Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/732

 

 

 

 

    2024             6            26                                         2024/ДШМ/732

 

С.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

хохирогч О.Дгийн өмгөөлөгч Д.Март,

иргэний нэхэмжлэгч О.О,

яллагдагч С.С, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/200 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганбаганын бичсэн эсэргүүцлээр С.Ст холбогдох эрүүгийн 2307 00000 0192 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч С.С нь 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гордок явах замд Онцгой байдлын хэлтсийн гал унтраах зориулалт бүхий ...улсын дугаартай Исүзү загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-р заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эсрэг урсгалд байсан ...улсын дугаартай Тоёота марк икс загварын тээврийн хэрэгслийн дээрээс унаж зам тээврийн осол гаргаж, улмаар тухайн тээврийн хэрэгслийн зорчигч О.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/295 дугаар захирамжаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7, 9/ осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12/ зэрэг баримтаас үзэхэд ... анх мөргөлдсөн гэх “А ” цэг нь хоорондоо зөрүүтэй, мөн тоормосны мөрний нийт 37.50 метр гэж тэмдэглэсэн атлаа фото зураг болон схем зурагт тоормосны мөрийн шулуун болон шарвалтын мөрийг ялгаж хэмжээгүй байна.

Түүнчлэн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05/44 дугаар Техникийн шинжээчийн дүгнэлтээр ... исүзү маркийн автомашины масс 19940 кг ... гэж өгөгдөл өгөн тээврийн хэрэгслийн нийт хурд 82.08 км/цаг гэх дүгнэлт гаргажээ. Гэтэл Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудаст ... нийт жин 13300 кг, ус хийн зориулалтын цистерийн багтаамж 8000 литр ... /хх-137/ гэсэн байхад ... исүзү маркийн автомашины масс 19940 кг гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, мөн тээврийн хэрэгсэл нь хэдэн тонн устай байсан зэргийг шалгаагүй байх тул дээрх ажиллагааг хийсний дараа шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаажээ.

Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогчийг байлцуулан хэргийн газрын нөхөн үзлэг тус тус хийсэн боловч хэрэгт ач холбогдолтой шалтгаан нөхцлийг тогтоогоогүй байна гэж үзэв.

Учир нь, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...... улсын дугаартай улаан өнгөтэй Isuzu truck маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөрний чиглэл, эсрэг урсгал руу хазайсан дугуйны мөр, ... улсын дугаартай улаан өнгөтэй Isuzu truck тээврийн хэрэгслийн жолооч С.Сын “би дуудлагын дагуу Налайхаас Городок чиглэл рүү явж байсан” гэх тайлбарыг үндэслэн уг тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээс баруунаас зүүн чиглэлд явж хөдөлгөөнд оролцож байхдаа эсрэг урсгалаас хөдөлгөөнд оролцож явсан ... улсын дугаартай Toyota Mark X маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэж тогтоов”, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-7, 9/ осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12/ зэрэг баримтаас үзэхэд ... Isuzu truck маркийн ... дугаарын тээврийн хэрэгсэл нь тоормослон Mark X маркийн ... дугаарын тээврийн хэрэгслийг мөргөхдөө баруун урд хэсгээрээ мөргөж түрэн баруун талаараа хажуулдан унасан нь хэрэгт авагдсан байхад Isuzu truck маркийн ... дугаарын тээврийн хэрэгслийн баруун хойд талын 2 тэнхлэгийн голын тоормосны мөрөөр буюу Mark X маркийн ... дугаарын тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөсөн мэтээр анх мөргөлдсөн “А” цэгийг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй тогтоогоогүй байна.

Иймд оролцогч нарыг оролцуулан 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...улсын дугаартай улаан өнгөтэй Isuzu truck маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөрний чиглэл, эсрэг урсгал руу хазайсан дугуйны мөр... улсын дугаартай улаан өнгөтэй Isuzu truck тээврийн хэрэгслийн жолооч С.Сын “би дуудлагын дагуу Налайхаас Городок чиглэл рүү явж байсан” гэх тайлбарыг үндэслэн уг тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээс баруунаас зүүн чиглэлд явж хөдөлгөөнд оролцож байхдаа эсрэг урсгалаас хөдөлгөөнд оролцож явсан ... улсын дугаартай Toyota Mark X маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэж тогтоов”, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-7, 9/ осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12/,

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн “...анх мөргөлдсөн А цэг өмнө нь хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн үл хөдлөх В цэг болох замын ертөнцийн зүгээр хойд талд байрлах 14 гэсэн бичиглэл бүхий бетоноос бүдүүн өндөр хүчдэлийн шонгоос Городок явах чиглэлд 57 метр татаж, уг газраас ертөнцийн зүгээр урд тал руу буюу асфальтан зам руу 7 метр 802 см татаж А цэгийг байрлуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /2 хх 18-21/, /хх-12/,

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...5 дугаар хороо явах чиглэлийн асфальтан зам байх ба уг зам дагуу байрлах анх үл хөдлөх В цэгээр авсан 14 дугаартай өндөр хүчдэлийн цахилгаан шонгоос Городок явах чиглэл буюу зүүн зүгт 57 метр шулуун яваад тэгш өнцөг гаргаж урагш 7.80 метр татаж анх “А” цэгээр тогтоосон газрыг байршуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /2хх-97-104/ зэрэгт тулгуурлан анх мөргөлдсөн “А” цэгийг зөв тогтоож, 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу С.Ст холбогдох эрүүгийн 2307000000192 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганбагана бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн захирамж үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. 2024 оны 03 дугаар 27-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн, 5 дугаар хороо явах чиглэлийн асфальтан зам байх ба уг зам дагуу байрлах анх үл хөдлөх В цэгээр авсан 14 дугаартай өндөр хүчдэлийн цахилгаан шонгоос Городок явах чиглэл буюу зүүн зүгт 57 метр шулуун яваад тэгш өнцөг гаргаж урагш 7.80 метр татаж анх А цэгээр тогтоосон газрыг байршуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэгт тулгуурлан анх мөргөсөн А цэгийг зөв тогтоож, 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах нь зүйтэй байна...” гэжээ.

Зам тээврийн осол болсон гэх “А” цэг хаана байхаас үл хамаарч ... улсын дугаартай Toyota Mark X маркийн тээврийн хэрэгсэл өөрийн эгнээндээ, замаа чөлөөлсөн байдалтай зогсож байсан нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газрын үзлэгээр тогтоогддог. Түүнчлэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгээр талууд буюу ... улсын дугаартай Isuzu truck тээврийн хэрэгслийн жолооч болон ...улсын дугаартай Toyota Mark X маркийн тээврийн хэрэгслийн жолооч нарын заасан “А” цэгүүд нь яллагдагч С.Сын явсан замын эсрэг урсгалд орж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-р заалт буюу “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээрийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 10-17 дугаар бүлгийн заалтыг мөрдөхгүй байж болно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

... улсын дугаартай Исүзү маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Исүзү маркийн автомашины жолооч С.С нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд автомашины хурдыг тохируулан сонгож яваагүй бөгөөд улмаар эсрэг урсгалд орсон болох нь хавтас хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж тус тус заасны дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/200 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогч О.Дгийн өмгөөлөгч Д.Март тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзээд дэмжиж байна. Учир нь, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас хойш А цэг буруу тавигдсан нь тодорхой болж, талууд А цэг дээр маргалдаж хэргийг прокурорт буцаасан. Ингэснээр хэрэгт дахин шинжээч томилж, нөхөн үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Гэтэл нөхөн үзлэгийг анхны байдлаар давтан хийж, А цэгтэй нөхөн үзлэгт шинжээчийн хоёр янзын дүгнэлт гарсан. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс прокурорын шатанд 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А цэгийг дахин зөв тогтоолгож, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Эндээс нөхөн үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авч, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дахин үзлэг хийхдээ талуудыг байлцуулсан боловч А цэгийг тогтоож чадаагүй. Улмаар шүүх дахин хуралдаж миний гаргасан хүсэлтийн дагуу А цэгийг зөв тогтоож, нөхөн үзлэг хийлгэх шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан. Ийм учраас А цэгийг дахин хөдөлбөргүй зөв тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоосноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Ял шийтгэл оногдуулах эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдах тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч О.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй. А цэгийг зөв тогтоож, хэргийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.” гэв.

Яллагдагч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “12-92 УНД улсын дугаартай “Тоёота марк икс” загварын тээврийн хэрэгслийг 0 зогсолттой байсан мэтээр ярьж байна. Өөдөөс автомашин орж ирээгүй бол би тоормос гишгэхгүй. Хамгийн анхны тоормосны мөр миний өөрийн явж байсан эгнээнд байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2, 3 удаа хэргийн газрын үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргахдаа А цэгийг буруу тогтоосон.” гэв.

Яллагдагч С.Сын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Шинжээч нарын дүгнэлт, үйл баримтыг харахад анхны хэргийн газрын үзлэгийн хэмжилт их бодитой байдаг. Тодруулбал, С.Сыг тээврийн хэрэгслээ жолоодон явж байтал О.Дгийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл өөдөөс нь гарч ирсэн. С.Сын жолоодож явсан тээврийн хэрэгсэл ачаа ихтэй байсан учир хажуу тийшээ шарвасан. Хэргийн газрын анхны үзлэгээр хоёр автомашины мөргөлдсөн гэх А цэгийг автомашины моторын тос гоожсон газраар тогтоосон. Мөргөлдсөн А цэгийг С.С хэргийн газрын нөхөн үзлэгийн үеэр тогтвортой мэдүүлж, явж байхад зорчих хэсэг дээр тээврийн хэрэгсэл орж ирсэн гэдэг. О.Д мэдүүлэхдээ зорчих хэсгийг чөлөөлж зогссон байсан гэдэг бөгөөд А цэгийг тогтоох хэргийн газрын үзлэг дээр ирэхдээ зорчих хэсэг дээр заадаг. Шуурхай албаны тээвэрлэгч албан үүргээ гүйцэтгэж явж байгаа тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлж, зам тавьж өгөх ёстой. Гэтэл О.Дгийн зааж байгаа А цэг зорчих хэсэг дээр байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг зөрчсөн. Эдгээр байдлуудыг үндэслэн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр С.Сыг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, харин өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн жолооч О.Дг Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг зөрчсөн гэж үзсэн. Ийм дүгнэлт гарсан байхад прокурор Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн хүнийг яллагдагчаар татахгүй, С.Сыг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзээд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүх хэлэлцээд А цэгийг дахин заалгаж тогтоолгох, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, тоормосны мөр болон шарвалтын мөрийг нийлүүлж хурдыг тогтоосон нь үндэслэлгүй гэсэн. Хэргийн үйл баримтаас үзэхэд шуурхай албаны тээврийн хэрэгсэл явж байхад О.Д эсрэг урсгал руу орсон тул С.С тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн. Хэрэв С.С зогсоох арга хэмжээ аваагүй бол үүнээс илүү хор уршиг учрах байсныг үгүйсгэхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос яллагдагч С.Сыг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гордок явах замд Онцгой байдлын хэлтсийн гал унтраах зориулалт бүхий ...улсын дугаартай Исүзү загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-р заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эсрэг урсгалд байсан ...улсын дугаартай Тоёота марк икс загварын тээврийн хэрэгслийн дээрээс унаж зам тээврийн осол гаргаж, улмаар тухайн тээврийн хэрэгслийн зорчигч О.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд тулгуурлан анх мөргөлдсөн “А” цэгийг зөв тогтоож, 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан яллагдагч С.Сыг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэлээ.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд прокурор Г.Ганбаганын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/200 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Ганбаганын бичсэн эсэргүүцлийн хүлээн авсныг дурдсугай.

2. Яллагдагч С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР