Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/701

 

 

 

 

 

 

      2024            6            20                                        2024/ДШМ/701

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

хохирогч Э.А,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/546 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бийн гаргасан давж заалдах гомдлоор А.Бд холбогдох 2406 00000 0521 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Б нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 01 цагийн орчим ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Аыг бусадтай хардаж, биед нь халдан зодож баруун 3, 4, 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, урагдал, цээжний баруун хөндий дэх хий шингэн хуралдалт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, бугалгад цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Бийг “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бд 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1496 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 443 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 55 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж, нийт эдлэх ялыг 8 жил 55 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 8 жил 55 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2024 оны 2 дугаар сарын 10-наас 2024 оны 2 дугаар сарын 11-нд шилжих шөнө 01 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Атай урьд өмнө нь болсон, хардалт, сэрдэлт нэг нэгнээ хуурч мэхэлсэн асуудлаас болж маргаан үүсэж, муудалцаж, хэрүүл даамжирсан. Найз охин А минь намайг гэрээс гараад явах гэхэд элдэв янзаар намайг доромжилж бүр цаашлаад үе удмаар минь хүртэл доромжлон харааж, алгадаж, үсдэж, хэрүүл маргаан бүр хурц шатанд хүрч бид 2 хороондоо зодолдож, нүдэлцэхэд хүрсэн.

Би хохирогч болох Адаа бүх зүрх сэтгэл, хайр халамжаа зориулж ирсэн. Өмнө нь А минь намайг удаа дараа хуурч, мэхэлж, доромжилж явсныг нь би олон удаа уучилж, хайртай болохоор тэсэж явсан ч тухайн үед намайг гараад явах гэхэд харааж, доромжилж, орилж, хашхирч, үсдэж, алгадан нүүр ам маажих гэж дайрч давшилхад нь миний гэнэт уур дүргүй минь маш ихээр хүрч Ад гар хүрч хүний ёсноос гажууд зан гаргаж хүнд гэмтэл болтол нь зодсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна.

Хэрэг болсноос хойш би гэм буруугаа ухааран ойлгож найз охин Аыгаа асарч, харж хандаж бид 2 хоорондоо өш хонзон, өр шир авлагагүй болсон. Одоо бид хоорондоо эвлэрч, биенээ уучилсан бөгөөд хэн хэнийхээ гаргасан бүх зүйлд харамсаж байна.

Миний бие өөрийн буруутай тэнэг үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байгаа. Мөн би ажил хөдөлмөр эрхлэн эх, дүү хоёроо тэжээж явдаг тул эрхэм шүүгч нар хүсэлтийг минь хүлээн авч хохирол, гомдол байхгүйг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна.

Тухайн үед мөнгө байхгүй байсан тул эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Тэгээд анхан шатны шүүх хуралдаан болсны дараа миний цалин ороод манай ар гэрийнхэн хохирол төлбөрийг барагдуулсан байсан. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Шүүгдэгч А.Б нь гэм буруу дээрээ маргаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохоо анхнаасаа мэдүүлсэн. Хэргийн материалтай танилцахад гэмт хэрэг үйлдчихээд гэмшдэг төрлийн хүн юм байна гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар хүсэлт гаргана. Нэгдүгээрт, өмнө нь 4, 5 удаа ял шийтгүүлэхдээ өмгөөлөгч авч байгаагүй буюу насанд хүрээгүй гэмт хэрэгт холбогдохдоо өмгөөлөгч авч байсан. Өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө яллаад явчихдаг. Энэ хэрэгт мөн адил би гэм буруутай гээд өөрийгөө ялласан нөхцөл байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Улсын яллагч болон шүүгч яллах талын асуулт асуусаар байгаад анхан шатны шүүх хуралдаан дууссан байсан. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөх асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тооцоход хүндрэл үүссэн гэж харагдаж байгаа. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийг хохирогч Э.Аын тоот дансанд хийж, хохирол төлбөрийг барагдуулсан. Тэгэхээр хохирол төлбөрөө төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамгийн бага ял болох 5 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлж өгнө үү.” гэв.

Хохирогч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүх хуралдаанд А.Бд гомдол, саналгүй гэсэн агуулгаар оролцоогүй. Тэгээд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 8 жилийн хорих ял оногдуулсан нь их санагдсан. Мөн ямар нэгэн гомдол, хохирол төлбөрийн асуудал байхгүй, А.Бийг уучилсан учраас давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байна.” гэв.

Прокурор М.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Аыг бусадтай хардаж, биед нь халдан зодож баруун 3, 4, 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, урагдал, цээжний баруун хөндий дэх хий шингэн хуралдалт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, бугалгад цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Аын: “Би 2024 оны 02 дугаар сарын 10-ны орой найз залуу болох Бийн хамт өөрийн гэр болох ... тоотод 22 цаг өнгөрөөгөөд очсон. Бид хоёр гаднаас хүний 3 ширхэг лаазтай пиво авч ороод гэртээ ороод уусан. Тэгээд кино үзэж байгаад унтах гэж байсан. Гэтэл Б хувцсаа өмсөөд гарлаа гээд зогсож байсан. Тэгэхээр нь би шөнө болсон байна, бас согтуу байгаа болохоор гараад хэрэггүй гэж хэлсэн. Түүнээс болоод бид хоёр муудалцаж хэрүүл даамжирсаар урьд нь яригдаж байсан хардалт яригдаж улам ширүүссэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад би түүнийг гараад яв гэж хэлж орхиод өөрөө орон дээрээ унтахаар хэвтсэн. Тэгээд би зүүн талаараа хана руу хараад хэвтэж байтал Б над дээр хүрч ирээд миний хоолойг боож үстээд миний баруун талын хавирга руу эхлээд нэг удаа өшиглөсөн. Мөн миний баруун талын хавирга руу олон удаа дэвссэн. Би тухайн үед ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй ба нэг харахад Б хувцсаа өмсчихсөн гэрээс гарах гэж байсан. Би тухайн үед амьсгалж чадахгүй болсон ба миний утсыг аваад өгөөч гэж Бд хэлсэн. Эхний удаа хэлэхэд Б намайг тоогоогүй /магадгүй надад итгээгүй байх/, тиймээс би Бд дахин нэг удаа “Миний утсыг аваад өгөөч” гэж хэлсэн. Б миний утсыг авч өгөөд шууд гэрээс гараад явчихсан. Би утсаа аваад дүү А руу залгаж, дүүгээ дуудсан” /хх 19-20/ гэсэн,

шүүгдэгч А.Бийн сэжигтнээр өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 10-ны орой А бид хоёр гэртээ байж байхдаа пиво, сөжү ууж эхэлсэн. Бид хоёр нилээн согтсон байсан ба хувийн асуудлаас болж маргалдаж, хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би Атай үргэлжлүүлж маргалдахгүй гэж бодоод хувцсаа өмсөөд гарах гэж байсан чинь А намайг гаргахгүй ноцолдоод байсан, тэгэхээр нь би хөлөөрөө баруун талын хэвлий хэсэг рүү нь 1 удаа жийсэн, тэгэхэд А шалан дээр унасан. Улмаар би гэрээс гарах гэж байсан чинь А надад хавирга маань сонин болчихлоо, аймаар өвдөөд байна, түргэн дуудаад өгөөч гэхээр нь би 103-руу залгах гэж байгаад андуураад Цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж байсан. ...” /хх 14/ гэсэн тус тус  мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2494 дугаартай “Э.Аын биед баруун 3, 4, 5-р хавирганы зөрүүгүй, 6, 7-р хавирганы хоёрлосон зөрүүтэй, 8-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, урагдал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, бугалгад цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 82-83/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч А.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч А.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Аыг бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хэд хэдэн удаа өшиглөн хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Б “...Ад гар хүрч хүний ёсноос гажууд зан гаргаж хүнд гэмтэл болтол нь зодсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Хэрэг болсноос хойш би гэм буруугаа ухааран ойлгож найз охин Аыгаа асарч, харж хандаж бид 2 хоорондоо өш хонзон, өр шир авлагагүй болсон, хохирол төлбөрийг барагдуулсан. Би ажил хөдөлмөр эрхлэн эх, дүү хоёроо тэжээж явдаг, хохирол, гомдол байхгүйг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх боловч шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид сайн дурын үндсэн дээр 8.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Бийн өмнө нь хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад шууд эдлүүлэхээр тогтоосон нь тохироогүй байх тул нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов .

Иймд шүүгдэгч А.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/546 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч А.Бд 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэсэн хэсгийг “...шүүгдэгч А.Бийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

3 дахь заалтын “...нийт эдлэх ялыг 8 жил 55 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэсэн хэсгийг “...нийт эдлэх ялыг 7 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

 

4 дэх заалтын “...хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” Гэсэн хэсгийг “...хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР