Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 117/ШШ2026/0004

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд, Э.Болорцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч , нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К., хариуцагч , , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. “*******” ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлал, хаягдал өөхөн тосоор дизель түлш үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлээр 2017 онд байгуулагдсан хуулийн этгээд байна.

Тус компанийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 11 сарын 14-ний өдөр  ******* овогтой ,  2018 оны 11 сарын 13-ны өдөр овогтой томилогдон ажиллаж байгаад 2025 оны 02 сарын 12-ны өдрөөс овогтой томилогджээ.

            2.2. Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч , нар  “*******” ХХК-ийн 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 824903204 тоот томилолтоор Эрсдэлд суурилсан - Хэсэгчилсэн шалгалтыг 2024 оны 9 сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 10 сарын 18-ны өдрийн тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 99,430,585.41 төгрөгийн зөрчилд 19,930,803.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

          2.3. “*******” ХХК-иас уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.

2.4. Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор маргаан бүхий 2024 оны 10 сарын 18-ны өдрийн тоот нөхөн ногдуулалтын актыг “...1,269,816.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 96,297,928.32 төгрөгийн зөрчилд 18,660,987.57 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж баталсан байна.

            2.5. Дундговь аймгийн Татварын газраас уг шийдвэрийг 2025 оны 05 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлж, нэхэмжлэгчээс 2025 оны 06 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:  Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчид *******” ХХК-ийн 2020, 2021 оны үйл ажиллагаанд хэсэгчлэн Татварын шалгалт хийж 99430585.41 төгрөгийн зөрчил илрүүлж нийт 19930803.97 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги тооцсон нөхөн ногдуулалтын актыг 2024 оны 10 сарын 18-ны өдөр үйлджээ.

Уг актыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

2020 онд 93090909.09 төгрөгийн, 2021 онд 25454545.47 төгрөгийн дүнтэй татварын тайлангийн цахим системд борлуулагч талаас бүртгүүлсэн падааныг нотлогдоогүй зардал гэж буруу тодорхойлон, татвар ногдох орлогоос хасагдах зардлаас шууд хассан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж заасныг буруу хэрэглэн, “*******” ХХК-ийн ebarimt.mn, etax.mta.mn зэрэг Татварын бүртгэлийн системд борлуулагч талаас бүртгэгдсэн манай худалдан авалтын падааныг баримт биш гэж үзэн зардлыг бууруулан уг зөрүүгээр нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлгүй байна.

Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч компанийн цаашдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч К. шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 онд 39.000.000 төгрөг, 2021 онд 25.000.000 төгрөг татварын тайлангийн системд борлуулагч талаас бүртгүүлсэн падааныг нотлогдоогүй зардал гэж тодорхойлсон нь буруу байна. Татвар ноогдох орлогоос хасагдах зардлаа шууд хассан байна. Энэ нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр татварын актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Эхлээд Дундговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсний дараа татварын актыг Татварын ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид хянаж үзээд 19.000.000 төгрөг байсныг 1.600.000 төгрөгөөр бууруулах зөвлөмж өгсний дагуу Дундговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр татварын актыг үндэслэж тогтоол гаргасан байсан. Энэ тогтоолд Татварын ерөнхий газрын хяналтын улсын байцаагчдын гаргасан зөвлөмжийн дагуу 1.778.390,29 төгрөгөөр бууруулж оруулж ирсэн байсан. Тухайн үед цэнгэлдэхийг халааж байсан нь үнэн. Актын хувьд худалдаж авч байсан нүүрсний үнийг үнэн зөв, бодитоор мэдүүлээгүй гэж акт тогтоосон байсан. Корона вирус цар тахлын үе таарч байсан учраас нүүрсээ тодорхой ганц цэгээс авахгүйгээр хаанаас ч хамаагүй авдаг байсан. Орлого, зардал нь ч тодорхой байсан. Улсын бүртгэлийн байгууллагад харьяалалтай, гэрчилгээ олгочихсон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компани цааш нь татвараа төлөөгүй, их хэмжээний НӨАТ-ын падаан биччихээд ноогдох татварыг төлөөгүй учраас шууд худалдан авагчид нь татварын байгууллагууд хандаад эхэлсэн. Улсыг хохиролгүй болгохын тулд и-баримтын падаан бичсэн байгууллага хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа учраас энэ нэхэмжлэлийн гол утга санаа энд байгаа юм. Тухайн үед ажиллаж байсан ******* ХХК-ийн нягтлан ч юм уу, гүйцэтгэх захирал нь тэр компани хууран мэхэлж байна уу үгүй  юу, бодит юм уу, бодит бус юм уу гэдгийг мэдэхгүй. Ганцхан мэдэгдэж байгаа нь и-баримт цахим татварын бүртгэлийн системд шивэгдчихсэн байхыг л бодит гэж үзнэ. Шалгаж чадахгүй. Иймээс 64.000.000 төгрөгийн зардалд тавьсан нөхөн татвар нь бодит биш байна. Хэрвээ үүнийг төлөхөөр бол хуулийн  этгээдүүд өөрсдөө яагаад хариуцлага хүлээгээгүй юм бэ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг гаргаад байгаа юм. Татварын шалгалтын хамрагдах хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-нд буюу 2 жилийн хугацаанд хамрагдсан байгаа юм. Анхны тавьсан актыг 1,700,000 төгрөгөөр бууруулахдаа үндэслэл нь татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад НӨАТ-ын хуулийн хугацаанд нь төлөхгүй хугацаа хожимдуулсанд тооцсон 404,777.52 төгрөгийн торгууль, 1,373,612.77 төгрөгийн алданги, нийт 1,778,390.29 төгрөгийн алданги, торгууль тооцсон нь Монгол Улсын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулан тайлагнасан, төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ноогдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсөн байх тул 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд төлөгдөөгүй татвар, торгуульд алданги тооцох, мөн 2022 оны төлөөгүй татварт тооцсон алданги, торгууль нь шалгалтын хугацаанд хамаарахгүй тул алданги, торгууль тооцохгүй гэж маргаан таслах зөвлөлийн тогтоол гарсан байгаа юм. Энэ тогтоолд Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг хэрэглэсэн юм бол энэ хуультай зэрэгцэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн анхны хууль гэсэн адилхан зэрэгцээ 2 хууль байгаад нэгд нь торгууль, алдангиас чөлөөлөөд нөгөөд нь 1,5 тэрбум төгрөгөөс бага үнэтэй аж ахуйн нэгжүүдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсүгэй гэж байгаа юм. Тавьсан актад алданги торгуулиас чөлөөлөх гэж хуулийг нь авч хэлэлцчихээд албан татвараас чөлөөлөх хуулийг нь авч хэрэгжүүлээгүй байна. Үүнд холбогдох тооцооллыг нь хийгээд яг хэдэн төгрөг болсон юм бэ? Энийг хасах ёстой юм байна гэдгийг хэлээд байгаа юм. Дараагийн асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа гэж бий.  2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 30-нд санхүүгийн жил дуусаж байгаа юм. Энэ хугацаанд хийсэн ямар ч орлого зарлагын бүх гүйлгээнүүдийг 2021 оны 02 дугаар сарын 10-нд тайлагнадаг хуультай. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс санхүүгийн 2 дахь жил эхэлж байгаа юм. Ингээд тоолоход 2022 оны 02 сарын 11-ний өдрөөс 3 дахь жил, 2024 оны 02 дугаар сарын 11-нд 4 дэх жил нь болж татварын хөөн хэлэлцэх хугацааны 4 жил дууссан учраас 2020 оны татварт тооцсон нөхөн татвар, алданги, торгуульд хуулийг нь тооцож үзэлгүй алдаатай гаргачихсан. Татварын ерөнхий хуулийн 15.1-д татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх, алдагдалд шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. Хөөн хэлэлцэх хугацаа, санхүүгийн жил хоёрын хувьд ялгаатай тал нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний хооронд нэг бүтэн жил гэж үздэг бөгөөд 02 дугаар сарын 10-ны дотор бүрэн тайлагнаад татвараа төлөх ёстой гэсэн хуулийн заалттай.

Падааныг ******* ХХК шивээгүй, *******, *******, ******* гэдэг 3 хуулийн этгээд шивсэн. Улсын бүртгэлээс тамга, тэмдэг, гэрчилгээ авсан хуулийн этгээдүүд шүү дээ. Тэд нар хулгай луйвар хийж байна гэдгийг бид нар мэдэхгүй. Хэрвээ өөрсдөө шивдэг байсан бол тэгэхгүй. Сая энэ падаануудыг анхааруулсан чинь буцаагаад ирсэн гэж байна. Тэгвэл яагаад та нар тухайн үед нь тайланг хүлээн авсан гэсэн төлөвт оруулчихсан юм. Энийг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Хуулиар 02 сарын 11-ний өдрөөс тайлагнаж татвар төлсөн өдрөөс дараагийн жил эхэлж байгаа юм. Тиймээс би 02 сарын 11-ний өдрийн хэлээд байгаа юм. Бусдаар 01 сарын 01-нээс 12 сарын 31-ний өдрийн хооронд санхүү татварын жил гэдгийг би мэднэ. Татвараа тайлагнаад ногдуулаад татвараа төлсний дараагийн өдрөөс гэж шүүхийн практик ч байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3.3. Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “*******" ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын баримтыг хуурамчаар бүрдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл Татварын ерөнхий газраас ирүүлснээр 824903204 дугаартай томилолт үүсэж тус компанийн 2020-2021 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийсэн.

Хяналт шалгалтын явцад Татварын ерөнхий газрын https://mta.qov.mn/ цахим хуудсанд байршуулсан Хий бичилттэй падаан бичсэн аж ахуй нэгж, байгууллагуудын жагсаалтад орсон “" ХХК, “" ХХК, “” ХХК-аас худалдан авалт хийсэн байсан.

Дээрх компаниудаас 2020 онд 6 ширхэг Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 39.090.909.09 төгрөгийн, 2021 онд 7 ширхэг Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 25,454.545 47 төгрөгийн худалдан авалтыг шивэгдсэн байсан.

Үүнээс татвар төлөгч “*******" ХХК нь тайлан залруулах хүсэлт илгээн 2020 оны 27,727,272.73 төгрөгийн дүн бүхий 3 ширхэг, 2021 оны 6,181,818.18 төгрөгийн дүн бүхий 1 ширхэг падаануудыг худалдан авалтын буцаалтаар тайлагнаж залруулсан байсан.

Татварын хяналт шалгалтын явцад тухайн үед тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан гээс уг худалдан авалтуудын талаар тодруулахад “...татварын газраас хий бичилттэй худалдан авалт байх магадлалтай учир тайлангаа дахин нягтлах талаар татвар төлөгчид анхааруулсан. Тиймээс тухайн газруудаас шивэгдсэн худалдан авалтын падаануудыг тайланд залруулга хийж буцаалтаар тайлагнасан...” гэсэн тайлбар өгсөн. Мөн дээрх газруудаас хийгдсэн бусад худалдан авалтын падааныг яагаад залруулалгүй тайланд хасалт хийсэн талаар тодруулахад “...тухайн үед яг ямар компаниас шивсэн падаан гэдгийг нь анзаараагүй тайлангаа илгээж байсан гэсэн тайлбар өгсөн нь татварын тайлан гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан анхан шатны баримтад үндэслэн гаргаагүй болох нь тус тус нотлогдсон болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Албан татварын хасалт хийх талаар зохицуулсан байх бөгөөд 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан байна.

Тус компанийн худалдан авалтын падаан нь цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн боловч шилжүүлсэн баримт байхгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүртгэлд тусгагдаагүй байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын баримтыг хуурамчаар бүрдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн байх үндэслэлтэй байсан. Мөн тухайн газруудтай холбоотой зарим худалдан авалтын падааныг өөрсдөө эс зөвшөөрч тайландаа залруулга хийсэн нь хуурамч падаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэхээр байна.

Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд залруулга хийсэн худалдан авалтын падааны дүнг хассан дүнгээр буюу 2020 оны 11,363.636.36 төгрөгийн дүн бүхий 4 падаан, 2021 оны 19.272.727.29 төгрөгийн дүн бүхий 6 падааныг хуурамчаар бүрдүүлж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн гэж үзэн нөхөн ногдуулалтын актаар 3,063,636.37 төгрөгийн нөхөн татвар, 1,225,454 54 төгрөгийн торгууль, 1,469,556.46 төгрөгийн алданги, нийт 5,758,647.37 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нэхэмжлэгч нь татварын тайлангийн цахим системд борлуулагч талаас бүртгүүлсэн падааныг нотлогдоогүй зардал гэж буруу тодорхойлон татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулаагүй гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ноогдох орлогоос хасна”, 13.1.3-д “Зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж тус тус хуульчилсан.

Тодруулбал, 2020 онд 55,989,242.62 төгрөгийн нийт төлбөрийн баримтаар баталгаажсан худалдан авалтын баримт байгаагаас 39,090,909.09 төгрөгийн хий бичилттэй падааны дүнг хасвал 16,898,333.53 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Гэтэл 2020 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байх зардлын дүн нь 66,912,615.43 төгрөгөөр тусгагдсанаас 16,898,333.53 төгрөгийг хасаж тооцоход 50,014,281.9 төгрөгөөр илүү тусгасан байгаа нь хий бичилттэй падааны дүн орж хасагдсан болох нь нотлогдож байна.

Мөн 2021 онд 47,990.853.62 төгрөгийн нийт худалдан авалт байгаагаас 25,454,545.47 төгрөгийн хий бичилттэй падааны дүнг хасаж, 22,536,308.15 төгрөг байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч бус этгээдээс 1.300.000.0 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч этгээдээс 21,236,308.15 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч 2021 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байх зардлын дүн нь 53,150,314.22 төгрөгөөр тусгагдсанаас 22,536.308.15 төгрөгийг хасаж тооцоход 30.614,006.07 төгрөгөөр илүү тусгасан байгаа нь хий бичилттэй падааны дүн орж хасагдсан болох нь баримтаар нотлогдож байна

Хэдийгээр цахим системд худалдан авалтын падаан бүртгэгдсэн боловч тухайн худалдан авалт бодитой гарсан эсэхийг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй, тухайн компанийн данснаас гарсан гэх зардал, харилцах дансны хуулгаар нотлогдоогүй.

Шалгалт эхлэхээс өмнө К.ад [email protected] мэйл хаягаар хяналт шалгалт хийхэд ирүүлэх шаардлагатай баримт бичгийн хүсэлтийг хүргүүлсэн боловч дээрх худалдан авалтуудтай холбоотой анхан шатны ямар ч баримт материал ирүүлээгүй болно.

Мөн тухайн худалдан авалтын падаануудын заримыг нь өөрсдөө эс зөвшөөрч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа залруулга хийсэн боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулж тайлагнасан байсан. Тиймээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн 2020 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 39,090,909.09 төгрөгийн хасагдах зардал. 2021 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 25,454,545.47 төгрөгийн хасагдах зардлыг татвар ногдох орлогоос хасаж, төсөвт төлөх татварыг бууруулсан гэж үзэн нөхөн ногдуулалтын актаар 6,454,545 46 төгрөгийн нөхөн татвар, 2,581,818.18 төгрөгийн торгууль, 3,255,188.19 төгрөгийн алданги, нийт 12,291.551.83 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тус шүүхэд гаргасан “Дундговь аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын улсын байцаагчдын “*******” ХХК-ийн 2020, 2021 оны үйл ажиллагаанд холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

3.4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зардлын шалгуур хангаагүй тул тухай зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар акт тавьсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах 5 шаардлага байгаа. 1 дүгээрт тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх. Тайлант хугацаанд хамаарсан шивэгдсэн хугацаа нь тухайн онтойгоо таарч байгаа учир энийг хангасан. 2 дугаарт албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал мөн үү? Та өөрөө хий бичилт гэдгийг нь манай хүн мэдээгүй. Өөр цалингийн зардлууд гарсан. Гэхдээ түүн дээр нь баримт авч чадаагүй. Баримтуудаа нөхөөд өөр газраас баримт шивүүлчихсэн гэсэн. Энэ 3 газар чинь хий бичилттэй гэдэг нь цагдаагийн байгууллагаас тогтоогдоод Монголын татварын албаны албан ёсны сайт дээр хий бичилт бичсэн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад орчихсон. Тэрний үндсэн дээр танай дээр хяналт шалгалт хийгдсэн. 3 дахь шаардлага нь зөвхөн и-баримтаар энэ зардал шивэгдсэн л болохоос танай дээр анхан шатны ямар бараа бүтээгдэхүүн авсан юм, хэдэн тонн, ямар хэмжээтэй юу авсан юм гэдэг анхан шатны баримт бүртгэл нь танай дээр байж байх ёстой. Гэтэл энэнтэй холбоотой ямар ч баримт байхгүй. Цахимаар шивэгдсэн л хэдэн худалдан авалтын баримтууд байгаа. Тэгэхлээр энийг хангаагүй. Дараагийнх нь доор дурдсан бараа, ажил үйлчилгээний зардал нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давшгүй дугаар бүхий төлбөрийн баримт импортын бараанд татвар ноогдуулж гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх. Энийг танайх и-баримтаар шивэгдсэн гэдэг чинь хангагдаж байгаа юм. Дараагийнх нь зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн эсвэл төлөхөөр тайлагнасан байх гэдэгт танайх тэр газрууд руу ямар нэгэн байдлаар мөнгө шилжүүлсэн, бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн, тэрэнтэй холбоотой нотлох баримт байхгүй. Тэгэхлээр энэ шаардлагыг хангаагүй. Ингэхээр 5 шаардлагын 3-ыг нь танай зардлын баримт хангахгүй байна. Тиймээс аж ахуйн нэгж дээр тусгагдсан энэ дүнгүүдийг зардал гэж үзэх боломжгүй байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.5 дугаар зүйл албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэсэн заалт байгаа. Анхан шатны худалдан авалтын баримт, мөнгө төлсөн баримт, ямар бараа бүтээгдэхүүн авсан талаар бүртгэл огт байхгүй. Тухайн хяналт шалгалтын хугацаанд тайлан гаргаж байсан Сольхүү нягтлан, гүйцэтгэх захирал ямар ч нэмэлт материал гаргаж өгөөгүй. Тухайн үед нийт 13 ширхэг падаан шивэгдсэн байгаа. Энэ падаанууд шивэгдсэний үндсэн дээр Татварын ерөнхий газраас татвар төлөгчдөд тайлангийн хугацаанд падаануудыг засах талаар анхааруулсан байгаа. Тухайн үед танайд анхааруулга хүргүүлээд энэ газруудаас авсан худалдан авалт чинь бодитой мөн үү? бодитой биш бол тайланд залруулга хийнэ үү гэсний үндсэн дээр танайх тайландаа зарим падаануудыг залруулга хийгээд манайх худалдан авалт биш гэдэг байдлаар зөвшөөрөөд худалдан авалтыг буцаачихсан. Заримыг нь буцаагаагүй, тэгсэн мөртөө аж ахуйн нэгж дээр 13 худалдан авалтыг бүгдийг нь хасагдах зардалдаа тусгаад хасчихсан. 2020 оны 04 сарын 09-ний өдөр гарсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжих хугацаа 2021 оны 07 сарын 01-ний өдрийн хооронд үйлчлэхээр байгаа. Энэ хуулийн 2 дугаар зүйлд хуульд заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогод албан татварыг албан татвараас чөлөөлөхөөр заачихсан байгаа. Тэгэхлээр энэ хяналт шалгалтын үйл ажиллагаанд холбогдолгүй. 2020, 2021 онд танай тайлагнасан татварын өрөнд ногдуулсан хугацааны алдангийг Маргаан таслах зөвлөлөөс тавигдах ёсгүй байсан гэдэг байдлаар татварын байцаагчдын тавьсан актын дүнг 1.700.000 төгрөгөөр буулгасан. Тухайн арга хэмжээ  нь энэ хуулийг хэрэгжүүлээд авсан. Бусдыг нь танайх тайлагнаагүй тул алданги, торгууль тооцогдох нь үндэслэлтэй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Татварын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна. Санхүүгийн тайлангийн жил 02 сарын 10-ны өдрөөр дуусаж 02 сарын 11-ний өдрөөс эхлэх ёстой гэж та үзэж байна. Татварын ерөнхий хуульд татварын жил гэж тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааг хэлнэ гэж байгаа. Тэгэхлээр татварын хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусна. 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь нотлогдож байгаа. Тэгэхлээр 02 сарын 10-ны өдөр гэж тайлагнах хугацаатай хольж тооцож болохгүй.

Танай илгээсэн буцаалтын хөнгөлөлттэй тайлангууд дээр хүлээж аваагүй. Илгээгээд татварын байцаагч буцаагаад танайх илгээлгүйгээр 72 цагийн хугацааг нь дуусгаад орхичихсон. Буцаасан төлөвтэй тайлангууд байгаа. Шалгуур хангасан тайлангуудыг хүлээгээд авчихсан. 01 сарын тайланг 02 сарын 10-ны дотор илгээж байгаа. Татварын байцаагч анхан шатны баримтын бүрдлийг үзэх боломжгүй учраас шууд системийн шалгуураар тайланг хүлээж авна. Хөөн хэлэлцэх хугацаа 4 жил гэдэг нь татварын бүтэн жилээрээ яригдана. Тайлангийн хугацаагаар салгагдана гэсэн ойлголт байхгүй гэв.

3.5. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбаргүй. Хариуцагч ын тайлбарыг дэмжиж байна гэв.

3.6. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд  гаргасан дүгнэлтдээ: Дүгнэлтийг бичгээр гаргах боломжгүй байна. Татварын талд алдаатай зүйлүүд байгаад байна. ******* компанийн тухайд цар тахлын үед гарсан татварын маргааныг заавал төлүүлэх гээд байна. Өөрсдөө сайн зөвшилцөх ёстой байсан юм байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг[1] хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

1.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 2020 онд 39.000.000 төгрөгийн, 2021 онд 25.454.545,47 төгрөгийн дүнтэй татварын тайлангийн цахим системд борлуулагч талаас бүртгүүлсэн падааныг нотлогдоогүй зардал гэж буруу тодорхойлон, татвар ногдох орлогоос хасагдах зардлаас шууд хассан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж заасныг буруу хэрэглэн, “*******” ХХК-ийн ebarimt.mn, etax.mta.mn зэрэг Татварын бүртгэлийн системд борлуулагч талаас бүртгэгдсэн манай худалдан авалтын падааныг баримт биш гэж үзэн зардлыг бууруулан уг зөрүүгээр нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 2020 оных зөрчилд тооцогдохгүй гэж,

1.2. Хариуцагчаас хяналт шалгалтын явцад Татварын ерөнхий газрын цахим хуудсанд байршуулсан Хий бичилттэй падаан бичсэн аж ахуй нэгж, байгууллагуудын жагсаалтад орсон “" ХХК, “" ХХК, “” ХХК-аас худалдан авалт хийсэн байсан.

Дээрх компаниудаас 2020 онд 6 ширхэг Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 39.090.909,09 төгрөгийн, 2021 онд 7 ширхэг Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 25.454.545,47 төгрөгийн худалдан авалтыг шивэгдсэн байсан.

Үүнээс татвар төлөгч “*******" ХХК нь тайлан залруулах хүсэлт илгээн 2020 оны 27.727.272,73 төгрөгийн дүн бүхий 3 ширхэг, 2021 оны 6,181,818.18 төгрөгийн дүн бүхий 1 ширхэг падаануудыг худалдан авалтын буцаалтаар тайлагнаж залруулсан.

Тодруулбал, 2020 онд 55,989,242.62 төгрөгийн нийт төлбөрийн баримтаар баталгаажсан худалдан авалтын баримт байгаагаас 39,090,909.09 төгрөгийн хий бичилттэй падааны дүнг хасвал 16,898,333.53 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Гэтэл 2020 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байх зардлын дүн нь 66,912,615.43 төгрөгөөр тусгагдсанаас 16,898,333.53 төгрөгийг хасаж тооцоход 50,014,281.9 төгрөгөөр илүү тусгасан байгаа нь хий бичилттэй падааны дүн орж хасагдсан болох нь нотлогдоно,.

Мөн 2021 онд 47,990.853.62 төгрөгийн нийт худалдан авалт байгаагаас 25,454,545.47 төгрөгийн хий бичилттэй падааны дүнг хасаж, 22,536,308.15 төгрөг байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч бус этгээдээс 1.300.000.0 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч этгээдээс 21,236,308.15 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч 2021 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байх зардлын дүн нь 53,150,314.22 төгрөгөөр тусгагдсанаас 22,536.308.15 төгрөгийг хасаж тооцоход 30.614,006.07 төгрөгөөр илүү тусгасан байгаа нь хий бичилттэй падааны дүн орж хасагдсан болох нь баримтаар нотлогдож байна

Хэдийгээр цахим системд худалдан авалтын падаан бүртгэгдсэн боловч тухайн худалдан авалт бодитой гарсан эсэхийг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй, тухайн компанийн данснаас гарсан гэх зардал, харилцах дансны хуулгаар нотлогдоогүй тул акт үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

 2. Шүүх нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн шүүх хуралдаанд  гаргасан  тайлбар,  нэхэмжлэл түүний үндэслэл,  хэрэгт цугларсан  баримтууд  зэргийг бүх талаас нь судлан Дундговь аймгийн  Татварын улсын байцаагч нарын  2024 оны 10  сарын 18-ны өдрийн дугаартай татварын нөхөн ногдуулалтын  актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар  түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.1.  Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч , нар  “*******” ХХК-ийн 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд[2] хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 824903204 тоот томилолтоор[3] Эрсдэлд суурилсан - Хэсэгчилсэн шалгалтыг 2024 оны 9 сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж, 2024 оны 10 сарын 18-ны өдрийн тоот нөхөн ногдуулалтын актаар[4] нийт 99,430,585.41 төгрөгийн зөрчилд 19,930,803.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

2.2. ******* ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлал, хаягдал өөхөн тосоор дизель түлш үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлээр 2017 онд байгуулагдсан хуулийн этгээд[5] бөгөөд  гүйцэтгэх захирлаар 2025 оны 02 сарын 12-ны өдрөөс К. томилогдож[6], шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцсон болно.

2.3. Аймгийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 12 сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоолоор[7] нөхөн ногдуулалтын татварын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дугаартай актыг түдгэлзүүлж татварын албанд буцаасугай гэж шийдвэрлэсэн, акт хуулийн хүчин төгөлдөр, талууд маргаагүй.

2.4. Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 12 сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоолд “Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад НӨАТ-ын хуулийн хугацаанд нь төлөхгүй хугацаа хожимдуулсанд тооцсон 404777,52 төгрөгийн торгууль, 1373612,77 алданги нийт 1777839,29 төгрөгийн алданги торгууль тооцсон нь Монгол Улсын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Татвар алданги торгуулиас чөлөөлөх тухай хуульд зааснаар 2020 оны 9 сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсөн байх тул 2021 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш хугацаанд төлөөгүй татварт торгууль алданги тооцох мөн 2022 оны төлөөгүй татварт тооцсон алданги торгууль нь шалгалтын хугацаанд хамаарахгүй тул алданги торгууль тооцохгүй гэж үзлээ” хэмээн дүгнэсэн байна.

2.5. ******* ХХК-иас  нөхөн ногдуулалтын актад гомдол гаргаснаар  Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор[8] маргаан бүхий 2024 оны 10 сарын 18-ны өдрийн тоот нөхөн ногдуулалтын актыг “...1,269,816.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 96,297,928.32 төгрөгийн зөрчилд 18,660,987.57 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр өөрчлөлт оруулж  баталсан бөгөөд энэхүү акт мөн хуулийн хүчин төгөлдөр байх ба нэхэмжлэлийн шаардлагад  энэ талаар маргаагүй.   

2.6. Татварын Ерөнхий газрын 2025 оны 4 сарын 9-ний өдрийн 08/929 тоот албан бичгээр  ирүүлсэн тайлбарт[9] үндэслэн “Татварын ерөнхий хуулийн 47.11-т “маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад доор дурдсан нөхцөл байдлын аль нэг үүсвэл 3 сар хүртэл хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно; 47.11.1. илрүүлсэн татварын актын бичилтийн болон тооцооны алдаа нь тухайн татварын актын нөхөн ногдуулалт торгууль алдангийн нийт дүнг нэмэгдүүлэх; 47.11.2. гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай асуудлыг дутуу шийдвэрлэсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн” гэх нөхцөл байдал үүсээгүй, маргаан таслах зөвлөл дахин хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэж дүгнээд маргаан бүхий дугаартай актад 18,660,987.57 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр  өөрчилсөн боловч Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5.1, 47 дугаар зүйлийн 47.10, 47.12, 47.18-т заасанчлан маргаан таслах зөвлөлийн дээрх 2 тогтоолыг хэрхэн ойлгох, алийг хэрэгжүүлэх зэргээр ойлгомжгүй нөхцөлийг үүсгэжээ.

2.7. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар шалгалт хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэхээр заасан ч энэ зөрчил нь Зөрчлийн тухай хуулиар үүссэн зөрчил эсэх талаар дүгнээгүй нь актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж буюу нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт  “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус  тус үндэслэн 9,518,181.83 төгрөгийн нөхөн татвар, 4,232,149.44 төгрөгийн торгууль, 6,180,472.7 төгрөгийн алданги, нийт 19,930,803.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов. Актыг гардуулснаас хойш ажлын 15 өдрийн дотор нэхэмжлэхийн дагуу төлж барагдуулахыг *******-д даалгасугай”  гэж заажээ.

Иймээс Зөрчлийг зөв тогтоох, үүнтэй холбоотойгоор тухайн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг Зөрчлийн тухай хуульд зааснаар, эсхүл Татварын хуульд заасан хугацаагаар тооцох зэргээс хамааран хэрэгжүүлэх процесс ажиллагаа нь тухайн хуулиудаар тус тус зохицуулагдахаар байтал нэгтгэж баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

2.8. Тодруулбал маргаан бүхий актын үндэслэл хэсгийн эхний 2 заалтад “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж зааснаар зөрчилд тооцож хариуцлага тооцсон “баримтаар нотлогдоогүй зардлыг хасагдах зардалд оруулан тооцсон, хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж хасалт хийсэн” гэх зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-т заасан тогтоосон хугацаанд татвараа төлөөгүй гэх зөрчлийн шинжийг агуулаагүй, бусад “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон Нэмэгдсэн  өртгийн албан татварын тайлангаар ногдсон татварын өрийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй” гэх үндэслэл нь  хамаарч болох  хэдий ч  Тогтоох хэсэгт  зүйл заалт нэг бүрээр салгаж  тогтоогоогүй нь  зүйлчлэл үйлдэлдээ /зөрчилд/ тохироогүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлэх нь актын тогтоох болон үндэслэл  хэсгээр тогтоогдож байна.

2.9. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд  гаргасан “маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргасан, актад үндэслэлүүд заасан атлаа тогтоох хэсэгт бүхэлд нь  нэг дүнгээр  илэрхийлсэн тул бүхэлд нь хүчингүй болгуулах  үндэслэл болсон, зарим тооцоолол  алдаатай, хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон тул зарим хэсэгт гомдолтой, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж хөнгөлөлтийг эдлүүлээгүй” гэх тайлбар болон хариуцагч ын “Зөрчлийн тухай хууль болон Татварын хуулийг хамтад нь хэрэглэсэн ингэхдээ Зөрчлийн хуулийн хариуцлага ногдуулсан”  гэх тайлбараар тус тус дээрх  үндэслэл  тогтоогдох хийгээд  нэхэмжлэгч хариуцагчийн эдгээр тайлбараар актыг хууль хэрэглээний алдаатай гэж үзэх  үндэслэл мөн нотлогдоно.

2.10. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар хариуцлага тооцсон гэх атлаа уг хуулиар хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар Прокурорын газарт бүртгүүлэх ажиллагааг зохих ёсоор хангаагүй, аймгийн Прокурорын Газраас энэ талаарх бүртгэлийг[10] шалгахад “Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Зулцэцэг нь ******* ХХК нь борлуулалтын орлого олох бүрт төлбөрийн баримт олгоогүй гэх 35 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цахим бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлэн, мөн өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийдвэрлэлтийн талаар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цахим бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлсэн байна“ гэх боловч   хариуцагчаас “******* ХХК нь 2024 онд шийтгэлийн хуудсаар торгууль бичигдээгүй болно” гэж зөрүүтэй баримтыг[11] ирүүлсэн, улмаар актад төлөгдөөгүй татварын 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлагыг ногдуулаагүй атлаа хуулийг хэрэглэсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй” гэх хариуцагчийн тайлбар зэрэг болон хуулийг зөв хэрэглэх нь нэмж тодруулах шаардлагатай зүйлийн цар хүрээ нь шүүхийн судлах боломжоос  хэтэрсэн гэж үзэх үндэслэл болно.

2.11. Түүнчлэн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1,  7.2 дугаар зүйлийн 1-д шийтгэлийн хуудас ногдуулах,  Татварын  ерөнхий хуулийн 42 зүйлд татварын нөхөн ногдуулалтын акт ногдуулахаар тус тус зохицуулсан байх ба хариуцагчаас 2 хуулийг зэрэг хэрэглэн гагцхүү татварын хуулийн нөхөн ногдуулалтын акт гаргасан нь дээрх хуулиудыг  зохих ёсоор хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаатай акт гаргасан байхаас гадна  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, татвар төлөгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн  нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу  маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаагаар  түдгэлзүүлж, энэ хугацаанд хариуцагч талаас актаа зөвтгөх, тооцооллоо нягтлах, нэхэмжлэгчийн гомдлыг судлах, хууль хэрэглээний алдааг засах  зэргээр  холбогдох ажиллагааг  тогтоосон хууль журмаар зөв гүйцэтгэж дахин шинэ акт гаргах бөгөөд ийнхүү гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох хууль зүйн үр дагавартайг анхааруулах нь  зүйтэй. 

2.12. Нэхэмжлэгч хариуцагч нараас актаар тогтоосон үнийн дүнг тооцсон тооцоолол зөрүүтэй гэж маргах ба уг нөхөн ногдуулалтын актын хамт хүчинтэй байх  хавсралтыг/нарийвчилсан тооцоолол/ шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаар  хариуцагчаас “шүүхэд ирүүлээгүй, ирүүлэхийг мэдээгүй” гэж,  нэхэмжлэгчээс “өөрт байгаа хавсралт баримтаа өгөхгүй” гэж  тус тус тайлбарлаж, нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь  хэрэгт хамаарах нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй хийгээд энэхүү хавсралтын хамтаар акт хүчин төгөлдөр болохыг Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасан ба маргаан бүхий актад  хавсаргаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэх зэрэг заалтад тус тус үндэслэгдэнэ.

2.13. Түүнчлэн хариуцагчийн бичгээр өгсөн хариу тайлбарт[12] тогтоосон дүнг “... нийт 12,291,551.83 төгрөгийн төлбөр” гэж,  актад “... нийт 19,930,803.97 төгрөг” гэж,  шүүх  хуралдаанд  нэхэмжлэгч  “Татварын  ерөнхий   газрын   хяналтын  улсын

байцаагчдын гаргасан зөвлөмжийн дагуу 1.778.390,29 төгрөгөөр бууруулсанг зөвшөөрч байна” гэж,  хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа” актын дүнгээс 1,2 сая төгрөгийг л хасахыг зөвшөөрнө”  гэх зэргээр тогтоосон төлбөрийн дүнг болон багасгахыг өөр өөрөөр зөрүүтэй тайлбарлах ба энэ нь тооцоолол  алдаатай  гэж үзэх үндэслэлийг бүрдүүлэх бөгөөд  энэ үндэслэлээр  шүүх актаас зарим хэсгийг өөрчилж багасгах зэргээр шийдвэрлэх эрхгүй буюу гагцхүү татварын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянасан болно.

2.14. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийг /2020 он/  хэрэглэх тухайд  нэхэмжлэгчээс энэ хуулийг хэрэглэх ёстой гэсэн үндэслэл тайлбарыг  шүүх хурал дээр гаргах боловч актад заагдаагүй, нэгэнт хариуцагчаас хууль хэрэглээний алдаатай болон тооцоолол тодорхойгүй, зөрүүтэй шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн гэсэн үндэслэлүүдээр дахин акт гаргуулахаар түдгэлзүүлж байгаа тул  нэхэмжлэгчийн гаргасан энэ үндэслэл дэх тайлбарт шүүх дүгнэлт хийгээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

2.15. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралд өгсөн дүгнэлтдээ “Татварын байгууллагын хувьд алдаатай зүйлүүд байна. ******* компанийн тухайд ковид цар тахлын үед гарсан татварын маргааныг заавал төлүүлэх гээд байна. Өөрсдөө сайн зөвшилцөх ёстой байсан юм байна” гэх дүгнэлтийг шүүх үндэслэл болгосон бөгөөд талууд алдаа оноогоо зөвшилцөн нэгдсэн ойлголтод хүрэх, улмаар хуулийг зөв хэрэглэхийг дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10.2, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч *******, ******* нарт хариуцагдах, Татварын улсын байцаагчийн  2024 оны 10 сарын 18-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагчаас дахин шинэ акт  гаргах хүртэл  гурван /3/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар  хариуцагч нар  шүүхээс тогтоосон хугацаанд  дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий нөхөн  ногдуулалтын дугаартай актыг хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар  хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлж, нэхэмжлэгчийн  төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СУГИРЖАВ

ШҮҮГЧИД                                             Б.ЦЭНД

                                                              Э.БОЛОРЦЭЦЭГ

 

 

 

[1] 1 хх-ийн 6-8 хуудас

[2] 1 хх-ийн 32-65, 208-249, 2 хх-ийн 1-60 хуудас

[3] 1 хх-ийн 31 хуудас

[4] 1 хх-ийн 6-8 хуудас                                                                        

[5] 1 хх-ийн 3 хуудас 

[6] 1 хх-ийн 3 хуудасны ар талд

[7] 2 хх-ийн 97-103 хуудас

[8] 1 хх-ийн 9-15 хуудас

[9] 1 хх-ийн 9 хуудасны 17-р мөрнөөс

[10] 1 хх-ийн 206 хуудас

[11] 2 хх-ийн 95-96 хуудас

[12] 1 хх-ийн 28 хуудас