Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 117/ШШ2026/0002

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 4 сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал орон нутагт ажилласны нэмэгдэл сар бүрийн 40 хувь буюу бүгд 5.558.400 төгрөгийг нөхөн олгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. 2024 оны 4 сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал орон нутагт ажилласны нэмэгдэл сар бүрийн 40 хувь буюу бүгд 5.558.400 төгрөгийг нөхөн олгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “*******ыг Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/22 дугаар захирамжаар *******ыг тус сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна[1].  

1.2. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн “Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай” 82 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг хавсралтаар өөрчлөн баталсан.

1.3. Дээрх тогтоолд үндэслэн тус сумын Засаг даргын 2024 оны 04 сарын 24-ний өдрийн “Цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” А/38 дугаар захирамж, түүний хавсралтаар Соёлын төвийн дарга *******од орон нутагт ажилласны 40 хувь буюу 617.600 төгрөгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн.[2]

1.4. Нэхэмжлэгч *******оос 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр орон нутагт ажилласны 9 сарын хугацааны нэмэгдлийг нөхөн олгуулна гэж шүүхэд хандсан.    

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2023 оны 10 дугаар сарын 12-нд Өлзийт сумын Соёлын төвийн даргын үүрэгт ажлыг хүлээж аваад одоог хүртэл ажиллаж байна. 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалинг Засгийн газрын тогтоолоор 40 хувь нэмэх шийдвэр гарсан. Гэтэл манай сумын Засаг даргын тамгын газар цалингийн энэ нэмэгдлийг тогтоол шийдвэрийн дагуу олгож өгөхгүй байсаар 2024 оны 12 дугаар сарыг дуусгасан.

Соёлын төвийн төсөв цаанаасаа орж ирнэ гэж би ойлгож байна. Өчнөөн гүйлгээ хийж тэр болгонд нь би 1-р гарын үсэг, нягтлан бодогч 2-р гарын үсгийг зурдаг. Ажилчдынхаа цалинг би баталж, гарын үсэг зураад тэд зохих журмын дагуу цалингаа авдаг. Харин миний цалинг Засаг дарга баталж, надад олгоно гэж ойлгож байна. Ажил олгогчид цалингийн зөрүүг олгож өгөхийг удаа дараа сануулж шаардаж байсан боловч олгоогүй.

2024 оны 4 дүгээр сарын 1-нээс  2024 оны 12 сар дуустал төрийн албан хаагчдад олгох ёстой байсан 40 хувийн нэмэгдэл болох 5.558.400 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт үндэслээд дараах дүгнэлтийг гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нас, хүйс, мэргэжил, яс, үндэс, шашин шүтлэг, үндэс угсаагаар ялгаварлахгүй байх эрхийг Монгол улсын иргэн бүр адил тэгш эдэлнэ. Мөн хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх эрхтэй. Гэвч энэ эрх захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдөж, шударга ёсны зарчим алдагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Учир нь ******* 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын захирамжаар Соёлын төвийн эрхлэгчээр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ТҮСБ-5 шатлалаар 1.637.000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний, улс төрийн албан тушаалтнуудад үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх нэмэгдлийг төсөвтөө тааруулан хэрэгжүүл гэж төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан. Энэ тогтоолын дагуу Өлзийт сумын Засаг дарга ******* 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А/38 дугаартай захирамж гаргаж, хавсралтад албан тушаалтнуудын нэрийг тодорхой дурдаж заасан. Гэтэл энэ захирамжийг ******* мэдээгүй, гардаж аваагүй, захирамжтай биечлэн танилцаагүй. Орон нутагт ажиллаж байгаа бусад албан хаагчид орон нутгийн нэмэгдэл 40 хувийг авсан учир “миний орон нутгийн нэмэгдлийг яагаад олгохгүй байгаа юм бэ” гэдэг асуудлыг тавьсан. Засаг даргаас 40 хувийн нэмэгдлийг олгохыг үүрэг болгосон, нэмэгдэл авах эрхийг нь олгосон А/38 дугаартай захирамж гарсан байхад гүйцэтгэх шатандаа буюу нягтлан, төрийн сангийн хэлтэс дээр энэ захирамжийн хэрэгжилт хангагдахгүй төсвийг зарцуулахыг хориглож, биелүүлээгүй үйлдэл гаргасан байна. Засгийн газрын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 382-р тогтоолын 6-р хавсралтаар төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгодог байсан бол 2024 оны 82-р тогтоолоор  улс төрийн албан хаагчдад мөн олгох болсон.  2018 онд хэрэгжиж байсан 382-р тогтоолоор 210.000 төгрөгийн орон нутгийн нэмэгдлийг нэхэмжлэгчид олгож байсан. 2024 оны 82-р тогтоол болон Засаг даргын захирамжаар 617.600 төгрөг олгогдохоор болоход гүйцэтгэх шатандаа энэ алба хаагчид олгохгүй чирэгдэл үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар хангалттай нотлогдон тогтоогдож байна. ******* өөрт нь 617.000 төгрөг олгогдохоор захирамж гарсан гэдгийг мэдээгүй, мөн түүний цалинг баталж, тооцох эрх бүхий этгээд нь сумын Засаг дарга. Өлзийт сумын Соёлын төвийн даргын цалинг сумын Засаг дарга батлан олгодог гэсэн гэх албан бичиг хавтаст хэргийн 125-р талд байгаа.  Хариуцагчаас өмнөх шүүх хурал дээр *******ыг төсвийн ерөнхийлөн захирагч учир өөрөө мэдсээр байж авахгүй байсан гэх тайлбарыг гаргаж байсан боловч өнөөдөр тэтгэврийн насны хүнд энэ нэмэгдлийг олгохгүй гэсэн төрийн албаны зөвлөлийн зөвлөмж байсан гэж байна. Засаг  даргын  гаргасан  захирамжаас  давсан  эрх  мэдэл  гүйцэтгэх  албан тушаалтнуудад байхгүй. Засгийн газраас олгож байгаа орон нутагт ажилласны 40 хувийн нэмэгдлийг тэтгэврийн насны хүн гэдгээр нь ялгаварлан гадуурхаж, тэгш бус хандаж эрхийг нь зөрчсөн. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах шударга ёс, хуульд заасны дагуу ажиллах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. *******ын Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллах хугацааны буюу 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүрийн 617.600 төгрөгийн орон нутгийн нэмэгдлийг 9 сарын хугацаанд авах ёстой гэж үзэж, нийт 5.558.400 төгрөгийг нэхэмжилж, өмнөх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүнгээ багасгаж байна. Нэхэмжлэгчийг хариуцагч *******, ******* нарын буруутай үйлдлээс болж хохирсон гэж үзэж байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7, 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн хохирлыг гаргуулж өгнө үү” гэв. 

3.3. Хариуцагч Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/09 дүгээр сумын Засаг даргын захирамжаар төсвийн шууд захирагч нарын цалингийн хэмжээг шинэчлэн бусад нэмэгдлийг хавсралтаар баталсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Засаг даргын А/38 дугаар захирамжаар төсвийн шууд захирагч нарын цалингийн хэмжээг шинэчилж, бусад нэмэгдлүүдийг хавсралтаар баталсан.

Гэсэн хэдий ч ******* нь 2023, 2024 онуудад тус албан тушаалд томилогдохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул нэмэгдэл олгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэн орон нутгийн нэмэгдэл олгоогүй байна.

Ингээд 2024 онд ******* нь тухайн үед Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******т орон нутгийн нэмэгдэл авах талаараа хэлсэн тухайгаа нэхэмжлэл дээрээ дурдсан байдаг.

Иймээс Санхүүгийн албаны дарга ******* нь *******од тэтгэврийн насны албан хаагчид хөдөлмөрийн гэрээнд тусгаснаар цалин хөлс олгогддог гэсэн зөвлөгөө өгч 2025 оны 01 дүгээр сард сумын Засаг дарга *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнээс хойш журмын дагуу орон нутгийн нэмэгдлийг олгож ажилласан байдаг.

Дээрх нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэгч *******ын гаргуулахыг хүссэн  5,893,200  (Таван  сая  найман  зуун  ерэн  гурван  мянга  хоёр  зуу) төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.[3]

3.4. Хариуцагч Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2024 оны 12 сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргаар томилогдож, 2025 оны 01 сард төрийн албан байгууллагуудын дарга нартай шинээр гэрээ байгуулж, ******* дарга шинээр цалингаа батлуулсан. Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ******* даргын 2023, 2024 онуудад *******ыг албан тушаалд томилсон, шинэчилсэн тушаалыг би үзээгүй. Би 2025 оны 01 сард ******* даргад “тэтгэвэрт гарсан хүнийг эргүүлж ажилд томилж, төрийн албанд авч  болохгүй тухай Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл орсон тул зөрчилтэй томилгоо байна” гэдэг тайлбарыг өгсөн. ******* дарга нь “өнгөрсөн жил гарангийн хугацаанд орон нутгийн нэмэгдэл огт аваагүй, өмнөх дарга нар өгдөггүй байсан, одоо орон нутгийн нэмэгдэл авмаар байна” гэж аман байдлаар хүсэлтээ илэрхийлж байсан. Миний хувьд *******од “та зөрчилтэй томилгоотой” тул санхүүгийнхээ хүмүүсээс асууя гэж хэлээд асуухад “Дундговь аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас санхүүжилт нь олгогддог, манайх олгох эрх зүйн акт нь байхгүй” гэх тайлбарыг өгсөн. ******* нь бидэнд өмнөх саруудад авах боломжтой байсан орон нутгийн  нэмэгдлийг нөхөж олгож өгнө үү гэх хүсэлтийг тавьсан. Өмнөх сарын цалингуудаа төсвийн шууд захирагч ******* дарга өөрөө баталж, гүйлгээг нь хийж байсан. Бид өмнөх цалинг нөхөж, өөрийнх нь баталсан цалингаас илүүг олгох зохицуулалт байхгүй тул боломжгүй. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн албан шаардлагыг хариу тайлбартаа хавсаргаж шүүхэд хүргүүлсэн. Орон нутгийн нэмэгдэл өгөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэгдүгээрт зөрчилтэй томилгоотой байсан, 2 дугаарт Дундговь аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас шууд санхүүжилт ордог, манай Засаг даргын Тамгын газраар санхүүжилт нь дамждаггүй гэх тайлбарыг хүргүүлсэн ...” гэв.[4]

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэгч “би цалин баталдаггүй, Засаг дарга баталдаг” гэсэн тул жишээ болгож Өлзийт сумын Соёлын төвийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн QR баримттай цалингийн баримтыг өнөөдрийн хуралд өгсөн. 2-р гарын үсэг нягтлан бодогч *******, 1-р гарын үсэг *******, төрийн сангийн мэргэжилтэн, төрийн сангийн албаны дарга гэсэн 4 хүний бүрэлдэхүүнээр гүйлгээг гаргадаг болохыг нотлохоор гаргаж өгсөн. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийн төсөвт тусгаж олгоно” гэж заасан. Энэ заалтын хүрээнд манай байгууллагын орон тоонд сумын Соёлын төвийн даргын орон тоо байхгүй талаар өмнө нь тайлбараа хэлсэн. Өнөөдөр нотлох баримтаар Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” А/02 дугаартай захирамжийг сая өгсөн. Үүнээс үзэхэд сумын Засаг даргын тамгын газарт 17 орон тоо батлагдсан бөгөөд үүнд Соёлын төвийн даргын орон тоо байхгүй. Сүүлд хавтаст хэрэгт Дундговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын 2026 оны 2 сарын 25-ны өдрийн 23 дугаартай албан бичиг авагдсан байна. Уг албан бичигт “Соёл урлагийн байгууллагуудын батлагдсан төсвийн хуваарийг харьяа яамнаас жил бүр баталсан тушаалын хамт ирүүлдэг ба батлагдсан хуваарийн дагуу санхүүжилт олгодог” гэсэн байгаа нь санхүүжилт өөр байгууллагаас олгодог гэснийг нотолж байна. Тэгэхээр орон нутгийн нэмэгдлийг хариуцагч тал хариуцахгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа ажил олгогчид хандсан гэх боловч сая гэрч “1 удаа биечлэн уулзсан гэдэг” мэдүүлэг өгсөн. Мөн Засаг даргын захирамж гарсныг мэдсэн бол өөртөө олгох байсан гэдэг асуудлыг ярьж байна. Засаг даргаас төсөв захирагч нарт захирамжийг хүргүүлэхгүй. Бичиг хэргээс бичиг хэрэгт дамждаг тул өөрийн байгууллагын бичиг хэргээс энэ хариуцлагыг нэхэх хэрэгтэй” гэв.

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн нэмэгдлийг улсын төсвөөс олгож байгаа. Нэхэмжлэгч орон нутгийн нэмэгдэл гэхээр сум хариуцах ёстой гэсэн ойлголттой  байх шиг байна. Орон нутгийн төсөвтэй ямар ч хамаагүй тул Засаг даргын тамгын газар хариуцахгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал орон нутагт ажилласны сар бүрийн 40 хувийн нэмэгдэл буюу бүгд 5.558.400 төгрөгийг нөхөн олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан тус шүүхэд гаргасан.[5]

2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар татсан.[6]

3. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.1. Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “*******ыг Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/22 дугаар захирамжаар Өлзийт сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улмаар мөн сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” А/38 дугаар захирамж, түүний хавсралтаар *******од орон нутагт ажилласны 40 хувь буюу сар бүр 617.600 төгрөгийн цалингийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн.[7]

3.2. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-т “төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах”, 16 дугаар зүйлийн 16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн шууд захирагч”, 16 дугаар зүйлийн 16.5-т “төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.3-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж тус тус заажээ.

3.3.  Энэхүү маргааны тухайд, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/09 тоот захирамж, түүний хавсралт[8], 2024 оны 1 дүгээр сарын 2-р хагас, 2024 оны 2 дугаар сарын 2-р хагас, 2024 оны 3 дугаар сарын 2-р хагас цалингийн тооцооны хүснэгт[9], хариуцагчийн нарын “...*** нь төсвийн шууд захирагч тул цалингаа өөрөө хянаж батлаад төрийн сан руу явуулж, төрийн сангаас ******* луу ирээд Монгол банк руу шилжээд гарт нь цалин очих ёстой” гэх тайлбар, түүнчлэн “Даргалагчаас: Та  2024 оны 01 сараас 2024 оны 3 сар хүртэл 210.000 төгрөгийн нэмэгдлийг сумын Засаг даргын захирамжид үндэслэн  авсан байна. Тэгэхээр сумын даргын захирамж байсан болохоор энэ нэмэгдлийг цалингийн нэмэгдэлдээ тооцож, өөрийнхөө цалинг баталсан уу? Хэрэв А/38 тоот захирамжийг мэдсэн байсан бол үүнтэй нэгэн адил 617.000 төгрөгийн нэмэгдлээ нэмээд өөрийнхөө цалинг өөрөө батлах байсан уу?” гэж асуухад “Нэхэмжлэгч: Тийм” гэж хариулсан зэргээс үзвэл нэхэмжлэгч *******  нь Өлзийт сумын Соёлын төвийн дарга, ажилчдын цалинг сар бүр баталж, цалинг гарт нь олгодог нөхцөл байдал тогтоогдоно.

3.4. Гэтэл Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/38 тоот захирамж хүчин төгөлдөр байхад төсвийн шууд захирагч ******* нь Санхүү албаны дарга *******, нягтлан бодогч ******* нарын “өндөр насны тэтгэвэрт гарсан хүнд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд энэ орон нутгийн нэмэгдэл олгогдохгүй гэх зөвлөмж, зөвлөгөө зэрэгт хөтлөгдөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд өөрийн цалин хөлсдөө орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээг тооцуулж аваагүй нь нэхэмжлэгч *******ын хүлээх хариуцлагын асуудал  байна.    

3.5. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/38 тоот захирамжид үндэслэн өөрийн цалин хөлсийг нэмж тооцохыг нягтлан бодогч *******т үүрэг болгох, биелүүлээгүй тохиолдолд түүнд хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий албан тушаалтанд албан ёсоор хандах, эсхүл бодож илгээсэн цалинг батлахаас татгалзаж, буцаах, цуцлах зэрэг эрх Төсвийн тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар тус тус олгогдсон байхад 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуусталх Өлзийт сумын Соёлын төвийн даргын цалинг сар бүр шууд баталж байсан нь дээрх хугацаанд ******* өөрийн цалингийн дүнгээ хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэл юм.  

3.6. Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төв 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай албан бичигтээ “...байгууллагын архиваас хуулбарласан нь үнэн болно” гэж дурдаад Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/38 тоот захирамж, түүний хавсралтыг ирүүлсэн тул нэхэмжлэгч *******од тухайн цаг хугацаанд төсвийн шууд захирагчийнх нь хувьд Өлзийт сумын Засаг даргаас А/38 тоот захирамжийг мэдэгдсэн гэж үзлээ.

3.7.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээрх “... сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний  өдрийн  А/38 тоот захирамжийг мэдээгүй,  шүүх дээрээс мэдсэн, хэрэв мэдсэн байсан бол тэр үед өөртөө нэмэгдлээ гаргаж авах байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

3.8. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр “******* даргын гарт бичгээр гомдол өгч байсан”  гэж тайлбарладаг боловч уг гомдол нь тухайн байгууллагын өргөдөл, гомдлын  бүртгэлд бүртгэгдээгүй, мөн гэрч ******* “... Надад бол тийм өргөдөл өгсөн тохиолдол байхгүй. Хэрвээ өргөдөл өгсөн байсан бол бичиг хэрэгт цохогдоод явсан байх ёстой” гэж мэдүүлдэг тул *******ыг Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хандах хүртэл хугацаанд /2025 оны 7 сарын 23-ны өдөр[10]/ орон нутгийн нэмэгдлийн асуудлаар захиргааны байгууллагад хандсан гэж үзэх нь үндэслэлгүй.  

3.9. Маргааны үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж зааснаар төсвийн шууд захирагч буюу Өлзийт сумын Соёлын төвийн даргаар ажиллаж байсан *******од тухайн цаг хугацаанд байгууллагын төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрх тусгайлан олгогдсон байхад уг эрхээ хэрэгжүүлэхгүйгээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд олгогдоогүй орон нутгийн нэмэгдлээ Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газар, Өлзийт сумын Засаг даргаас нөхөн гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгч *******оос  Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга, мөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 2024 оны 4 сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал орон нутагт ажилласны сар бүрийн 40 хувь буюу бүгд 5.558.400 төгрөгийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.18, 16.5, 16.5.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******оос Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга, мөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 2024 оны 4 сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал орон нутагт ажилласны сар бүрийн 40 хувь буюу бүгд 5.558.400 төгрөгийг нөхөн олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.ЦЭРЭНРАГЧАА

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5, 30 хуудас

[2] Хавтаст хэргийн 15, 16 хуудас

[3] Хавтаст хэргийн 35 хуудас

[4] Хавтаст хэргийн 102 хуудас

[5] Хавтаст хэргийн 2 хуудас

[6] Хавтаст хэргийн 65-66 хуудас

[7] Хавтаст хэргийн 15-16 хуудас

[8] Хавтаст хэргийн 36-37 хуудас

[9] Хавтаст хэргийн 43-45 хуудас

[10] Хавтаст хэргийн 8-9 хуудас