Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/04339

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2024/04339 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,

Хариуцагч:*******-нд холбогдох

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө Нэхмэл хотхоны үйлчилгээний төвийн 2 дугаар ээлжийн барилгын 2 давхарт байрлах 61.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-нд даалгах, өмгөөлөгчийн хөлс 3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Бямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч *******, хариуцагч Хүч Од констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Бямба нь хариуцагч Баяр өргөө констракшн ХХК, Хүч од констракшн ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө Нэхмэл хотхоны үйлчилгээний төвийн 2 дугаар ээлжийн барилгын 2 давхарт байрлах 61.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-нд даалгах, өмгөөлөгчийн хөлс 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч Ж.Бямба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баяр өргөө ХХК-нд гомдолтой байна. 2022.05.19 өдөр гэрээ хийсэн. Түүнээс хойш үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй хохироож байна. Баяр өргөө ХХК-ийн захиралд *******д гэрээ хийсэн компанид мөнгөө тушаая гэхэд бартераар Хүч Од ХХК-нд өгсөн, бид олон жил хамтран ажиллаж байгаа мөнгөө хурдан тушаа гэхээр нь мөнгөө хийсэн. Хоёр компанийн маргаан надад хамаагүй. Олон жил хохироож байна. Сэтгэл санааны хэцүү байдлаас болж элэг, уушигандаа уйланхайтай болсон, Грандмед, Интермед эмнэлэгүүдээр явсан боловч монголд эмчлэгдэх боломжгүй болсон. Гадагшаа явахдаа байгаа байраан барьцаанд тавьж Ариг банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авч хариуцагчид төлсөн. Гэрчилгээгээ авчихвал санхүүгийн боломжтой болоод эмчилгээгээ хийлгэмээр байна. Өмгөөлөгчийн хөлсийг буруутай этгээдээс гаргаж өгнө үү, тэтгэвэрийн зээл авч өмгөөлөгчийн хөлсийг төлсөн тул буруутай этгээдээс төлбөрийг нь гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Бямбаас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу 61.62 м.кв талбайг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баяр өргөө ХХК-иас хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Хүч од ХХК-тай манайхаас 11 тоот гэрээг, Хүч Од ХХК-ийн талаас 12 тоот гэрээг байгуулсан байдаг. Анхан шатны шүүхээс дүнгэсэн талуудын хооронд ИХ-д заасан арилжааны гэрээ байгуулсан. Paragon төвийн 740 м.кв талбайг Хүч Од ХХК-ийн 740 м.кв хаусаар сольё. Манайд баригдсан 740 м.кв талбайнаас 61.62м.кв-ийг Хүч Од ХХК Ж.Бямбаас төлбөрийг аваад өгөөрэй гэдэг асуудал яригдсан. Хүч Од ХХК-тай байгуулсан гэрээнд дан ганц энэ гэрээ байгуулагдаагүй, R-1, С-3 гэдэг хаус дээр нь Баяр өргөө ХХК-ийн өмчлөгч *******, гүйцэтгэх захирал н.Мандалбаяр нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж 3 гэрээ байгуулсан.

Гэрээнд зааснаар 2022 оны 4 дүгээр улиралд багтааж 2 хаусын шилжүүлэх ёстой байсан. Манайх 2023 онд 740 м.кв талбайг хүмүүст тарааж өгөх асуудал яригдсан. Хан-Уул дүүргийн 2707 дугаартай ******* шүүгчийн шийдвэр байгаа. Энэ шийдвэрт гэдэг хүний худалдаж авсан 1,2 тэрбум төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт ийн 1,2 тэрбум төгрөгийг Баяр өргөө ХХК-иас шаардах эрхгүй гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ шийдвэр онцгойлон заасан зүйл нь , ******* нар нь нэхэмжлэл гаргах эрхтэй, энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсан. Үүний улмаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд , ******* нар нэхэмжлэл гаргасан. Ингэж гаргахдаа өмнө нь яригдаж байсан дээр нэмэгдээд ******* дээр дурдсан 369 сая төгрөгийн нэхэмжлэлийг гаргаад шүүгч дээр иргэний хэрэг үүссэн жил болж байгаа. Ингэж нэг жил болж байхад Хүч Од ХХК-д 3 удаа мэдэгдэх хуудас, 3 удаа албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарсан, аль ч шүүгчийн захирамж, мэдэгдэх хуудас биелэгдээгүй, гардаж авдаггүй. Ж.Бямбагийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад 83 тоот гэрээнд зааснаар мөнгөө өгсөн байгаа, Хүч Од ХХК-тай хүлээгээд авсан байгаа. 83 тоот гэрээнд Хүч Од ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаар бид нар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдэг заалтыг анхнаасаа тусгасан. Байнгын улсын комисст орсны дараа 83 тоот гэрээг 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан буюу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээн дээр ч тэр Ж.Бямба хууль ёсоор гэрээгээ нотариатаар орж гэрчлүүлэх ёстой байсан. Энэ бүхнийг тооцоолж үзээд 2023 оны 4 сард эзэмшлийг нь шилжүүлсэн, 61.62 м.кв талбайг бусдад түрээслүүлээд үсчиний үйл ажиллагаа явуулж байгаа. Харин яагаад өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа вэ гэхээр ИХ-ийн 215.1 болон 258.2-т зааснаар мөнгө төлбөрийн үүргээс бусад үүргийг саатуулан барьж байгаа. Яагаад саатуулан барьж байгаа вэ гэхээр манайх Хүч Од ХХК-ийн хэлснээр 740 м.кв талбайг хүмүүст нь тараагаад өгсөн, манайд Хүч Од ХХК-иас 740 м.кв талбай ирээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаад ******* төлсөн мөнгийн авья гэхээр нэхэмжлэлээ гаргаж чадахгүй байгаа. Тиймээс үүргийг саатуулан барих эрх нь хуулийн хүрээнд байгаа. Ж.Бямба гуайн хувьд өмчлөх эрхийн асуудалтай байна гэж байгаа боловч тухайн 61.62 м.кв талбайг бусдад түрээслээд орлого олж байгаа. Хүч Од ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ, 83 тоот гэрээнд заасны дагуу биелүүлэх юм бол бид Ж.Бямбад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгөхөд татгалзах зүйлгүй. Яагаад гэвэл ИХ-ийн 215.1-т мөнгөн төлбөрийн үүргээс бусад үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч саатуулан барих эрхтэй, 258.2-т худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй гэсэн байгаа.

Ингээд заасан учраас манайд мөнгө төлөгдөхгүй байхад буяны байгууллага шиг тараагаад өгөх боломжгүй. Гэрээ байгуулсан, гэрээний сахилга батаа сахиад Ж.Бямбад талбайн эзэмшлийг шилжүүлсэн, ашиглаад явж байгаа. Харин өмчлөх эрхийн тухайд Хүч Од ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас саатуулан барьж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүч Од ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх юм бол саатуулан барих эрхээ суллаад шууд өгнө. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч Хүч Од констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Иргэн Ж.Бямба Баяр өргөө ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 83 тоот худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг захиалах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 61.62 м.кв талбайтай худалдан авахаар гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т уг худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг Хүч Од ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/21 тоот албан бичгийн дагуу захиалгын гэрээг Ж.Бямбад шилжүүлж тухайн үйлчилгээний талбайн НӨАТ болон бусад төлбөр тооцооны асуудлыг Хүч Од ХХК хариуцана гэснээр Ж.Бямба Хүч Од ХХК-д талбайн төлбөрийг бүрэн төлсөн. Тус гэрээний 2.3-т заасны дагуу манай компаниас Баяр өргөө ХХК-д иргэн Ж.Бямба талбайн төлбөрийг бүрэн төлсөн тул өмчлөх эрхийг гаргуулж өгөх талаар албан тоот хүргүүлсэн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан 23-р талд байгаа 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 23/А-02 тоот албан бичгээр хүргэгдсэн байгаа. Тиймээс манай зүгээс ******* өмчлөх эрхийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин өмгөөлөгчийн хөлс шаардаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээгээр өмгөөлөгчийн хөлс төлөх, эсхүл өмгөөлөгчийн хөлс 3,500,000 байна гэж тохиролцоогүй учир үндэслэлгүй гэв.

 

5. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 83 тоот Худалдаа, үйлчилгээ зориулалттай талбай захиалгын гэрээ, зарлагын баримт, бэлэн мөнгөний баримт, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/А-02 дугаартай Хүч Од констракшн ХХК-иас Баяр өргөө констракшн ХХК-д хүргүүлсэн хүсэлт, 2023.03.01-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх-ийн 3-27, 55-56/

 

6. Хариуцагч Баяр өргөө констракшн ХХК нотлох баримтаар: Баяр өргөө констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 67 тоот итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 189 тоот итгэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хүч Од констракшн ХХК болон Д.Баярсайхан нарын хооронд байгуулсан Guest House А1-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хүч Од констракшн ХХК болон Б.Маралбаяр нарын хооронд байгуулсан Guest House С3-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, Баяр Өргөө констракшн ХХК-ийн дүрэм, Хүч Од констракшн ХХК-иас Баяр өргөө констракшн ХХК-д хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/А-02 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг, Баяр өргөө констракшн ХХК-иас Хүч Од констракшн ХХК-д хүргүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 51 тоот албан бичиг, Баяр өргөө констракшн ХХК-иас Хүч од констракшн ХХК-д хүргүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 52 тоот албан бичиг, Баян өргөө констракшн ХХК-иас иргэн Ж.Бямбад хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 54 тоот албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03703 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б.Маралбаяр, Д.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй, Хүч Од констракшн ХХК-д холбогдох нэхэмжлэл, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Худалдаа үйлчилгээний талбай хүлээлгэн өгөх маягт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, комиссын хуралдааны тэмдэглэл зэргийг баримтаар гаргаж өгсөн. /хх-ийн 31-33, 94, 103-115, 121-126, 160, 200-204, 220-221, 238-243/

 

7. Хариуцагч Хүч Од констракшн ХХК нотлох баримтаар: 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 002370018 дугаартай итгэмжлэл, Хүч Од констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг баримтаар гаргаж өгсөн. /хх 43, 185 ху/

 

8. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн тамгын газраас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02707 дугаартай шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргуулан авсан. /хх 248-250, 2хх 1-6/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ж.Бямба нь хариуцагч Баяр өргөө констракшн ХХК, Хүч од констракшн ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө Нэхмэл хотхоны үйлчилгээний төвийн 2 дугаар ээлжийн барилгын 2 давхарт байрлах 61.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-нд даалгах, өмгөөлөгчийн хөлс 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч Ж.Бямба нь хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын №83 дугаартай гэрээ байгуулсан. /хх-ийн 8-11/

 

4. Энэхүү гэрээгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн 61.62 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалтай 2 давхарт байрлах талбайг Хүч од констракшн ХХК-нд №12 тоот гэрээний төлбөрт өгөхөөр тохирч үйлчилгээний талбайн захиалгын гэрээг Хүч од констракшн ХХК-тай байгуулсан тус үйлчилгээний талбайн төлбөр Хүч од констракшн ХХК-тай байгуулсан №12 тоот гэрээний үүрэг хангагдаж №12 тоот гэрээг дүгнэснээр төлбөр төлөгдсөнд тооцож болно. Хүч од констракшн ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/21 тоот албан тоотын дагуу захиалгын гэрээг Ж.Бямбад шижлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж заажээ.

 

5. Нэхэмжлэгч Ж.Бямба, хариуцагч Баяр өргөө констракшн ХХК нарын хооронд байгуулсан гэрээний 4.1-т ... барилгын ажлын явц хойшилж ... гэж, 4.2-т Худалдаа үйлчилгээний талбайг барилгын батлагдсан зураг төсвийн дагуу барьж гүйцэтгэн Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах Улсын комиссоор оруулж, уг комиссын хүлээн авсан тухай захиалагчид мэдэгдэнэ гэж заасан.

 

5.1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Бямба нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн худалдаа үйлчилгээний зориулалтай барилгын 2 давхарт байрлах 61.62 м.кв талбайг худалдан авч, төлбөрт 369.720.000 төгрөгийг Хүч од констракшн ХХК-нд төлөхөөр, Баяр өргөө констракшн ХХК нь гэрээнд заасан үйлчилгээний зориулалтай талбайг Ж.Бямбад хүлээлгэн өгөхөөр харилцан тохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

 

7. Энэхүү гэрээгээр хариуцагч Баяр өргөө констракшн ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан үйлчилгээний зориулалтай талбай болон түүнтэй холбоотой баримт бичгийн ******* өмчлөлд шилжүүлэх, Ж.Бямба нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

 

8. Нэхэмжлэгч Ж.Бямба нь хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын №83 дугаартай гэрээ байгуулсан, Ж.Бямба нь энэ гэрээгээр 369.720.000 төгрөгийг Хүч од констракшн ХХК-нд төлсөн, Баяр өргөө констракшн ХХК нь хариуцагч Хүч од констракшн ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №12 дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалтай талбай захиалгын гэрээ байгуулсан, Баяр өргөө констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн худалдаа үйлчилгээний зориулалтай 2 давхарт байрлах 61.62 м.кв талбайг ******* эзэмшилд шилжүүлсэн талаар талууд хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

8.1. Харин нэхэмжлэгч Ж.Бямба нь Баяр өргөө констракшн ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 369.720.000 төгрөгийг Хүч од констракшн ХХК-нд шилжүүлсэн тул одоо үйлчилгээний зориулалтай талбайн өмчлөгчөөр тогтоолгоно гэж,

Хариуцагч Хүч од констракшн ХХК нь Ж.Бямба нь төлбөрөө төлсөн тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай баримтыг гаргуулахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, өмгөөллийн хөлс гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж,

Хариуцагч Баяр өргөө констракшн ХХК нь Хүч од констракшн ХХК-ийг гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул ******* үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхгүй саатуулан барьж байгаа гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

9. Хариуцагч Баяр өргөө констракшн ХХК болон хариуцагч Хүч од констракшн ХХК нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №12 дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалтай талбай захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний:

1.    хавсралт №1-д: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн Б хэсгийн 2 ба 3 давхарт худалдаа үйлчилгээний талбайн зориулалттай нийт 6 ширхэг 740 мкв талбайнууд

2.    хавсралт №2-т: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Арцатын ам Guest house, амины орон сууцны зориулалттай 272 мкв, 468 мкв нийт 740 мкв байшин байна гэж заажээ. /хх-ийн 103-105/

 

10. Дээрх гэрээгээр худалдагч Баяр өргөө констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн Б хэсгийн 2 ба 3 давхарт худалдаа, үйлчилгээний талбайн зориулалтай тус гэрээний хавсралт №1-д заасан худалдаа үйлчилгээний талбайнуудыг,

захиалагч Хүч од констракшн ХХК нь гэрээгээр тохирсон хавсралт №2 заасан бараа солилцоогоор худалдагчид төлөхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар заажээ.

 

10.1. Хариуцагч Баяр өргөө констракшн ХХК болон хариуцагч Хүч од констракшн ХХК нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №12 дугаартай гэрээ байгуулан 740 м.кв үйлчилгээний талбайнаас 61.62 м.кв талбайг ******* нэр дээр шилжүүлэн өгөх №83 дугаартай захиалгын гэрээ байгуулсан нь талууд №12 тоот гэрээгээр тохирсон гэрээний үүргийг хэсэгчлэн дүгнэж, улмаар гуравдагч этгээд ******* өмнө Баяр өргөө констракшн ХХК нь тухайн үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөхөөр хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

11. Нэхэмжлэгч Ж.Бямба нь хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын №83 дугаартай гэрээний 4.3-т ... Худалдаа үйлчилгээний талбайг 100 хувь төлбөр хийсэн захиалагчид барилгын улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлнэ ... гэж, 4.4-т Худалдагч нь үл хөдлөхийн гэрчилгээ гаргахтай холбоотой бичиг баримт, материалыг захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй гэж, захиалагч төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж худалдаа үйлчилгээний талбайн түлхүүр, худалдаа үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх актын хамт хүлээн авснаар Захиалагчийн өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан байна.

 

12. Өөрөөр хэлбэл Ж.Бямба нь худалдаа үйлчилгээний талбай захиалгын гэрээний төлбөрийг бүрэн төлсөн худалдаа үйлчилгээний талбайн барилгыг улсын комисс хүлээн авсан байх тул Баяр өргөө констракшн ХХК нь өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

 

13. Баяр өргөө констракшн ХХК нь ******* эзэмшилд худалдаа үйлчилгээний талбайг шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлээгүйг гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзэхээр байна.

 

13.1. Тодруулбал: Баяр өргөө констракшн ХХК нь Ж.Бямбатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул Ж.Бямба нь Баяр өргөө констракшн ХХК-нд холбогдуулан өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

 

14. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-т Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно гэж заасан байна.

 

15. Баяр өргөө констракшн ХХК нь Хүч од констракшн ХХК-ийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Арцатын ам Guest house, амины орон сууцны зориулалттай 272 мкв, 468 мкв нийт 740 мкв байшингаа хүлээлгэн өгөх хүртэл ******* өмнө гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг саатуулж байгаа гэж тайлбарлаж байна.

 

16. Нэхэмжлэгч Ж.Бямба нь Баяр өргөө констракшн ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардаж байхад Баяр өргөө констракшн ХХК нь Хүч од констракшн ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой, хамааралтайгаар энэхүү саатуулан барих эрхийг ******* эсрэг хэрэгжүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

 

16.1. Өөрөөр хэлбэл Ж.Бямба болон Баяр өргөө констракшн ХХК нь тус бүр бие биенийхээ эсрэг чиглэсэн харилцан шаардлага гаргах эрхтэй гэрээний талууд бөгөөд энэ харилцаандаа Хүч од констракшн ХХК-ийн эсрэг саатуулан барих эрхийг хэрэгжүүлэх боломжгүй харин Баяр өргөө констракшн ХХК болон Хүч од констракшн ХХК хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой харилцаанд саатуулан барих эрх хамааралтай байна гэж дүгнэлээ.

 

17. Иймээс хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан саатуулан барих эрхтэй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

18. Баяр өргөө констракшн ХХК, Д.Баярсайхан, Б.Маралбаяр нар нь Хүч од констракшн ХХК-нд холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Баяр өргөө констракшн ХХК болон Хүч од констракшн ХХК-ын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №12 дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалтай талбай захиалгын гэрээ-нээс татгалзаж, гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 1.291.500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх хүлээн авч хянаад 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/02707 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар талууд хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

18.1. Өөрөөр хэлбэл Баяр өргөө констракшн ХХК, Хүч од констракшн ХХК-ны хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №12 дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалтай талбай захиалгын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх тул нэхэмжлэгч Ж.Бямба нь Баяр өргөө констракшн ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардах эрхээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

18.2. Баяр өргөө констракшн ХХК, Хүч од констракшн ХХК-ны хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний №12 гэсэн цифр засвартай байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

19. Нэхэмжлэгч Ж.Бямба нь өөрийн өмгөөлөгч *******д өмгөөллийн хөлс 3.500.000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байгаа боловч өмгөөлөгчид төлсөн зардлыг зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3.500.000 төгрөгийг хариуцагч Баяр өргөө констракшн ХХК, Хүч од констракшн ХХК-ны нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

20. Мөн нэхэмжлэгч Ж.Бямба нь хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг гэрээний нөгөө тал болох Баяр өргөө констракшн ХХК-иас шаардах эрхтэй бөгөөд Хүч од констракшн ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

 

21. Иймд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө Нэхмэл хотхоны үйлчилгээний төвийн 2 дугаар ээлжийн барилгын 2 давхарт байрлах 61.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өмгөөлөгчийн хөлс 3.500.000 төгрөг гаргуулах болон хариуцагч Хүч од констракшн ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

22. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

23. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хувиарлалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

з1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Ёндон овгийн Жумдааны Бямбыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө Нэхмэл хотхоны үйлчилгээний төвийн 2 дугаар ээлжийн барилгын 2 давхарт байрлах 61.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өмгөөлөгчийн хөлс 3.500.000 төгрөг гаргуулах болон хариуцагч Хүч од констракшн ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.077.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баяр өргөө констракшн ХХК-иас 2.006.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ