| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2018/00013/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 15
Ховд аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан Ховд аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч И овогт С ын А т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000011 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Б суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Х банкны Б тооцооны төвд борлуулалт үйлчилгээний ахлах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Б сумын Бүрэнхайрхан багт оршин суух, И овогт С ын А . /РД: ПБ 88070172/
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.А нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн Б сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших гэртээ эхнэр Х.Н ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Х.Н ийн Sumsung note-4 гар утас, lenovo маркийн зөөврийн компьютерийг эвдэж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ сууж байгаад ажлынхаа хүмүүстэй архи уусан. Орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ согтуу ирсэн. Гэрт манай эхнэр Н хоёр хүүхэдтэйгээ байсан. Гал тогоонд ороод хоол идээд сууж байтал эхнэр чи байнга архи ууж байна гэж уурлаад хувцасаа өмсөөд хувцасаа чемидонд хийгээд 2 хүүхдээ дагуулаад явна гэхээр би “ийм орой болсон байхад хаачих гээд байгаа юм бэ” гээд явуулаагүй. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Н ийг гутлаа тайлахаар нь би гутлаар нь зүүн гар луу нэг удаа цохисон. Гэтэл Н утсаар яриад ээж, аавыгаа дуудахаар нь гар утсыг нь аваад хана руу саваад дараа нь мод хагалдаг сүхээр утсыг нь цохиод хагалчихсан. Дараа нь сандал дээр Н ийн нотевүүк байсныг оосроос нь бариад ор луу шидсэн тэгтэл газар унаад хагарсан. Тэгж байтал Н ийн эгч Мерзетхан орж ирсэн. Тэгээд бид хоёрыг эвлэрүүлэх гээд нилээд суусан. Энэ үеэр манай эхнэр цагдаа дуудсан байсан. Тэгээд Н ь хоёр хүүхдээ аваад Мерзетхан эгчтэй хамт тэднийх хүү явсан. Намайг гэртээ хэвтэж байтал цагдаа нар ирж авч явсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн асуудал гарахад миний буруу тодорхой хэмжээгээр байсан. Манай нөхөр А ер нь сүүлийн үед архи уух хандлагатай байсан болохоор би тэр орой архи уулаа гэж уурласан. Хэрэлдэж байхдаа ...би урьд нь дандаа аавындаа очдог байсан энэ удаа би буудалд очиж мөнгө төлж хононо гэж хэлсэн нь миний буруу байсан. Гэтэл А чи надад буудалд залуутай хононо гэж хэллээ гээд намайг зодсон. Би А ийг засрах болов уу гэж цагдаад ханддаг байсан. Согтуу орж ирэхээр нь урдаас уурладаг нь миний буруу. Би шинээр утас авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Манай нөхөр А нь эрүүлдээ намайг зодож байгаагүй. Согтуу үедээ хэрэлдэж маргалдаад зодож цохидог байсан. Би удаа дараа цагдаад хандаж байсан. Өмнө нэг удаа 7 хоногийн хугацаагаар баривчилгаанд яваад ирсэн. Одоо бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа. А түүнээс хойш архи уугаагүй. Би А т нэг удаа боломж олгоё гэж бодож байна. Дахин ийм байдал гаргавал би иргэний журмаар шүүхэд хандана. Бид бага насны хоёр хүүхэдтэй. Иймд С.А т хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед манай нөхөр А согтуу орж ирсэн.Тэгэхээр нь би уурлаад ингэж амьдармааргүй байна. Чи худлаа хэлээд ажил ихтэй байна оройтно гэж хэлчихээд архи ууж ирлээ гэж уурласан.Гэтэл А миний архи уухыг заахгүй гараад зайл гэсэн. Тэгэхээр нь би одоо явлаа өмнө дандаа аав ээжийн гэрт очдог байсан одоо буудалд мөнгө төлөөд байна гэж хэлсэн. Гэтэл А чи надад буудалд залуутай хононо гэж хэллээ гээд намайг чирч орон дээр унагаад үснээс чирээд гараараа толгой руу цохисон дараа нь миний гутлыг тайлж аваад хоёр гар гуя хөл рүү гутлаар цохисон. Мод нүүрс хагалдаг сүх гартаа барьж аваад миний Sumsung note 4, гар утас миний ажлын газрын levono notebоок хагалсан.Манай хоёр хүүхэд айгаад хашгираад маш их уйлсан. Та гуравыг ална гээд салаавч гаргаад миний ам руу хийгээд нүүр лүү нулимсан. Гутлаар толгой цээж рүү цохисон. Манай аавтай А ярьчихаад миний гар утсыг хагалчихсан. Намайг зодож байгаад манай эгч рүү өөрийнхээ утсаар залгаад Н ийг ирж ав гэсэн. А хутга аваад би амиа хорлоно гээд гарч явахад манай эгч Мерзитхан оруулж ирээд бид хоёртой ярилцсан. Тэр хооронд цагдаа руу дуудлага өгсөн. 2015 оноос хойш намайг маш их зодож байсан.Би цагдаад олон удаа хандаж байсан. 2017 оны 04 дүгээр сард аймгийн төвд баривчилгаанд явсан. 2018 оны 08 дугаар сард сумын шүүхэд салах өргөдөл өгсөн. Би аавынд очоод 10 хоноход ирээд би дахиж зодохгүй гэж амлалт өгөөд гуйгаад байхаар эвлэрсэн. Миний утас 2017 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос 300.000 төгрөгөөр авахуулж байсан Sumsung note 4 маркийн утас байсан. Зөөврийн компьютер нь нэгэн багш, нэг компьютер хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 11 дүгээр сард сургуулийн захиргаанаас олгосон компьютер анх өгөхдөө 1.200.000 төгрөгний үнэтэй гэж өгч байсан эвдэж гээх юм бол тухайн хүн хариуцсан хүн нь төлөхөөр болсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Мерзетханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэртэй байж байхад цаг хэд болж байсаныг нь мэдэхгүй байна. 22 цагийн үед байсан байх миний утас руу С.А залгаад би утсаа авахад Х.Н бид хоёр муудалцсан Х.Н явна гээд байна та ирээд авчих гэж хэлэхээр нь би очиж чадахгүй өөрсдөө учираа ол гэж хэлсэн чинь ахин дахин утасдаад байхаар нь 23 цагийн үед С.А ийнд яваад очихдоо гэр орон нь гайгүй, хоёр хүүхэд нь уйлчихсан, хоорондоо муудалцсан байдалтай байхаар нь хоёр өрөөнд нь тус тусад нь хийгээд та хоёрыг би сонсохгүй буруу бол та хоёрын буруу, зөв бол та хоёрын зөв би та хоёрыг эвлрүүлэх гэсэн аль аль нь уучилт гуй хүний амьдралд муудах сайдах үед байж л байдаг гэж хэлж байхад Х.Н гүйж гараад цагдаа дуудчихсан байсан, тэгээд хоёулаа цагдаа руу яваад ирэхээр нь хоёр хүүхэдтэй нь Х.Н ийг аваад гэрлүүгээ авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Хонайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна гэртэй байж байхад орой 22 цагийн үед миний утас дуграад авсан чинь манай охин Х.Н утсаар С.А нь намайг зодох гэж байна гэж ярьсан, тэгэхээр нь С.А архи ууж ирсэн бол чи битгий юм хэлж бай больцгоо гэж хэлээд С.А тэй яръя гээд С.А т та нар хэрүүл маргаан зодооноо больцгоо гэж хэлэхэд С.А ааваа гэж дуугараад л алга болсон тэгээд юу болсоныг мэдэхгүй байна утас нь холбогдохгүй байсан....гэх мэдүүлэг,
Гэрч Б.Батцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С.А ийг 2015 онд ажилд орсоноос хойш танина. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ,ам бүл 4- лээ эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь багш хийдэг, өөрөө Х банкинд ахлах теллер хийдэг, өөрийн гэсэн хашаа, байшин гэр орон унаа тэрэгтэй боломжийн амьдралтай, хамт олон баяр ёслол, найз нөхөд гээд хүн уулгүй л яахав, С.А нь хаяа нэг уудаг надтай ганц хоёр удаа ууж байсан, уусан үедээ ямар нэгэн ааш зан гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Би С.А ийг танина, 2012 оноос хойш хамт ажиллаж байгаа, ямар нэгэн олон таван ааш байхгүй боловсон харьцаатай, манай байгууллагад ахлах теллер хийдэг. С.А нь баривчилгаанд 7 хоног явж ирж байсан, өөр хэрэг зөрчилд холбогдож байсан үгүйг нь мэдэхгүй байна. С.А нь ам бүл 4 лээ эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь багш хийдэг өөреө Х банкинд ахлах теллер хийдэг, өөрийн гэсэн хашаа, байшин гэр орон унаа тэрэгтэй боломжийн амьдралтай.С.А нь хаяа нэг уудаг баяр ёслолын үеээр уудаг, тэр болгон архи уугаад байдаггүй, сард ганц нэг уудаг, би хамт ажиллаж эхэлсэнээс хойш хамт олон гээд баяр ёслолын үеэр ууж идээд зөндөө л явж байсан, архи уусан үедээ ямар нэгэн ааш зан гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 74 тоот шинжээчийн
1. Х.Н ийн биед гэмтэл учирсан байна. Х.Н ийн биед зүүн гарын бугалганд 5x1 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Х.Н ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Х.Н ийн биед учирсан дээрхи гэмтэл нь шинээр үүссэн боломжтой боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4.Х.Н ийн биед учирсан дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..
5. Х.Н ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 79 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хохирогч Х.Н ь, шүүгдэгч С.А нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн 81 дүгээр хуудсанд байх гэрлэлтийн 0150160 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгч С.А нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн Б сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших гэртээ эхнэр Х.Н ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Х.Н ийн Sumsung note 4 гар утас, lenovo маркийн зөөврийн компьютерыг эвдэж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 74 тоот дүгнэлт, хохирогч Х.Н ийн мэдүүлэг, гэрч С.Хонай, Х.Мерзетхан нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч И овогт С ын А ийг эхнэр Х.Н ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно.
Хохирогч Х.Н ь нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, хэргийн улмаас шүүгдэгч С.А ийн эзэмшлийн 36-71 ХОА улсын дугаартай Corolla маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн lenovo маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, Sumsung note 4 гар утасны тагийг устгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт С ын А ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Шүүгдэгч С.А ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар С.А ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
4. Шүүгдэгч И овогт С ын А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг ялтан С.А т мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар С.А ийн эзэмшлийн 36-71 ХОА улсын дугаартай Corolla маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн lenovo маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгаж, Sumsung note 4 гар утасны тагийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.