Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2024/04368

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/04473

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

*******,*******-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч иргэдийн аюулгүй амар амьдрах эрхийг зөрчиж байгаа Цэрэндоржийн Энхболдыг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү... гэв.

 

Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, нэг нь 1 дүгээр анги, нэг нь 4 настай. Ажил дээр найзууд ирээд архи ууссан. Эмчилгээнд явж ирээд 2 удаа ууссан. Өмнө 14 хоногт 7,8 хоног уудаг байсан бол одоо архинаас татгалзаж байгаа. Эмчилгээнд явж ирээд өмнөх шигээ уухаа больсон, эхнэртэй хэрэлдээд цагдаа дуудсан, зодож цохсон асуудал байхгүй. Барилгын ажил хийдэг. Эмчилгээнд явж ирээд 2 удаа ууссан. Албадан эмчилгээнд явмааргүй байна гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь согтуурах, мансуурах донтой *******ыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан дор захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах талаар хүсэлтийг тус шүүхэд ирүүлжээ.

 

******* нь ... албадан эмчилгээнд явж ирээд архи уухаа багасгасан, дахин албадан эмчилгээнд явмааргүй байна ... гэх тайлбарыг гаргаж архины албадан эмчилгээнд хамрагдахыг хүлээн зөвшөөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

 

******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөн ******* нь тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэрээр албадан эмчилгээнд хамрагдаж байсан бөгөөд 3 сарын хугацаанд эмчлэгдэж 2024 оны 7 дугаар сарын сүүлээр эмчилгээний хугацаа дууссан талаараа тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар маргаагүй.

 

******* нь албадан эмчилгээнд хамрагдсаж эмчилгээ хийлгэснээс хойш хугацаанд түүнтэй холбоотой гомдол мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус бүртгэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ... ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ... гэр бүлдээ агсам согтуу тавьдаг ... гэр бүлийн хамаарал бүхий хүнийг элдэв цээртэй үгээр хэлдэг ... бага насны хүүхдийн хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ... 2024 оны ___ өдрийн гаргасан зөрчилд нь зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ... гэж тайлбарлаж байна.

 

Гэвч *******ыг согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх боловч тэр талаарх баримт байхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл ******* нь 2024 оны 4 дүгээр сард албадан эмчилгээнд хамрагдсан бөгөөд албадан эмчилгээнд хамрагдсанаас хойш согтуурч мансууран өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй нөхцөл байдалд орсон байна гэж үзэхээргүй байна.

 

Иймд *******ыг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлгүй байна гэж үзэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр Согтууруулах, мансуурах, донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтэд тусгагдсанаар *******ыг сэтгэц донтолтын эмчийн үзлэг, төрөлжсөн мэргэшлийн эмч нар үзлэг хийж Согтуурах мансуурах донтой, захиргааны журмаар албадан явуулж болно гэж дүгнэлт гарсан байгааг тэмдэглэлээ.

 

Хэрэв ******* нь согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдад гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст аюулт урчуулах эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа болох нь баримтаар нотлогдвол Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь түүнийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтээ дахин гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Баяраагийн Наранбаатар /УД75090917/-ыг албадан эмчилгээнд хамруулахаар гаргасан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ