Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгч С.Э, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э, Г.А нарт холбогдох эрүүгийн 1840000000028 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй С.Э

 Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г.А

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

С.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр А гэгчийн гэрт хохирогч Г.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож биед нь дух баруун хацар, хамар, дээд, доод уруул, зүүн чих, нуруунд зулгаралт, 2 нүдний алимны салст, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан

Г.А нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр А  гэгчийн гэрт хохирогч С.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож биед нь духанд шарх, баруун хацар, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, чихэнд зулгаралт, зүүн нүдний зовхинууд, алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э-ын өгсөн “Надад гомдол санал байхгүй, Г.А-аас нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А-ийн өгсөн “Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлэгүүд

Шүүгдэгч С.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би өөрийн найз А-тай архи уусан үедээ хувийн таарамжгүй харилцаанаас хоорондоо муудалцаж зодолдож бие биедээ гэмтэл учруулсан. Би энэ хэргийн талаар өмнө нь хохирогчоор тооцогдож мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан байгаа ...миний эрүүл мэндэд өнөөдрийн байдлаар учирсан ямар нэгэн хохирол байхгүй болсон. надад одоо А-д  гомдол санал байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 27 хуу/

Шүүгдэгч Г.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Бид хоёр тэр үед архи хэтрүүлэн хэрэглэж хоёр биенийхээ үгийг авахгүй хаваржааны асуудлаар хоорондоо эхэлж муудалцсан. Сүүлдээ зодоон болсон. би буруутай зүйл хийснээ маш сайн ойлгож байна ...би Э-аас  найзын хувьд уучлалт гуйсан. Э  бид хоёр хэн хэнээсээ уучлалт гуйсан. Одоо миний бие эрүүл мэндэд учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Э-т гомдол санал байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 31-р хуу/

Хохирогч С.Э-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад өөрийн гэрээс найз А-тай уулзахаар явж байтал А  нь гэрээ нүүлгэж байгаа хонь ямаа туугаад явж байсан. Би тухайн үед А-тай ганц шил архи уух гээд А гаас архины мөнгө асуухад бэлэн мөнгө байхгүй байна харин виза карт байна гэхээр нь би виза картыг нь аваад Бор-Өндөр сумын төврүү орж Дэнжийн дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил Ерөөл архи, 2.5 литрийн 3 ширхэг Сэрүүн гэх нэртэй пиво, гурилан боов, ундаа аваад эргэж А гийн нутаглах газар дээр очсон. Намайг А  дээр очиход гэрээ бариагүй, саахалт айл буюу А  гэж айлынд эхнэрийн хамтаар байсан. Ингээд ууж сууж байхдаа А  бид хоёр хувийн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Ямар асуудал вэ гэхээр өмнө нь А  нь хонь малтайгаа манай хаваржаан дээр хамт нутаглаж байсан юм. Тэгж байхдаа өвөл хэрэглэх аргал хөрзөнг маань А гийн хонь мал нь тараачихсан байсан юм. Би энэ талаар ярихад А  нь төлөөд өгчихнө, юун сүртэй юм гээд уурлаж бид хоёр муудалцсан. Ингээд бид хоёр А гийн гэрт хэрэлдэж маргалдаад яахав гээд гэрээс гарсан. Ингээд гэрийн гадаа маргалдаж зогсож байгаад бид хоёр зодолдож эхэлсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл нилээд уусан байсан болохоор гэрээс гараад салхинд салхинд цохиулж согтсон байсан болохоор яг хэн нь зодоон эхлүүлснийг санахгүй байна. Нэг мэдсэн А  бид зодолдож байсан. Тэгсэн гэрээс А гийн эхнэр гарч ирээд бид хоёрыг салгасан шиг санагдаж байна. ингээд бид хоёр муудалцахаа болиод А  намайг Бор-Өндөр сумын төв рүү хүргэж өгөхөөр болсон. Тэгсэн А  би архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор мотоцикль унаж сумын төв орохгүй, харин чамайг замын унаанд суулгаад өгье гэж хэлээд А гийн гэрээс гарч Бор-Өндөр сумаас Баянмөнх, Чингис хот руу явдаг зам дээр ирэхэд машин эхэндээ олдоогүй, харин 10-аад минутын нэг машин ирэхэд нь гараа өргөж зогсоотол цагдаагийн байгууллагын албаны машин байсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14 хуу/

Хохирогч Г.А-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...А ын гэрт байж байхад Э  ирсэн. Э  нь ирэхдээ 0.75 литрийн савалгаатай Ерөөл архи 1 шил, 2.5 литрийн савалгаатай 3 ширхэг Сэрүүн гэх нэртэй пиво, гурилан боов, ундаа орж ирсэн. Ингээд Э  бид нар Э ын авчирсан архи, пивыг хувааж уусан. Ингээд сууж байхдаа Э  бид хонь малтайгаа манай өвөлжөөн дээр байсан аргал хөрзөнгийн талаар маргалдаж эхэлсэн. Манай хонь ямаа Э ын аргал хөрзөнг нь давтсан буюу тарааж бутраачихсан юм. Энэ ярианаас болж бид хоёр муудалцсан ...тэр үед би нилээн архи пиво уусан болохоор зарим зүйлээ санахгүй байна. ингээд Э  бид хоёр гадаа зодолдож байсан....” гэх мэдүүлэг /хх-н 16-17 хуу/

Гэрч Т.Ш-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би нөхөр А гийн хамтаар нүүдэл хийгээд хонь малаа туугаад явж байтал манай нөхрийн найз Э  халамцуухан ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би яваад очтол манай нөхөр А  нь надаас Хаан банкны вика карт өгөхийг хүссэн. Картаа өгөхөд А  нь Э т өгч сумын төв рүү явуулсан ...би хойноос нь хонин дээрээ байж байгаад очиход А ын гэрт Э , А  хоёр архи уугаад сууж байсан ...би хонио эргүүлчихээд нилээн удаж байгаад ирэхэд Э , А  хоёр зодолдсон бололтой нүүр ам нь цус нөж болчихсон байсан. Намайг очиход тэр хоёр дахин хоорондоо зодолдохоор нь салгах гэсэн боловч дийлдээгүй. Би салгаж дийлээгүй болохоор нь А ын гэрт орж цай уучихаад эргээд хониндоо явсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад эргэж ирэхэд Э , А  хоёр эвлэрчихсэн юм яриад сууж байсан. Тэгээд А  Э ыг замын унаанд суулгаж өгөхөөр гарсан. Тэгээд эргэж ирээгүй. Сураг сонсоход цагдаагийн байгууллага дээр журамлагдаад ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дугаартай

  1. С.Э-ын биед духанд шарх, баруун хацар, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, чихэнд зулгаралт, зүүн нүдний зовхинууд, алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 5 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 190 дугаартай

  1. Г.А-ийн биед дух, буруун хацар, хамар, дээд доод уруул, зүүн чих, нуруунд зулгаралт, 2 нүдний алимны салст, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 9 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч С.Э, Г.А нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Шүүгдэгч С.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутагт оршин суух А ын гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.А-тай харилцан зодолдож түүний бие махбодид дух, буруун хацар, хамар, дээд доод уруул, зүүн чих, нуруунд зулгаралт, 2 нүдний алимны салст, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан

          Шүүгдэгч Г.А нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр А  гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Э-тай харилцан зодолдож улмаар түүний бие махбодид духанд шарх, баруун хацар, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, чихэнд зулгаралт, зүүн нүдний зовхинууд, алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь

          Хохирогч С.Э-ын “...ингээд гэрийн гадаа маргалдаж зогсож байгаад бид хоёр зодолдож эхэлсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл нилээд уусан байсан болохоор гэрээс гараад салхинд салхинд цохиулж согтсон байсан болохоор яг хэн нь зодоон эхлүүлснийг санахгүй байна. Нэг мэдсэн А  бид зодолдож байсан. Тэгсэн гэрээс А гийн эхнэр гарч ирээд бид хоёрыг салгасан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг

          Хохирогч Г.А-ийн “...сууж байхдаа Э бид хонь малтайгаа манай өвөлжөөн дээр байсан аргал хөрзөнгийн талаар маргалдаж эхэлсэн. Манай хонь ямаа Э ын аргал хөрзөнг нь давтсан буюу тарааж бутраачихсан юм ...ингээд Э  бид хоср гадаа зодолдож байсан....” гэх мэдүүлэг

          Гэрч Т.Ш-ийн “...намайг очиход тэр хоёр дахин хоорондоо зодолдохоор нь салгах гэсэн боловч дийлдээгүй. Би салгаж дийлээгүй болохоор нь А ын гэрт орж цай уучихаад эргээд хониндоо явсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад эргэж ирэхэд Э , А  хоёр эвлэрчихсэн юм яриад сууж байсан...” гэх мэдүүлэг

          Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189, 190 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Шүүгдэгч нар нь тус бүрдээ хувийн мал аж ахуй эрхэлдэг, тодорхой орлоготой болох нь хэрэгт авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны бүртгэл зэргээр тогтоогдож байх тул тэдэнд оногдуулсан торгох ялыг хэсэглэн  төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байна. 

 

          Хохирол төлбөрийн талаар:

          Шүүгдэгч нар хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө бие биедээ “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

          Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг /5.3.1/ зөрчөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Э, Г.А  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Г.А нарыг тус бүр 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн  торгох ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч нар нь, цагдан хоригдсон хоноггүй, бие биедээ төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР