2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/05455

 

 

 

 

 

 

 

2025 06 16

191/ШШ2025/05455

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо,... тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Х.*******-/-д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Амины сууцын суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгч Х.*******- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Амины сууцын суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК-ийн захирал Х.*******-тэй уулзаж амины орон сууц захиалж бариулахаар харилцан тохиролцож, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн урьдчилгаа төлбөрөө төлж 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч тал миний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 700 м.кв талбай бүхий газарт нийт 60 м.кв талбайг 1 м.кв үнэ 1,100,000 төгрөг, 18 м.кв терасс бүхий канад загварын орон сууцыг барьж надад хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн. Суурийн бетоноо хэмжээ алдаж 70 м.кв талбайгаар цутгасан байсан тул бид терассаа больж 10 м.кв нэмж, 1 м.кв 900,000 төгрөг, мөн дээврийн зурагаа гүйцэт ойлголцоогүйн зөрүү 1,500,000 төгрөг нийтдээ 76,500,000 төгрөгөөр 70 м.кв бүхий өвөл, зуны амины орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргийг хүлээлсэн. Гэрээний 1.1, 1.3, 4.4-т заасны дагуу Гүйцэтгэгч тал орон сууцыг 2022 оны 05 дyraap сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч материал тасалж ажил зогссоор 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гадна сайдинг хийж эхлэхэд бид очиж үзэхэд мэдэгдэхүйц далий харагдаж тэр талаараа барилга барьж буй хүмүүс болон М.*******-д хэлэхэд илт үгүйсгэж М.*******- өөрөө дуран тавьж хянасан ямар ч асуудалгүй гэсэн. Бид компаний захирал мэргэжлийн гэх хүний үгэнд найдаж бидний энгийн нүдэнд харагдахаар илт хазгай байшин барина гэж юу байхав гэж ярилцаад тэдний үгэнд итгэсэн боловч байшин нилдээ баруун урагшаа хазгай үүнээс улбаатай шал илт далий, цонх далийгаас үүдэж түгжигдэхгүй, хаалга далий учир нээхэд өөрөө хаагдана, өрөө хоорондын хаалганууд далий хүлээж авах ямарч боломжгүй стандарт бус байсан боловч 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан. ЭЭБТ ХХК-ийн ирүүлсэн материал ажлын хөлс нийт 22,000,000 төгрөгөөр гүйцэтгэх үнийн саналыг үндэслэн шаардаж байна гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.******* нь тус компанид холбогдуулан захиалан бариулсан байшингийн суурийн тэгж бус доголдлыг арилгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа өөрчилж Барилгын засвар, засал чимэглэлийн тусгай зөвшөөрөлтэй ЭЭБТ ХХК-ийн хийсэн гүйцэтгэх ажил болон төсөвт тусгасан нийт зардал болох 220,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэсэн шаардлагыг гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Г.******* нь зуслангийн байшин бариулахаар хандсан бөгөөд бид өөрсдийн байгуулдаг гэрээний дагуу анх 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж байсан юм. Уг гэрээний дагуу тэдний газар дээр 60 м.кв байшинг барихаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл Г.******* болон түүний нөхөр /шүүхэд Г.*******гийн төлөөлөгчөөр оролцож байгаа Б./ нар нь бид хуульч хүмүүс тул өөрсдийн боловсруулсан гэрээгээр гэрээ байгуулна хэмээн өөрсдөө боловсруулсан гэрээг авч ирж дахин гэрээг үзэглэсэн нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээ юм. Уг гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг гэрээний дагуу бид захиалагчийн хүсэлтээр 1 м.кв-ийг 1,100,000 төгрөг буюу нийт 60 м.кв амины орон сууцыг 66,000,000 төгрөгөөр барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Ингээд захиалагчийн байшингаа бариулах газар болох Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо .. байрлах тус бүр нь 700 м.кв буюу нийт 1,400 м.кв талбайтай , нэгж талбарын дугаартай газрыг очиж үзэхэд ойн болон усны сан бүхий намагтай газар байсан тул энэ газар байшин барих боломжгүй, намагтай газар өвөл нь овойж хөлдөнө, хавар зун нь гэсэж суух зэргээр хөдөлгөөнд орсноос байшинг эвдэх эрсдэлтэй гэдгийг тайлбарласан боловч зүгээрээ тэр хамаагүй байшингаа л бариад өгчих, хэрэв тийм асуудал үүсвэл бид өөрсдөө хариуцна, гомдолгүй гэсэн. Энэ үед ч боломжгүй газар байна дараа нь суурийн хөдөлгөөнд орвол хэн хариуцах болж байна гэхэд бид хариуцна гэж гэрээн дээрээ үүнийгээ тусгаад ажлаа эхэлье гэсний дагуу тэдний өөрсдийн боловсруулж авчирч үзэглэсэн байсан гэрээнийхээ хамгийн арын хуудсанд гараараа нэмэлт заалт бичиж захиалагчаар өөрөөр нь гарын үсэг зуруулж авсан. Өөрөөр хэлбэл 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээний 3 дах нүүр буюу сүүлийн хуудсан дээр суурьнаас шалтгаалсан хагарал элдэв сөрөг нөлөөнд ******* ******* ******* ХХК хариуцлага хүлээхгүй болно гэж гараар бичиж яг энэ бичиглэлийн ард нь захиалагч Г.******* нь хүлээн зөвшөөрсөн гарын үсгээ зурсан юм. Гараар бичих болсон шалтгаан нь гэрээгээ байгуулсны дараа газар дээр очиж үзэхэд голын ай сав намагтай газар байсан тул байшин барих боломжгүйг хэлэхэд гараар нэмэлт заалт бичин захиалагч гарын үсэг зурснаар барилгын ажил эхэлсэн. 2022 оны 04 дүгээр сард барилгын ажил эхэлж суурийн ажлыг хийж эхлэхэд намагтай газар гэсээгүй таг хөлдүү экскавотараар арай гэж ухаж суурийг цутгаж байшинг барьж эхэлсэн. Ингээд байшингийн ажил явагдаж байх үед захиалагчид нь бид хуульч хүмүүс тул юманд хариуцлагатай ханддаг хэмээн байнга ирж харж, танилцаж явсан ба энэ тухайгаа ч нэхэмжлэлдээ дурдсан байна. Ингээд бид байшингаа барьж дуусгасан ба захиалагчид байшиндаа орсон. Гэтэл нэхэмжлэгч нь анх хүлээж авах үед л байшин таг далий байсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэлдээ бичсэн шиг далий байшин барьсан бол явцын дунд үргэлж ирж үзэж шалгаж байсан, мөн танай гэрээг байгуулахгүй өөрсдийн гэрээгээр явна хэмээн гэрээгээ боловсруулан авч ирж гарын үсэг зурсан хуульч хүмүүс хэзээ ч тийм байшинд нүүж орохгүй байсан. Бид анхнаасаа ийм нөхцөл байдал үүсч болзошгүй буюу намаг дулаан орохтой зэрэгцэн гэсч сууринд муугаар нөлөөлөхийг хэлж анхааруулсаар байхад гомдолгүй гэж гарын үсэг зурж бариулсны дараа газар гэсэж суурийн нэг хэсэг доош суусныг бидний буруу мэтээр ийм шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр м.кв нь 1,100,000 төгрөгөөр буюу нийт 60 м.кв орон сууцыг 66,000,000 төгрөгт барьж өгөхөөр гэрээ байгуулсан байдаг. Сүхбаатар дүүрэг .. дугаар хороо, ... байрлах нийт 2 айлын газар дээр бариулсан юм байна. Энэ газар анх очиж үзэх үед энэ газар нь намагтай голын эрэг дээр байсан газар байсан, энэ газар байшин барьж болно, гэхдээ алсдаа ямар нэгэн байдлаар байшин хөдөлгөөнд орж болзошгүй гэдгийг тухайн үед хэлж тайлбарласан боловч байшин бариулна, гомдолгүй гэх зүйлийг яригдсан учир талууд зориуд гэрээний сүүлийн хуудсанд нэмэлт нөхцөлийг гараар сууринаас үүдэлтэй хагарал, элдэв сөрөг нөлөөллийг ******* ******* ******* ХХК хариуцлага хүлээхгүй болно гэж арга ядаж гараар бичиж, захиалагч Г.******* нь хүлээн зөвшөөрсөн гарын үсгээ зурсан байдаг. Яагаад гараар нэмэлт заалт оруулсан бэ гэвэл очиж үзэхэд ийм нөхцөл байдал үүссэн учир талууд нэмэлтээр тохирсон юм байна лээ. Байшин барьж байгаа улсууд эрх биш тэгшхэн байшин барьж өгнө гэж тайлбарлаж байгаа, бид тэгш байшин бариад энэ хүмүүст хүлээлгэж өгөөд 3 жил болж байна. Энэ хооронд зун болно, намаг сууна, өвөл болно, хавар болоод гэснэ гэх зэргээр тодорхой хэмжээний суурь нь хазайлт үүссэн бол манайх хариуцахгүй гэж байгаа, хазайлт үүссэн эсэх нь тодорхойгүй байна, үүссэн бол дээрх дурдсанаар хариуцахгүй. Хазайлт үссэн эсэхийг нэхэмжлэгч тал Барилга хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс шинжээч томилж 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг Барилга хөгжлийн төвөөс гаргасан байдаг. Үүний дараа дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг хариуцагч тал гаргаснаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар Барилга хөгжлийн төвийг дахин шинжээчээр томилсон. Гэтэл тус газраас шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/256 тоот шинжээчээс татгалзах тухай албан бичиг ирсэн. Энэ албан бичигт Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар манай байгууллагаас шинжилгээ хийх эрх бүхий зөвшөөрөл авсан этгээд байхгүй учир шинжилгээ хийх боломжгүй байна гэх хариу ирсэн. Ингэхээр нь бидний зүгээс өмнө нь дүгнэлт гаргаж байгаа 2 этгээд нь хуульд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд биш байсан юм байна гэх нөхцөл байдал үүссэн тул өмгөөлөгч миний бие тухайн газарт албан бичгээр хандсан. Түүний 03 дугаар сарын 19-ний өдрийн хариу албан бичигт зөвшөөрөл авсан эрх бүхий албан хаагч манай байгууллагад байхгүй учир шинжээчээр ажиллах боломжгүй. Хүсэлтэд дурдаж байгаа өмнөх дүгнэлт гаргасан Э., А. нар Шүүхийн шинжилгээний хуульд заасны дагуу сургалтад хамрагдаагүй гэж хариу өгсөн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу өмнө нь дүгнэлт гаргуулж ирүүлсэн өмнөх шинжээч Э., А. нар Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу сургалтад хамрагдаагүй, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргын тушаал, шийдвэрээр 5 жилийн хугацаанд шинжилгээ хийх эрх аваагүй этгээдүүд байгаа учир энэ хүмүүсийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Амины орон сууц захиалан бариулах 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ, Төрийн банк ХК-ийн депозит дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/02482 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28иб3/4423 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2023/01135 дугаар шүүгчийн захирамж, ЭЭБТ ХХК-ийн үнийн санал, тусгай зөвшөөрөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Хариуцагчаас хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/250 тоот, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/530 тоот албан бичиг,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр Барилгын хөгжлийн төвийг томилж дүгнэлт гаргуулж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Амины сууцын суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэгэнт хийгдсэн суурийн хазайлт байшингийн хэв загварыг эвдэлж буулгахаас өөрөөр засварлах нөхцөлгүй тул суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

6.Хариуцагч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэмэлт гэрээгээр сууриас үүдэлтэй хагарал, элдэв сөрөг үр дагаварт ******* ******* ******* ХХК хариуцлага хүлээхгүй болно гэж захиалагч Г.******* гарын үсэг зурж тохиролцсон тул буруугүй гэж маргажээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Амины орон сууц захиалан бариулах 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ, Төрийн банк ХК-ийн депозит дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/02482 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28иб3/4423 тоот албан бичиг, ЭЭБТ ХХК-ийн үнийн санал хүргүүлэх албан бичиг, тусгай зөвшөөрөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/250 тоот, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/530 тоот албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

8.Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газарт 60 м.кв талбайг 1 м.кв үнэ 1,100,000 төгрөг, 10 м.кв нэмж, 1 м.кв 900,000 төгрөгөөр18 м.кв терасс бүхий канад загварын орон сууцыг нийтдээ 76,500,000 төгрөгөөр барьж 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хавтаст хэргийн 5-7 тал/

9.Нэхэмжлэгч Г.******* нь Амины сууцын суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа шүүх хуралдааны үед Нэгэнт хийгдсэн суурийн хазайлт байшингийн хэв загварыг эвдэлж буулгахаас өөрөөр засварлах нөхцөлгүй тул хуучин шалыг бүрэн хуулж дотор талаас нь тэгшлэн цутгалт хийх 70 м.кв талбайд 5 см зузаантай бетон цутгах 7,000,000 төгрөг, Байшингийн зүүн хэсгийн урт нь 7м өндөр нь 2,4м-4м хэсгийг хуулж шинээр хийх 5,000,000 төгрөг, Байшингийн урд хэсгийн хаалганаас зүүн талын 6х2,3м сайтинг хавтанг хуулж тэгшитгэх 3,000,000 төгрөг, Байшингийн нүүрэн талын дээврийн 2 эгнээг хуулж нэмэлт хана гаргаж дээш өргөж өгөх 5,000,000 төгрөг, дээрх ажилтай холбоотой 1,8х1,5м хэмжээтэй 2 ширхэг вакуум цонх авагдаж дээш өргөгдөж суурилагдах 2,000,000 төгрөг бөгөөд материалын зардал, ажлын хөлс нийт 22,000,000 төгрөгөөр гүйцэтгэх үнийн санал ирүүлсэн ЭЭБТ ХХК-ийн баримтыг үндэслэн шаардах эрхтэй гэж тайлбарлав.

10.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нь Талууд нэмэлт гэрээ байгуулж сууриас үүдэлтэй хагарал элдэв сөрөг нөлөөлөлийг ******* ******* ******* ХХК хариуцлага хүлээхгүй болно гэж тохиролцсон бөгөөд захиалагч Г.******* гарын үсэг зурсан тухайд маргаагүй зөвшөөрсөн тул буруугүй гэх тайлбараар няцааж маргасан.

11.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2023/12335 дугаар шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгч талын шинжээч томилуулах хүсэлт нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан тусгай мэдлэг шаардагдаж байх тул шүүх уг хүсэлтийг хангаж, шинжээч томилж дүгнэлт гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэж, Г.*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ХХК-д холбогдох амины сууцын суурийн доголдлыг арилгуулахыг даалгах тухай иргэний хэрэгт шинжээчээр Барилгын хөгжлийн төвийг томилж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 34-35 тал/

Шинжээч Барилгын хөгжлийн төвийн шинжээч Э., А. нар нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт-ээр

1.Барилгын тухай хуулийн 14.1.1 зураг төслийн дагуу баригдсан байх, 14.1.2 барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага хангасан байх, тус заалтын дагуу хариуцагч талаас зураг хийлгэсэн эсэх талаар тодруулахад байгаа гэсэн хариу өгсөн. Дүгнэлт гаргахад ач холбогдолтой тул шинжээчид ирүүлэхийг хүсэхэд албаны майл хаягаар нэхэмжлэгч, хариуцагч талуудын хоорондын гэрээ ирүүлсэн зураг төслийг ирүүлээгүй болно.

2.Цутгамал бетон, төмөр бетон бүтээц БНбД 52-02-05 заалтын 14. Бетон, төмөр бетон бүтээцийн хүлцэл 13-р хүснэгтэд зааснаар суурийн ажилд 20 мм зөвшөөрнө гэж заасан байна. Хэмжилтийн үр дүнг үзэхэд суурийн ажлыг тэгш бус гүйцэтгэсэн гэж шинжээч миний бие үзэж байна гэжээ. /хавтаст хэргийн 51-55 тал/

12.Барилгын хөгжлийн төв нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/250 тоот албан бичгээр Танай шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 856 дугаар албан бичгээр ирүүлсэн 191/Ш32025/04319 дүгээр шүүгчийн захирамжтай танилцлаа. Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.2 дахь хэсэгт Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах Монгол Улсын иргэн шүүх шинжилгээний сургалтанд хамрагдсан байх гэж заасан байна. Иймд тус төвд одоогоор уг сургалтад хамрагдаж шинжээчээр ажиллах зөвшөөрөл авсан эрх бүхий ажилтан албан хаагч байхгүй тул шинжээчээр ажиллахаас татгалзаж байна гэж шүүхэд ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 124 тал/

 

13.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбууд хүргүүлсэн Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/530 тоот албан бичигт Таны 2025 оны 03 дугаар сарын 06-ны 01/14 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. Тус төвийн инженер техникийн алба хаагчдаас Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум дахь с таван толгой ХК-ийн захиалгатай, барилга, байгууламжийн ажилд техникийн хяналт хэрэгжүүлэхээр томилолтоор 14 хоногийн хугацаатай ээлжээр ажиллаж байна. Мөн инженер техникийн алба хаагчдын ажлын ачаалал, ажиллах хүн хүч дутмаг байдал, орон тоо хангалтгүй байгаа, мөн тус төвд одоогоор уг сургалтад хамрагдаж шинжээчээр ажиллах зөвшөөрөл авсан эрх ажилтан албан хаагч байхгүй тул шинжээчээр ажиллах боломжгүй байгаа болно. Хүсэлтэд дурдсан Э., А. нар нь Шүүх шинжилгээний газрын сургалтад одоогоор хамрагдаагүй болно гэжээ. /хавтаст хэргийн 139 тал/

14.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэгийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 82/ШЗ2023/12335 дугаар шүүгчийн захирамжаар томилогдож Барилгын хөгжлийн төвийн шинжээч Э., А. нарын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигчид гэрчилгээ, шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэг, дүгнэлтийн маягт олгоно. Мөн 11.4-т Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах Монгол Улсын иргэн дараах шаардлагыг хангасан байна. 11.4.1 мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх. 11.4.2. шүүх шинжилгээний сургалтад хамрагдсан байх гэж заасан хуулийн шаардлага хангаагүй Э., А. нар шинжээчээр ажиллаж гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт хууль бус гэж хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нь мэтгэлцэж байгаа тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхээр байна.

15.Иймд Шинжээч Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад хамааруулан үнэлэх боломжгүй гэж үзнэ.

 

16.Нэхэмжлэгч Г.******* нь Амины сууцын суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах тухай материалын зардал, ажлын хөлс нийт 22,000,000 төгрөгөөр гүйцэтгэх үнийн санал ирүүлсэн ЭЭБТ ХХК-ийн баримтыг үндэслэн шаардах эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцэв.

17.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

18.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар захиалагч гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байх боловч нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээ цуцлагдаагүй бөгөөд захиалагч Г.******* нь ажлын үр дүн буюу Амины сууцыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан тухайд маргахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

19.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нь талууд нэмэлт гэрээгээр сууриас үүдэлтэй хагарал элдэв сөрөг нөлөөлөлийг ******* ******* ******* ХХК хариуцлага хүлээхгүй болно гэж захиалагч Г.******* гарын үсэг зурж тохиролцсон тул буруугүй гэж маргаж байх ба нэхэмжлэгч Г.******* нь Амины орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт оруулж гарын үсэг зурсан тухайд маргахгүй гэх тайлбар гаргаж зөвшөөрсөн.

20.Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох Амины сууцын суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах тухай хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий амины орон сууцыг барьсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сандагийн аманд байрлах тус нь бүр нь 700 м.кв буюу нийт 1,400 м.кв талбайтай , нэгж талбарын дугаартай газрын шинж чанарыг тодорхойлж тус газар нь цэвдэгтэй, захиалан бариулсан амины орон сууцны суурийг тэгш бус байгаа бол энэ нь хөрсний шинж чанараас шалтгаалан хөлдүү газар гэсэж доош сууснаар ийнхүү тэгш бус байдал бий болоогүй, Амины сууцыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авах үед Амины сууцын суурь доголдолтой байсан болохыг нотлох баримтыг ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

21.Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан.

22.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Бид компаний захирал мэргэжлийн гэх хүний үгэнд найдаж бидний энгийн нүдэнд харагдахаар илт хазгай байшин барина гэж юу байхав гэж ярилцаад тэдний үгэнд итгэсэн боловч байшин нилдээ баруун урагшаа хазгай үүнээс улбаатай шал илт далий, цонх далийгаас үүдэж түгжигдэхгүй, хаалга далий учир нээхэд өөрөө хаагдана, өрөө хоорондын хаалганууд далий хүлээж авах ямарч боломжгүй стандарт бус байсан гэж мэтгэлцэж байгаа тайлбараас үзэхэд гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

23.Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох амины сууцын суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

24.Нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

25.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ. 53.1.1 дэх заалтад шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж заасан бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлс 1,537,140 төгрөгийн нэхэмжлэх ирүүлжээ. /хавтаст хэргийн 50 тал/

26.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан.

27.Барилгын хөгжлийн төвийн шинжээч Э., А. нарын гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.2 дахь хэсэгт заасан шүүх шинжилгээний сургалтад хамрагдсан байх гэж заасан хуулийн шаардлага хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад хамааруулан үнэлэх боломжгүй гэж үзсэн.

28.Шүүх 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/04319 дугаар шүүгчийн захирамжаар дахин Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон боловч шинжээч Барилгын хөгжлийн төв нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/250 тоот албан бичгээр тус төвд одоогоор уг сургалтад хамрагдаж шинжээчээр ажиллах зөвшөөрөл авсан эрх бүхий ажилтан, албан хаагч байхгүй тул шинжээчээр ажиллахаас татгалзаж байна гэх хариу ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 124 тал/

29.Иймд шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан нэхэмжлэгч Г.*******гаас шинжээчийн ажлын хөлс 1,537,140 төгрөгийг гаргуулах боломжгүй гэж үзэж шинжээчийн ажлын хөлсийг шийдвэрлэхгүй орхиж, шинжээч Барилгын хөгжлийн төв нь хариуцагч Монголиан вүүдэн ******* ХХК болон нэхэмжлэгч Г.*******гаас шинжээчийн ажлын хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох амины сууцын суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ