| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/07797/И |
| Дугаар | 192/ШШ2025/05205 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/05205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
204,053,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З, түүний өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай компани нь 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хоёр хувьцаа эзэмшигчтэй аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. Хариуцагч Б.Б нь амаар тохирч гэрээ байгуулалгүй мөн тодорхой албан тушаалд томилогдолгүй 2022 оноос 2023 оны хооронд менежмент, маркетингийн ажлыг хариуцан ажилласан бөгөөд энэ хугацаанд компанийн санхүүгийн ажлыг давхар хавсран гүйцэтгэсэн болно. Гэвч хариуцагч Б.Б-н зүгээс 2023 оны 03 дугаар сараас 08 дугаар сарын хооронд байгууллагын санхүүгийн ажлыг гүйцэтгэж байснаа ашиглан Г ХХК -н Худалдаа хөгжлийн банкны ..тоот даснаас өөрийн эзэмшлийн ХХБ 46801772 тоот дансруу байгууллагын хөрөнгө болох 204,053,000 төгрөгийг шилжүүлэн авсан болохыг саяхан олж мэдсэн болно. Бидний зүгээс дотоод шалгалт оруулж, Э..ХХК-р дүгнэлт гаргуулахад дээрх хугацаанд нийт байгууллагад 510,364,605.82 төгрөгийн орлого орсон болохыг тогтоосон ба энэ байгууллагын орлогоос хариуцагч нь 204,053,000 төгрөгийг хувьдаа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул манай байгууллага өөрийн мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Бидний зүгээс 2022, 2023 онуудад нэг талаас манай байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааны ишлэл, тамга тэмдэг, лого, барааны тэмдэгтээр нөгөө талаас хариуцагч нь өөрийн үйлчлүүлэгчдийн мэдээлэлд тулгуурлан өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцаж хамтран ажилласан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах иргэний харилцаа үүссэн байх тул үйл ажиллагааны орлого 510,364,605.82 төгрөгийн өөрт ногдох хувь болох 50 хувийн орлогоос 204,053,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч Б.Б Г ХХК -ийн менежерээр ажиллаж, хүмүүсийг аялалд хамруулах, буцааж ирэх хүртэл холбогдох ажиллагааг хариуцдаг байсан. Г ХХК , Б.Б нар хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа. Г ХХК бол өөрийн гэсэн дүрэмтэй, тамгатай, захиралтай хуулийн этгээд Г ХХК -ийн гүйцэтгэх захирал нь Т.Т байгаа. Хуулийн этгээд хамтран ажиллахын тулд нөгөө тал нь зэрэгцээ субъект байх ёстой. Гэтэл Б.Б Г ХХК -д ажиллаж, бүх үйл ажиллагааг хариуцсан. Санхүүгийн тайлангаар Б.Б...н данс руу орсон 223,000,000 төгрөг юунд зарцуулсан гэдгийг хангахуйц хэмжээнд нотлох баримтыг гаргаж өгсөн. Уг мөнгийг Б.Б өөрийн дансаар оруулж, юань болгон хүмүүсийн аялалтай холбоотой зардалд зарцуулсан. Иймд Г ХХК болон Б.Б хамтран ажиллах ямар ч боломжгүй. Хариуцагч Г ХХК -д менежерээр ажиллаж, аялал зуучлалын ажлыг хариуцаж байсан нь тодорхой байна. 2023 оны аудитын дэлгэрэнгүй тайлан дээр бусад орлогыг үзэж, 510,364,605 төгрөг орлого байна. Аяласан хүмүүсийн санхүүжилтээс ихэнх хэсэг нь бүрдсэн ба өөр санхүүжилт бас байгаа. 465,434,470 төгрөг нь ерөнхий ба удирдлагын зардал гэж тайлагнасан. Татвар 44,000,000 төгрөг, цэвэр ашиг нь 936,000,000 төгрөг төгрөг болж байгаа. Жишээлбэл 100 төгрөгийг аяллын хураамжид авч, 90 төгрөгийг аялалд зарцуулж, 10 төгрөг нь ашиг байгаа. Б.Б өөрөө “Энэ компанид жил орчим ажилласан. Эдний нэхээд байгаа шиг их ашиг олоогүй. Тугалыг нь тураахгүй эхийг нь эцээхгүй байх үүднээс ажилласан. Орж ирсэн захиалгын дагуу аяллыг зохион байгуулсан” гэж тайлбарладаг. Бодит зүйл нь гэвэл Т.Т баримтуудаар гүйцэтгэх удирдлага байна. Иймд Т.Т энэ бүх зүйл буюу компанийн дотоод асуудлыг хариуцаж байх ёстой. Компанийн дотоод асуудлыг Б.Баярмаад үрүүлэх нь зохимжгүй байна. Компанийн дотоод асуудлыг Т.Т өөрөө зөв хариуцаж, зохион байгуулах ёстой. Компани ашиг олбол ашгийг хуваана, алдагдал байвал үүнийг өөрөө үүрдэг. Компани улсын бүртгэлд бүртгүүлсэн гэдэг нь тодорхой эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэсэн үг. Өнөөдрийн маргаан нь Г ХХК 510,000,000 төгрөгийн орлого олоод, 204,000,000 төгрөгийг Б..Б , 204,000,000 төгрөгийг Т.Т хариуцах маргаан биш. Анхнаасаа татварын маргаан байсан. Зохиомол 204,000,000 төгрөгийг гаргаж ирэхэд нь бид гайхсан. Татварын дүнг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 онд ашиг нь 44,000,000 төгрөг ба татвар 4,000,000 төгрөг байгаа. Татвартай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй хэдий татварын баримтууд нь бодит бус байх тул дурдах нь зүйтэй байна. Татвартай холбоотой баримт байхгүй байх тул өнөөдөр шүүх хуралдаанаар орж байгаа. Хэрэв баримт байсан бол ярилцаад тохиролцох боломжтой байсан. Өнөөдрийг хүртэл татварын хяналт шалгалтын актаар тавигдсан дүн юм уу эсвэл тайлангаар тавигдсан дүн юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Хэрэв тайлангаар тавигдсан дүн гэвэл тайланг гаргаж өгөөгүй. Аудитын тайлан дээр 44,000,000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Гэтэл энэ дүн хаанаас гарч ирснийг мэдэхгүй, энэ нь шийдэгдэхгүй байсаар энэ түвшинд хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б.Б уг хугацаанд хариуцаж явж байсан нь үнэн. Гэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, аудитлагдсан тайлан, Г ХХК -ийн худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Монголын татварын албаны тодорхойлолт, мемориалын ордер, татвар төлсөн баримт, хариуцагчаас итгэмжлэл, Б.Б...н худалдаа хөгжлийн банкны дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Д.М, Г.Э нарыг асуужээ.
Хэргийн 90-138, 163-164, 175-2 дахь хэргийн 98 хуудаст авагдсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй учир шинжлэн судлагдаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу 204,053,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ийм хэмжээний орлого олоогүй, татварт төлсөн төлбөрийн тал хувь болох 20,000,000 төгрөгөөс бусад төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн тайлангаар Г ХХК -ийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 510,364,605.82 төгрөгийн бусад орлого бүртгэгдэж, тайлант үеийн цэвэр ашиг 937,121.74 төгрөг тусгагджээ. /хэргийн 17 тал/
Г ХХК -ийн орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 43,993,013.53 төгрөгийн татварын тооцооллын үлдэгдэлтэй болох нь Монголын татварын албаны тодорхойлолтоор тогтоогдож байна./хэргийн 67 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон, хариуцагч 510,364,605.82 төгрөгийн орлого олсон гэснээ, хариуцагч нь хураамжийн хэмжээг тохиролцсон болохоо баримтаар нотлоогүй байна.
7. Нэхэмжлэгч Г ХХК нь хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, тамга тэмдэг, лого, барааны тэмдэг ашиглуулахаар, хариуцагч Б.Б нь өөрийн үйлчлүүлэгчийн мэдээлэлд тулгуурлан компанийн хэвийн үйл ажиллагааг хариуцахаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ... тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” заасан хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г ХХК нь хуулийн этгээдийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх зорилгоор ашиг хүртэх, хариуцагч Б.Б нь компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх замаар ашиг хүртэхээр тохиролцсон тохиролцоог тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан гэж үзлээ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” зааснаар талууд хамтран ажиллахаар гэрээг амаар байгуулсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаагүй болно.
8. Нэхэмжлэгч нь хариуцагчтай ашиг олох, түүнийгээ хуваах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан болохоо нотлоогүйгээс гадна хариуцагч 510,364,605.82 төгрөгийн ашиг хүртсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилж, хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцдаг зарчимтай.
Талууд хамтран ажиллах явцад Г ХХК -ийн орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 43,993,013.53 төгрөг болсон бөгөөд хариуцагч гэрээний явцад бий болсон алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй.
Иймээс нэхэмжлэгчийн хамтран ажиллагааны гэрээний дагуу хариуцагчаас 21,996,506 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 182,056,494 төгрөг гаруулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,178,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267,933 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-с 21,996,506 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК -д олгож, нэхэмжлэлийн үлдэх 182,056,494 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,178,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267,933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ