Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 730

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.У*******,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвших эрхийг сэргээн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Монгол улсын иргэн Д*******ийн У******* миний бие 2016 оны орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшихээр Сонгуулийн хуулийн дагуу холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороонд цаг хугацаанд нь өгсөн билээ. Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй, зарим сонгогчийн гарын үсэг, гэрийн хаяг, регистрийн дугаар, утасны дугаар дутуу байгаа нь Сонгуулийн хуулийн 158 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр бүртгэж аваагүй.

 Миний бие орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүргийн 17-р тойрогт бие даан нэр дэвшихийн тулд Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэдээс нийт 317 иргэний дэмжсэн гарын үсэг цуглуулсан билээ. Чингэлтэй дүүргийн сонгүулийн хорооноос зөрчилтэй хэмээн тооцож байгаа нийт 60 иргэний гарын үсгийг хад хүчин төгөлдөр 257 дэмжигч иргэний гарын үсэг үлдэж байна. Энэ нь дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн цуглуулбал зохих 201 хүнээс илүү гарч байгаа тул нэр дэвших болзлыг хангасан гэж үзэж байна.

Би энэ удаагийн орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойрогт бие даан нэр дэвшихээр Сонгуулийн хуульд заасны дагуу бичиг баримтуудыг бүрдүүлж дүүргийн Сонгуулийн хороонд өгсөн. Дүүргийн Сонгуулийн хорооны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот тогтоолоор намайг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Нэр дэвшүүлэх үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй гэдэг үндэслэлээр 23 зөрчил илэрсэн, дэмжигч, сонгогч гарын үсэг зураагүй 2, дэмжигч, сонгогчийн жагсаалтад регистрийн дугаар бичигдээгүй 2, дэмжигч, сонгогчийн жагсаалтад эцэг эхийн нэр байхгүй 33 хүн байхгүй гэсэн шалтгаануудаар бүртгэхээс татгалзсан байгаа. Миний хувьд нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд явуулаагүй 23 гэдэгт тайлбар хэлье. Ер нь орон нутаг болон дүүргийн сонгуульд бие даан нэр дэвших эрх тухайн орон нутагтаа 180-аас доошгүй хоногийн өмнө байгуулагдсан салбартай нам нэр дэвших эрхтэй, бие даан нэр дэвшигч бичигт цугларсан материалаар нэр дэвшигч гэж тооцох талаар Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан. Тэгэхээр иргэд бол нэр дэвших эрхгүй этгээд гэж үзэж байгаа. Нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурсан хүмүүсийг нэр дэвшүүлэгч этгээд гэж тооцсон нь хууль буруу ойлгосон гэж үзэж байна. Яагаад гэвэл 23 зөрчлийн тухайд ойлгож байгаа. Нийтдээ 61 хүний гарын үсэгний асуудал гарч байна. Үүнд Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д нэ хуулийн 128.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан. Энэ нь бүх сонгуулийн хуульд ижил тэгш зарчмаар үйлчлэх ёстой гэж үзэж байна. Энэ тухай Улсын Их Хурлын тэмдэглэлийн бичлэгийг олж үзсэн. Тухайн үед зарим гишүүд тэгш үйлчлэх зарчим нь бүх шатны сонгуульд хэрэгжих ёстой гэж илэрхийлж байсан. Би нийт 317 гаруй хүний гарын үсэг цуглуулсан. Үүнээс зөрчилтэй гэх 60 гаруй хүний гарын үсгийг хасвал 201-ээс илүү гараад намайг хасах үндэслэл болохгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

  Сонгуулийн хуульд бие даагч гэх юм уу, иргэдийг хамгаалсан заалт оруулсан нь дараагийн шатны сонгуулийн хорооны тогтоолыг, дараагийн шатны шүүхэд, ер нь захиргааны шүүх байгууллага байгуулагдсаны буянд ингэж авч хэлэлцэх боломж гарч ирсэн баяртай байна. Өмнөх сонгуулиудаар би бас ингэж маргаан гаргаж үзэж байсан. Тэгэхэд шүүхээр хэлэлцэж явсаар байгаад 3, 4 сар явсаар байгаад алга болдог байсан. Захиргааны шүүх гэдэг өөрөө энэ тал дээр сонгуулийн хуульд тусгайлан заагаад оруулсан нь сайн дэвшилтэй зүйл болсон гэж бодож байна.

  Иймд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 12-тоот тогтоолыг хүчингүйд тооцож нэр дэвших эрхийг минь сэргээн тогтоож өгөхийг хүсье” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д*******ийн У******* нь тус шүүхэд “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, нэр дэвших эрхийг минь сэргээн тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг шаардлага болгон гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул тус бүрт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-д зааснаар хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

1.Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүйд тооцох

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 сарын 07-ны өдөр “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 12 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 154 дүгээр зүйлийн 154.2, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтуудыг баримтлан Д.У*******ыг дараах үндэслэлээр бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан асуудлаар гаргасан тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Үүнд:

  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Д*******ийн У******* нь бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд үйл явуулаагүй. Зарим дэмжигч, сонгогчдын гарын үсэггүй, оршин суух гэрийн хаяггүй, утасны дугааргүй дутуу бүртгэгдсэн зэрэг нь Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журам зөрчсөн, хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байдаг.

2.  Нэр дэвших эрхийг минь сэргээн тогтоох: 

Д.У******* нь нэр дэвших эрхээ сэргээн тогтоолгох шаардлага гаргажээ. Д.У******* нь бүх шатны сонгуульд бусдыг сонгох, өөрөө сонгогдох эрхтэй. Энэхүү сонгогдох эрхийнхээ дагуу Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн 17 дугаар тойрогт Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бие даан нэрээ дэвшүүлсэн байх тул түүний нэр дэвших эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүсээгүй байна.

Сонгуулийн хорооны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот тогтоолд бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахдаа Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 154.2, 158.1.1 гэсэн хуулийн заалтуудыг баримталж гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон нэхэмжлэлээс үзэхэд нэр дэвшигч Д.У******* нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ээлжит сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан нэр дэвшүүлэхдээ, бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд дэвшүүлэх үйл ажиллагаа явуулаагүй гэж үзээд Сонгуулийн тухай хуулийн 185 дугаар зүйлийн 158.1.1-д хуульд заасан хугацаанд бие даан нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулаагүй гэсэн үндэслэл нь нэр дэвшигчээс өөрөөс нь хамааралтай. Нэхэмжлэгч ярьж байна. 318 хүний нэр цуглуулсан, миний зөрчлийг хасаад 201-д хүрнэ гэж тэгвэл Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасны дагуу надад үйлчлэх ёстой гэсэн тайлбар хэлж байна. Сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, мөн хуулийн 128.3.2-д зааснаар Улсын Их Хурал нэр дэвшиж байгаа хүн сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтад сонгогчдын гарын үсгийг зуруулсан маягтын хянан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт нэр дэвшүүлсэн нам эсвэл нэр дэвшүүлсэн ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссанаас хойш 3 хоногт багтаан бичиг баримтыг Сонгуулийн хороонд өгнө. Үүнд хамааралтай нь бие даан нэр дэвшигч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу гаргуулна.

Тэгэхээр Улсын Их Хурлын бие даан нэр дэвшигчид хамааралтай гэж үзэж байна. Хэдий ийм заалт нь хамааралтай боловч нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгчид хамааралтай гэхэд энэ зөвхөн сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн, маягтын зөрчилгүй гарын үсэг нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.4-д “дүүргийн сонгуулийн бие даан нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй хүний гарын үсгийг маягтын дагуу зуруулсан байна” гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтыг надад үйлчлэх ёстой, хасаад 201-ээс илүү байгаа, тайлбар хэлж байна. Энэ нь хуульч хүний хувьд хууль хэрэглээний талаар мэтгэлцэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь маягтын дагуу цуглуулсан гарын үсгэнд сонгогчдын өөрийнх нь бичиг баримттай холбоотой зөрчил гаргасан бол хамааралгүй.

Гэтэл нэхэмжлэгч өөрөө Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй, Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 12 тоот тогтоол гаргахдаа хуралдаан хийсэн. Энэ хуралдаанд Д.У*******ын талаар авч хэлэлцсэн, 09 дүгээр сарын 02-ны өдөр 23 хүний гарын үсэг зуруулсан гэж байгаа. Энэ 23 хүний гарын үсгийн 08 дугаар сарын 31-ний өдөр нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан байхад 09 дүгээр сарын 02-ний өдөр цуглуулж өгсөн нь сонгогчоос хамааралтай биш, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” гэж заасан үндэслэлээр нь Д.У*******ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

Мөн сонгогчийн тоо, гарын үсэг сонгогчоос хамааралтай, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд нэр дэвшигчээс өөрөөс нь хамааралтай зохицуулалт гэж тайлбарлахыг хүсэж байна. Яагаад гэвэл гарын үсэг зураагүй 2, регистрийн дугааргүй 2, овог нэр бичигдээгүй, хугацаа тодорхойгүй 2 гэх мэт зөрчлүүд гарсан байгаа. Үүнийг Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан зөрчил гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.ё-д энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн гэж зааснаар маягтын дагуу бүрдүүлэх ёстой нэр хаяг, эцэг эхийн нэр гээд бүх тодорхойлогдсон зүйлс бичигдэх ёстой.

Тиймээс хуульд заасан шаардлага хангаагүй нь нэхэмжлэгчээс хамааралтай зөрчил гэж үзэж байна. Тэгэхээр үүнийг зааглаж үзэх ёстой. Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 264 дүгээр тогтоолоор батлагдсан маягт байгаа. Энэ маягтаар ямар бүрдүүлбэр байх талаар бүгдийг заасан байгааг бүгдийн бөглөж ирүүлэх ёстой. Гэтэл энэ бөглөж ирүүлээгүй нь мөн Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан зөрчилд хамрагдаж байна. Яагаад гэвэл сонгогчтой хамааралтай биш нэр дэвшигчтэй хамааралтай болж байгаа. Энэ 2 ялгааг шүүх анхаарч судална уу гэсэн байр суурьтай байна.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн төв байгууллага батлагдсан маягтыг бие даан нэр дэвшигчид тэмдэг дарж олгоно гэсэн. Бид нар бичиг баримт шинжлэн судлаад явж байх явцад 1-3 дугаар хуудас, 18 дугаар хуудас байхгүй байна. Тэгэхээр энэ дутуу ирсэн байна. Ер нь бол 326 хүний нэр бичсэн нэр дэвшигчийн саналын хуудас бид нар хавтас хэрэгт байна гэж үзэж үүнээс 225 гарын үсэг маягтын дагуу бичигдсэн байна гэж үзэх гээд байх шиг байна. Би Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх хэсэгт 201-ээс доошгүй сонгогч, дэмжигчийн гарын үсэг цуглуулсан байна гэдэг тоо байна. Тэгэхдээ энэ хүн энэ тоогоо хангаж, гэтэл зөрчилгүй 225 нэр дэвшигчээр нь бүртгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Д.У******* нэр дэвшигчээс хамаарахгүйгээр зөрчил гаргасан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 158.1.1 дэх хэсэгт тус тус хуульд заасан хугацаанд буюу бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг 7 хоногийн хугацаанд дуусгана гэсэн нийтлэг журмыг зөрчсөн байна. Үүнийг залруулах зүйл заалтыг хуульд тусгайлсан болов уу гэж бодож байна. Цаана нь нэр дэвшигчийн өөрийнх нь хууль зөрчсөн үйлдлийг нь хасч байна. Энэ бүгд нь хуульд заасан хугацаа, шаардлагыг зөрчсөн буюу Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан тул татгалзах үндэслэлтэй гэж хууль зүйн үүднээс үзэж байна.

Иймд Д.У*******ын гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У******* нь Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд талуудын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 17 дугаарт тойрогт бие даан нэр дэвшигч сонгогчийн гарын үсэг цуглуулахдаа сонгуульд санал өгөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан, зарим дэмжигч, сонгогчдын гарын үсэг, гэрийн хаяг, регистрийн дугаар дутуу зэрэг зөрчилтэй байна гэж үзэж, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг үндэслэн  Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 12 дугаар тогтоолоор Д.У*******ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.  

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22 тоот албан бичгээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай тогтоолыг нэр дэвшигч Д.У*******т хүргүүлэхдээ зөрчлийн тухай мэдээллийг хавсаргасан байх бөгөөд уг хавсралт болон Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийг зөрчин бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоон хоногийн хугацаанд дуусгана гэсэн заалтыг зөрчиж 09 дүгээр сарын 02-ны өдөр 19 сонгогчоор гарын үсэг зуруулсан, нэр дэвшигчдийн регистрийн дугаар бичээгүй 2, он сар өдөр тодорхойгүй 7, эцэг эхийн нэр бичээгүй 29, утасны дугаар байхгүй, утасгүй 37, хаягийн бүртгэл тодорхойгүй 7 хүний гарын үсгийг цуглуулсан үндэслэлээр түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоол гарчээ.

Д.У******* нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд бие даан нэр дэвшихээр 326 дэмжигч сонгогчийн гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан маягтаар зуруулсан бөгөөд нэхэмжлэгч “Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д зааснаар маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь 201-ээс доошгүй байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж, хариуцагч “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д  “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” гэж заасан тул сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагааг  хуульд заасан хугацаанд явуулаагүй, зарим дэмжигч сонгогчдын газрын үсэг, гэрийн хаяг, утасны дугаар дутуу зөрчилтэй байгаа нь  бүртгэхээс татгалзах үндэслэл болно” гэж тус тус маргажээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан тус бүр 10 дэмжигчийн бүртгэл бүхий 34 хуудас нийт 326 гарын үсэг зуруулсан дэмжигч сонгогчдын бүртгэлийг хариуцагчаас ирүүлсэн гарын үсгийн зөрчлийн түүвэртэй нэг бүрчлэн тулгаж судлахад 101 зөрчил илэрсэн, үүнээс 19 сонгогчийг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” нь тооцжээ.

  Дээрх үндэслэлээр Д.У*******ыг хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэхгүй. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалт нь нэр дэвшигч хуульд заасан хугацаанд бүртгүүлэхтэй холбоотой заалт болохоос сонгогчдын гарын үсгийг цуглуулахтай холбоотой заалт биш юм.

Харин нэр дэвшигч Д.У*******ыг бие даан нэр дэвшихийг дэмжиж гарын үсэг зурсан  сонгогчдын нэрсийн жагсаалтанд зөрчил илэрсэн боловч зөрчилтэй сонгогчдын нэрсийг хасаад Сонгуулийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан “дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-с доошгүй” гэсэн болзлыг хангаж байгаа тул  нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь буруу байна.. 

  Д.У******* нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэн нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлнэ”, 156.2-т “бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.4-т “дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж зааснаар  Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан, “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч Д.У*******ын дэмжигч сонгогчийн бүртгэл” маягтаар зөрчилгүй 225 сонгогчийн дэмжиж буй гарын үсгийг зуруулсан байх тул хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Иймд Д.У*******ыг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол үндэслэлгүй байх тул Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.У*******ыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг тус Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.2.4,  дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Д.У*******ын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны  2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.У*******ыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг тус дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ