Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 34

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч П.Эрдэнэбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Ч.Б холбогдох 1740000450018 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

   Шүүгдэгч Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Б

              Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

                      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Ч.Б нь Хэнтий аймгийн Галшар сумын 2-р багийн нутаг “Сайн ус” гэх газраас 2017 оны 10 сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд хохирогч Л.Б-ийн 6 тооны үхрийг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              Т О Д О Р Х О Й Л О Х нь:

  НЭГ. Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 10 сарын 22-ны өдөр хохирогч Л.Б-ийн 6 тооны үхрийг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан буюу “Мал хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1.Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 сарын 22-ны өдөр хохирогч Л.Б-ийн 6 тооны үхрийг хулгайлсан. Л.Б-д 3.000.000 төгрөгийг төлсөн. Хорихоос өөр хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

1.2.Хохирогч Л.Б-ийн 2017 оны 11 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 10 сарын 21-ний өдөр бэлчээрт байсан үхэрээ бүртгэж үзэхэд бүрэн байсан. 2017 оны 10 сарын 22-ны өдөр бэлчээрт байсан үхэрээ харахад зүсээр 6 тооны үхэр дутсан. Тухайн үед салаад явсан юм бол уу гэж бодоод нилээд олон хоног хайгаад олоогүй. Удаагүй хэд хонож байхад Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсээс ярьж байна. 6 тооны үхэр хулгайд алдсан уу гээд манай бэлчээрээс алдсан үхрийн содон шинж тэмдгээр нь хэлэхээр нь хулгай авсан талаар мэдсэн. Манай үхэр хулгайд алдахад Галшар сумын орон нутгийн ханшаар 4 бярууг тус бүр 600000 төгрөгөөр, 2 шүдлэн үхрийг тус бүр 1100000 төгрөгөөр үнэлж нийт 6 үхэрээ 4600000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

1.3. Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын тамгын газрын комиссын гаргасан /6 үхэр 3000000 төгрөг/ малын үнэлгээ /хх-ийн 12-р хуудас/

1.4.Яллагдагч Б.Б-ын 2017 оны 11 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн ”Би Хэнтий аймгийн Галшар сумын нутгаас 6 тооны үхэр хулгайлаагүй. Галшар сумын харьяат Б  над руу утсаар яриад намайг мал авч байгаа юу, хэдэн үхэр зарах гэсэн юм гэж хэлэхээр нь би авья гэж хэлсэн. Тухайн үед Дорноговь аймгийн Иххэт сумын төв дээр байсан. Тэгээд Хэнтий аймгийн Галшар сум руу ачааны машинтайгаа яваад ачиж ирсэн болохоор надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Дорноговь аймгийн Иххэт сумын төв дээр байж байсан. Тэгэхэд Галшар сумын харьяат Б  миний утас руу залгаад намайг мал авч байгаа юу хэдэн үхэр зарах гэсэн юм гэж хэлэхээр нь мал авна гэж хэлээд үхрийг нь очиж авахаар болсон. Би Б ийг олон жилийн өмнөөс таньдаг байсан юм. Тэгээд Б ийг үхэр зарна гээд ярихаар нь өөрийнхөө авто машинтай ганцаараа Хэнтий аймгийн Галшар сумын газар луу явсан. Ганцаараа явсаар байгаад Б ийн гэрт нь очоод Б тэй уулзах гэсэн чинь байхгүй байсан. Гэрийнхээ хойд талд малын хашаан дээр байхаар нь машинтайгаа яваад очсон. Намайг очиход 20 гаран тооны үхэр чулуун хашаанд хашчихсан байсан. Тэгээд Б тэй уулзсан чинь хэдэн үхэр зарах гэсэн юм гээд үнэ ханшаа тохироод хашсан байсан үхэр дотроос 6 тооны үхэр барьж аваад ачсан. Б ийн барьж өгсөн үхэрнүүдээс бярууг 300.000 төгрөгөөр, шүдлэн үхрийг 400.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Б  надад 4 тооны эр бяруу, 2 тооны охин шүдлэн барьж өгсөн. Б  өмнө нь надаас 1.000.000 төгрөг авсан байсан болохоор тухайн үед Б-т мөнгө өгөөгүй. Б  надад 1.000.000 төгрөгний өрөө дарсан. Харин үлдсэн мөнгийг нь малаа борлуулж байгаад өгье гээд буцаад Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг бэлчээрт гаргаад алдчихсан. Тэгээд 3 хоног хайгаад олж аваад Улаанбаатар хот руу амьдаар нь өөрийнхөө машин дээр ачаад явсан. Тэгэхдээ би М-тай  хамт явсан ба өөрөөсөө 2 тооны улаан зүсмийн эр бяруу нэмээд нийт 8 тооны үхэртэй Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Налайх дүүрэгт очоод М буюу Б  гэдэг ченжид амьдаар нь зарсан. 6 тооны бярууг тус бүрийг нь 350.000 төгрөгөөр, 2 тооны шүдлэн 450.000 төгрөгөөр зарж нийт 3.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан. Тэгээд буцаад Дорноговь аймгийн Иххэт суманд гэртээ ирсэн. Би хулгайн үхэр гэдгийг нь мэдээгүй. Намайг Иххэт сумын төвд байхад Б  над руу утсаар яриад үхэр зарах гэсэн юм, ирээд авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө машинтай ганцаараа очиж авсан юм. Харин М  надтай хамт Улаанбаатар хот руу явж үхэр заралцсан юм. Хөдөө гэрээсээ ганцаараа үхэр ачаад явах гэхэд чадахгүй байсан учраас М-ыг  дуудаж хамт явсан юм. Би Б ээс 6 тооны үхэр авахдаа гарал үүслийн бичиггүй авсан. Би имийг нь сайн анзаарч хараагүй. Би хулгайн мал гэдгийг нь мэдээгүй. Б  хөдөө малтай амьдардаг учраас өөрийнхөө малнаас өгч байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

1.5.Яллагдагч Ч.Б ийн 2017 оны 11 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны зун Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Б  гэх залуугаас 1.000.000 төгрөг зээлж авсан юм. Би Б аас зээлж авсан мөнгөө өгөх ажилтай байсан юм. Надад мөнгөний хэрэг гараад байсан. Тэгтэл 2017 оны 10 сарын 22-ны өдөр Галшар сумын 2 дугаар багийн нутаг манай үхэрнүүдтэй хамт Б  гуайн үхэр ус уугаад бэлчээрт гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь мөнгөний хэрэгтэй байсан учраас Б  гуайн үхрийг өөрийнхөө үхэртэй хамт туугаад өөрийнхөө хаваржааны эзгүй байгаа хашаандаа аваачиж хашсан. Үхэрнүүдээ хашчихаад Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Б ыг мал мах авдаг учраас манай хөдөө гэрт ирээд хэдэн үхэр авчих гэж хэлсэн. Тэгтэл орой харанхуй болж байх үед Б  ганцаараа машинтай манай гэрт ирсэн. Б ыг ирэхээр нь малын хаваржааны хашаан дээр дагуулж очоод хашсан байсан үхэрнүүдээс Б  гуайн 6 тооны үхрийг ялгаж ачиж өгсөн. Би 6 тооны үхэр Б-д өгч, машин дээр ачиж өгөөд явуулсан. Б  миний өгч явуулсан үхрийг Улаанбаатар хот руу авч яваад зарчихаад над руу мөнгийг нь шилжүүлнэ гэж ярьж тохирсон. Тэгээд Б  буцаад явсан. Би 2017 оны 10 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн төв рүү явах ажилтай байсан юм. Б  надаас үхэр авч явснаасаа хойш цувуулж өгч байгаад бүх мөнгийг маань өгсөн. Би ч гэсэн Б-д өгөх ёстой байсан 1.000.000 төгрөгийг нь өгсөн. Би өөрийнхөө А дансны хүрэн зүсмийн 6 настай морио унаж яваад хулгай хийсэн. Би үхэр хулгай хийхдээ ганцаараа хулгайлсан. Б-д 6 тооны үхэр өгөхдөө өөрийнхөө үхрийг өгч байна, чамд өрөө дараад илүү мөнгийг нь авна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

1.6.Гэрч А.Б ийн 2018 оны 04 сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би "Шонхор" зах дээр автомашины зогсоолын талбайн байцаагч хийж байгаад 2005 оноос хойш өнөөг хүртэл Налайх дүүргийн "Цайз" зах дээр мал махны ченж хийж байна. Мал мах худалдан аваад 12 жил болж байна. ... 2017 оны 10 сарын 15-наас 2017 оны 10 сарын 20-ны хооронд байх бас өдрийг нь нарийн санахгүй байна. Б, М  2 Налайхын Алтай чандмань мал нядалгааны газарт 8 тооны үхэр, 1 тооны адуутай ирсэн гэхээр нь би очиж малыг үзэж харсан. Б-аас гарал үүслийн бичгийг нь асуухад Иххэт суманд малын өвчин гарсан, малын бичиг өгөхгүй бичиггүй яваад байгаа, хулгайн мал биш ээ ах, манай өөрийн мал байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Б ын ачиж авчирсан 8 тооны үхэр, 1 тооны адууг амьдаар нь 4.000.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь Б ын данс руу шилжүүлсэн. Би хулгайн мал гэж мэдээгүй. Б  хэдэн жилийн өмнөөс мал мах худалдан авч борлуулдаг байсныг нь мэддэг байсан учраас итгэж малыг худалдаж авсан. Мөн Дорноговь аймгийн Иххэт суманд малын өвчин гарсан гээд малын бичиг өгөхгүй байгаа гэж хэлсэн, өөрийнхөө малнаас ачиж авчирсан гэж хэлж байсан болохоор итгээд малыг авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

   Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.Б ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

  Иймд шүүгдэгч Ч.Б ийг бусдын /6 тооны үхэр/ малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх   үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ч.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1.Гэрч Ч.Х 2018 оны 03 сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн: “Б  зан байдлын хувьд ийм тийм зан байхгүй, даруу төлөв зантай. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

2.2.Гэрч Э.Ш-ын 2018 оны 04 сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн: “Б  зан байдлын хувьд даруу төлөв зантай. Одоо эхнэр, хүүхдийн хамт мал малладаг. Хурдны морь уядаг. Хамт олон нутаг орондоо нэр хүнд сайтай” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/

2.4.Хохирогч Л.Б-ийн гаргасан “Ч.Б нь Л.Б  миний үхрээс 2017 оны 10 сарын 20, 21-ний үед 2 шүдлэн үхэр, 4 бяруу бүгд 6 үхэр  авч хувьдаа ашигласан. Б  нь авсан гэдгээ хүлээсэн. Галшар сумын комиссын үнэлгээгээр тохирч нийт 3 сая төгрөгийг төлж, хохирлыг барагдуулсан. Б ийг ялгүй гаргаж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт, хохиролд 3 сая төгрөг төлсөн баримт /хх-ийн 65, 67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Б ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

   Хохирогч Л.Б  нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Ч.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,

17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн

1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:      

 

           1.Шүүгдэгч Ч.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б т тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

   5.Шүүгдэгч Ч.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ