Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 14

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Хохирогч, шүүгдэгч Г.Э ын өмгөөлөгч Б.Хосбаяр

 Хохирогч шүүгдэгч Г.Э , М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Э , М.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000013 дугаартай  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г-ийн Э нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17-18 цагийн үед Ховд аймгийн М сумын Б багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж М.Д-ийн баруун нүдний орчим цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Яллагдагч М-ийн Даваа нь 2018 оны 02 дугаар сарь- 12-ны өдрийн 17-18 цагийн үед Ховд аймгийн М сумын Б багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г Э-ын толгой.нүд, хөл зэрэг газарт хогны шүүрээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч М.Д хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:   

 Манайх Ховд аймгийн М сумын Б багийн М давын ам гэх газар Д.Г гэх айлтай өвөлжсөн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17-18 цагийн үед гэртээ гал түлэх нүүрс авахаар Д.Г-ийн гэрийн гадна очоод нүүрс савлаад сууж байтал Д.Г-ийн хүүхдүүд гарч ирээд нүүрс авч болохгүй гээд байхаар гэрт нь ороод надад нүүрсээ жинлээд өг гэхэд Г-ийн эхнэр Г.Э  таньд нүүрс өгөхгүй манай нүүрс багадаж байна гээд надтай хэрүүл маргаан хийгээд байхаар би урдаас нь хэрэлдсэн тэгсэн чинь намайг цохиод авахаар би шүүрийг нь булааж аваад зүүн талын гуяаар нь 2-3 удаа цохисон.

Тэгтэл Г.Э  босч ирээд баруун гараараа миний нүдэнд цохиод авахаар нь би эргүүлээд Г.Э ын баруун нүдэнд гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд би Г-ийн гэрээс гараад явж байтал Г.Э  нүүрс аваад шидсэн. Г.Э  нь гэрт орж ирээд багийн эмч дуудмаар байна гээд манай утсаар багийн эмч дуудсан тэгээд багийн эмч ирээд бид хоёрыг үзсэн. Би Г.Э т гарсан хохиролыг төлж өгсөн.Аймаг оруулж амаржуулаад авч ирсэн.Надад Г.Э аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй.. Би баруун нүдэндээ 2016 онд болор суулгасан гэх мэдүүлэг

Шүүгдэгч Г.Э ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Ховд аймгийн М сумын Б багийн М даваа гэх газарт М.Д гэх айлтай хамт өвөлжсөн.Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 17-18 цагийн хооронд гэртээ сууж байтал гаднаас Даваа ах орж ирээд нүүрс авмаар байна гэхэд та аваа гэж манай нөхөр хэлэхээр нь би манай нүүрс дуусаж байна гэхэд Даваа ах надтай хэрэлдээд миний хөл рүү хөлөөрөө өшиглөөд шүүрээр миний толгой болон цээж рүү цохиод байсан би тэгэхээр нь та яаж байгаа юм вэ гэж хэлээд босоод бид хоёр барилцаж аваад би таны толгой руу цохиход ямархуу байна гээд Даваа ахын толгой цохих гэтэл нүдэнд нь цохигдсон. Тэгээд Даваа ах гараад явсан. Нүүрснээс болж маргалдсан. Даваа ах миний толгой болон баруун талын нүд рүү гараараа болон шүүрээр цээж рүү цохисон. М.Д анх эхлээд миний зүүн талын хөл рүү өшиглөөд шүүр булааж аваад хоёр талын гуя руу 2-3 удаа миний баруун талын нүдэнд гараараа цохисон. М.Д ах надад хохирол төлж барагдуулсан.Одоо нэхэмжлэх хохиролгүй  гэх мэдүүлэг

Гэрч Д.Г-ийн “... 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 17-18 цагийн хооронд Даваа ах нүүрс авлаа гээд хашгирахаар нь ав гэж хэлээд би зурагтаа янзалж байсан чинь Даваа ах манайд орж ирсэн. Тэгсэн манай эхнэр энэнээс хойш нүүрс багадаж байна та авсан нүүрсээ авч ирж өгөөрэй гэхэд Даваа ах уурлаад чамд ямар хамаагүй гээд уурлаад зодоод эхэлсэн. Даваа ах манай эхнэрийн толгой руу цохиод манай эхнэр шүүр ишлэж байсан тэрийг булааж аваад цээж дал гэдэс рүү цохиод байхаар би босоод шүүрийг булааж та хоёр боль гэж хэлээд Даваа ахыг гэрээс гарсан.Тэгтэл Даваа ах гэрийн гадна хэрүүл хийж байгаад буцаж орж ирээд дахиад манай эхнэрийг шүүрээр цохиод хийл барьсан гараараа толгой болон нүд рүү цохиж манай эхнэрийн баруун нүд хөхөрсөн тэгээд Даваа ах манай галын зуух өшиглөөд шүлсээ хаяад бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Манай эхнэрийн баруун нүд хөхөрсөн цээж ам дүүрээд байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

            2018 оны 03 сарын 01-ний өдрийн 98 дугаартай .....Г.Э ын биед гэмтэл учирсан байна. Энхбаярын биед баруун нүдний дээд доод зовхинд бүдэг цус хуралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт 6x5.5 см бүдэг цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт 4x3 см бүдэг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.   

         Г.Э ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Энхбаярын биед үүссэн гэмтэл нь... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.Э ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Энхбаярын гэх ихэсээс гистологи шинжилгээнд дээж аваагүй тул гэмтлийн гарА  ихэс ховхролт эсэхийг тогтоох боломжгүй байна гэх шинжээчийн дүгнэлт

2018 оны 02 сарын 28-ны өдрийн 93 дугаартай .....М.Д-ийн биед гэмтэл учирсан байна. М.Д-ийн биед баруун нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгэ хуралт гэмтэл тогтоогдлоо. М.Д-ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. М.Д-ийн биед үүссэн гэмтэл нь ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл  ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Д-ийн биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд  удаан хугацаагаар нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт

            Эд мөрийн баримтаар тооцох тогтоол / улаан иштэй хогийн шүүр/

              Хохирол төлж барагдуулсан тухай мэдүүлэг /200.000 төгрөг төлсөн/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

           Шүүгдэгч Г.Э , М.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч М.Д-ийн үйлдлээс хохирогч Г.Э-т 200000 төгрөгний хохирол учирсан ба учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн мэдүүлэг болон хохирол төлсөн зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураар төлж барагдуулсан гэж үзнэ.

           Шүүгдэгч М.Д, Г.Э  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохиролоо нөхөн төлж барагдуулсан цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо

          Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан хогийн шүүрыг Г.Э  нь буцаан авахгүй гэж санал гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.         

            Шүүгдэгч М.Д, Г.Э  нар нь хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрөөгүй хүлээн зөвшөөрч байгаа нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Яллагдагч Г.Э , М.Д нар нь  цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Г-ийн Г.Э , Б овогт М-ийн Д нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э , М.Д нарыг тус тус  таван зуун нэгж буюу 500.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Э , М.Д нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар ялтан М.Д, Г.Э  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хогийн шүүрыг тогтоол хүчинтэй болмогц устгах,  , регистртэй иргэний цахим үнэмлэхийг М.Д, Г.Э  нарт буцаан олгохыг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

         6.Хэрэгт битүүмжлэн ирүүлсэн Г.Э ын 10 тооны мал, М.Д-ийн 3 тооны бод малыг буцаан олгож битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

              7.Яллагдагч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хэвээр хэрэглэсүгэй.

          8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.