| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03684/И |
| Дугаар | 183/ШШ2024/04503 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2024/04503
2024 оны 11 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/04503 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-нд холбогдох,
худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөр 9.768.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 9.768.000 төгрөг, хохирол 3.168.000 төгрөг нийт 22.704.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөр 9.768.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 9.768.000 төгрөг, хохирол 3.168.000 төгрөг нийт 22.704.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах 960 хүүхэд хүлээж авах боломжтой ерөнхий боловсролын сургуулийг ашиглалтанд оруулах зорилготой 296 ширхэг сандал худалдах, худалдан авахаар *******-тай 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээгээр *******-тай урьдчилгаа төлбөрт манай компаниас 9.768.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд гэрээний дагуу бараагаа бүрэн нийлүүлсний дараагаар 9.768.000 төгрөгийг авахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч гэрээнд заасан хуанлийн 30 хоногт 296 ширхэг сандалаа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй. Гэрээний 2.2-т заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бараагаа бүрэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Гэвч худалдагчийн зүгээс ковидын нөхцөл байдал, хил гааль хаалттай гэх тайлбарыг манай компанид удаа дараа өгч байсан. Манай зүгээс тус тайлбарыг хүлээн авч хугацааг сунгаж байсан. Гэвч бараагаа хэзээ нийлүүлэх нь тодорхойгүй байсан учраас 2022 оны 3 сарын 30-ны өдрөөс эхлээд гэрээг хугацаа хэтрүүлсэнд тооцоод үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох буюу 39,267,360 төгрөгийн алдангий шаардах эрх зүйн үндэс бүрдсэн. Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу анз, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалт тогтоосон учир хугацаа хэтрүүлсний алдангийг 9,768,000 тооцож нэхэмжилсэн. Хариуцагч нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Гэрээгээр биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэсэн ч 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр урлаг заалны үзэгчдийн 100 ширхэг сандал нийлүүлэхдээ замын унаанд дайсан. Нийлүүлсэн сандал нь будаг нь халцарсан, бүрээс нь бохирдсон шинэ биш болох нь тухайн үед ажиллаж байсан Ерөө сумын нярав хүлээж авахдаа бидэнд мэдэгдсэн. Иргэний хуулийн 258.3-т заасны дагуу доголдолтой 100 ширхэг сандал нь одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сургуулийн байранд хадгалагдаж байгаа. Манай компанид учирсан хохирлын тухайд Иргэний хуулийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэжээ. Иймээс манай гэрээ хариуцсан мэргэжилтэн удаа дараа *******-д үлдэгдэл сандалаа нийлүүлэхийг шаардсан бөгөөд тодорхой хариу өгөөгүй учраас сургуулийг хугацаанд нь ашиглалтанд оруулахын тулд *******-тай гэрээ байгуулж 2022 оны 9 сарын 12-ны өдөр 78 ширхэг багшийн сандал, сурагчийн 18 ширхэг сандал нийт 96 ширхэг сандал худалдаж авсан. Гэвч *******-иас худалдаж авсан сандалын нэгж үнэ нь анх *******-тай байгуулсан гэрээний сандалын нэгж бүрээс 33,000 төгрөгөөр илүү үнэтэй байсан. Ингээд манай компанид илүү зардал гарсан. Манай компани 2022 оны 10 сарын 24-ний өдөр 02/1180 дугаартай Мэдэгдэл, шаардлага хүргүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Гэсэн ч хариуцагчаас хариу ирүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 205.1, 225.1, 222.7 зүйл, талуудын хооронд байгуулсан гэрээг тус тус үндэслэн урьдчилгаа төлбөр 9,768,000 төгрөг, алданги 9,768,000 төгрөг, хохирол 3,168,000 төгрөг, нийт 22,704,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэв.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******: Хоёр компанийн хооронд 2021 онд гэрээ хийгдсэн. 296 сандалыг 30 хоногийн дотор авахаар тохирсон. Сургууль ашиглалтанд орох хугацаа хойшлоод мөн ковидын нөхцөл байдлаас хамаарч хил гааль хаалттай нөхцөл байдал үүссэн. Худалдагчийн хүсэлтээр тодорхой хугацаа өгч хойшлуулж байсан. Гэхдээ зөвшөөрснөөс илүү хугацаагаар сандал нийлүүлэх хугацаа хойшлоод 2022 оны 9 сарын 8-ны өдөр 100 сандал нийлүүлсэн. 96 сандал яаралтай нийлүүлэх шаардлага бий болоод өөр компаниас сандал авахаар болсноо хариуцагчид мэдэгдсэн. Урлаг заалны 100 сандал доголдолтой байгаа. Ерөө сумын сургуулийг Монголын алт МАК ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд бүх зардалыг хариуцаад барьж улсанд хүлээлгэж өгсөн. Энэ асуудлын хүрээнд хариуцлагагүй компанитай гэрээ хийж таараад шүүхэд ирээд байна. Хохирол мөнгөөрөө өөр сандал нийлүүлэх ажил байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа Манай Онцгой-Өргөө ХХК нь Монголын Алт (МАК) ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 296 сандал /багшийн сандал 78, сурагчийн сандал 18, урлаг заалны үзэгчдийн сандал 200/ нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал нь БНХАУ-д тархалт маш ихтэй дотоод гадаад тээвэр зогссон манай захиалагч байгууллага болон Хятадын тавилгын бүх үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон байсныг дэлхий нийтээрээ мэдэж байсан бөгөөд хэр удаан хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байсан. Энэ үед бид захиалагч үйлдвэртэй олон удаа ярилцсаны үндсэн дээр бэлэн байсан 100 сандал Эрээн хот хүртэл тээвэрүүлэх арга хэмжээ өчнөөн газраар дамжуулан авсан бусад сандлыг хатуу хөл хориотой байсан тул үйлдвэрлэх боломжгүй байсан аль ч үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаагүй байсан 2022 оны 9 дүгээр сард 100 ширхэг сандалыг Улаанбаатар төмөр зам өртөөгөөр Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хүргүүлсэн, тухайн сандал нь хуучин биш шинэ сандал байсан нь үнэн бөгөөд олон удаагийн шат дамжуулан тээвэрлэлтийн улмаас гаднах хамгаалалтын хялгар уут нь тодорхой хэмжээгээр урагдсан мөн цаасан хайрцагт хийх боломжгүй цөөн тооны бүрээс нь ачилтын улмаас халцрах асуудал байсан төлбөр өгч бохирдсон хэсгийг цэвэрлүүлсэн энэ хүчин зүйлээс шалтгаалан цаг хугацаандаа гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул сандлаа хүлээлгэн өгөх болно гэжээ.
5. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Худалдах худалдан авах гэрээний хуулбар, гэрээний зүйлийн нэр төрөл тоо хэмжээ, техникийн тодорхойлолт, үнийн дүн өнгө зураг, Монголын Алт (МАК) ХХК-ийн албан бичиг, Онцгой-Өргөө ХХК-ийн албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6. Хариуцагч тал нотлох баримтаар: иргэн *******д хуулийн этгээдийг төлөөлөхөөр олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.
7. Нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК-ийн хүсэлтээр Монголын Алт (МАК) ХХК-ийн худалдан авалтын мэргэжилтэн ******* имэйл, гар утасны зурвас /мессеж/-д үзлэг хийж хэрэгт хавсаргасан болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК нь хариуцагч Онцгой-Өргөө ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөр 9.768.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 9.768.000 төгрөг, хохирол 3.168.000 төгрөг нийт 22.704.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК нь хариуцагч Онцгой-Өргөө ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №729-1121 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх-ийн 7-8/
4. Иргэний хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
5. Энэхүү гэрээгээр хариуцагч Онцгой-Өргөө ХХК нь
- Багшийн сандал 78 ширхэг, нэг бүрийн үнэ 66.000 төгрөг нийт 5.148.000 төгрөг,
- Сурагч сандал 18 ширхэг, нэг бүрийн үнэ 66.000 төгрөг, нийт 1.188.000 төгрөг,
- Урлаг заалны үзэгчдийн сандал 200 ширхэг, нэг бүрийн үнэ 66.000 төгрөг нийт 13.200.000 төгрөг бүгд 19.536.000 төгрөгийн үнэ бүхий сандлуудыг Монголын Алт (МАК) ХХК-нд хүлээлгэн өгөх, Монголын Алт (МАК) ХХК нь гэрээнд заасан үнийг төлөх үүрэгтэй байжээ.
6. Талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-т зааснаар нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 9.768.000 төгрөгийг Онцгой-Өргөө ХХК-нд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 54/
7. Харин хариуцагч Онцгой-Өргөө ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар гэрээнд заасан нэр, төрлийн сандлуудыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумд хүргүүлэн, акт үйлдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.
8. Гэвч хариуцагч Онцгой-Өргөө ХХК нь 100 ширхэг сандлыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумд хүргүүлсэн гэж хариу тайлбартаа дурдсан байгаа боловч энэхүү 100 ширхэг сандлыг гэрээнд зааснаар акт үйлдэж хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл 100 ширхэг сандлыг хүлээлгэн өгөөгүй байна гэж үзэхээр байна.
9. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумд хүргүүлсэн гэх 100 ширхэг сандал нь шинэ биш будаг нь халцарсан, бүрээс нь бохирдсон байсан тул нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК нь хүлээн авахаас татгалзсан талаараа тайлбарлаж байна.
10. Хариуцагч Онцгой-Өргөө ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 4/011 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21/019 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22/07 дугаартай Гэрээ сунгах тухай албан бичгээр гэрээг сунгах хүсэлтээ тус тус илэрхийлж байжээ. /хх-ийн 12-14/
11. Улмаар Монголын Алт (МАК) ХХК нь Онцгой-Өргөө ХХК-иас Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 02/1180 дугаартай Мэдэгдэл, шаардлага хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж гэрээнээс татгалзаж байгаа талаараа мэдэгдсэн байна. /хх-ийн 11/
12. Гэсэн хэдий ч хариуцагч Онцгой-Өргөө ХХК нь гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК гэрээнээс татгалзсан байна.
13. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардаж байгааг зөв гэж үзнэ.
14. Иймээс хариуцагч Онцгой-Өргөө ХХК-иас 9.768.000 төгрөгийг гаргуулж Монголын Алт (МАК) ХХК-нд олгох нь зүйтэй байна.
15. Харин алданги бол гэрээний үндсэн үүргийг баталгаажуулах хамааралтай зохицуулалт бөгөөд хариуцагч Онцгой-Өргөө ХХК нь гэрээний үндсэн үүрэг болох сандал шилжүүлж өгөх үүргийг биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд татгалзагдсан үндсэн үүргийг баталгаажуулсан алданги шаардах эрх үүсэхгүй.
16. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК нь алданги 9.768.000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болголоо.
17. Нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК нь Онцгой-Өргөө ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсантай холбоотой Солонготамир ХХК-тай гэрээ байгуулан 96 ширхэг сандлыг нэг бүрийн үнэ 99.000 төгрөгөөр тооцож 9.504.000 төгрөгөөр худалдан авсан байна.
18. Тодруулбал Монголын Алт (МАК) ХХК нь Онцгой-Өргөө ХХК-тай 96 ширхэг сандлыг 66.000 төгрөгөөр тооцож 6.336.000 төгрөгөөр авахаар тохирч гэрээ байгуулсан байсан бөгөөд энэ гэрээнээс татгалзаж Солонготамир ХХК-иас 96 ширхэг сандлыг 99.000 төгрөгөөр тооцож 9.504.000 төгрөгөөр худалдан авсан байна.
19. Хариуцагч Онцгой-Өргөө ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул Монголын Алт (МАК) ХХК нь Солонготамир ХХК-иас нэг бүр нь 33.000 төгрөгөөр үнэтэй 96 сандал худалдан авч 3.168.000 төгрөг илүү төлснийг хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул Онцгой-Өргөө ХХК-иас хохиролд 3.168.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
20. Иймд хариуцагч Онцгой-Өргөө ХХК-иас / гэрээний дагуу шилжүүлсэн 9.768.000 + хохирол 3.168.000 / 12.936.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.768.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байна.
21.1. Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.
21.2. Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэлээ.
22. Мөн Монголын Алт (МАК) ХХК нь Онцгой-Өргөө ХХК руу гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан талаараа нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК-ийн худалдан авалтын мэргэжилтэн ******* имэйл, гар утасны зурвас /мессеж/-д үзлэг хийсэн бөгөөд гэрээний үүргийг шаардаж байсан, гэрээнээс татгалзах талаараа мэдэгдэж байсан байна гэж дүгнэсэн болно.
23. Хариуцагч Онцгой-Өргөө ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумд хүргүүлсэн гэх 100 ширхэг сандал нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуульд байгаа болох нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагч нь дээрх сандлыг буцаан авахад энэ захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүтэй байна.
24. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
25. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221.926 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Онцгой-Өргөө ХХК-иас 12.936.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монголын Алт (МАК) ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.768.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221.926 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ