Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 314/ШШ2025/00475

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч Улаанбаатар хот, *********** дүүргийн **** дүгээр хороо, ****** тоотод оршин суух хаягтай *********** овгийн ***********гийн ***********ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Өвөрхангай аймгийн ***** сумын **** дугаар баг, ******** дугаар гудамжны ***** тоотод оршин суух, *********** овгийн ***********ын ***********д холбогдох, 

“Гар утас зээлээр авахуулсны үлдэгдэл төлбөр 973,255 төгрөг, зурагт хагалсны төлбөр 3,700,000 төгрөг, нийт 4,673,255 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч  А.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие нь нөхөр ***********ын төрсөн дүү Д.***********д 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өөрийнхөө нэр дээр “City mall” электрон барааны дэлгүүрээс “Нэт капитал ББСБ”-аар дамжуулж 3,540,000 төгрөгөөр “Iphone 15 Pro Max”  маркийн гар утсыг зээлээр худалдаж авч өгсөн. Мөн миний эзэмшлийн LG 65 инчийн 3,700,000 төгрөгийн үнэтэй зурагтыг Д.*********** нь машинд ачих гэж байгаад зурагтны дэлгэцийг хагалж ажиллагаагүй болгосон. Ингээд надад зурагт болон гар утасны нийт 7,240,000 төгрөг өгөхөөс Д.*********** нь 2,566,745 төгрөгийг 7 удаа төлж  төлж 973,255 төгрөг үлдсэн. Ингээд зурагтны үнэ 3,700,000 төгрөг, утасны үлдэгдэл 973,255 төгрөг, нийт 4,673,255 төгрөгийг Д.***********гаас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

2. Хариуцагч Д.*********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Миний бие LG 65 инчийн зурагтыг эвдээгүй учир 3,700,000 төгрөгийг гаргаж өгөхөөс татгалзаж байна. Iphone 15 Promax гар утсыг “City mall”-оос Нет капитал ББСБ-аас зээлээр авсан нь үнэн. Миний бие зээлээ заасан хугацаанд нь сар сард нь төлж байгаа. Нет капиталаас заасан гэрээний дагуу сар сард нь төлөх хүсэлтэй байна. Одоогоор эрхэлсэн ажилгүй тул 973,255 төгрөгийг бөөнд нь төлөх боломжгүй.” гэжээ.

3. Нэхэмжлэгч А.***********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэлээ дэмжиж байна. Зурагтын төлбөрийг 3,749,900 төгрөг гэж нэхэмжилснээ 2,749,900 төгрөг болгож байна. ...Анх Д.***********гийн ах бид хоёр гэр бүлийн хүмүүс байсан. Тэгээд зурагт, гар утасны зээлээ төлчихвөл 16 сая төгрөгийн зээл авч болно гээд гар утас, ээмэг, гинжээ тавиад төлж байсан. Тэгээд 16 сая төгрөгөө авч байсан. *********** миний дансаар ордог байсан тул дансаар аваад төлсөн баримт байгаа. Гар утасны төлбөр 3,540,000 төгрөг байсан, өнөөдрийн байдлаар үлдэгдэлгүй төлсөн байна. Зурагтыг 2,749,900 төгрөгөөр авч байсан. Нотлох баримтаа өнөөдөр өгсөн. Зурагтын мөнгө болох 2,749,900 төгрөгийг нэхэмжилж байна. *********** гар утасны төлбөр болох 973,255 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. ...Анх зурагтыг авахад нөхөр болох *********** машин янзалдаг байсан. Хүний машиныг янзалж чадахгүй шүүхээр явна гэхэд наашаа зугтааж нүүж ирж байсан. Жижиг “Фит” маркийн машинд Д.*********** хийж хагалж байсан нь үнэн. Энд нүүж ирээд гурвуулаа асааж үзээд хагарсан байхад нөхрийн цалин буухаар хоёр хувааж төлж өгье гээд бид гурав ярилцаж байсан. Зурагтыг авахад миний утас, монетон эдлэлийг тавьж зээл авч байсан. Дараа нь буцаагаад би төлж байсан. Иймд Д.***********гаас зурагтын мөнгө 2,749,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

           4. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Манай үйлчлүүлэгчийн зүгээс өнөөдөр гар утасны хамгийн сүүлийн үлдэгдэл болох 512,000 төгрөгийг бүрэн төлж, утасны төлбөрийг барагдуулсан.  “LG 64” инчийн 2,749,900 төгрөгөөр авсан телевизорыг огт эвдлээгүй, би мэдэхгүй учраас төлөх боломжгүй гэсэн тайлбартай байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримт шаардлага хангасан гэж үзэж байгаа ч хэрэгт байгаа баримтаас тухайн телевизорыг эвдэлсэн гэх баримт байхгүй, хэзээ, хэдий хугацаанд, яаж, ямар байдлаар, хэн эвдэлсэн талаар баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч яаж эвдэлснийг ч мэдэхгүй байх шиг байна. Нэхэмжлэлд анх гаргасан тайлбартаа машинд ачих гэж байгаад эвдэлсэн гэх боловч дараагийн тайлбарт хүүхдийн хувцас дээр нь тавиад эвдэлсэн гэх зөрүүтэй тайлбарууд явагдаад байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн өнөөдрийн өгсөн баримтаас үзэхэд нөхөр *********** болон А.*********** нар дансаар хоорондоо мөнгө шилжүүлсэн баримт өгснөөс телевизортой хамааралтай баримт хэрэгт огт байхгүй байгаа. Нэхэмжлэгч Д.***********г зурагт эвдэлсэн гэж байгаа боловч нөхөр байсан *********** телевизорын мөнгийг бүрэн төлөөд дуусгачихсан байгаа шүү дээ. Тийм учраас анх нэхэмжлэлээ гаргахдаа буруу гаргасан юм болов уу. *********** гэх хүнээс нэхэмжлэх байсан юм болов уу гэж бодож байна. Өөр тайлбар байхгүй.” гэв.

 

            5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 89,722 төгрөг төлсөн баримт, 2025 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгч А.***********ийн Г.Дорждуламд олгосон итгэмжлэл,  “Таван богд финанс” ББСБ-ын лизингийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, “Нет капитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн 4,750,000 төгрөгийн зээл төлөгдсөн гэсэн баримт, А.***********ийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банк дахь дансны хуулга, кассын зарлагын ордер №8277,  Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 22, 23-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Хас банкны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн цахим төлбөрийн баримтууд, “Заан” ломбардны зураг, “Сайн” барьцаалдан зээлдүүлэх газрын зураг, Сайн” барьцаалдан зээлдүүлэх газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээ,  “Нет капитал финанс корпораци” ХХК-ийн худалдан авалтын цахим эрх нээх гэрээ, телевизорын гэрэл зураг зэргийг бүрдүүлж өгсөн.

        

            6. Хариуцагч Д.*********** шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар ирүүлсэн ба ***********т олгосон итгэмжлэл, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ***********ын Хаан банкны 8 хуудас дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

7. Нэхэмжлэгч А.*********** нь хариуцагч Д.***********д холбогдуулан “гар утас зээлээр авахуулсны төлбөр 973,255 төгрөг, зурагт хагалсаны улмаас учирсан хохиролд 3,700,000 төгрөг, нийт 4,673,255 гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1 дүгээр зүйлийн 751.1.4-т зааснаар гэм хорын хохирол учруулсны төлбөр гаргуулах тухай А.***********ийн нэхэмжлэлтэй Д.***********д холбогдох иргэний хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэлээ.

            9. Нэхэмжлэгч А.*********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ шүүх хуралдааны явцад “хариуцагч Д.***********гаас нэхэмжилсэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 973,255 төгрөгийг хариуцагч биелүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзаж, телевизор хагалсаны төлбөр гэх 3,700,000 төгрөгөөс 2,749,900 төгрөгиийг хариуцагчаас гаргуулна.” гэж тайлбарласан.

 

            10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь “гар утас зээлээр авахуулсны төлбөр 973,255 төгрөгийг төлж барагдуулсан, харин зурагтыг хариуцагч хагалаагүй тул 2,749,900 төгрөгийг төлөхгүй” гэж маргасан.

 

11. Нэхэмжлэгч “гар утас зээлээр авахуулсны төлбөр 973,255 төгрөг, зурагт хагалсаны төлбөрт 3,700,000 төгрөг, нийт 4,673,255 гаргуулах” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ.

11.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гар утасны төлбөр 973,255 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Д.*********** төлж барагдуулсан үндэслэлээр татгалзаж, хариуцагч Д.***********гаас зурагт хагалсаны төлбөрт 2,749,900 төгрөг гаргуулна” гэж  шүүх хуралдаанд тайлбарласан.

Нэхэмжлэгч А.*********** нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “гар утас зээлээр худалдан авахуулсны төлбөр 973,255 төгрөг”-ийг хариуцагч биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзсан нь иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах хууль зүйн үндэслэлтэй байна.

11.2. Харин нэхэмжлэгчийн гаргасан “хариуцагч Д.***********гаас зурагт  хагалсаны төлбөр 2,749,900 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Хариуцагч Д.*********** нь нэхэмжлэгчийн эзэмшлийн зурагтыг хагалж гэмтээсэн гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч А.*********** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч А.***********ийн шүүхэд гаргасан “Нет капитал финанс корпораци ББСБ” ХХК, “Таван богд финанс ББСБ” ХХК-аас авсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, Хаан, Хас банкны дансны хуулгууд, мөнгөн шилжүүлгийн баримт, цахим төлбөрийн баримт зэрэг нотлох баримтууд нь түүнийг эдгээр байгууллагуудаас зээл авсан, зурагт, гар утас худалдан авсныг нотолсон баримтууд байх бөгөөд харин хариуцагч Д.***********г нэхэмжлэгчийн эзэмшлийн “LG 64” инчийн зурагтыг хагалсан гэх үйл баримтыг нотлох нотолгооны ач холбогдолгүй баримтууд болохыг дурдах нь зүйтэй.

           Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.***********ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.***********гаас телевиз хагалж эвдэлсний улмаас учирсан хохирол 2,749,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,722 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*********** нь хариуцагч Д.***********гаас гар утас зээлээр авахуулсны төлбөр 973,255 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.***********ийн хариуцагч Д.***********гаас 2,749,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,722 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ