Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч М.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 17160013900031 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ө овогт М-ын Э

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 06-08-ны хооронд Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багийн ********* тоот хашаанд байх иргэн Ц.Д-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод хуучин цагийн мөнгөн хазаар 2 ширхэг, 4 талтай үстэй малгай 1 ширхэг, ногоон торгон дан дээл 1 ширхэг, бор өнгийн хавар намрын гутал 1 ширхэг, 6 шил Чингис архи 750 граммтай, 2 кг гек чук чихэр, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг зэргийг хулгайлж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.Э-ны 2017 оны 11 дүгээр сарын 06-08-ны хооронд Говь-Алтай аймгийн ******* сумын ********* багийн ******************* тоот хашаанд байх Ц.Д-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод хуучин цагийн мөнгөн хазаар 2 ширхэг, 4 талтай үстэй малгай 1 ширхэг, ногоон торгон дан дээл 1 ширхэг, бор өнгийн хавар намрын гутал 1 ширхэг, 6 шил Чингис архи 750 граммтай, 2 кг гек чук чихэр, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг зэргийг хулгайлж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Шүүгдэгч М.Э-ны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би Д гэдэг айл руу цоожийг нь эвдэж ороод ногоон торгон дээл, мөнгөн бүс, мөнгөн хазаар, гутал, дөрвөн талтай малгай, архи, чихэр зэрэг зүйл авсан.  Тэндээс П гэдэг айлд очоод чихэр, архи аваачиж өгсөн. Тэгээд П гэдэг айлаас гарч яваад өөр нэг айлд очсон. Би гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Д “...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед манай урд талын хашаанд байдаг Б над руу залгаад танай гэрийн үүдийг юмаар гөнжсөн байна гэж хэлэхээр нь би тэгвэл шагайгаад хараад өгөөч гэсэн чинь танай гэрийн хамаг эд зүйлийг бөөгнүүлж гаргаж сэндийчсэн байна гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 11 сарын 25-ны өдөр аймагт гэртээ ирээд үзтэл авдар дотор байсан хуучин цагийн 2 мөнгөн хазаар, 4 талтай үслэг малгай, 1 ширхэг, ногоон торгон дан дээл, бор өнгийн хавар намрын гутал, 6 шил Чингис архи 750 граммтай, 2 кг гек чек чихэр, эрэгтэй мөнгөн бүс зэргийг авсан байсан. Л эгч 2017 оны 11 сарын 06-ны өдөр шалгахад зүгээр байна гэж хэлсэн. Тэгэхээр 2017 оны  11   сарын  06-наас 08-ны хооронд хулгай  орсон  гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ33-34/,

Гэрч Э.П-ын "...Би Тайшир сумд байж байгаад ирэхэд манай гэрийн гадаа ногоон торгон дээл хэвтэж байсан. Тэгээд эхнэр А-аас асуухад Т гэдэг залуу орхиод явсан талаар хэлсэн. Тус дээл нь хүн өмсөж болохоор дээл байсан учир би өмсчихсөн юм..." гэх мэдүүлэг /ХХ38-39/

Гэрч М.А-ийн "... Намайг гэртээ байж байтал Т нь Улаанбаатар хотоос эгч юм явуулсан байна гээд цагаан өнгийн хөвөнтэй хөнжилд боосон хээтэй ногоон торгон дээл, бор өнгийн ээтэн хоншоортой гар хийцийн гутал, 4 талтай үстэй малгай, дөрвөлжин цаастай ууттай чихэрнүүд, мөнгөн бүс зэрэг зүйл авч ирсэн. Т авч ирсэн зүйлээсээ чихэр бечинийг нь манай хүүхдүүдэд өгөөд ногоон дээлийг нь орхиод, бусад зүйлээ аваад явсан..." гэх мэдүүлэг /ХХ40-41/

Гэрч Б.Д-ын "... Дээл гутлыг нь өмссөн байсан учир шинээр гутал авч өгөөд, би өөрөө дээлийг нь шинээр оёж өгсөн. Чихэр болон архины хохирлыг нь барагдуулж 100.000 төгрөг өгсөн. Тухайн хазаарнуудын хохирлыг барагдуулахад надад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ44-45/

Гэрч Б.Л-ийн "...Э нь манай нөхөр Б бид хоёрыг П-ынд байхад нэг шөнө дээл, мөнгөн бүс, 4 талтай үстэй малгай, чихэр, архи зэргийг авч ирсэн. Тэгээд авч ирсэн зүйлээсээ П-ын эхнэрт 1 шил архи, чихэрийг нь өгч байсан. Бусад зүйлээ яасан талаар мэдэхгүй..." гэх мэдүүлэг /ХХ49/

Гэрч О.Б-ын "...Нэг шөнө Э нь хотоос эгч юм явуулсан байна гээд малгай, дээл, мөнгөн бүс, гутал, чихэр, архи зэрэг эд зүйлийг авч ирсэн. Малгайг нь зарна гэхээр нь би надад өгчих гээд би авсан. Гэхдээ малгайны үнийг нь өгөөгүй. 20.000 төгрөг өгөхөөр тохирсон юм. Би аймаг дээр байхдаа танихгүй хүнд 10.000 төгрөгөөр зараад мөнгийг нь хэрэглэчихсэн юм. Надад 1 шил архи, П-ын эхнэрт 1 шил архи, чихэрийг нь өгч байсан. Бусад зүйлээ яасан талаар мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /ХХ50-51/

Гэрч Ж.Б-ын "... 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ц-ийн Д-ийн хашаанд байх байшингийн халаалтын үнийг авахаар дотогш ортол хашаанд байх байшингийн урд талд байдаг монгол гэрийн хаалга нь онгорхой байхаар нь Д-ийн утас руу залгаад танай гэр чинь онгорхой байна шүү гэж хэлсэн. Тэгтэл Д би Улаанбаатар хотод байна. Намайг очтол наад хаалгаа хадаасаар хадаад орхичих гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /ХХ59-60/

2017 оны 11 сарын 28-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ66/, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /ХХ78-80/, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ10-11, 15-16/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүх сэтгэц гэм судлалын "...1.М.Э нь сэтгэц мэдрэлийн өвчин болох Р70 хүрээний оюуны хөнгөн хоцрогдолтой. Оюуны хөнгөн хоцрогдол илэрч буй боловч өөрийнхөө хийсэн үйлдлийг ойлгох чадвартай.

2.  М.Э нь Р70- оюуны хөнгөн хоцрогдолтой боловч хэрэг хариуцах
чадвартай.

3. Цаашид  сэтгэцийн  эмчийн  хяналтанд  байх  шаардлагатай.  Албадан
эмчилгээ хийлгэх шаардлага үгүй..." гэх магадлагаа /ХХ71/ -аар шүүгдэгч М.Э нь хэдийгээр сэтгэц, мэдрэлийн өвчинтэй боловч өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлах, удирдан жолоодох оюун ухааны бололцоотой буюу хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэг болох нэг жилээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэг болох дөрвөн жилээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан хорих ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөн бүсийг хохирогч Ц.Д-д буцаан олгож, ногоон өнгийн торгон дээл 1 ширхэг, бор өнгийн 1 хос гутал зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгаж, шүүгдэгч М.Э-ны ДБ00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт М-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт М-ын Э-ыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Э-ны ДБ00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөн бүсийг хохирогч Ц.Д-д буцаан олгож, ногоон өнгийн торгон дээл 1/нэг/ ширхэг, бор өнгийн 1/нэг/ хос гутал зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА