| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/04633/И |
| Дугаар | 192/ШШ2025/05745 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/05745
2025 07 07 192/ШШ2025/05745
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах “Эрэл” ХХК (РД:2027194)-нд холбогдох,
Нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Долгормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагч компанид хөдөлмөрийн гэрээ байгуулж үйлчлэгчийн ажилд орсон. Тус компанид 1 жил 7 сар ажилласан. Гэтэл 2020 оны 5 сард тус компанийн үйл ажиллагаа зогсож орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Би 2025 оны 8 сард тэтгэвэртээ гарах болсон тул 1 жил 7 сар ажилласан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 2,297,075 төгрөгийн шимтгэл төлнө...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй.
Хэргийн хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нийт 2,297,075 төгрөгийг нөхөн төлөхийг зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Долгормаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 51,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын төсвийн орлогоос 18,497 төгрөг, хариуцагч “Эрэл” ХХК-аас 51,703 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П.Долгормаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрэл” ХХК-нд холбогдох нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлд 2,297,075 төгрөгийг нөхөн төлөх тухай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Долгормаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 51,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын төсвийн орлогоос 18,497 төгрөг, хариуцагч “Эрэл” ХХК-аас 51,703 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Долгормаад олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД