Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/735

 

 

 

 

    2024             6            26                                         2024/ДШМ/735

 

Г.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

иргэний хариуцагч Н.Э,

хохирогч О.Цгийн өмгөөлөгч Д.Жамъяндагва,

шүүгдэгч Г.Н,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Цгийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлоор Г.Нд холбогдох эрүүгийн 2303 00724 0023 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Н нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 30 минутын орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Г.Н-ийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй” гэж, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” гэж, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын замд Б.Эгийн жолоодож явсан “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн зорчигч О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Г.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Нас 12.235.144 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Цд 1.291.144 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Эд 10.944.000 төгрөгийг тус тус олгуулж, хохирогч О.Ц, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч О.Цгийн өмгөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хууль, нийтээр дагаж мөрдөж буй журам, дүрэм, тушаал, шийдвэрийг хэрэглэхгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна.

Шүүгдэгч Г.Н-ын гэм буруутай үйлдлээс болж гэмт хэргийн хохирогч О.Ц нь эрүүл мэнд, сэтгэл санаа, сэтгэц, эд хөрөнгөний хувьд маш их хэмжээний хохирол учирсан байхад анхан шатны шүүх нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.А-ын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, хүний их эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сэргэлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13672 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.Цгийн биед далны хонхорын булчин-шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүнд шарх, баруун дээд 4-р шүдний хугарал, хоёр бугалга, баруун өвдөг, хоёр шилбэнд цус хуралттай гэж дүгнэж, хуульд заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар тогтоосон байдаг.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолын гуравдугаар зэрэглэл хүндэвтэр хохирлын улмаас үүссэн сэтгэцийн эмгэг 9-15%-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсны дагуу хохирлыг барагдуулахаар прокурор шүүх хуралдаанд санал оруулсан боловч анхан шатны шүүх хүлээн авахгүй, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна.

Мөн хохирогч нь эмчилгээний зардал болон бусад зардлын баримтаа мөрдөн байцаалтын явцад бичгийн нотлох баримтаар гарган өгч нийт 2.322.030 төгрөгийн бодит хохирол учирсан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маш ноцтой зөрчиж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын хохирогчид холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, гэмт хэргийн хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээр сард хэдэн төгрөг гэж тогтоогдсон. Бид эрүүл мэндийн төлбөр биш, автомашины эвдрэлийг төлүүлье гэхэд сард 500.000-1.000.000 төгрөг төлье гэсэн. Гэтэл 3 сар өнгөрөхөд нэг ч төгрөг өгөөгүй, ар гэрийнхэн нь хэл амаар доромжилсон. “Манай хүүхэд ялаа эдэлсэн, хорих анги руу явуулахгүй байх байсан” гээд биднийг дарамталсан маягаар ярьж байгаад гомдолтой байна.” гэв.

Шүүгдэгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулахаа амлаж байна.” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэж гарсан. Улсын яллагчаас сэтгэцэд учирсан хор хохирлыг гаргуулах саналаа шүүхэд гаргасныг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Үүнийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Н нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 30 минутын орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Г.Н-ийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй” гэж, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно.” гэж, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын замд Б.Эгийн жолоодож явсан “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн зорчигч О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Цгийн “..2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 20-30 минутын орчим Хайлаастын өрхийн эмнэлгийн урдаас нэг таксинд суусан. Тэгээд таксинд суугаад утсаа оролдож байгаад ухаан алдсан байсан. Намайг осол болсны дараа таксины жолооч сэрээсэн. Тэгээд би таксины жолоочоос “юу болоод байгаа юм бэ” гэхэд нэг машин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөчихлөө гэж хэлсэн. Баруун мөрний хооронд урагдал, тархины битүү гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, эрүүн доороо 6 оёдол тавиулсан, шүд хугарсан. ...” /хх 28/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч М.Н-ийн “...тухайн осол болсон өдөр би найз Н-ын хамтаар өглөө 06 билүү 07 цагийн үед Дарь-Эхээс Хайлааст руу явах уулзвараар чигээрээ орсон, тухайн үед би хянах самбар луу хурдыг харахад 120 км цаг орчим явж байсан санагдаж байна. Тэгээд уулзвараар нэвтэрч ороод эсрэг урсгалаар яваад байсан, тэгтэл өөдөөс ирж явсан машин буюу доошоо уруудаж байсан эгнээний машинтай тулж ирэх үед Н өөрийн явах эгнээ рүү эргүүлсэн, тэгэхэд нөгөө машин бас тэр эгнээ рүү ороод ирсэн, тэгээд мөргөлдчихсөн юм. ...” /хх 162/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч Б.Эгийн: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 05 цагт гэрээсээ эхнэрийг ажилд нь хүргэж өгөх гээд гарсан. Эхнэрийгээ хүргэж өгчхөөд зам дагуу такси барих гээд нэг эмэгтэй хүн гараа өргөсөн. Тухайн эмэгтэй хүнийг аваад дөнгөж 700 гаруй метр явж байхад урдаас цагаан өнгийн машин замаасаа орж гараад, орж гараад явж байсан. Тэгээд удалгүй өөдөөс эгцлээд яг чигээрээ ороод ирсэн. Хоёр урсгалтай зам байсан болохоор би зайлуулж зүүн тал руугаа дарсан. Тэгээд жолооч тал буюу баруун талаар ирж мөргөсөн. Тухайн үед толгойноос их хэмжээний цус гоожоод жолооны хүрд болон сандлынхаа завсар хавчигдсан байсан. Хойно сууж явсан эмэгтэй хүнээс чи зүгээр үү гэж би асуухад тухайн эмэгтэй балмагдсан байсан. ...” /хх 20-21/ гэсэн,

иргэний хариуцагч Г.Н-ийн “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай төрсөн дүү Г.Н зам тээврийн осол гаргасан байсан. Тухайн машиныг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Нэт Капитал Дижитал банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч байсан. Би өөрийн тээврийн хэрэгслийг Нд жолоодуулах зөвшөөрөл олгоогүй. Машины түлхүүр голын хайрцагт байдаг. Тухайн үед би ээлжийн амралттай байсан. ...” /хх 24, 43/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

“Хас үнэлгээ” ХХК-ийн “...Samsung Galaxy S21 FE 5G /дэлгэц сольж тавих/ 600.000 төгрөг...”, “...Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ 9.497.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 83-87, 94-101/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 13672 дугаартай: “О.Цгийн биед далны хонхорын булчин шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүнд шарх, баруун дээд 4-р шүдний хугарал, хоёр булга, баруун өвдөг, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 57-58/ гэсэн дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 11 дугаартай “...Toyota Aqua маркийн ... улсын дугаартай авто машины жолооч Г.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр, эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад, тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Toyota Aqua маркийн ... улсын дугаартай авто машины жолооч Б.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна...” /хх 72-73/ гэсэн магадлагаа зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Н-ыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох сургалтад хамрагдаагүй буюу жолоодох эрхгүй атлаа Г.Н-ийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч, улмаар замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ийнхүү замын хөдөлгөөнд оролцохдоо Б.Эгийн жолоодож явсан “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн зорчигч О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Нд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч О.Цгийн өмгөөлөгч Д.Жамъяндагва “... сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулахаар прокурор шүүх хуралдаанд санал оруулсан боловч анхан шатны шүүх хүлээн авахгүй, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна. Мөн хохирогч нь эмчилгээний зардал болон бусад зардлын баримтаа мөрдөн байцаалтын явцад бичгийн нотлох баримтаар гарган өгч, нийт 2.322.030 төгрөгийн бодит хохирол учирсан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх нь үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маш ноцтой зөрчиж байна. Иймд шийтгэх тогтоолын хохирогчид холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, гэмт хэргийн хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэм хорын хохирол хүлээсэн, эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн өгөх үүрэгтэй.

 

Эрх бүхий этгээдээс ийнхүү гаргаж өгсөн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамааралтай, уг хохирлын хэмжээг тогтооход хангалттай бол шүүх иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэдэг болно.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх хохирол хүлээсэн гэж үзэн иргэний нэхэмжлэл гаргасан этгээдээс өгсөн баримт сэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, түүний гомдлын шаардлага нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянан үзсэнээр түүнийг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгох, түүнчлэн хэлэлцэхгүй орхидог.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 тушаалын зургаадугаар хавсралтад хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан бөгөөд энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байгаагаас шалтгаалан хохирогч О.Цгийн сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг эрүүгийн хэрэгт шийдвэрлэхгүй орхижээ.

Анхан шатны шүүх хохирогч О.Цгийн гаргаж өгсөн нотлох баримтаас шаардлага хангах, үндэслэл бүхий баримтуудын хүрээнд 1.291.144 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, цалин хөлс авч байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, ямар хугацаанд өвчтэй байсан, уг хугацаанд ямар хэмжээний тэтгэмж авч байсан талаарх баримтыг гаргаж өгөөгүйгээс түүний ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан бодит болон сэтгэл санааны хохирол, хор уршиг, цаашид хийгдэх эмчилгээний төлбөртэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич шийдвэрлүүлэхээр заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцсэн байх бөгөөд дээрх байдлаар шийдвэрлэсэн нь хохирогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Цгийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Н-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Цгийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР