Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
Хэргийн индекс | 2308029121866 |
Дугаар | 2024/ДШМ/734 |
Огноо | 2024-06-26 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/734
2024 6 26 2024/ДШМ/734
Ц.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
шүүгдэгч Ц.А,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Агийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2308 02912 1866 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн орчим ... тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Ө.Ныг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Ад өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Ад оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Агаас 138.000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Нт олгож, шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Ц.А нь Эрүүл мэндийн даатгалын төрийн санд 120.000 төгрөг шилжүүлсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хамтран амьдрагч байсан Ө.Нт хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрх чөлөөнд нь халдсан гэмт хэрэг үйлдсэнээ ойлгож маш их гэмшиж байна. Миний бие Автобус баазад жолоочоор ажиллаж байгаад авто тээврийн осол гаргаж, бусдын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, 6 сарын хугацаанд оршин сууж байсан дүүргээс гарч чадахгүй, ажил хийж чадахгүй, санхүүгийн хувьд асар хүнд дарамтад байсан.
Цалин орлого байхгүй тул ажил хийж байх үедээ авсан цалингийн зээл, бусад банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадахгүй олон төрлийн дарамтад ороод байна. Би Ө.Нт учруулсан хохирол, нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа төдийгүй түүнд ямар нэгэн дарамт шахалт учруулахгүй тусдаа амьдарч байгаа болно.
Надад 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна. Ингэснээр би цалин орлогогүй, өр зээлээ төлж чадахгүй улам их дарамттай амьдрах нөхцөл үүсч байна. Намайг зорчих эрх хязгаарлах ялаа дуусгачихвал хуучин ажиллаж байсан автобус бааз засварчнаар ажилд авах, Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг том оврын автомашины засварын газарт сайн цалинтай ажилд засварчнаар авах гэх мэт олон санал ирсэн юм. Би ажил хийж хүүхдүүдээ тэжээх, өр зээлээс гарах хүсэлтэй байна.
Иймд надад оногдуулсан ялыг өөрчилж 450 нэгжээр торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна. Би энэ мөнгийг ээжээсээ зээлж аваад төлнө. Ажилтай орлоготой болчихвол банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж, санхүүгийн дарамттай амьдралаас гарч, хоёр хүүхдэдээ зарцуулах мөнгөтэй, цаг хугацаатай болох юм.
Миний бие зорчих эрх хассан 6 сарын ял эдлэх хугацаанд үнэхээр хүнд нөхцөлд орж, сэтгэл санааны асар их хямралтай болсон байгааг харгалзан үзэж, ял шийтгэлийг өөрчилж өгөхийг хүсэж байна” гэв.
Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.А нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар ороход Чингэлтэй дүүргийн шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусаагүй байсан тул ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ц.Агийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн орчим ... тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Ө.Ныг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ө.Нын “...Манай нөхөр намайг нүүрээ будаад гоёж гангалаад хэндээ гоё харагдах гээд байгаа юм бэ?, чи хаашаа явах гэж байгаа юм бэ? гээд хардаад уурлаад байхаар нь би “Өнөөдөр би жолооны шалгалттай гэж өмнө нь чамд хэлж байсан шүү дээ, чи яах гэж ингэж байдаг юм бэ” гэсэн. Манай нөхөр “Жолооны багш чинь чамайг дуудсан юм уу?, одоо гэрийн гадаа хүлээж байгаа юу” гээд намайг буйдан дээр сууж байхад баруун, зүүн хацар руу хүчтэй алгадаад, хоёр хөлөөрөө ээлжлээд хацар, толгой хэсэг рүү хүчтэй өшиглөж байснаа намайг үсдээд том өрөөний паркатен шалан дээгүүр чирэхэд "Одоо болиочээ" гэж хэлсэн чинь намайг тонгойсон байхад нурууны гол хэсэгт гараараа хүчтэй цохиод, босоод ир гээд уурлаад байхаар нь би “чи зөв ойлголдоо, уураар битгий юмыг шийдэж бай, би өвдөж байна” гэсэн чинь хоёр гарын шуу хэсгээс чанга базаад гар хөдөлгөхгүй барьж байснаа миний нүүр рүү нулимсан. ... тухайн үед миний өмссөн гэрийн халаадны бүсийг шувт татаж аваад миний хоолойг боогоод чирээд, би “болиочээ” гэж хашхирах үед миний амьсгал боогдоод нүд харанхуйлж унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Үүний дараа миний хоёр шанаа, чих рүү гараараа цохьсон. Тэгтэл манай гэрийн хаалгыг чанга нүдээд байхаар нь манай нөхөр онгойлгосон чинь цагдаа нар ирчихсэн байсан. ...” /хх 30-34/ гэсэн,
Ц.Агийн яллагдагчаар өгсөн “...Намайг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед сэрэхэд эхнэр Н өглөө эрт босоод хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд буцаж ирээд гарах гээд нүүрээ будаж байсан. Би урд шөнө нь айлд машин янзалж байгаад шөнө 01 цагийн үед ирсэн байсан. Нүүрээ буддаггүй хүн гоёж гангалаад хаашаа явах гэж байгаа юм бэ? гэхэд битгий хуцаад бай, жолоондоо явах гэж байна. Чиний тэнэг индүү чинь хувцас түлээд хаячихлаа гэсэн. Индүүнд чинь ус хийдэг биздээ, чи тэнэг юм уу?, би ямар индүүг чинь барьж байгаад түлчихсэн юм уу? гээд хэрүүл эхэлсэн. Өмнө нь жолоондоо явахдаа нүүрээ будаад байдаггүй, гэрийнхээ хувцастайгаа гараад явчихдаг хүн гоёж гангалаад байхаар нь гайхсан. Өмнө нь нэг удаа намайг хөдөө жуулчны автобус барьж явж байгаад ирэхэд гар утсаа авахгүй байхаар нь залгасаар байгаад гар утсыг нь авхуулаад очсон чинь хоёр залуутай хоёр хүүхэнтэй хамт нийтийн караокед уугаад сууж байсныг нь бодоод гэнэт гайхаад хардах сэтгэл төрсөн. Миний өөдөөс хэрэлдээд байхаар нь би эхнэрийнхээ нүүр рүү нь 2, 3 удаа алгадаад, миний нүүрийг маажихаар нь би үсдээд шалан дээгүүр чирээд нуруу руу нь гараараа эвгүй цохичих шиг болсон. ...” /хх 97-98/ гэсэн тус тус мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12106 дугаартай “...Ө.Нын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, хоёр чих, зүүн хөхлөг сэртэн, дээд уруул, баруун, зүүн бугалга, сарвуу, баруун шуу, тохой, цээж, баруун гуянд цус хуралт, хоёр хацар, зовхи, зүүн хацар, чих, хөхлөг сэртэн, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх баруун бугалга, гуяны цус хуралт нь тус тусдаа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 39-40/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Агийн өөрийн эхнэр Ө.Ныг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.А “...гэмт хэрэг үйлдсэнээ ойлгож, маш их гэмшиж байна, ...би авто тээврийн осол гаргаж, бусдын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж 6 сарын хугацаанд оршин сууж байсан дүүргээс гарч чадахгүй, ажил хийж чадахгүй, санхүүгийн хувьд асар хүнд дарамтад байсан. Цалин орлого байхгүй тул ажил хийж байх үедээ авсан цалингийн зээл, бусад банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадахгүй олон төрлийн дарамтад ороод байна. Надад 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна. Ингэснээр би цалин орлогогүй, өр зээлээ төлж чадахгүй улам их дарамттай амьдрах нөхцөл үүсч байна. Иймд надад оногдуулсан ялыг өөрчилж 450 нэгжээр торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Шүүгдэгч Ц.Агийн гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ө.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтад нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Агийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгатай уялдаа бүхий болжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР