| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2105024082161 |
| Дугаар | 2024/ДШМ/733 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/733
2024 6 26 2024/ДШМ/733
Б.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бичинхүү,
хохирогч О.Б, түүний өмгөөлөгч Х.Ургаа,
иргэний нэхэмжлэгч Г.Гийн өмгөөлөгч Ц.Бямбадорж,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Бичинхүүгийн бичсэн эсэргүүцэл, хохирогч О.Бгийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ст холбогдох эрүүгийн 2105 02408 2161 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр О.Бгийн өмчлөлийн .. талбайтай, 106.700.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг “3 сарын хугацаанд төлбөрийг нь бүрэн төлнө” гэж хуурч, “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр халхавчлан өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Сыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ст 40.000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Саас 106.700.000 /нэг зуун зургаан сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулан хохирогч О.Бд олгож, ... талбайтай, 3 өрөө байрны "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Бичинхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн ба 2024/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж оролцсон бөгөөд хохирогч О.Бд учруулсан 106.700.000 (нэг зуун зургаан сая долоон зуун мянган) төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.” гэж заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсан.
Шүүгдэгч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явц буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэнээс хойш хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэх хүртэлх хугацаа, мөн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсан хугацаанд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 106.700.000 (нэг зуун зургаан сая долоон зуун мянган) төгрөгөөс нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй байдаг.
Улсын яллагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдал болон нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн шүүгдэгч Б.Ст 6 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.Ст 40.000 (дөчин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 (дөчин сая) төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэдийгээр шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийн төрлөөс сонгон шүүгдэгчид торгох ял оногдуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан шаардлага болох “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгана гэснийг зөрчиж, улсын яллагчаас гаргасан саналыг хүлээж аваагүй буюу торгох ялыг сонгон оногдуулсан талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Шүүхийн шийдвэр хуулийн дээрх заалтыг хангаагүй нь хуульд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно. Түүнчлэн хохирогчид учирсан 106.700.000 (нэг зуун зургаан сая долоон зуун мянган) төгрөгийн хохирол төлөгдөх боломжгүй, “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж шийтгэх тогтоолд дурдсан, хувийн байдал нь бодитой биш байхад торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”, 5.1 дүгээр зүйлд заасан “эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцээгүйгээс гадна торгох ял оногдуулсан талаар хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.
Хохирогч О.Бгийн өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж буй тул дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 40 м.кв 3 өрөө орон сууц худалдах гэрээ байгуулан өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 106.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч нь бизнесийн эрсдэлд орж төлж чадахгүй байна гэж хэлж тайлбарладаг боловч өнөөдрийг хүртэл 3 жил 6 сарын хугацаанд нэг ч төгрөг огт төлөөгүй бөгөөд хохирол төлбөр төлөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргадаггүй, энэ урт хугацаа өнгөрч байхад нэг ч төгрөг төлөхгүй байгаа нь хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал огт харагдахгүй байдаг.
Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаагийн нэг хэлбэр бол хохирогчид учирсан хохирол, гэм хорыг бүрэн арилгасан байх явдал юм. Тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах арга хэмжээ аваагүй, хохирол нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байсан ч идэвх санаачилга гаргаагүй болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний хувийн байдал, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан хөнгөн төрлийн ял буюу торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Хохирогч нь шүүх хуралдаанд 4 жилийн турш хохирч байна, мөн одоо орох оронгүй, 2 хүүхдээ тэжээн тэтгэж байгаа ганц бие өрх толгойлсон эх, мөн түрээсийн байранд амьдарч маш хүнд байдалд байгаа гэдгийг хэлсэн бөгөөд прокурорын зүгээс шүүгдэгчид 6 жилийн хорих ял оногдуулах санал оруулсан боловч шүүхийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулахад яагаад хорих ял оногдуулахгүй торгох ял оногдуулж байна гэдгийг огт дүгнээгүй шийдвэр гаргасан. Хохирогчоос өнөөдөр шүүгдэгч торгуулийн ялаа эхэлж төлөх үү, миний хохирлыг эхэлж төлөх үү гэдэг асуулт тавьж байгаа.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан бөгөөд 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт орсон бөгөөд 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хуульчилсан атал энэхүү байдалд огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ял хөнгөдсөн байгаа тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ст холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
Хохирогч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гараад 4 жил болж байхад шүүгдэгчээс надад сэтгэл санааны асар их дарамт үзүүлж байсан. Би шүүгдэгчид хандан “Та хоёр байртай юм чинь нэг байраа өгчихөөч, би таны хүүхдүүдтэй адилхан залуу хүн тул хүүхдүүдээ бодоод надад туслаач, би байраа авмаар байна” гэж хэлэхэд “Манай хүүхдүүд чам шиг тэнэг биш, чи залуу хүүхэд байж Солонгос явж ажил хөдөлмөр хийгээд дахин амьдралаа эхлүүлээч” гэж хариулсан. Шүүгдэгч нь өөрийн ах Батбаатартай нийлж байнга худал ярьдаг, дандаа алт ярьж, “Шижир алт” гэсэн нэртэй компани яриад ГОК-д обой нийлүүлж байгаа гэх зэргээр тухайн үеийн ерөнхий сайд Хүрэлсүхийн гарын үсэгтэй хуурамч бичиг баримт үзүүлээд мөнгө өнөөдөр шилжиж ирнэ, ах нь маргааш өгнө гэх зэргээр байнга худал ярьж, уулзаж учирсан ч хуурамч үгээр залилж байсан. Надруу Б.Ст залилуулсан гэх олон хүн холбогдож, санал гомдлоо ирүүлж байгаа” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Гийн өмгөөлөгч Ц.Бямбадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гийн өмчлөлийн орон сууцны шилжилт хөдөлгөөнийг прокурорын тогтоолоор хязгаарласан. Г.Г нь тухайн орон сууцыг 83.600.000 төгрөгөөр хууль ёсны дагуу худалдан авсан. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын ял шийтгэлийн талаар хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Б гэх хүнээс орон сууц авсан процесс хэрэгт авагдсан тул нуршиж ярих шаардлагагүй байх. 2020 он дуусах үед энэ процесс явагдаж, 2021 онд Ковидын байдалтай байсан. 2021 оны эцсээр обойны борлуулалт хийж байгаад 30.000.000 төгрөгийг нэг хүнд, “...” ХХК-иас 150.000.000 төгрөгийн гурил гаргана гэж ажилласан ч уг ажил бүтэлгүйтэж төлж чадаагүй. 2022 онд эхнэр маань хоёр удаа зүрхний хагалгаанд орсноор өндөр төлбөр шаардагдаж О.Бгийн төлбөрийг төлж чадаагүй. Нэг удаа газрын төлбөр хийх ёстой гэхээр нь 750.000 төгрөг шилжүүлж, төлбөрийг нь өгч чадахгүй байна гэж үнэнээ хэлсэн. Гэтэл намайг цагдаад өгч, очиж байцаалт өгөхдөө үнэн байдлаа хэлж мэдүүлдэг байсан. 2023 онд миний биеийн байдлаас болж сахар идэвхжиж, вакцин хийлгэсэн учраас сахарт цусан хангамж нөлөөлж, хөдөлгөөний хязгаарлалт амьдралд их нөлөөлсөн. Би энэ хугацаанд эмнэлэгт нийт 6 удаа хэвтсэн нь хэрэгт баримтаар авагдсан. Эмчилгээний явцад ходоодны шарх зэрэг зарим өвчнөө эдгээж чадсан. Сахарын өвчинд өндөр төлбөр төлдөг тул хүүхдүүд маань үүнд тусалдаг. Түүнээс илүү байдлаар тусалж чаддаггүй. Би хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах гэж чадахаараа их үзсэн. Өмнөх жил оросуудтай хамтарч бизнес хийх гэтэл дайнаас болоод чадаагүй. Одоо хамтарсан компани байгуулж, тэжээл оруулахаар хоёрдугаар хагаст нөөцөд санал тавьсан. Анхан шатны шүүх хуралдааны өмнө дүүгийнхээ компанийн нэрээр төхөөрөмж худалдахаар хөөцөлдсөн боловч хүмүүсийн худалдан авах чадвартай холбоотойгоор, үнийн дүн өндөр байсан учраас амжилтад хүрээгүй. Дараа нь Н-ийн “Орд гэр” гэх компанид намар модон хийц өгье гэсэн тохиролцоотойгоор гэрээ байгуулаад эхний ээлжинд 150.000.000 төгрөгийн барилгын дотоод заслын хуулгатай хавтан нийлүүлэхээр болсон. Худалдан авагч ирлээ гэхэд маш ойрын хугацаанд борлуулж, О.Бгийн хохирлыг төлөх боломж үүсэх юм. Миний эрүүл мэндийн хувьд нилээд хэцүү, бэрхшээлтэй, харвалт өгөх эрсдэлтэй, бие тамирдуу байгаа хэдий ч би өрнөөс зайлсхийгээгүй, зайлсхийх юу ч байхгүй. Хамгийн ойрын хугацаанд төлөх гэж чадлаараа явж байгаа. Миний амьдралын байдал муу, 72 настай өвгөнд боломж их бага буюу тендер авах боломжгүй байдаг юм байна. Энэ удаагийн ажил маань тендер болж хувираад, үүндээ хамаг хүч чадлаа зарцуулж ажиллаж байгаа. Би хэрүүл хийж, доромжилсон үг хэлж байгаагүй. Надад тийм ёс зүй байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Ч.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүгдэгч нь хохирогчийг тохуурхан доромжилсон зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Учир нь, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан сонгох санкцитай гэмт хэргийн торгох ялыг хамгийн өндөр хэмжээгээр оногдуулж тогтоосон. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс удаа дараа хохирол төлөхөө илэрхийлж, үүнтэй холбоотой ажиллагаа бүх талаар явагдаж байгаа талаар ярьдаг боловч энэ хугацаанд ковидын үе буюу эдийн засгийн хүндрэлтэй үе таарсан. Мөн дүү Б-тай холбоотой асуудлыг Хөгжлийн банктай холбоотой хэргээр битүүмжилсэн байсан тул төлөх боломж үүсээгүй. Эрүүгийн хариуцлагын зорилтын хүрээн дэх нэг чухал зүйл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх болон нөхөн төлөхөө илэрхийлэх байдаг. Хохирол төлнө гэдгээ удаа дараа илэрхийлж, төлөхөд бэлэн гэдэг. Хэдийгээр торгуулийн арга хэмжээ байгаа ч миний үйлчлүүлэгч аль алийг нь барагдуулах буюу хариуцлагыг хүлээхэд бэлэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Прокурорын эсэргүүцэлд шүүх яагаад торгох ял оногдуулсан үндэслэлээ тайлбарлаагүй гэж байна. Магадгүй энэ нь техникийн шинжтэй тайлбарлаагүй орхигдуулсан зүйл гэж үзэж болох тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, энэ нөхцөл байдлыг дурдах боломжтой гэж үзэж байна. Учир нь, Б.С нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, бусдыг залилсан үйл баримт байхгүй. Хэрэв эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулах бол шүүгдэгч нь 70 настай тул уг ял биелэгдэх боломжгүй. Тийм учраас торгууль болон хохирлыг төлөх үндэслэлтэй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Б.Сыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр О.Бгийн өмчлөлийн ... талбайтай, 106.700.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг “3 сарын хугацаанд төлбөрийг нь бүрэн төлнө” гэж хуурч, “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр халхавчлан өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Сыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ст 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүйгээс гадна шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж үзэв.
Учир нь, шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж тодорхойлж, харин энэ гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус хуульчилжээ.
Прокуророос “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан шаардлага болох “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгана гэснийг зөрчиж, улсын яллагчаас гаргасан саналыг хүлээж аваагүй буюу торгох ялыг сонгон оногдуулсан талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Шүүгдэгч Б.С нь хохирогч О.Бг залилсны улмаас 106.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, хохирогчид хохирлыг төлж барагдуулаагүй, төлж барагдуулахаа илэрхийлээгүй /төлөх чадвартайгаа нотолсон баримтгүй/ байхад анхан шатны шүүхээс “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, торгох ял оногдуулсан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна гэж үзэв.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.4-т “дүгнэлт нь …, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасанд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр, мөн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан шаардлагыг хангаагүй байдал нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тус тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг үүсгэж байна.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор С.Бичинхүүгийн бичсэн эсэргүүцлийг, хохирогч О.Бгийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсныг дурдсугай.
2. Шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР