан мессеж, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч В.******* нар нь Модон материалын үнэ төлөх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу 2024 онд банз, брүс, палк нийлүүлсэн бөгөөд эдгээр Модон материалын төлбөр 60,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны дотор төлнө. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги төлөхөөр, Зээлээр худалдах худалдан авах 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал, худалдан авагч талд 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8.Талуудын хооронд байгуулагдсан Модон материалын үнэ төлөх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, Зээлээр худалдах худалдан авах 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний үүрэг нийт 100,000,00 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцож, үүнээс хариуцагч В.******* нь барилгын компаниас ажлын хөлсөө авч чадаагүй байгаа тул төлбөрийг төлөөгүй тухайд зохигчид маргаагүй.
9.Зохигчид зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.5. гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон ыөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь энэ гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 40,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж мэтгэлцэж байгаа боловч дээрх гэрээнд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 263.2. дахь хэсэгт заасан бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэрэг нөхцөлийг тусгаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
11.Иймд хариуцагч В.*******ас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100,000,00 төгрөг, алдангид 20,000,000 төгрөг нийт 120,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ид олгох үндэстэй.
12.Хариуцагч В.******* нь барилгын компаниас ажлын хөлсөө авч чадаагүй эдийн засгийн хүндрэлээс болж алданги төлөхгүй гэж мэтгэлцэж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байх ба гэрээний үүрэг алдангиас чөлөөлөгдөх, бууруулах үндэслэл болохгүй юм.
13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.*******ас 120,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ид олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ