Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00324

 

Э- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02096 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э- ХХК-ийн хариуцагч Ю.И-од холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э- ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аж ахуйн цэвэрлээний төхөөрөмжийг худалдан борлуулдаг. Иргэн Ю.И-ой 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ю.И- нь 5,500,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа 500,000 төгрөгийг төлж, 10 сарын туршид 500,000 төгрөгийг сар бүрийн 29-ний өдөр төлж дуусгах нөхцөлтэйгээр тохиролцсон. Ю.И- нь дараах байдлаар төлөлт хийсэн. Үүнд: 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг төлсөн. Харин төлөөгүй үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сараас хойш төлөөгүй юм. Гэрээний 4.7-д заасны дагуу алданги тооцвол 1,200,000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуульд заасны дагуу 50 хувь буюу 1,000,000 төгрөгийн алданги тооцож, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

 

2.Шүүх: Иргэний тухай хуулийн 243 дугаар зүйл 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ю.И-оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,456,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 544,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.И-оос улсын тэмдэгтийн хураамжид 54,246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

3.Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад харилцан тохиролцсон юм. Бидний хооронд хийсэн тохиролцоо нь хариуцагч миний бие үндсэн төлбөр 2,000,000 төгрөгийг төлөх, харин нэхэмжлэгч нь алдангиас татгалзаж, 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн тохиолдолд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар тохиролцсон. Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Бүх асуудал дуусгавар болсон гэж ойлгоод явж байтал гэнэт шүүхийн шийдвэр гэрийн хаягаар ирсэн. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа татаж аваагүй, мөн үндсэн төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийн талаар шүүх хуралдаан дээр дурьдаагүй энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд худал тайлбар мэдүүлэг гаргаж шүүхийг төөрөгдүүлж, хариуцагч миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг маш ноцтойгоор зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч Ю.И-од холбогдуулан гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ю.И-оос 2,456,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 544,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ю.И- нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ю.И-од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Э- ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,246 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ