| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03741/И |
| Дугаар | 183/ШШ2024/04568 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2024/04568
2024 оны 11 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2024/04568 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-т холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Анхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билгүүн, хариуцагч Н.Шарав, нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхбаяр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Шарав бид хоёр 2009 онд танилцаж, 2009 онд амьдарлаа эхлүүлээд 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* төрсөн, 2014 оны 4 сарын 21-ний өдөр ******* төрсөн. 2009 оноос хойш одоо хүртэл 15 жил орчим хамт амьдарч байна. Бид хоёрын хамтын амьдрал эхэлснээс хойш архины хамаарал байсан. Жил ирэх тусам ихэссэн. Бид нар гэрлэснээсээ хойш бол өөрийн гэсэн орон байр албан ёсны хөрөнгө бол байгаагүй. 2021 онд одоо энэ амьдарч байгаа байраа ипотекийн зээлээр авсан. Манай гэрт архины хамааралтай холбоотойгоор гэр бүлийн хэрүүл маргаан, асуудал манай гэр бүлд өдөр тутам тулгардаг. Энэ асуудлаас болоод би нэхэмжлэлээ гаргасан. Бид нар одоо зөв үлгэр дуурайлалтай амьдрах ёстой байхад ингээд байнгын хэрүүл, маргаантай зодоонтой байдаг учраас таслан зогсоох ёстой гэж үзсэн. Нэг уувал олон хоног уугаад, эсвэл хаяад л явчихдаг. Сүүлийн 3 жил бол үнэхээр тэсвэрлэшгүй байсан. Ажил хөдөлмөр хийхээ больсон, нэг газар ажилд ороод архиныхаа асуудлаас болоод гардаг. Ийм асуудал үүссэн учраас гэр бүлээ цуцлуулъя гэдэг хүсэлт гаргасан. Эвлэрэх бодол байхгүй гэв.
Хариуцагч Н.Шарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо бүх юм миний буруу болж байна. Бид нар аавынхаа байшинд хуримаа хийгээд, 2016 онд бид нар хот руу шилжиж ирсэн 2016 оноос хойш хөдөлмөрлөж өөрсдөө байртай болсон. Байртай болсны 12 сард манай ээж хорт хавдар авхуулсан. Ээжийгээ аваад Хөвсгөл рүү харах гээд явсан. Би хоёр жил ээжийгээ асарсан. 2 жил асраад ирсэн хэрүүл болж эхэлсэн. Архиддаг гээд байна, архи уулаа гэхэд би гэртээ архи уудаггүй, энэ хүн өөрөө хүүхдийнхээ хажууд дүү нарыгаа дагуулаад хамт архи уугаад сууж байдаг. Өөрөө дөрөв таван цаг хүртэл шоудаж явдаг. Хүүхдүүдийнхээ хажууд хэрүүл хийж, хоёр гурван сар ажиллана, цалин голно. Орон сууц аваад, гэр орноо тохижуулаад гайгүй л байсан. Сайн сайхан амьдрал байгаагүй юм шиг ярьж байна гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин *******, хүү Ш.Мөнх-Оргил нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн тодорхойлолт, Мэндсаруул-Өрх өрийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Голомт банкны Орон сууцны зээлийн гэрээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч тал нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбар ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Б.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь хариуцагч Н.Шаравт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Н.Шарав нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагч Н.Шарав нар нь 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 3/
Гэрлэгчдийн дундаас 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин Шаравын Одцацрал, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүү Шаравын Мөнх-Оргил нар төрж, эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 6, 7/
Нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагч Н.Шарав нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 12/
Хариуцагч Н.Шарав нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Анхбаяртай эвлэрээгүй, нэхэмжлэлийн хувийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан боловч өөрийн зүгээс эвлэрэх санаачлага гаргаагүй байна гэж үзэхээр байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Б.Анхбаяр нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хариуцагч Н.Шаравтай хамтран амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байгаа, талууд эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй, хэн хэнээс нь эвлэрэх оролдлого, санал санаачлага гаргаагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагч Н.Шарав нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн охин *******, хүү Ш.Мөнх-Оргил нарыг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.
Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн ойлголт юм.
Гэрлэгчдийн дундаас төрсөн охин *******, хүү Ш.Мөнх-Оргил нар нь эх Б.Анхбаярын хамт түүний асрамжид эрүүл саруул өсч бойжиж байгаа болох нь:
- Мэндсаруул Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 8-9/,
-Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт болон талуудын ытайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь охин *******, хүү Ш.Мөнх-Оргил нарыг өөрийн асрамжинд авч асран хамгаалах нэхэмжлэл гаргасан.
Иймд 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Шаравын Одцацрал, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Шаравын Мөнх-Оргил нарыг эх Б.Анхбаярын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж, Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагч Н.Шарав нь охин *******, хүү Ш.Мөнх-Оргил нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагч Н.Шарав нар нь гэрлэлтээ цуцлуулсан эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг Н.Шарав нь охин *******, хүү Ш.Мөнх-Оргил нартай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Анхбаярт сануулах зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Анхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Шараваас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Анхбаярт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагч Н.Шарав нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/19043 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авах тухай захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг санууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Есөн чоно овгийн Бат-Эрдэнийн Анхбаяр, хариуцагч Баяжих овгийн Намсрайжавын Шарав нарын 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Шаравын Одцацрал, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Шаравын Мөнх-Оргил нарыг эх Б.Анхбаярын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин *******, хүү Ш.Мөнх-Оргил нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Шараваар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Н.Шараваас гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Б.Анхбаяр, эцэг Н.Шарав нарт мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Н.Шарав нь охин *******, хүү Ш.Мөнх-Оргил нартай уулзах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Анхбаярт сануулсугай.
8. Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
9. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/19043 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авах тухай захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг сануулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Анхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Шараваас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Анхбаярт олгосугай.
11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Пүрэвсүрэн/-д даалгасугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ