Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/702

 

 

 

 

 

 

      2024            6             20                                       2024/ДШМ/702

 

Ж.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч Л.Доржпүрэв,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/512 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.От холбогдох 2303 00682 0100 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Ж.О нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур төвийн хойд замд 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 29 минутын үед “Toyota Aqua” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэж, мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч М.Пг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Ж.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Оийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ж.От нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оээс 496.188 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 7.150.000 төгрөг, нийт 7.646.188 төгрөг гаргуулан хохирогч М.Пд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.О нь тухайн үед Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 16.1 дэх заалтуудыг биелүүлэх боломж, нөхцөл байгаагүй, нийгмийн аюулын шинж чанарыг хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан гэж үзэж байгаа бөгөөд энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх байсан. Шүүгдэгч Ж.О нь Замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцоод явж байхад нэг согтуу хүн урдаас нь ирж, саад учруулж, машины цонхоор нь гараа оруулж жолооноос зууралдаж, машиныг явуулахгүй Ж.О рүү дайрч халдлага хийсэн нь гэрч Л.Ц-ын мэдүүлгээр тогтоогдсон юм.

Тэр согтуу хүний үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд Ж.Оийн биед гэмтэл учруулах, эсвэл тэр согтуу хүн өөрөө Ж.Оийн машинд мөргүүлж гэмтэх зэрэг аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. Тухайн үед Ж.О сандарч, түгшсэн байсан тул машиныхаа дуут дохиог дуугаргаж, согтуу хүнийг холдуулах гэсэн боловч холдохгүй, жолооноос нь зууралдаад байсан байдаг. Энэ үед жолооч замын хажуугаар алхаж явсан нэг залуугаас тусламж гуйхад тэр залуу ирээд Ж.О рүү дайрч байсан согтуу хүнийг машинаас холдуулж, салгах үед Ж.О тэр согтуу хүний гар машиных нь цонхны ирмэгээс зуураад тавихгүй байсныг нь түлхэж холдуулах агшинд явган зорчигчийг мөргөсөн үйлдэл гаргасан байсан. Гадны хүчин зүйл гэнэт нөлөөлж тийм нөхцөл байдал үүссэн нь жолооч Ж.Оийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн байдаг.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “согтуу хүнээс холдох зорилгоор хөдөлгөөнийг эхлүүлэхдээ аюул осол үүсгэхгүй байх нөхцөл байдлыг хангаагүй байна” гэж үзэж шийтгэх тогтоол гаргасан юм. Гэтэл Ж.О нь согтуу хүнээс холдох зорилгоор хөдөлгөөнийг эхлүүлээгүй, харин согтуу хүнийг холдуулах гэж бүх л хүч чадлаараа тэмцэж байх үедээ болгоомжгүй осол гаргасан байдаг.

Шүүгдэгч Ж.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би согтуу хүнийг холдуулах гээд “Цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд тэр хүн “Цагдаагаа дуудаач” гээд машины цонхноос 2 гараараа барьчихаад машины толь өшиглөх гээд байсан, тухайн үед би айж сандарсан. Тэгээд би баруун гараараа жолоогоо барьчихсан, зүүн гараараа нөгөө хүний гарыг цаашлуулаад холдуулах гээд тэмцэлдэж байсан. Миний гуйлтаар ирсэн залуу согтуу хүний бэлхүүснээс нь татаад дийлэхгүй байсан. Би тэр үед нөгөө хүний гарыг нь машиныхаа цонхноос тавиулах үед нөгөө тусалж байсан залуу ч түүнийг цааш нь татаж чадсан. Миний анхаарал баруун гар тийшээ чиглэсэн байсан. Энүүхэн хооронд согтуу хүнээс холдох гээд тоормосноос хөлөө авсан чинь осол гарсан” гэж мэдүүлсэн юм.

Хохирогч мэдүүлэхдээ “Би явган хүний зохицуулалтгүй гарцаар замын хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарч явсан. Надтай хамт 2, 3 хүн хамт зам хөндлөн гарч явсан. Тэр үед цэнхэр өнгийн автомашин гарцын хажууд зогсож байсан, би тэр машины урдуур гарцаар гараад дуусах үед гэнэт урагш хөдлөөд миний баруун талаас мөргөсөн” гэж мэдүүлсэн юм. Үүнээс дүгнэлт хийхэд Ж.Оийн машин гарцын дэргэд зогсож байсан нь нотлогдож байгаа тул Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт, 10.1 дэх заалтыг Ж.О хэрэгжүүлэх боломжгүй байсан гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна.

Ж.О нь Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж явсан. Хэрвээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явсан, тухайлбал хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэх, бүрэн биш тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох гэх зэргээр энэ хэрэгт холбогдсон бол өөр асуудал юм.

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг заасан бөгөөд 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох тухай заасан. Гэтэл мөрдөгчийн магадлагаанд болон яллах дүгнэлтэд шалтгаан нөхцөлийн талаар огт дурдаагүй орхигдуулсанд гомдолтой байдаг.

Тухайн үйл явдал 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болсон байхад мөрдөгчийн магадлагаа нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу 5 сарын дараа гарсан байдаг.

Шүүгдэгч Ж.О нь “Хэргийг мөрдсөн мөрдөгч өөрөө магадлагаа гаргасныг хуульд нийцэхгүй гэж үзэж, мэргэшсэн тусгай мэдлэг бүхий шинжээч нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж өгнө үү” гэж хүсэлт гаргаж байсан. Мөн “Замын хөдөлгөөнд санаатай саад учруулж жолооны хүрдээс зуураад явуулахгүй байсан согтуу хүнийг болон өөрт нь тусалсан залууг олох чиглэлээр ажиллагаа явуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг гаргаж байсан боловч хүсэлтийг нь хангаагүй юм. Ж.Оийн хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хүсэлт байсан.

Хэрвээ тухайн үед тэр согтуу хүн машины цонхоор гараа оруулж, жолооны хүрднээс зууралдаагүй бол хохирогч М.Пд хохирол учрахгүй, Ж.О хэрэгт холбогдохгүй байх байсан юм. Ж.О нь хохирогч М.Пгийн биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа.

Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай тогтоолд гэм буруугүйгээр хохирол учруулсан үйлдлийн талаар тодорхой тайлбарласан байдаг.

Улсын дээд шүүх тогтоолдоо “Тухайн этгээд өөрийн үйлдлээрээ хор уршгийг урьдаас мэдээгүй, мэдэх бололцоогүй бол гэм буруугүйд тооцогддог. Хор уршиг гэм буруугүйгээр учруулах нь гол төлөв амьдралд буй болсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдалтай холбоотой байдаг. Эрх зүйд гэм буруугүйгээр гэм хор учруулсныг тохиолдол гэж нэрлэх бөгөөд тухайн үйл явдалд хэн нэгэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлгүй болно. Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл,  эс үйлдэл гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог” гэж тайлбарласан. Шүүгдэгч Ж.Оийн холбогдсон хэргийг судалж үзэхэд Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласан гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдалтай тохирч байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэсэн заалтыг хэрэглэхэд эргэлзээтэй гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-д заасан заалт нь гадны гэмт халдлагад өртсөн, тохиолдлын шинжтэй, болгоомжгүй үйлдлээс үүссэн нөхцөл байдалд хэрэглэхэд тохирох заалт гэж үзэж байна.

Ж.О нь гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзэж байгаа явдал нь хохирогч М.Пгийн хохирлыг төлөхөөс зайлсхийж байгаа зүйл огт биш. Хохирогчид учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардлыг төлсөн бөгөөд хор уршгаас учирсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа юм. Ж.О нь тухайн үед өөрт нь хэцүү байдал тохиолдсоноос болж тус хэрэгт холбогдсон тухай үнэн байдлыг л тогтоолгох гэж хүсэлт гомдол гаргаж байгаа. Шүүгдэгч Ж.О нь урьд өмнө нь хууль, журам зөрчиж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй, гадны халдлага, дайралтад өртөгдсөн үедээ тус хэрэгт холбогдсон байна. Энэ байдлыг харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Оийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд тодорхой хэдэн онцлог байдаг. Тухайн хуулийн диспозицид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Тэгэхээр тухайн гэмт хэргийг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар, ямар заалтыг зөрчсөн гэдгийг тодотгож ярих ёстой. Мөрдөгчийн магадалгаанд жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар тодорхой тусгасан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасан. Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой. Учир нь, тухайн тээврийн хэрэгслийг хөдлөх гэж байна уу, эсхүл зогссон хэвээр үлдэх гэж байна уу гэдгийг бусад оролцогч мэдэхгүй. Хоёрдугаарт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан. Энэ заалтад зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн тээврийн хэрэгсэл болон гарц дээр зогсож байгаа тээврийн хэрэгсэл хамаарна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 дахь хэсэгт “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг” хэлнэ гэж заасан. Тэгэхээр тухайн нөхцөлд урдуур нь хүн гарч ирсэн тохиолдолд жолооч хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх, зам тавьж өгөх үйлдлийг хийх ёстой. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүн байсныг мэдээгүй, халдсан, довтолсон нөхцөл байдал байсан гэж тайлбарлаж байна. Ямар ч нөхцөл байдалд байсан гэсэн жолооч хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тухайн үед согтуу хүн жолоочийн анхаарлыг сарниулсан үйлдэл гаргасан, гэхдээ аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэрч Ц “тэр залуу согтуу хүнийг гараас нь татаад холдуулсан, машины жолооч урагш машинаа хөдөлгөөд гарцаар гарч байсан эмэгтэйг мөргөсөн” гэж мэдүүлсэн. Энэ тохиолдолд дарааллын хувьд эхлээд согтуу хүнийг холдуулсан, түүний дараа холдсон гэдгийг мэдээд хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдлөх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.О нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур төвийн хойд замд 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 29 минутын үед “Toyota Aqua” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэж, мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч М.Пг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Пгийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагт ач охиноо дугуйланд хүргэж өгчихөөд Натур худалдааны төвийн хойд явган хүний зохицуулдаггүй гарцаар замын хойноос урагш чиглэлтэй надтай 2, 3 хүн зам хөндлөн гарч явсан. Тэр үед цэнхэр өнгийн автомашин гарцын хажууд зогсож байсан, би тэр машины урдуур гарцаар гараад дуусах үед гэнэт урагш хөдлөөд миний баруун талаас мөргөөд би газар унасан. Тухайн үед би зүүн талын хөлөө гэмтээчихлээ гэж бодсон, учир нь 4 жилийн өмнө зүүн хөлийн өвдөгний үе солиулсан болохоор тэгж бодсон, тэгэхэд баруун хөл маань хөдөлж болохгүй, их өвдөж байсан, намайг мөргөсөн машины жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд нөхөр нь ирээд намайг хамжиж машинд суулгасан, тэгээд би түргэний автомашинтай гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /хх 23-25/ гэсэн,

гэрч Л.Ц-ын: "Би тухайн өдөр ... Натур төвийн үүдэнд явган хүний замаар алхаж явсан, тэгэхэд зам дээр гарцын хажууд жижиг автомашин 1 дүгээр эгнээнд зогсож байсан, тэгэхэд нэг залуу тэр машины жолооч эмэгтэйн цонхоор нь гараа хийгээд руль хэсгийг бариад явуулахгүй жолоочтой зууралдаад байсан, би гайхаад хараад зогссон, тэр согтуу залуу эхлээд машины урд нь зогсчихоод гараа алдлаад явахгүй байсан, тэгэхэд зогсож байсан машины жолооч эмэгтэй цонхоо онгойлгоод “чи холдоод өгөөч ээ, би явъя” гэхэд жолоочийн талд нь ирээд явуулахгүй гар болон руль хэсгээс нь бариад зогсоод байсан. Тэгэхэд хажуугаар нь нэг залуу өнгөрөхөд жолооч эмэгтэй тэр залууг гуйгаад “энэ согтуу хүнийг холдуулаад өгөөч, би явах гэсэн юм” гээд хэлэхэд тэр залуу согтуу хүнийг гараас нь татаад холдуулсан. Машины жолооч урагш автомашинаа хөдөлгөхөд гарцаар гарч явсан нэг настай эмэгтэй хүнийг машинаараа шүргэх шиг болоод тэр хүн газар унасан. ...” /хх 39/ гэсэн,

шүүгдэгч Ж.Оийн яллагдагчаар өгсөн “...би согтуу залуугийн гарыг нь тавиулаад тэр чигээрээ согтуу хүнээс холдох зорилгоор хөдөлгөөн эхлүүлж автомашины хаазан дээр гишгэсэн, ...тэгээд дөнгөж урагш хааз гишгэх агшинд чимээ гарсан, би урагш харахад хажууд явж байсан хүмүүс хүн мөргөчихлөө гэж ярьсан, би шууд тоормос дээрээ гишгээд хүрдээ зүүн тийш дараад машинаа зогсоосон. ...” /хх 147-150/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1024 дугаартай "М.Пгийн биед баруун тахилзуур ясны зөрүүгүй далд хугарал, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ..." /хх 76-78/ гэсэн дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 147 дугаартай “Жолооч Ж.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. 2. Явган зорчигч М.П нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ..." гэсэн /хх 130-131/ магадлагаа,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-20/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ж.Оийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Ж.Оийн “Toyota Aqua” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ түр зогсолт хийсэн байхад нь согтуу хүн машины цонхоор гараа оруулж, жолооны хүрдийг нь барихад тэрээр бусдаас тусламж хүсэн уг согтуу хүнийг холдуулснаар замын хөдөлгөөнөө үргэлжлүүлэх явцдаа гарцаар зам гарч явсан явган зорчигч М.Пг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол …” гэж тодорхойлж, дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч Л.Доржпүрэв “...Ж.О нь хохирогчид гэм буруугүйгээр хохирол учруулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Оийг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан шүүгдэгч болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд, шүүгдэгч Ж.О жолоодож явсан машинаа түр зогсоох үед согтуу хүн жолооны хүрднээс зууралдан хөдөлгөөн хийхэд саад учруулсан, тэрээр бусдаас тусламж хүссэнээр уг хүнийг холдуулан хөдөлгөөнийг эхлүүлэхдээ гарцаар зам гарч явсан явган зорчигч М.Пг мөргөсөн үйл баримт тогтоогджээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэж, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж тус тус заасан бөгөөд тэрээр хөдөлгөөнөө эхлүүлэхээс өмнө ямар үр дагавар үүсэхийг тухайн нөхцөл байдалд ухамсарлах, хохирол учрахыг урьдчилан мэдэх боломжтой байсан төдийгүй тухайн үед үүссэн нөхцөл байдал нь хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлд хамаарахааргүй байна. 

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсэг, заалтыг журамласан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/512 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР